Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 509

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц

Хариуцагч: Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооны дарга С.Э*******

Гуравдагч этгээд: Н.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Ц 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ц нь Ус сувгийн удирдах газрын харъяа Багахангайн ус сувгийн ашиглалтын товчооны даргаар 2013 оноос томилогдон ажиллаж байна. Би Ус сувгийн ажилчид амьдардаг 6 байрны 70 тоотод амьдрах болсон. Уг барилга нь урьд 2004 оны үед, хүн амьдрах боломжгүй, шил цонхгүй, хаалгагүй, тоногдож сүйдсэн барилга байсныг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Багахангай дүүргийн засаг даргын 73 тоот захирамжаар ус сувгийн удирдах газар өөрсдийн хөрөнгөөр засварлаж, ашиглалтад оруулж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг тухайн үеийн Багахангайн ус суваг ашиглалтын товчооны дарга Ж.М*******-д үүрэг болгосон байдаг. Энэ захирамжийн дагуу тухайн үед ус сувгийн удирдах газрын хөрөнгөөр /30сая төгрөгөөр/ засварлаж хүн амьдрах бололцоотой болгосон. Багахангай ус суваг ашиглалтын товчоо нь тус дүүргийн усан хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хэвийн найдвартай явуулах үүднээс Улаанбаатар хотоос мэргэжлийн инженер техникийн ажилтнууд ирдэг бөгөөд тэдгээрийн орон байрны асуудлыг эдгээр байрнуудаар орон сууц ашиглуулах гэрээ хийн ашиглалт, үйлчилгээний зардлыг ажилчид төлөн 2004 оноос хойш 12 жилийн хугацаанд ажиллаж амьдарч байна. Уг барилгын 6-70 тоотод өмнө нь Багахангай ус суваг ашиглалтын товчооны үе үеийн дарга нар амьдарч байсан ба миний бие Багахахангай дүүргийн ус суваг ашиглалтын товчооны даргаар 2013 онд томилогдсоноос хойш одоог хүртэл уг байранд ашиглалтын зардал бусад засвар үйлчилгээ, төлбөр тооцоог хариуцан ажиллаж амьдарч байгаа билээ. 2015 оны 4 дүгээр сард Ус сувгийн удирдах газрын зүгээс тухайн байрнуудыг ажилчиддаа хувьчлах асуудлыг дэмжиж Багахангай дүүргийн засаг даргад орон сууц хувьчлах асуудлыг явуулж өгөх тухай албан бичиг явуулсан байдаг. Үүний дагуу миний бие орон сууц хувьчилж авах тухай өргөдөлдөө Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй ажилласан жил хүрээгүй гэсэн зүйл ярьж байсан ч албан ёсоор бичгээр хариу өгөөгүй. Энэ талаар байгууллагын удирдлагад хандахад ус сувгийн удирдах газраас Хуулийн зөвлөх Г.Л, нийгмийн ажилтан Я.Э гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2015.04.29-ий өдөр Багахангай дүүргийн засаг дарга С.Э*******тай очиж уулзсан бөгөөд ямар учраас хувьчлах боломжгүй болсон талаарх тайлбар авах гэсэн боловч танай байгууллага руу албан бичгээр бүх тайлбар, үндэслэлээ хүргүүлнэ гэж хэлээд буцаасан байдаг ч өнөөдрийг хүртэлх албан бичиг ирүүлээгүй байгаа. Орон сууц хувьчлах товчоо нь ямар шалгуур, ямар дүрэм журмаар байгууллагын буюу миний амьдарч байгаа орон сууцыг надад хувьчлахаас татгалзаж байгаа нь тодорхой бус байна. Гэтэл 2015 оны 06 дугаар сард Багахангай дүүргийн Засаг дарга С.Э*******ын шийдвэрээр орон сууц хувьчлах ажил явагдаж, Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор миний амьдарч буй 6-70 тоот орон сууцыг Н******* овогтой Д******* хувьчлах шийдвэр гаргасан. Н.Д******* нь 2005 онд тухайн үед Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ ус сувгийн удирдах газрын хөрөнгөөр засварлан байрыг хүлээлцэх комисс–д ажиллаж байсны хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан атлаа өдгөө тухайн орон сууцыг 2004 онд Г******* гэх хүнээс худалдаж авсан, байрны төлбөр тооцоог өөрөө хийсэн гэх мэтээр хуурамчаар баримт бичиг үйлдэж, хууль бусаар уг байрыг хувьчилж авахаар тогтоол гаргуулсан нь миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо. Орон сууц хувьчлах товчоо энэ байранд амьдарч байгаагүй Ус сувгийн удирдах газарт ажилдаггүй хүнд ямар үндэслэлээр орон сууц хувьчлах шийдвэр гаргасан нь мөн тодорхойгүй байна. Одоо намайг уг байрнаас гаргахыг шаардаж удаа дараа төрийн байгууллагын нэрээр дарамтлан сэтгэл санааны болон байгууллагын маань өмч хөрөнгөд ноцтойгоор халдаж байна гэжээ. 

Хоёр. Хариуцагч С.Э******* 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б.Ц нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны 70 тоот орон сууцанд 2013 оноос амьдарч байгаа. Уг орон сууцыг эзэмших эрхийн гэрчилгээгүй, зөвхөн ашиглагчаар түр оршин сууж байгаа. Төрийн өмчийн хорооны 1997 оны 139 дүгээр тогтоолыг үндэслэн дүүргийн онцлог нөхцөлтэй уялдуулан Багахангай дүүргийн орон сууц хувьчилах товчооны ажиллах журмыг батлан мөрдөж ажилласан. Энэ журамнд зааснаар тухайн орон нутагт 5-с доошгүй жил амьдарсан байх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол уг эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигчид өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхийг олгоно гэж журамласан. Б.Ц уг дүүрэгт 2013 онд шилжин ирээд 2 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа зэрэг нь дээрх журмын шаардлага хангаагүйн улмаас 6 дугаар байрны 70 тоот орон сууцыг хувьчлахаас татгалзсан. Б.Ц нь 2 дугаар байрны 10 тоотыг эзэмшдэг боловч одоогоор түрээсэлдэг. Иймд Б.Ц 6 дугаар байрны 70 тоот орон сууцыг зөвхөн ашиглаж байгаа бөгөөд уг орон сууцтай холбоотой аливаа нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Н.Д 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 онд Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 6 дугаар байрны 70 тоот 2 өрөө орон сууцыг 150000 төгрөгөөр Б.Г*******оос худалдан авсан. Энэ үед тэр орон сууцанд цөөхөн айл оршин суудаг байсан ба харалдаа 5 давхарт суудаг байсан Найдан гэдэг хүнд байраа захиж харуулдаг байсан. 2004 онд Ус суваг ашиглалтын товчооны дарга Ж.М******* надтай уулзаж уг байрыг худалдаж авъяа гэсэн боловч би зараагүй харин энэ байранд засвар хийгээд сууя надад 1өрөө засвар хийсэн 6-68 тоотоор солихоор тохиролцсон. Ус суваг ашиглалтын товчооны ажилчид байгууллагынхаа хөрөнгөөр хэд хэдэн байрыг засч 2005 онд 6 дугаар байрны 70 тоотод өөрөө орсон. Уг байрыг байгууллагын хөрөнгөөр зассан тул ус суваг ашиглалтын товчоо байрны зардлыг авдаг байсан. Гэтэл 2007 онд Ж. М******* нас барж, эхнэр нь 6-68 тоотыг зараад явсан байсан. Би уг байрыг хувьчлах өргөдлөө Багахангай дүүргийн Өмч, газрын албанд өгч орон сууц хувьчлах товчоо миний нэр дээр хувьчлах шийдвэр гаргаж өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Б.Ц 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ус сувгийн удирдах газрын харъяа Багахангайн ус сувгийн ашиглалтын товчооны даргаар 2013 оноос томилогдон ажиллаж байна. Би Ус сувгийн ажилчид амьдардаг 6 байрны 70 тоотод амьдрах болсон. Уг барилга нь урьд 2004 оны үед, хүн амьдрах боломжгүй, шил цонхгүй, хаалгагүй, тоногдож сүйдсэн барилга байсныг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Багахангай дүүргийн засаг даргын 73 тоот захирамжаар ус сувгийн удирдах газар өөрсдийн хөрөнгөөр засварлаж, ашиглалтад оруулж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг тухайн үеийн Багахангайн ус суваг ашиглалтын товчооны дарга Ж.М*******-д үүрэг болгосон байдаг. Энэ захирамжийн дагуу тухайн үед ус сувгийн удирдах газрын хөрөнгөөр /30сая төгрөгөөр/ засварлаж хүн амьдрах бололцоотой болгосон. Багахангай ус суваг ашиглалтын товчоо нь тус дүүргийн усан хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хэвийн найдвартай явуулах үүднээс Улаанбаатар хотоос мэргэжлийн инженер техникийн ажилтнууд ирдэг бөгөөд тэдгээрийн орон байрны асуудлыг эдгээр байрнуудаар орон сууц ашиглуулах гэрээ хийн ашиглалт, үйлчилгээний зардлыг ажилчид төлөн 2004 оноос хойш 12 жилийн хугацаанд ажиллаж амьдарч байна. Уг барилгын 6-70 тоотод өмнө нь Багахангай ус суваг ашиглалтын товчооны үе үеийн дарга нар амьдарч байсан ба миний бие Багахахангай дүүргийн ус суваг ашиглалтын товчооны даргаар 2013 онд томилогдсноос хойш одоог хүртэл уг байранд ашиглалтын зардал бусад засвар үйлчилгээ, төлбөр тооцоог хариуцан ажиллаж амьдарч байгаа билээ. 2015 оны 4 дүгээр сард Ус сувгийн удирдах газрын зүгээс тухайн байрнуудыг ажилчиддаа хувьчлах асуудлыг дэмжиж Багахангай дүүргийн засаг даргад орон сууц хувьчлах асуудлыг явуулж өгөх тухай албан бичиг явуулсан байдаг. Үүний дагуу миний бие орон сууц хувьчилж авах тухай өргөдөлдөө Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй ажилласан жил хүрээгүй гэсэн зүйл ярьж байсан ч албан ёсоор бичгээр хариу өгөөгүй. Гэтэл 2015 оны 06 дугаар сард Багахангай дүүргийн Засаг дарга С.Э*******ын шийдвэрээр орон сууц хувьчлах ажил явагдаж, Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор миний амьдарч буй 6-70 тоот орон сууцыг Н******* овогтой Д******* хувьчилах шийдвэр гаргасан. Н.Д******* нь 2005 онд тухайн үед Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ ус сувгийн удирдах газрын хөрөнгөөр засварлан байрыг хүлээлцэх комисс–д ажиллаж байсны хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан атлаа өдгөө тухайн орон сууцыг 2004 онд Г******* гэх хүнээс худалдаж авсан, байрны төлбөр тооцоог өөрөө хийсэн гэх мэтээр хуурамчаар баримт бичиг үйлдэж, хууль бусаар уг байрыг хувьчилж авахаар тогтоол гаргуулсан нь миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо. Орон сууц хувьчлах товчоо энэ байранд амьдарч байгаагүй Ус сувгийн удирдах газарт ажилдаггүй хүнд ямар үндэслэлээр орон сууц хувьчлах шийдвэр гаргасан нь мөн тодорхойгүй байна. Иймд Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Тав.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.М******* 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 1997 оны 139 дүгээр тогтоолыг үндэслэн дүүргийн онцлог нөхцөлтэй уялдуулан Багахангай дүүргийн орон сууц хувьчилах товчооны ажиллах журмыг батлан мөрдөж ажилласан. Энэ журамд зааснаар тухайн орон нутагт 5-с доошгүй жил амьдарсан байх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол уг эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигчид өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхийг олгоно гэж журам гаргасан. Б.Ц уг дүүрэгт 2013 онд шилжин ирээд 2 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа зэрэг нь дээрх журмын шаардлага хангаагүйн улмаас 6 дугаар байрны 70 тоот орон сууцыг хувьчлахаас татгалзсан. Б.Ц нь 2 дугаар байрны 10 тоотыг эзэмшдэг боловч одоогоор түрээсэлдэг. Иймд Б.Ц 6 дугаар байрны 70 тоот орон сууцыг зөвхөн ашиглаж байгаа бөгөөд уг орон сууцтай холбоотой аливаа нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хувьчлагдсан байрны өмчлөл дээр маргадаг. Шүүх доорхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

 Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 6 дугаар байрны 70 тоот, 2 өрөө, байрыг анх 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар гэрээний хугацаанд ашиглуулахаар Д.Бавуудоржид эрхийн бичиг олгож гэрээ байгуулж байжээ. Нэхэмжлэгч Б.Ц нь Ус сувгийн удирдах газрын харъяа Багахангайн ус суваг ашиглалтын товчооны даргаар 2013 онд томилогдон ирж уг байранд амьдарч байгаа юм байна. Гэтэл 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Багаханай дүүргийн орон сууц хувьчлах товчооны “Орон сууц хувьчлах товчооны ажиллах журам батлах тухай” 02 дугаар тогтоол гарч, товчооны ажиллах журмаа баталж, 2015 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн “Орон сууц хувьчлах товчоо”-ны 01 дүгээр хуралдаанаар эзэмшиж байгаа орон сууцаа хувьчилж авахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сард “Орон сууц хувьчлах тухай” 03 дугаар тогтоолоор Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 6 дугаар байрны 70 тоот, 2 өрөө, 3,132,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Н.Дийн өргөдөл хүсэлтийг үндэслэн үнэ төлбөргүй хувьчилсан нь хууль бус болох нь хавтаст хэрэгт авагдсан доорхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4/4491 тоот албан бичигт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 5 дугаар орцны 12 айл нь Ус сувгийн удирдах газрын балансад бүртгэлтэй, Нийслэлийн өмч болохыг тодорхойлсон байх бөгөөд 2015 оны Барилга байгууламжийн бүртгэлд барилга байгууламжийн хэсгийн 1020 дугаарт маргаан бүхий орон сууцыг Ус сувгийн удирдах газрын өмч болохыг бүртгэсэн байна. Багаханай дүүргийн Орон сууц хувьчлах товчоо нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэн орон нутгийн өмчийн бус эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргаж хувьчилсан нь хуульд нийцээгүй байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр дангаар байгуулсан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшил, ашиглалтад байгаа хувьчлагдах орон сууцыг хэлнэ” гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д "хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Сангийн яам уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна” гэж зааснаа үзэхэд Маргаан бүхий орон сууцыг Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчоо хувьчлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар Багахангай дүүргийн Орон сууц хувьчлах товчоо нь өөрийг чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу Нийслэлийн өмч бөгөөд Ус Сувгийн удирдах газрын балансад бүртгэлтэй байрыг хувьчлах шийдвэр гаргасан нь буруу байна. Багахангай дүүргийн Орон сууц хувьчлах товчоо нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэж захиргааны акт гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйийн 47.2-д зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.С*******д Шүүхийн хуралдааны товыг  мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хуралдаан товлосон цагт нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хүсэлтийн хамт ирүүлсэн байх ба нэхэмжлэгч З-дагч этгээдийг байлцуулахгүйгээр хурал хийх санал гаргаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106. 3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т, 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цийн нэхэмжлэлтэй Багахангай дүүргийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулж гаргаснаар Нийслэлийн Багахангай дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “орон сууц хувьчлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгэр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЧАНЦАЛНЯМ