Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0600

 

 

 

 

 

 

 

2016 оны 9 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0600

Улаанбаатар хот

Б.Цэгмэдийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Цэгмэдийн нэхэмжлэлтэй, Багахангай дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 509 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэгмэдийн нэхэмжлэлтэй Багахангай дүүргийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулж гаргаснаар Нийслэлийн Багахангай дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “орон сууц хувьчлах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: ... Ш.Сарангэрэл надад шүүгчийн туслах Ганбаяр хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хэрэг хянан хэлэлцэхээр тов мэдэгдсэн атлаа хэрэг хянан хэлэлцсэн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Б.Эрдэнэгэрэлийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаантай байхад “Та 13 цаг 30 минутад амжаад ирнэ биз дээ, өнөөдөр хуралдахаар боллоо” гэж гэнэт утсаар мэдэгдэхэд нь давж заалдах хуралдаан давхцаж байгааг мэдэгдэн өөрийн боломжит аргаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн туслах Жаргалбаярын цахим хаягаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 40 минутад [email protected] хаягт хурал хойшлуулах хүсэлт, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны зарыг явуулсан бөгөөд, Ганбаяр туслах “энэ хүсэлтээ авч ирж өг” гэсэн бөгөөд 1, 2 дугаар хурал удааширч өөрийнхөө хуралдааныг хүлээж Төв аймагт байгаа намайг очих боломжгүй байгааг мэдэгдсээр байхад биелэх боломжгүй шаардлага тавьж улмаар гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэрэг хянан хэлэлцэж шийдвэр гаргасанд үүгээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэг хянан хэлэлцэх үед хуульд заасан тодорхой эрхийг эдлүүлээгүй, байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн болохыг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед тайлбарлах болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Саранцэцэг “хэрэг хянан хэлэлцэх үед хуульд заасан тодорхой эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5408 дугаар захирамжаар Б.Цэгмэдийн нэхэмжлэлтэй, Багахангай дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж, уг шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.” гэж заажээ.

Гуравдагч этгээд Н.Дашпунцаг нь өмгөөлөгч Ш.Сарангэрэлтэй “эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд улмаар түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэлд дээрх шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “биечлэн мэдэгдэв” гэсэн “шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтыг шүүгчийн туслах Г.Ганбаяр үйлджээ.

Мөн гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр, “эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.Мөнхгэрэлийн гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1154 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Дээрх баримтад үндэслэн дүгнэвэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг, мөн эрх зүйн туслалцаа авах эрхийг тус тус хангалгүйгээр, тэрхүү эрхийг хангах боломжтой байсаар атал хэргийн оролцогчдод шүүх хуралдаанд оролцох боломж олголгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүхээс шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр товлон зарласан гэж ойлгосон, мөн энэ шүүх хуралдаан болох үед өмгөөлөгч миний бие Төв аймгийн шүүхэд эрүүгийн шүүх хуралдаанд оролцож байгаа талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийг оролцуулах эрхийг нь хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзлээ.  

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасан “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэл илэрсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

               ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

               ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР