Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

 

 

 

 

                            

                            

 

 

                    

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Батхишиг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010022 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, охины хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Тгийн А, /РД:.../.

Т.А нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүй долоон худгийн зам, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замд “Тоёота Приус” маркийн ... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Мөн дүрмийн 9.2- Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон зорчигч 1 настай, эрэгтэй Х.Тий амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орох гээд явж байсан. Тухайн үед замд ямар нэгэн саад байгаагүй. Тэгээд 07 цаг 30 минутын үед тээврийн хэрэгслийн явж байгаа хурдыг харахад 63 км/цагийн хурдтай явж байсан. Гэтэл миний хажуу талаас нэг нүүргэлсэн хар зүйл ороод ирэх шиг болсон. Тэгээд би аюулыг зайлуулах гэж эсрэг урсгал руу ороход манай эгч “яаж байна” гэж хэлсэн. Би өөрийнхөө эгнээнд орох гээд машины жолоог дарах үед тээврийн хэрэгсэл осолд орсон. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Маш их харамсаж байна. Хүүхдээ өөрийн буруугаас алдсан. Ийм байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө би хүүхдүүдээ Сэлэнгэ аймаг руу гаргаж өгсөн. Гэртээ байж байтал нөхөр 07 цаг 40 минутын үед утсаар залгаад “бид нар явж байгаад осолд орчихлоо, түргэн тусламж дуудсан” гэж хэлсэн. Би “та нар зүгээр үү” гэж асуухад манай нөхөр талийгаач “хүү минь уйлаад байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиход хүү минь эмнэлгийн хаалгаар уйлаад орж ирсэн. Харамсалтай зүйл болсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 1703000010022 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн: “Би талийгаач Х.Тий эмээ нь юм. Миний охин Аийн бага хүү байсан юм. Намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр сонгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн төрсөн эцэг өөрөө хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлгүй, намайг оролцохыг хүссэн тул би зөвшөөрч байна. Талийгаач Х.Т 2016 оны 7 дугаар сарын 6-нд 2 дугаар төрөхөд Хишигбаатарын хүү болж мэндэлсэн. Талийгаач маань төрөөд 1 жил өнгөрч байсан. Төрснөөсөө хойш аав ээжийн асаргаанд гэртээ өсөж хүмүүжиж байсан. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ээж, өвөө, ах, эгч нартайгаа хөдөө явах гэж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Талийгаач тархины даралттай, тархиндаа уйланхайтай байсан. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 6 цаг өнгөрч байхад манай гэрийнхэн Сэлэнгэ аймаг руу том эгч рүүгээ явахаар гарсан юм. Удалгүй 7 цаг өнгөрч байхад нөхөр Т залгаад “бид нар осолд орчихлоо” гэж хэлэхэд нь шууд Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Талийгаач маань тухайн үед сэрүүн, уйлаад байж байсан. Хагалгаа хийгээгүй, эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 6 цаг өнгөрч байхад нас барсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас илүү талийгаачийн ээжид хэцүү байгаа, өөрөө жолоо барьж байгаад осол гаргаж, хүү нь нас барсан болохоор хүнд хэцүү байна. Ар гэрийн зүгээс ямар ч гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Гэрч Т.Одончимэгийн: “2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би Орос улс руу явсан. Явах үедээ дүү Т.Ат “хөдөө явахаар бол машин аваад яваарай” гэж хэлээд үлдээсэн. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ээж над руу “гэрийнхэн машинтай явж байгаад онхолдсон” талаар мессеж бичсэн байсан. Ослын талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Миний өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн ... УНЛ улсын дугаартай автомашиныг хүнээс 2017 оны 02 дугаар сард авсан. Машин хэвийн ажиллагаатай байсан. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай төрсөн дүү миний машиныг унаж яваад онхолдож хүүхэд нь нас барсан...” гэх мэдүүлэг /хх-28/,

Гэрч Б.Баасансүрэнгийн: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 7 цаг 30 минутын орчим өвөө, ээж, эгч, 3 дүүгийн хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орох гээд зүүнээс баруун тийш 61-ийн гарам өнгөрөөд явж байтал машин гэнэт 2 тийшээ займчиж эхлэхээр нь хартал машин замаас гарч замын баруун хажуу руу орж онхолдсон. Би тэр үед хажууд сууж байсан 2 дүүгээ дараад л хэвтсэн. Яг юу болсныг мэдэхгүй. Эгч А машин жолоодож, ээж урд талын суудалд, бусад зорчигч нар арын суудалд зорчиж явсан. Нэг мэдсэн машин доошоо харчихсан. Эгч машинаас буугаад хүүгээ гаргаж байсан. Би бусад зорчигч нарыг машинаас буулгасан. Тэр үед замын хажууд явж байсан машинтай 3 хүн ирж түргэн тусламж болон гэрийнхэн рүү залгаж тусалсан. ...Бороо дөнгөж орж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг дээр машин байхгүй байсан. Толгой доргилттой, бариулж байгаа зүгээр. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Т.Болортуяагийн: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө Сэлэнгэ аймаг орох гээд 7 цагийн орчим дүү Т.Одончимэгийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн ... УНЛ улсын дугаарын автомашинтай дүү Т.А, аав Т, хүү Б.Баасансүрэн, 3 хүүхдийн хамт 61-ийн гарам өнгөрөөд явж байсан. Би урд талын суудалд суугаад халуун савтай цай барьчихсан янзлаад доошоо хараад явж байтал машин гэнэт зүүн тийшээ хазайхаар “яаж байна” гэтэл буцаад баруун тийшээ дартал замаас гараад машин онхолдсон. Бүгд машинаас буусан. Тухайн үед талийгаач уйлаад байсан болохоор ээж А нь хөхүүлж байсан. Замын хажууд байсан машинаас 3 хүн бууж ирээд хөдөлж болохгүй гэхээр бүгд хөдлөхгүй сууж байсан. Тэр гурван залуу түргэн тусламж дуудаж, түргэн тусламжийн машин ирж манай хүү Баасансүрэнгээс бусдыг аваад явсан. ...Миний бие зүгээр, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Зорчих хэсэг эсрэг урсгалтай 2 эгнээ асфальтан замтай, тухайн үед бороо дөнгөж орж эхлээд бага зэргийн хаяалж байсан. Зам хуурай байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг дээр машин байхгүй байсан. 50-60 км/ц-ийн хурдтай явж байсан. Бид нар хүүхдүүдтэй явж байсан болохоор хурдан явж болохгүй гэж ярьж байсан. Зам дээр юм байхгүй, юу ч харагдаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33/,

Гэрч Я.Тгийн: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд охин Одонтуяагийнд очих гээд өглөө 7 цагийн орчим Улаанбаатар хотоос гараад 61-ийн гармын хажууд замд явж байтал машин гэнэт дайвалзаад замаас гарч онхолдсон. Машиныг охин А жолоодож, хажууд нь охин Болортуяа сууж, хойд талын суудалд зээ хүү Баасансүрэн, би жолоочийн ард талийгаачийг тэврээд, миний хажууд 2 зээ минь суугаад явж байсан. Би яагаад осол болсныг мэдэхгүй байна. Би талийгаачийг тэврээд зүүрмэглээд явж байсан. Машин гэнэт л 4 дугуй нь дээшээ харчихсан, талийгаач миний баруун талд толгой нь доошоо харчихсан байдалтай хэвтэж байсан. Ээж нь талийгаачийг машинаас буулгаад толгой нь хавдчихаж гэж тэврээд суухад удалгүй талийгаач уйлж эхэлсэн. Тухайн үед ухаан алдсан байсан. ...Миний дал хуучин цуурч байсан. Тэр нь сэтэрсэн юм шиг байна лээ. Баруун гар цуурсан. Өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Үзэгдэх орчин чөлөөтэй, бороо орж эхэлж байсан. Зорчих хэсэг 2 эгнээ асфальтан замтай, машин байхгүй байсан. Хэдэн км/цагийн хурдтай явж байсныг би хараагүй, бид гэхдээ “яарах юм байхгүй тайван яваарай” гэж байсан. Ойролцоогоор 60 км/ц-ийн хурдтай явж байсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Т.Тэгшжаргалын: “Би Тгийн Аийн төрсөн ах байгаа юм. ...Миний дүү зан аашийн хувьд төлөв, дөлгөөн, хүнд тусархуу, нинжин зөөлөн сэтгэлтэй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Манай гэрт тамхи татдаг хүн байхгүй, гэр бүлийн хүмүүжил сайтай гэр бүл байгаа юм. Жолооч болоод 8 жил болж байгаа. Өмнө нь осол, аваар гаргаж байгаагүй. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг руу явж байгаад санамсар болгоомжгүйн улмаас машин онхолдож хүү Т нь нас барсан. Миний дүү одоо 5 настай охинтой, залуу хүний хувьд амьдралд нь үүрдийн хар толботой болчихвий гэж харамсаж байна. Ослын улмаас хүү нь нас барж сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Иймд та бүхнээс дүүд минь хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-36/,

Т.Аийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 7 цаг 30 минутын орчим эгч Т.Одонтуяагийнд очихоор Сэлэнгэ аймаг орох гээд “Тоёота приус” маркийн ... УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад 61-ийн гарам өнгөрөөд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу замд явж байтал нүдний өмнүүр нүүгэлтсэн хар бараан өнгийн зүйл орж ирэхээр нь сандраад машиныхаа жолоог зүүн тийш дарсан. Тэр үед хажууд сууж байсан эгч “хүүе чи яаж байнаа” гэхээр нь буцаж баруун тийш дартал машин замаас гарч онхолдож, машины 4 дугуй дээшээ харчихсан байсан. Машинаас өөрөө яаж буусан, хүүхдээ яаж буулгасан гэх зүйлүүдийг одоо санахгүй байна. Зам дагуу явж байсан 2, 3 хүн түргэн тусламж дуудсан гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэгт хүүхдийг маань сэхээний тасаг руу аваад орсон, хагалгаанд ороогүй, ямар эмчилгээ хийгдсэнийг мэдэхгүй байна. Хүүхэд маань  2017 оны 7 дугаар сарын 24-ний өглөө нас барсан. Би тоормоз дээр гишгэлээ гэж бодсон. Одоо бодоод байхад тоормоз, хааз хоёрын аль дээр гишгэснийг мэдэхгүй байна. Зам дээр машин байгаагүй. Сүүлд харахад 63 км/цагийн хурдтай байсан. ...Бороо шивэрч байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг дээр машин байхгүй. Зорчих хэсэг эсрэг урсгалтай, 2 эгнээ асфальтан замтай...” гэх мэдүүлэг /хх-75/,

Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.09-ний өдрийн 1486 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой суурь ясны далд хугарал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, дух, зулайн хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн зам тээврийн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаач нь ГССҮТ-ийн 08176 тоот өвчний түүхэнд дурдсанаар 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4.45 минутанд нас барсан гэжээ. 6.Талийгаач нь А2-р бүлгийн цустай байна...” гэжээ /хх-40-41/, 

Шинжээчийн 2017.08.11-ний өдрийн 4065 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Pirus 20” маркийн тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Автомашины зүүн, баруун талын урд хаалга, баруун хойд талын хаалга хонхойсон. Зүүн, баруун талын хаалганы цонхны шил, шил арчигч хагарсан, зүүн, баруун талын толь хагарч, унжсан, зүүн, урд, баруун хойд талын далбаан дээр байрлах жижиг шилнүүд хагарсан, урд салхины шил хагарсан, дээвэр зурагдаж, хонхойж, үрчийсэн, аюулгүйн хийн дэр задарч гарсан, капот зурагдаж, хонхойж, ангайсан. Хойд тэнхлэгний зүүн тал гулзайсан, зүүн хойд талын дугуй доод хэсгээрээ дотогш хомойсон, радиатор, радиаторын суурь гажсан, зүүн талын чирэгч ангайж урагдсан, автомашин дөрвөн дугуй хийгүй болсон зэрэг гэмтлүүдтэй байна. 3. Дээрх эвдрэл, гэмтэл нь онхолдох үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. 4.Онхолдох үед үүссэн эвдрэл, гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. 5. Автомашины тоормос шингэн дамжуулгатай. 6.Автомашин асаж явах боломжгүй тул хойд тэнхлэгний тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй, урд тэнхэлгийн тоормосны механизм ажиллаж байна” гэжээ /хх-55-57/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-15/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-17/, нас барсны гэрчилгээ /хх-26/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-27/, 2017.08.09-ний өдрийн цогцост үзлэг хийсэн шинжээчийн 1486 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-42/, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /44-53/, 2017.08.11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4065 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-68/, 2017.08.20-ны өдрийн 339 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-70/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-77/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-78/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-79/, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-80/, ЦЕГ-ын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-83/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтыг талуудыг хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Т.Аийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хүй долоон худгийн буюу Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замд “Тоёота Приус” маркийн ... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон зорчигч 1 настай, эрэгтэй Х.Тий амь насыг хохироосон болох нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй, гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг өгсөн. Гэхдээ шүүх хуралдаанд гэм буруугийн хувьд маргана гэж байгаа тул Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 8 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Т.А нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу шүүгдэгчийн эх нь мөрдөн байцаалтын шатнаас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдэг. Осол гарсан учраас Т.А харамсаж байгаа. 2 хүүхэдтэй байсан боловч одоо нэг хүүхэдтэй болж үлдлээ. Орон нутгийн замд хурд хэтрүүлээгүй. Тоомозны мөргүй тул хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн атлаа өөрсдөө хурд тохируулаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Мөн зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг нь үндэслэлгүй. Аюул учирсан гэдгийг шинжээч нар өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Т.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн асуудал байхгүй, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргасныг шүүх харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.А аюул саад бий болох үед тухайлбал нүдэндээ хар нүүгэлтсэн хар юм харсан даруй зогсоох арга хэмжээ авалгүйгээр жолооны хүрдийг зөв, буруу тал уруу ээлжлэн дарснаас тухайн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс гарч улмаар онхолдсон болох нь тогтоогдож байна.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч Т.Аийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.Аийн жолоочийн В ангиллын ... дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.А урьдчилан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Тгийн Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ат зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Аийн жолоочийн В ангиллын ... дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.А бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР