Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1082

 

“С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00697 дугаар шийдвэртэй, Нэхэмжлэгч: “С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: “У-” ХХК-д холбогдох 300 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.С Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Бн нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 12 сарын 26-ны өдөр “У-” ХХК-иас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах №0232751 тоот гэрчилгээтэй 288 мкв талбайтай орон сууцны зориулалттай газрыг “М-” ХХК-ийн нэр дээр газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. 2014 оны 1 сарын 26-ны өдөр, 2015 оны 6 сард газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх хүсэлтийг зохих байгууллагад тавьсан боловч бидний хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Учир нь тус газар нь Газрын тухай хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус гэрээ, мөн тус газар нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж явагдсан гэх шалтгаанууд байсан. “У-” ХХК-иар дамжуулж гэрээ хийсэн. “С-” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмшүүлэх гэрээг шилжүүлдэггүй юм байна лээ. Иймээс хамтран ажиллаж байсан “М-” ХХК-ийн нэр дээр “У-” ХХК-тай гэрээ байгуулж газрыг худалдаж авсан. Бид гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Кассын орлогын ордер буюу “У-” ХХК-иас 300 000 000 төгрөгийг хүлээж авсан компанийн тамга, нягтлан бодогчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн. “М-” ХХК-ийн захирал биечлэн шүүх хуралдаанд 2 удаа оролцож мөн бичгээр “С-” ХХК-ийг төлөөлж 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн, энэ нь манай компанид хамааралгүй, 300 000 000 төгрөг нь “С-” ХХК-иас гарсан, 300 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрх нь “С-” ХХК-д хадгалагдаж байгаа гэдгийг шүүх хуралдаанд оролцож, бичгээр баримт гаргаж өгсөн. 300 000 000 төгрөгийн кассын орлогын баримтыг “У-” ХХК-ийн нягтлан бодогч нь гарын үсэг зураад манай ажилтанд хүлээж авлаа гэсэн баримтыг өгсөн байсан. Энэ баримтыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд манай компанийн хохирол болох 300 000 000 төгрөгийг “У-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх ёстой. “С-” ХХК нь ямар нэгэн байдлаар хамааралгүй компанийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ байгуулаад 300 000 000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн гэрээ нь хавтаст хэрэгт байхгүй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Хавтаст хэрэгт “М-” ХХК, “У-” ХХК нарын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгаа. Энэ гэрээ нь хууль эрх зүй, шалтгаант холбооны хувьд нэхэмжлэлтэй ямар холбоотой болох тайлбарыг нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг өдий хугацаанд хянан хэлэлцэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Иргэний хуулийн хамгийн гол зарчим бол гэрээний үүргийг шударгаар биелүүлэх юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хууль зүйн хувьд зөв дүгнэх, түүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхдээ үндэслэл, шалтгаант холбоог зайлшгүй тогтоох ёстой. “М-” ХХК, “У-” ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэл болгож гаргасан нэхэмжлэл нь хуульзүйн хувьд үндэслэлгүй болох нь харагдаж байгаа тул шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Талууд гэрээнд заасан заалт нэг бүрээ ёсчлон биелүүлэх үүрэгтэй. Иймээс энэ гэрээ нь хууль эрх зүйн хувьд хүчинтэй эсэх, талууд энэ гэрээнээс татгалзсан эсэх дээр шүүх зайлшгүй ач холбогдол өгч авч хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэрээний эрх зүй үйлдсэн бол энэ гэрээ хэрхэн яаж шийдвэрлэх юм гэдэг дээр ач холбогдол байгаа юм. Магадгүй “М-” ХХК гэрээнээсээ татгалзаж болно, эсхүл гэрээгээ цуцалж болно. Энэ эрхэд нь “С-” ХХК халдаж байна. “У-” ХХК-д “М-” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. “М-” ХХК газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх гэрээг байгуулах явцад газар эзэмших эрхийн гэрээ, хэлцэл байсан бол энэ нь хууль ёсны эрх зүйн баримтууд байсан гэж үзэхээр байна. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хууль зөрчигдсөн эсэх, хууль ёсоор газар олгогдол явагдсан эсэхийг “У-” ХХК хариуцах эрх зүйн боломжгүй. “С-” ХХК нэхэмжлэл гаргаснаас хойш захиргааны эрх зүйн маргаан байх магадлалтай, “У-” ХХК энэ асуудлыг шийдвэрлэсний дараа “С-” ХХК нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл энэ асуудлыг өнөөдрийг хүртэлх хугацаанд анхаарч үзээгүй. Газар эзэмших эрхийн холбогдох баримтуудыг шүүх анхаарч үзнэ үү. Эдгээр баримтуудад эрх зүйн талаас нь зөв дүгнэлт өгч энэ маргааныг нэг тийш шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн үндэслэлгүй байдлаар удаан хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулж хэлэлцэхгүй байгаа нөхцөл байдлаас хамаарч талуудын эрх зөрчигдөж байна. Иймээс асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “У-” ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 658 000 төгрөгөөс 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 50 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 657 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч худалдаж авсан, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ, хохирсон гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дурьдаж байгаа бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцэх гол асуудал. Энэ утгаараа зохигчид энэ л хүрээнд тайлбар өгөх, татгалзах, нотлох баримт гаргах асуудал яригдах нь зүйн хэрэг бөгөөд энэ нь мэтгэлцэх зарчмын үндэс юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч “С-” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлд дурьдагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй үндэслэлээр буюу хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнээд шийдвэр гаргасан нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлыг тодруулбал нэхэмжлэгч “С-” ХХК нь “М-” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан гээд, харин энэхүү гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурьдаад, харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад худалдсан газрын эзэмших эрх нь эрхийн доголдолтой, хариуцагч болон “М-” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг хууль зөрчсөн гээд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөхийг шаардсан. Зохигчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбар нь тэдний ашиг сонирхол, хүсэл зорилгыг тодорхойлж байдаг бөгөөд энэ нь шууд утгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотолгооны хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, ялангуяа хариуцагчийн гэм бурууг нотолж байгаа үндэслэлээ тайлбарлах учиртай. Нэхэмжлэгчийн тайлбараар бол хариуцагчийн гэм бурууг шилжүүлсэн газар эзэмших эрх нь эрхийн доголдолтой, гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон. Ийнхүү нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хууль зүйн үндэслэл шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хоорондоо шалтгаант холбоогүй, хариуцагчийн гэм бурууг нотлоогүй байхад, шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад дурьдагдаагүй, асуудлаар хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэлт хийн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан. “С-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт “У-” ХХК-иас 2013 оны 12 сарын 26-ны өдөр “М-” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан газрыг худалдаж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шууд утгаар нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь хариуцагч “У-” ХХК нь “М-” ХХК-тай газрын эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог. Нэхэмжлэгч “С-” ХХК нь “М-” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шаардлага гаргаад байгаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуульд нийцэхгүй байгаа бөгөөд энэ ч үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин хариуцагч нэгэнт “М-” ХХК-тай гэрээ байгуулсан байгаа тул, энэхүү гэрээнд хамааралгүй этгээдийн шаардлагаар “энэхүү гэрээг, мөн гэрээний талуудын эрх үүрэг, түүний үр дагавар, хүчин төгөлдөр байдлыг бодитойгоор хэлэлцүүлэх боломжгүй” гэж үзэж байгаа бөгөөд, улмаар энэ нь гэрээний тулуудын эрх тэгш байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөг хангах зарчимд нийцэхгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлэхдээ “газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг хоёр ч удаа холбогдох байгууллагуудад гаргасан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн” гэж дурьджээ. Хариуцагчийн хувьд хуулийн дагуу олгогдсон газрыг “М-” ХХК-д гэрээгээр шилжүүлсэн. “М-” ХХК, “С-” ХХК холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргаад байхад, хүсэлтийг нь холбогдох байгууллагууд шийдвэрлэж өгөхгүй байгаа бол үүнд хариуцагчийн гэм буруу байхгүй бөгөөд, энэ нь хэргийн харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд хамаарах асуудал байгаа болно. Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх харьяалалтай хэрэг ба иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан. Хариуцагч нэхэмжлэгчээс ямар нэг мөнгө хүлээж аваагүй, зарлагын ордер гэх баримт нь “У-” ХХК-д байхгүй, тайлан мэдээнд ч тусгагдаагүй гэж мэдүүлдэг бөгөөд энэ баримтад “С-” гэсэн ямар ч бичвэр байдаггүй. Ййм ч учраас энэхүү баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй. Мөн энэ орлогын ордер гэх баримтад гэрч Гао чифенг гарын үсэг зурсан гэх нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн, гэтэл уг гэрч нь би гарын үсэг зураагүй, захирал зурсан гэж шүүхэд мэдүүлсэн байдаг. Нэгэнт ийм эргэлзээтэй байдал байсан учраас хариуцагч тал хүсэлт гаргаж, шүүх орчуулагч томилон энэхүү баримтад орчуулга хийлгэхэд уншигдахгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Гэх мэтчилэн нэхэмжлэгч хуурамч нотлох баримт гаргаж байгаа нь ил болсон. Энэхүү баримттай холбоотой нөхцөл байдал ихээхэн эргэлзээтэй байхад, мөн энэхүү баримтыг шинжээч томилж шинжлэн судлуулъя гэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаад байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчсөн. “М-” ХХК-ийн захирал, гэрч Д.Мандах бол гэрээний оролцогч, хэлэлцэж байгаа асуудлын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй хүн бөгөөд байгуулсан гэрээ хэлцлийнхээ хүрээнд эрх үүргээ хэрэгжүүлэх эсэх, эсвэл татгалзах, цуцлах эсэх асуудлаар л оролцогч байж болох талтай. Гэтэл түүний мэдүүлэг нь гэрээний эрх үүрэг, хариуцлагаас зайлсхийсэн байдлаар өгөгдсөн байдаг гэдгийг шүүх анхаараагүй. “Хас банк” ХХК-ийн зарлагын баримтын хувьд хэлэлцэж байгаа асуудалд төдийлөн ач холбогдолтой бус баримт бөгөөд энэ баримт нь мөнгө шилжүүлсэн болохыг нотлохгүй юм. Үүрэг үүсээгүй, эсвэл дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон нөхцөл байдлыг л шүүх хуульд нийцүүлж хянах үүрэгтэй. Нэхэмжлэгч “М-” ХХК-иар дамжуулж гэрээ байгуулсан талаараа мэдүүлдэг, мэтгэлцдэг. Нэхэмжлэгч хэн нэг этгээдээр дамжуулж гэрээ байгуулсан, энэ нь хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн, гэрээ хэлцлийн үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн газрын үнээр бид хохирчихлоо гэж мэтгэлцээд байхад шүүх түүний урдуур орж “үүрэг үүсээгүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдлыг бий болгосон. Мөн хэрэв нэхэмжлэлийн үндэслэлд анхнаасаа үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал дурьдагдсан, энэ талаар мэтгэлцээн өрнөх үндэслэлтэй байсан бол хариуцагч ч мөн л эдгээр нөхцөл байдалтай холбоотой тайлбар, татгалзал, нотлох баримт, санал хүсэлт гаргах, мэтгэлцэх эрхтэй байсан нь зүйн хэрэг юм. Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч “У-” ХХК-д холбогдуулан газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэх 300 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжгүй гэж үзлээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хууль болон гэрээний дагуу үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй. Талууд газар эзэмших эрх худалдан авахтай холбоотойгоор 300 000 000 төгрөг шилжүүлсэн талаар маргаж байх бөгөөд хэргийн 115 дугаар талд хариуцагч “У-” ХХК нь 300 000 000 төгрөгийг хүлээн авсан кассын орлогын ордер гэх баримт авагдсан байна. Хэрэгт мөн хариуцагч “У-” ХХК болон “М-” ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ авагдсан. Газрын төлбөрт 300 000 000 төгрөг шилжүүлэх үндэслэл байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Уг гэрээний төлбөрийг нэхэмжлэгч “С-” ХХК ямар үндэслэлээр хариуцагч компанид төлсөн гэх нөхцөл байдлыг тогтоох нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой. Зохигчдын хэн аль нь “С-” ХХК нь “У-” ХХК-д дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэсэн агуулгатай тайлбар гаргадаг. Энэ тохиолдолд дээрх газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр эсэх, эсхүл гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой цуцлагдаж, дуусгавар болсон эсэх нь тодорхой бус байна. Гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 236 – 240 дүгээр зүйлд заасан. Гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас талууд гэрээнээс татгалзсан, эсхүл тухайн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдэж, хүчин төгөлдөр бус болсон эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Учир нь хариуцагч “У-” ХХК нь, “М-” ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч “С-” ХХК, “М-” ХХК-ийн алиных нь үүрэг байсан эсэх, эсхүл нэхэмжлэгч компани гэрээний үүргийг “М-” ХХК-ийн өмнөөс төлсөн эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу болжээ. Хэрэв “М-” ХХК гэрээний тал биш, гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй гэж үзвэл хариуцагч “У-” ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С-” ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр газрын төлбөрт 300 000 000 төгрөгийг шилжүүлсэн, эсхүл гэрээний үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар бусдын үүргийг гүйцэтгэж төлбөр төлсөн эсэх талаар тодорхой дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үүрэг үүссэн эсэхийг тодорхойлох нөхцөл болно. Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй буюу энэ талаар тодруулаагүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00697 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ Г.ДАВААДОРЖ