Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01460

 

 “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00375 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002 дугаар магадлалтай,

                                                                                                           

            “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             “У ” ХХК-д холбогдох

             300,000,000.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2013 оны 12 сарын 26-ны өдөр “У ” ХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 0232751 тоот гэрчилгээ бүхий 288 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий газрыг “Мандах инвест” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан 300,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш 2014 оны 01 сарын 06-ны өдөр, 2015 оны 6 сард газар эзэмших эрх шилжүүлэн авах талаар Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн газрын албанд хандсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Учир нь тус газар нь Газрын тухай хуулийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, мөн тус газар нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж олгогдсон ямарч барилга барих боломжгүй газар тул гэрээний дагуу шилжүүлэх боломжгүй гэсэн. Иймд манай компанийн хохирол болох 300,000,000 төгрөгийг хариуцагч “У ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь “С ” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох тухай ямар нэг гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. “С ” ХХК нь эрх зүйн хувьд “Мандах инвест” ХХК-ийг төлөөлөх эрхгүй. Манай компани “Мандах инвест хоёр” ХХК-ийн хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан. 2 тал татгалзаагүй. Эсхүл “С ” ХХК-ийн нэрийн өмнөөс үйлдэл хийх эрх нь “Мандах инвест” ХХК-д итгэмжлэлээр олгогдсон байсан бол өөр асуудал. Гэтэл газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Гэрээг дүгнэх, гэрээнээс татгалзах эрх “С ” ХХК-д байхгүй. Энэ гэрээг дүгнэж үндэслэлээ болгоод нэхэмжлэл гаргаж байгаа нь бүр ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй. “С ” ХХК нь санхүүгийн баримтыг үндэслэл болгодог боловч энэхүү санхүүгийн баримт нь “С ” ХХК-ийнх гэдэг нь нотлогддоггүй. Хэрэв энэ баримт байсан гэж үзвэл уг баримтыг “С ” ХХК гаргах боломжгүй. Хууль эрх зүйн хувьд нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзвэл энэ баримт нь зөвхөн “Мандах инвест” ХХК-ийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой баримт юм. Мөн баримтад захирал нь гарын үсэг зурсан гэх атлаа өөрийнх нь гаргасан албан ёсны орчуулгаар өөр хүн зурсан гэж байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр энэхүү баримтыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Гэрээний хүрээнд үүргээ гүйцэтгэх явдалд “У ” ХХК-д буруу байгаа эсэхийг дүгнэнэ гэвэл гэрээний тухай ярихаас аргагүй. Гэхдээ энэхүү маргааны хувьд “С ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                              

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00375 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч У  ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,658,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00375 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “227 дугаар зүйлийн 227” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00375 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч “С ” ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний оролцогч биш, мөнгийг буцаан шаардах эрхгүй этгээд гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч “У ” ХХК-тай биднийг төлөөлж “Мандах инвест” ХХК гэрээ байгуулсан бөгөөд тухайн газрыг худалдаж авсан мөнгийг бид төлсөн болно. Бид мөнгө өгсөн байгууллагаас мөнгөө буцаан нэхэмжилсэн. “Мандах инвест” ХХК-ийн захирал Д.Мандах 2017.03.16-ны өдрийн шүүх хуралд өөрийн биеэр, 2018.01.08-ны өдөр албан бичгээр “Тухайн үед манай компани “С ” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан, тус газрыг “С ” ХХК худалдаж авч байгаа бөгөөд 300,000,000 төгрөг нь “С ” ХХК-ийн мөнгө төдийгүй нэхэмжлэх эрх нь тус компанид хадгалагдаж байгаа болно” гэж шүүхэд тайлбар өгч, тодорхойлолт гаргаж өгсөн болно. Тухайн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”-нд газрыг худалдаж авч байгаа тухай, түүний үнэ зэргийг огт дурьдаагүй бөгөөд хэлбэр төдий гэрээг “У ” ХХК-иас боловсруулж гарын үсэг зуруулан мөнгийг заавал бэлнээр авна гэх шаардлагыг тавьж аль болох нотлох баримтгүйгээр, байршлын зөрчилтэй газрыг наймаалсан байдаг. Тиймээс бид нэхэмжлэлийн гол үндэслэлээ “У ” ХХК-иас бидэнд өгсөн “Кассын орлогын ордер”-ыг нотлох баримт болгон эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн болно. Мөн тус хэрэг 2017 оны 1 сараас эхлэн 2 шатны шүүхээр орж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж яваад Улсын Дээд шүүхийн 2017.10.27-ны өдрийн 001/ХГ2017/01296 дугаар тогтоолоор анхан шатны шүүхэд буцаасан үндэслэл нь “Итгэмжлэлийг орчуулсан агуулга бүхий тайлбар итгэмжлэлд тусгагдаагүй, “Кассын орлогын ордер” баримт дээрх гадаад үсгээр бичигдсэн бичвэрийг орчуулаагүй” зэрэг 2 үндэслэлээр буцаасан бөгөөд бид дээрх шаардлагыг биелүүлж холбогдох материалыг хэрэгт хавсаргасан. Мөн анхан шатны шүүхэд миний бие 2017.12.27 -ны өдөр “Кассын орлогын ордер” /XX 16-р тал / баримтын дээд хэсэгт гадаад үсгээр бичигдсэн бичвэрийг орчуулах, түүнд дарагдсан дардас харагдахгүй, бүдэг гэснийг мэргэжлийн байгууллагаар шинжлэн судлуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч Д.Уранчимэг шүүгч, туслах н.Билгүүнээр дамжуулан “Ингэж дүгнэлт гаргуулах юм бол хэрэг удааширна, та хүсэлтээ буцаагаад авчих” гэсээр буцаалгаж би нотлох баримтыг эх хувиар нь өгсөн юм. Үүний дараа хариуцагч нарын хүсэлтээр үндэслэлгүйгээр, нотлох баримтгүйгээр шүүх хурлыг 2 удаа хойшлуулж эцэст нь манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эсрэг шийдвэр гаргасан. Ер нь энэ мэт нэр төдий гэрээ хийж газар наймаалдаг этгээдүүдийн толгойг илж, мөнгө хүлээж авсан компанийн санхүүгийн тамгатай, хүлээн авсан хүний гарын үсэгтэй баримт байсаар байтал илт буруу шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.12-ны өдрийн 181/ШШ2018/00375 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 1002 дугаар магадлалыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “С ” ХХК нь 300,000,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч “С ” ХХК нь  хариуцагч “У ” ХХК-д холбогдуулж газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан, газрын үнийг бүрэн төлсөн боловч худалдсан газар нь барилга барих боломжгүй, эрхийн доголдолтой тул газрын үнэд төлсөн 300,000,000.00 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн шаардлага гаргажээ.

Хариуцагч “У ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч компанитай иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох аливаа гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч “У ” ХХК болон “Мандах инвест” ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний дагуу 300,000,000.00 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж, уг гэрээ болон 2013 оны 12 сарын 26-ны өдөр 300,000,000.00 төгрөгийг тушаасан “УБХ Констракшн” ХХК кассын орлогын ордер гэсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ./хх-7-13, 16,115/

2013 оны 12 сарын 26-ны өдөр “У ” ХХК болон “Мандах инвест” ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх   гэрээгээр эрх шилжүүлэгч “У ” ХХК-ийн эзэмшилд байгаа Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах 0232751 тоот гэрчилгээний дугаар бүхий 178016/0225 тоот гэрээний дугаар бүхий 288 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай  газрыг эрх шилжүүлэн авагч “Мандах инвест” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэх нь хууль  хэрэглээний хувьд үндэслэл бүхий дүгнэлт гаргах боломжгүй байдалд хүргэнэ.

Хэргийн 115 дахь талд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “УБХ Констракшн” ХХК, түүний тамга дарагдсан, кассын орлогын ордер гэсэн баримт эх хувиараа авагдсан ба уг баримтын дээд болон доод талд ханз үсгээр бичиглэл хийгдсэн, орчуулга нь хэрэгт авагдсан ба тушаагч хэсэгт зурагдсан гарын үсэг Гао Цифөн гэж орчуулагдсан, гэрчээр асуугдсан Гао Чифенг /Gao Qifeng/ нар нь нэг этгээд эсхүл өөр этгээд болох нь тодорхой бус байна.

2018 оны 02 сарын 07-ны өдрийн шүүгчийн “Нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 181/ШЗ2018/01825 дугаар захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр гаргасан боловч захирамжид заасан баримтыг гаргуулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. /хх-151-153/

 Анхан шатны шүүхийн дээрх алдааг  давж заалдах шатны шүүх илрүүлэлгүйгээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00375 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1002 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “С ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,658,000 /нэг сая зургаан зуун тавин найман мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН