Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1116

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/01096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-, Д.Л- нарт холбогдох

 

8 450 евро буюу 25 616 344 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б, Д.Ц

Хариуцагч Д.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Д-ын өмгөөлөгч Э.Шинэзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-, эхнэр Б.Д-ын хамт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Унгар улсаас Улаанбаатар хотод хадам аавындаа ирсэн. Хадам аав, ээж хоёртоо хүүхэд харж байсан гээд 200 евро өгсөн. Тэр оройдоо еврогоо солиулахаар валют арилжааны төв орсон боловч эхнэр бидний хооронд маргаан үүсч, еврогоо солиулж чадаагүй юм. Хадам аав Бадарчингийнд нэг хоноод маргааш нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 8 000 еврогоо солиулж орон сууц авах зорилготой гарах гэтэл эхнэр Б.Д- би бүх мөнгөө өөрийн дансанд хийнэ гэж булаацалдаж, төрсөн ах Ганзоригийг гэрээс нь дуудуулж намайг зодуулсан, миний цүнхтэй мөнгө /евро/, бичиг баримтыг авдартаа хийж цоожлоод цагдаагаар асуудлаа шийдүүлнэ гэж дуудлага өгсөн. Хадам аав Бадарчин гэх хүн намайг хэл амаар доромжлоод хараад зогсож байсан. Тэд миний цүнхтэй мөнгийг булааж аваад намайг гэрээсээ хөөсөн. Миний аав, ээж Төв аймагт хөдөө байдаг тэдэнтэй утсаар ярьж, манай ах Б.Анхбаяр хөдөөнөөс ирсэн. Ингээд цагдаад хандаж гомдол гаргасан. Өөрийн төрсөн ах Б.Анхбаярыг хадам аавынд оруулж чемодантай хувцас, гадаад паспортаа авсан. Харин гадаад улсад ажиллаад олсон 8 000 евро болон хүний дайвар 450 еврог өгөөгүй. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөдлийг хүлээн авсан боловч прокуророос хэрэг нээхээс татгалзаж, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Цагдаад гэрчээр асуугдсан Б.Д-, Б.Ганзориг, Б.Анхбаяр нарын мэдүүлгээр алдсан гэх 8 000 еврогийн 6 000 евро нь Унгар улсад ажилласан таны цалин, харин 2 000 евро нь эхнэр Б.Д-ын цалин байх ба энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж тодорхойлж өгсөн болно. Хадам ээж Д.Л-аас хүүхдүүдийн хамт надаас булааж авсан нийт 8 450 евро нь тус улсад 2019 оны 8 сараас хойш 4 сар хүртэл ажилласан цалин байсан болно. Д.Л- миний хувийн хөрөнгө болох цүнхтэй мөнгийг авдартаа цоожлоод өгөхгүй хохироож байна. Иймд хариуцагч Д.Л-, Б.Д- нараас нийт 8 000 еврог, мөн хүний дайвар 450 евро, нийт 8 450 еврог Монгол банкнаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авсан валютын ханшийн лавлагааны 3031.52 төгрөгөөр тооцож, нийт 25 616 344 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Л-ын хувьд Б.Б-ын мөнгийг аваагүй, авах ч үндэслэлгүй бөгөөд гэр бүлийн маргаантай, эд хөрөнгийн асуудлаа хөгшин надад халдааж, мөнгөө булаалгаж, дээрэмдүүлсэн мэтээр нэхэмжилж байгаад гомдож байна. Тухайн үед Б.Б-, Б.Д- нарын хооронд мөнгөний маргаан болоод охин маань намайг ээж та манай нөхрийн уурыг гартал энэ мөнгийг хадгалж бай гээд цүнх өгөхөөр нь авдартаа хийж хадгалж байсан. Дээрх асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Цүнхтэй мөнгийг тоолоогүй, хэдэн төгрөг байсныг нь ч мэдэхгүй бөгөөд асуудал намжихаар нь тухайн цүнхтэй мөнгийг охиндоо буцааж өгсөн. Би Б.Б-оос нэг ч төгрөг аваагүй. Түүнээс мөнгө авах ч шаардлагагүй. Хүний шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгийг зүгээр авах, тэр тусмаа булааж, дээрэмдэж авах тийм ёс суртахуун байхгүй. Д.Л- нь энэ хэргийн хариуцагч биш тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б- бид хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд гэрлэлтээ батлуулсан. Бид, 2 хүүхэдтэй ба нэг нь 5 настай, нэг нь 3 настай. Цүнхэнд 8 450 евро байгаагүй, анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 6 450 евро гаргуулна гэж байсан. Энэ талаар хэрэгт авагдсан хүлээж авахаас татгалзсан захирамжаар харагддаг. Дээрх мөнгөний асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Манай нөхөр Б.Б- нь 2019 оны 01 сард Унгар улсруу ажиллахаар явахдаа байраа зараад уг мөнгөнөөс 40 000 000 гаруй төгрөгийг өөрийн Төрийн банкны данс руу хийгээд үлдсэн мөнгөөр нь зардлаа төлөөд явсан. Миний хувьд хоёр бага насны хүүхдээ хараад үлдсэн. Тэгтэл 2019 оны 8 сард нөхөр маань намайг Унгар улсад хүрээд ир хамт ажиллая гэснээр би очиж нөхөртэйгөө хамт ажилласан. Бид хоёр Монголд ирээд валют арилжааны газар мөнгөө солиулаад, нөхрийн дансанд байгаа мөнгийг нийлүүлээд байр худалдаж авах зорилготой гарсан. Гэтэл мөнгө сольдог ченж нь мөнгийг солиод дансруу чинь хийчихье гэхэд манай нөхөр миний данс болохгүй гэсэн тул би миний данс руу хийчих гэхэд үгүй гэснээр бид хоёр муудалцаж байгаад манай аавын гэрт ирээд хоносон. Маргааш өглөө нь 09 цагийн үед бид хоёр мөнгөнөөс болоод дахин муудалцаж, цүнхтэй мөнгийг булаацалдаж маргасан. Манай ах Б.Ганзориг гаднаас орж ирээд намайг өмөөрч ах хүний хувьд Б.Б-ыг загнасан. Би ээждээ энэ мөнгийг хадгалж бай, бид учраа олоод танаас мөнгөө буцааж авъя гэхэд ээж уурлаад наад мөнгийг чинь та хоёрт хоёуланд нь өгөхгүй гээд цүнхтэй мөнгийг авдартаа хийсэн. Өнөөдрийн байдлаар миний дансанд 11 983 829 төгрөг байна. Маргаан болсны дараа цүнхтэй мөнгийг ээжээс буцааж аваад тоолоход 5 000 евро байсан ба солиулахад 15 500 000 төгрөг болсон тул мөнгийг би өөрийн Хаан банкны дансанд хийсэн. Нэхэмжлээд байгаа мөнгөнөөс хүний дайвар гэх 450 евроны талаар би мэдэхгүй. Б.Б-ын нэхэмжилж байгаа 25 616 344 төгрөг бол гэр бүлийн дундын хөрөнгө учир өгөхгүй. Би Унгар улсад цайны газар ажиллаж 500 евроны цалин авдаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Д-, Д.Л- нараас 18 186 000 төгрөгийг гаргуулж, Б.Б-од олгож нэхэмжлэлийн шаардлагаас 450, евро буюу 1 364 184 төгрөг, 2000 евро буюу 6 063 040 төгрөг нийт 7 427 224 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-, Д.Л- нараас улсын тэмдэгтийн хураамжид 248 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-од олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Д-ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Д.Л-ын тухайд цүнхэнд хэний өмчлөлийн хэдэн евро, хэдэн төгрөг байсан гэдэг нь хөдөлбөргүй нотлогдоогүй, мөн Б.Б- нь Д.Л-д ямар хөрөнгө шилжүүлсэн, цүнхнээс евро, мөнгө авсан талаарх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй, энэ асуудалтай холбоотой цагдаа, прокурорын байгууллагаас мэдүүлэг аваагүй, тухайн цүнхийг Б.Д-д буцаан өгсөн Б.Д- нь цүнхэнд байсан мөнгийг өөрийн дансандаа хийсэн гэдэг талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй ба цүнхийг авч, авдрандаа цоожилсон гэдэг нь цүнхнээс евро, мөнгө авсан гэдгийг нотлохгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч түүнийгээ нотолж чадаагүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох буюу хариуцагч Д.Л-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Б.Д-ын тухайд хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар зохигч болох Д.Баярцогт, Б.Д- нар нь гэрлэлтээ батлуулсан, дундаасаа хоёр бага насны хүүхэдтэй хууль ёсны эхнэр, нөхөр юм. Маргааны зүйл болсон евро, мөнгөн хөрөнгө нь зохигчдын 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Унгар улсад хамт ажиллаж олсон цалин, орлого байх бөгөөд энэхүү хөрөнгө нь гэрлэснээс хойш хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарч байх ба нэхэмжлэгч нь 8 450 евро байсан, 6 000 евро нь түүний хуваарьт хөрөнгө гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгч Б.Б-ын 8 450 евро байсан гэсэн цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж, түүнийг ач холбогдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй. Цагдаа, прокурорын байгууллагаас иргэдийн гомдол, мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж, тогтоодог, шийдвэрлэдэг болохоос хохирлын хэмжээг тодорхойлж, тогтоодог байгууллага биш юм. Зохигчдын гэрлэлт хүчин төгөлдөр байгаа, тэдний дунд бие биеэ болон хүүхдүүдээ тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх хуульд заасан үүрэг үүссэн учраас нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.Д-аас гэрлэснээс хойш хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон цалин, орлогыг буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхгүй гэж үзэж байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.Д-, Д.Л- нарт холбогдуулан, 8 450 евро буюу 25 616 344 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “эхнэр Б.Д- бид 2 маргалдсаны улмаас Унгар Улсад миний ажиллаж олсон 8 000 евро болон хүний дайвар 450 евро, нийт 8 450 еврог манай хадам ээж Д.Л-, эхнэр Б.Д- нар булааж авсан тул 8 450 евро буюу 25 616 344 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан байна. Нэхэмжлэлээр шаардаж буй 25 616 344 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилуулах шаардлага, эсхүл үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг шаардаж байгаагийн аль нь болох нь тодорхой бус байна.  

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж,

130.3 дах хэсэгт “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэж,

мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх хуулийн аль зохицуулалтад хамаарах шаардлага гаргасан, мөн хариуцагч нарын алинаас нь хэдэн төгрөг шаардаж байгаа зэрэг нөхцөл байдлыг тодруулах нь ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хариуцагч нарыг тайлбар татгалзлаа бүрэн гаргасан буюу энэ хүрээнд талуудыг хангалттай мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн дээрх баримтууд нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэгдэх боломжтой буюу шууд нотлох баримт болохгүй болохыг анхаараагүй байна.

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй буюу энэ талаар тодруулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/01096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Д-аас төлсөн 248 880 төгрөг, хариуцагч Д.Л-аас төлсөн 248 880 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.МӨНХЗУЛ

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ