Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2020/01096

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч: Сүхбаатар, дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 45-р байр, 56 тоотод оршин суух Баасансүрэнгийн Баярцогтийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, Их нарангийн 28-08а  тоотод оршин суух Бадарчийн Даваадулам /рд:ЙГ94092604/,  Дамдинсүрэнгийн Лхамжав /рд:ЙГ57030807/ нарт холбогдох

 

8450 евро буюу нийт 25 616 344 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав, Д.Цэрэндэжид, хариуцагч Д.Лхамжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Э.Шинэзориг, хариуцагч Б.Даваадулам, нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн   итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон   шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Б.Баярцогт, эхнэр Б.Даваадуламын хамт 2019.12.14-нд Унгар улсаас Улаанбаатарт хадам аавындаа ирсэн. Хадам аав, ээж хоёртоо хүүхэд харж байсан гээд 200 евро өгсөн. Тэр оройдоо  еврогоо солиулахаар валют арилжааны төв орсон боловч эхнэр бидний хооронд маргаан үүсэж еврогоо солиулж чадаагүй юм. Хадам аав Бадарчингийнд нэг хоноод маргааш нь 2019.12.15-ны өдөр 8000 еврогоо солиулж орон сууц авах зорилготой гарах гэтэл эхнэр Б.Даваадулам би бүх мөнгөө өөрийн дансанд хийнэ гэж булаацалдаж,  төрсөн  ах Ганзоригийг гэрээс нь дуудуулж намайг зодуулсан,  миний цүнхтэй мөнгө /евро/,  бичиг баримтыг авдартаа хийж цоожлоод цагдаагаар асуудлаа шийдүүлнэ гэж дуудлага өгсөн. Хадам аав Бадарчин гэх хүн намайг хэл амаар доромжлоод хараад зогсож байсан. Тэд миний цүнхтэй мөнгийг  булааж аваад намайг гэрээсээ  хөөсөн. Миний  аав, ээж Төв аймагт хөдөө байдаг тэдэнтэй утсаар ярьж, ...миний ах Анхбаяр хөдөөнөөс ирсэн. Ингээд цагдаад хандаж гомдол гаргасан. ...Өөрийн төрсөн ах Б.Анхбаярыг хадам аавынд оруулж чемодантай хувцас, гадаад паспортаа авсан. Харин гадаад улсад ажиллаад олсон 8000 евро болон хүний дайвар 450 евро өгөөгүй. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс 2019.12.16-нд өргөдлийг хүлээн авсан боловч Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор ...хэрэг нээхээс татгалзаж, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019.12.31-ний өдрийн 7 тоот хариу мэдэгдэх хуудас өгсөн. Түүнд “...гэрчээр асуугдсан та болон Б.Даваадулам, Б.Ганзориг, Б.Анхбаяр нарын мэдүүлгээр алдсан гэх 8000 еврогийн 6000 евро нь Унгар улсад ажилласан таны цалин, харин 2000 евро нь эхнэр Даваадуламын цалин байх ба энэ  нь  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж тодорхойлж өгсөн болно. Хадам ээж н.Лхамжаваас хүүхдүүдийн хамт надаас булааж авсан нийт 8450 евро нь тус улсад 2019 оны 08 сараас хойш 4 сар хүртэл ажилласан цалин байсан болно. Би Унгар улсад гэр бүлээрээ ажиллаж олж ирсэн 8000 еврогоор орон сууц худалдан авах зорилготой байсан. Д.Лхамжав миний хувийн хөрөнгө болох цүнхтэй мөнгийг авдартаа цоожлоод өгөхгүй хохироож байна. Иймд хариуцагч Д.Лхамжав, Б.Даваадулам нараас  нийт 8000 еврог, мөн хүний дайвар 450 евро, нийт 8450 еврог Монгол банкнаас 2020.01.29-ний өдөр авсан валютын ханшийн лавлагааны 3031,52 төгрөгөөр тооцож, нийт 25 616 344 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Д.Лхамжавын шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, Э.Шинэзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд Б.Баярцогтын мөнгийг аваагүй, авах ч үндэслэлгүй бөгөөд гэр бүлийн маргаантай, эд хөрөнгийн асуудлаа хөгшин надад халдааж, мөнгөө булаалгаж, дээрэмдүүлсэн мэтээр нэхэмжилж байгаад гомдож байна. Тухайн үед Б.Баярцогт, Б.Даваадулам нарын хооронод мөнгөний маргаан болоод охин маань намайг ...ээж та манай нөхрийн уурыг гартал энэ мөнгийг хадгалж бай ...гээд цүнх өгөхөөр нь авдартаа хийж хадгалж байсан. Дээрх асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд цүнхтэй мөнгийг тоолоогүй, хэдэн төгрөг байсныг нь ч мэдэхгүй бөгөөд асуудал намжихаар нь тухайн цүнхтэй мөнгийг охиндоо буцааж өгсөн. Би Б.Баярцогтоос нэг ч төгрөг аваагүй. Түүнээс мөнгө авах ч шаардлагагүй. Хүний шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгийг зүгээр авах, тэр тусмаа булааж, дээрэмдэж авах тийм ёс суртахуун байхгүй болно гэж тайлбарлаж, Д.Лхамжав энэ хэргийн  хариуцагч биш тул  холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү...” гэв.  

 

Хариуцагч Б.Даваадулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Баярцогт нь надаас 25 616 344 ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь  ойлгомжгүй байна. Учир нь бид хууль ёсны эхнэр нөхөр бөгөөд бид 2015.01.01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр хүүхэдтэй ба бидний хүүхдүүд болох Б.Хонгорзул 5 настай, хүү Б.Намсрайноров 3 настай болно. Цүнхэнд  8450 евро байгаагүй,  анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  6450 евро гаргуулна гэж байсан . Энэ талаар хэрэгт авагдсан хүлээж авахаас татгалзсан захирамжаар харагддаг. Дээрх мөнгөний асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Манай нөхөр Б.Баярцогт нь 2019 оны 01 сард Унгар улсруу ажиллахаар явахдаа байраа зараад уг мөнгөнөөс 40 гаруй сая төгрөгийг өөрийн Төрийн банкны  дансруу хийгээд үлдсэн мөнгөөр нь  зардлаа төлөөд явсан. Миний хувьд хоёр бага насны хүүхдээ хараад  үлдсэн. Тэгтэл 2019 оны 08 сард нөхөр маань намайг Унгар улсад хүрээд ир хамт ажиллая гэснээр би  очиж нөхөртэйгөө хамт ажиллаж байгаад 2019.12.14-ний өдөр Эх орондоо бид ирсэн. Бид хоёр тухайн үед ажлын хөлсөө еврогоор авч байсан. Манай аавынд ирээд аав, ээж хоёртоо хүүхэд харсан гэж 200 евро өгсөн юм. Бид хоёр валют арилжааны газар мөнгөө солиулаад, нөхрийн дансанд байгаа мөнгийг нийлүүлээд байр худалдаж авах зорилготой гарсан. Гэтэл мөнгө сольдог ченж нь  мөнгийг солиод дансруу чинь хийчихье гэхэд манай нөхөр миний данс болохгүй  гэсэн тул  би миний дансруу хийчих гэхэд  үгүй гэснээр  бид хоёр муудалцаж байгаад манай аавын гэрт ирээд хоносон.  Маргааш өглөө нь буюу 15-ны өглөө 09 цагийн үед бид хоёр мөнгөнөөс болоод дахин муудалцаж, цүнхтэй мөнгийг булаацалдаж маргасан. Манай ах Б.Ганзориг гаднаас орж ирээд намайг өмөөрч ах хүний хувьд Баярцогтыг загнасан. Би ээждээ  энэ мөнгийг хадгалж бай, бид учраа олоод танаас мөнгөө буцааж авъя ...гэхэд ээж уурлаад  ...наад мөнгийг чинь та хоёрт хоёуланд нь өгөхгүй гээд цүнхтэй мөнгийг авдартаа хийсэн. Нөхөр Баярцогт биднийг орхиж явсан. Тусдаа амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар миний дансанд 11 983 829 төгрөг байна. Маргаан болсны дараа  цүнхтэй мөнгийг ээжээс буцааж аваад тоолоход 5000 евро байсан ба солиулахад 15 500 000 төгрөг болсон тул  мөнгийг би өөрийн Хаан банкны 5166170502 тоот дансанд 2020 оны 01 сарын 05, 09-нд тус тус хийсэн. Энэ тухай хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байгаа. Нийт 15 155 000 төгрөгөөс цагаан сарын баярт болон хүүхдүүдийн хувцас, хэрэглээ, хоол унд зэрэгт 3 000 000 гаруй төгрөгийг зарцуулсан байна. Учир нь миний хувьд хүүхдүүдээ хараад ажил хийх боломжгүй байгаа. Манай нөхөр Баярцогтын Төрийн банк дахь дансанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах 30 000 000 орчим төгрөгийн мөнгөн хуримтлал байдаг. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон ...хөрөнгө  юм. Би одоо ч нөхөртэйгээ утсаар холбоотой  байгаа. Бидний  харилцаа  зүгээр байгаа. Гэтэл бидний хооронд маргаан үүсгэж гэр бүл салгах, хоёр хүүхдийн эрх ашиг хохирох хэмжээнд хүргэж байна. Хэрэв гэр  бүлийн талаар маргаан гарвал жич нэхэмжлэл  гаргана гэж бодож байгаа. Нэхэмжлээд  байгаа мөнгөнөөс  хүний дайвар гэх  450  евроны талаар би  мэдэхгүй. Баярцогтын нэхэмжилж байгаа 25 616 344 төгрөг бол гэр бүлийн дундын хөрөнгө учир өгөхгүй. Би Унгарт цайны газар ажиллаж 500 евроны цалин авдаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярцогт нь хариуцагч Д.Лхамжав, Б.Даваадулам нарт холбогдуулан  8450 евро буюу нийт 25 616 344 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

 

 Хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд дараах  байдлууд тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч Б.Баярцогт 2019 оны 05 сард Унгар улсад ажил хийхээр явсан ба эхнэр  Б.Даваадулам 2019 оны 08 сард нөхрийнхөө хойноос очиж тэд хамт ажиллаж байгаад эх орондоо 2019 оны 12 сарын 14-нд хадам эцэг Бадарчингийнд ирсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Б.Баярцогт, Б.Даваадулам нарын хооронд  2019 оны 12 сарын 15-нд мөнгөнөөс болж  маргаан гарч улмаар 2019 оны 12 сарын 16-нд СХД-ийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлстэст гомдол гарган шалгуулж 2019 оны 12 сарын 30-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс  татгалзсан болох нь тэдний тайлбараар болон тус дүүргийн  прокурорын 36 тоот тогтоолоор нотлогдож байна. /хх-11/,

 Тэд гэр бүлийн баталгаатай хууль ёсны гэр бүл, гэрлэгсдийн дундаас хоёр хүүхэд төрсөн ба тэднийг  гадаад оронд ажил хийж байх хугацаанд Б.Даваадуламын  аав, ээж  хоёр  хүүхдүүдийг нь харж  байсан  болох нь  тэдний  өөрсдийн тайлбарууд,  хэрэгт ирүүлсэн  гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож  байна. /хх-59-61/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Б.Баярцогтын цүнхтэй 8450 евро буюу 25 616 344 төгрөгийг хадамж ээж Д.Лхамжав, эхнэр Б.Даваадулам нар булааж аваад авдрандаа цоожилсон, түүний эрх чөлөөнд ах нь халдсан цагдаа, прокурорын байгууллага шалгасан баримтаар нотлогдоно хохиролгүй болгож  өгнө үү...” гэжээ.

 Хариуцагч Д.Лхамжав “...эд нар мөнгөнөөс болоод маргаан үүссэн, манай охин  цүнхтэй мөнгийг хадгалж бай дараа нь авна  гээд өгсөн тул  авдрандаа  хийж  цоожилсон  хүний мөнгийг аваагүй, дараа  нь охиндоо өгсөн гэж,    

Хариуцагч  Б.Даваадулам  “...Гэрлэснээс хойш хамтран амьдарсан, хамт ажилласан  хугацаанд бий болсон хөрөнгө, гэрлэлт хүчин төгөлдөр байгаа тул  хувааж авна. Нөхөр   Унгар улс явсан. Би утсаар байнга ярьдаг,бидний  харилцаа  зүгээр байгаа. маргаан үүсгэж гэр бүл салгах, хоёр хүүхдийн эрх ашиг хохирох хэмжээнд хүргэж байна гэж тус тус маргасан байна.            

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд:

 

 Нэхэмжлэгч Баярцогт, Б.Даваадулам нар гэр бүлийн гишүүд боловч нэхэмжлэгч нь гэрлэлтээс үүссэн эд хөрөнгийн маргааны талаар нэхэмжлэл гаргаагүй байна.

 Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1-д  “өмчлөгч нь бусад этгээдэд  ...олгогдсон  эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ  өөрийн  үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж захиран зарцуулах, бөгөөд аливаа халдлагаас  хамгаалах эрхтэй гэж зааснаар хөдөлмөрлөж олсон цалин  орлого буюу  хөрөнгийг  өмчлөх,  өөрийн мэдэлд байлгах,  захиран зарцуулах, хэрэглэх эрхэнд  халдсан гэж үзэж  шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.   

 Иргэний хуулийн  126 дугаар зүйлийн  126.2-д “...гэрлэснээс хойш хамтран  амьдарсан хугацаанд  бий  болсон  гэр бүлийн гишүүдийн  хуваарьт хөрөнгөөс  бусад  хөрөнгө  нь гэр бүлийн гишүүдийн  хамтран  өмчлөх  дундын өмч байхаар хууль зохицуулсан байна.  

Харин  гэр бүлийн гишүүний  хуваарьт хөрөнгө, мөнгөн хуримтлалыг  дундаа  хамтран өмчлөхөд зориулж шилжүүлэхийг шаардаж болохгүй гэж  хууль зохицуулсан байна. Өөрөөр  хэлбэл  нэхэмжлэгч Б.Баярцогтын Унгар улсад хөдөлмөрлөж олсон цалин орлого нь түүний  хуваарьт өмч гэж үзэх үндэслэлтэй байна.

Тэрээр нэхэмжилсэн мөнгөний 6000 евро нь Унгар улсад ажилласан Б.Баярцогтын цалин, харин 2000 евро нь эхнэр Даваадуламын цалин болохыг тогтоосон талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019.12.31-ний өдрийн 2 тоот прокурорын тогтоол, хариу мэдэгдсэн  7 тоот  албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх-7-15/,

Уг баримтууд нь цагдаагийн байгууллагаас зохих хуулийг сануулж мэдүүлэг авч тогтоосон баримт тул хэрэгт ач холбогдолтой хамааралтай  гэж  үнэлэв.

Хариуцагч Д.Даваадулам нь: нэхэмжилж байгаа мөнгө бидний дундын өмч,  хүүхдүүдээ тэжээн  тэтгэхэд  зарцуулахад зориулж байгаа. Нийт 15 000 000 төгрөг байсан.  Одоо дансанд 7 000 000 төгрөг байгаа гэж тайлбарлан нотлох баримтаар 2020.01.09-ний өдөр 5166170505 тоот Хаан банкны депозит  дансанд 7 000 000 төгрөг, 2020.01.05-нд  8 000 000 төгрөгийн тус тус орлого ороод үлдэгдэл 7 637 898 төгрөг байгаа талаар нотолсон  дансны хуулгыг ирүүлжээ. /хх 62-67/, 

Дээрх баримт нь цаг хугацааны хувьд талуудын хооронд маргаан гарснаас хойш  буюу  25  хоногийн  дараа хариуцагч өөрийн дансанд мөнгийг хийжээ.

 Зохигчид нь цүнхэнд байсан мөнгөний үнийн дүнгийн талаар маргаж байгаа бөгөөд  нэхэмжлэгч  шүүхэд анх нэхэмжлэлийн үнийн дүнг 8 450 евро, 450  евро нь  хүний дайвар байсан  нийт 25 616 344 төгрөг байсан гэж бичсэн. Мөн дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж  мэдүүлэг өгөхдөө мөн дээрх нөхцлийг тогтвортой мэдүүлсэн  байна.

  Хариуцагч Б.Даваадулам нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа 5000 евро буюу  монгол мөнгөөр 15 155 000  төгрөг байсан гэх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн  газарт 2019.12.16-нд хууль сануулж гэрчээр өгсөн мэдүүлэгт 20 000 000 төгрөг байсан. Хүний дайвар  450 евро гэж мэдэхгүй гэж мэдүүлсэн байна. /хх-39/,   

 Тэрээр өөр өөр байдлаар зөрүүтэй тайлбарласан  байх  тул  түүний “цүнхтэй  мөнгийг тоолоход 15 155 000 төгрөг байсан байдлыг нотолно гэж ирүүлсэн хаан банкны дансны  хуулгууд  нь хэрэгт  ач холбогдолгүй гэж  үнэлэв. /хх-62-67/,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Лхамжавыг хэргийн хариуцагч биш тул түүнд холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэжээ. 

 Д.Лхамжав нь өөрийн төрсөн охин, хүргэн хоёрын дундаас цүнхтэй мөнгийг авч  авдрандаа цоожилсон үйлдэл нь зохигчдын өөрсдийн  тайлбараар, мөн тэднийг  цагдаагийн  байгууллагад хууль сануулж асуусан баримтуудаар тогтоогдож байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд тэдний хооронд үүрэг үүсээгүй байна. /хх-39, 40 хуудасны  доороос 1-3 дахь мөр/,

Иймд Б.Баярцогт, Д.Лхамжав нарын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-д зааснаар ямар нэгэн үүрэг үүсээгүй ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн тул  Д.Лхамжавыг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй байна.  

 

 Зохигчдын хоорондох маргаж байгаа мөнгөний үнийн дүнг цагдаа, прокурорын  байгууллагаас нэхэмжлэгч, хариуцагч нарт хууль сануулж шалгаж тогтоосон ба бусад  баримтаар давхар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн  40.1-д “... хэргийн оролцогчийн  гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний  үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэв. /хх-13/,

  Иймд нийт 8450 евро буюу 25 616 344 төгрөг байсан нь үндэслэлтэй гэж үзлээ.   Үүнээс 450 евро буюу 1 364 184 төгрөг нь хүний дайвар гэх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэх эрх олгогдоогүй тул  хасаж  тооцох  нь зүйтэй  байна.

 

Хариуцагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: нэхэмжлэгч талын тайлбарыг болон өөрсдийн  татгалзлын үндэслэлээ баримтаар няцааж  чадахгүй байна гэж үзлээ.   

Хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны  явцад хариуцагч  нь  нөхөр  Б.Баярцогт  Унгар явахаас өмнө  нэг өрөө байраа зарсан  41 983 829 төгрөг нөхрийн дансанд байдаг. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учир тэнцүү хэмжээгээр дөрөв хувааж авах ёстой гэж үзэж  сөрөг  нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ шаардлага нь бие даасан шаардлага тул үндсэн  нэхэмжлэлийн  шаардлагатай  хамт шийдвэрлэх  үндэслэлгүй  гэж үзэж татгалзаж байсан болно. Цаашид дээрх асуудлаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдав. /хх-51-53/,

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондын маргаан бүхий мөнгөн төлбөрийн дүнг   гадаадын мөнгөн тэмдэгтээр тодорхойлж байгаа ба хэрэгт нотлох баримтаар Монгол  банкнаас зарласан ханшийнӨӨ лавлагааг ирүүлсэн байна. /хх-16/,

 Иргэний хуулийн  217 дугаар зүйлийн  217.1-д “...Мөнгөн төлбөрийн үүргийг  Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр  гүйцэтгэнэ” гэж зааснаар үүрэг үүсэх үеийн ханш 2020 оны  01 сарын  28-ны  өдрийн байдлаар евро нь 3 031,52  төгрөгийн  ханштай  байсан байна.  

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6000 евро буюу 18 186 000 төгрөгийг хариуцагч  Д.Лхамжав, Б.Даваадулам нараас  гаргуулж  нэхэмжлэгчид олгож,  450 евро буюу 1 364 184 төгрөг, 2000 евро буюу 6 063 040 төгрөг, нийт 7 427 224 төгрөгийн нэхэмжлэлийн  шаардлагыг  хэрэгсэхгүй  болгох  нь  зүйтэй гэж үзлээ.  

Б.Баярцогт, Б.Даваадулам нар хууль ёсны гэр бүл тул цаашид гэр бүлийн бат бэх байдлыг хангах, хүүхдүүдийн эрхийг дээдлэх үүднээс эхнэр, нөхрийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, өрхийн эдийн засгийн төлөвлөлтийн талаарх сургалтад хамрагдах нь зүйтэйг дурдав.   

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д  зааснаар хариуцагч Б.Даваадулам, Д.Лхамжав нараас 18 186 000 төгрөгийг гаргуулж, Б.Баярцогтод олгож  нэхэмжлэлийн  шаардлагаас 450, евро буюу 1 364 184 төгрөг, 2000 евро буюу 6 063 040 төгрөг нийт 7 427 224 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

        

          2. Улсын тэмдэгтийн хур аамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваадулам, Д.Лхамжав нараас улсын тэмдэгтийн хураамжид 248 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярцогтод олгосугай. 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ