Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 465

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

           улсын яллагч О.Пүрэвсүрэн,

            хохирогч Т.Д,

            шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лгийн Бт холбогдох 1708012550135 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатор
хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба хийн
гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар
гагнуурчин ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо
... тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Лгийн Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд талд иргэн Т.Дыг автомашины зам хааж зогслоо гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь “...тархи доргилт, дээд уруулын гадна болон дотор талд няцарсан шарх, дээд баруун үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд талд иргэн Т.Дыг автомашины зам хааж зогслоо гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ХААН банкны урд талын авто зогсоолоос гарах гээд түгжрээд зогсож байхад хойноос ирсэн машины жолооч яваач гэж хэл амаар доромжлоод байсан. Хэсэг хугацааны дараа жолооч нь бууж ирээд малгайны саравч руу цохиод байхаар нь би болиоч гээд түлхэхэд хамт сууж байсан залуу нь намайг нүүрэн тус газар нэг удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. Шүдний ирмэг унасан, толгой маш их өвдөж байна, шүүх эмнэлэгт үзүүлэхэд толгой чинь их доргисон байна гэж эмч хэлсэн. Одоогоор эмнэлэгт үзүүлсэн зүйлгүй, эмчилгээний төлбөрөө авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 9х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Л.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын “Хас банк”-ны авто зогсоол дээр гарах гэтэл зам таглаад саарал өнгийн Приус-20 маркийн машин зогсоод байсан. Тухайн машины жолоочид зам таглаад байгаа тухай хэлэхэд хүн хүлээж байна гээд зогсоод байсан. Тэгээд ах Бын хамт бууж очоод холд гэхэд холдохгүй байсан. Манай ах малгайны саравч руу нь цохиход тухайн 40 орчим насны хүн ахыг гэдэс рүү нь гараараа зөрүүлээд цохьсон. Манай ах уурлаад нүүр лүү нь 1 удаа цохьсон. Тухайн үед Приус-20 машиныг холдуулахгүйгээр гарах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11081 дүгнэлтэд: “1/Т.Дын биед тархи доргилт, дээд уруулын гадна болон дотор талд няцарсан шарх, дээд баруун үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5/Дээрх гэмтэл нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэжээ. /хх-ийн 14х/

 

Шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн хэрэг гарсан өдөр өөрийн төрсөн дүү Батжаргалын 30-85 УБВ улсын дугаартай Ниссан пулсар маркийн хар саарал өнгийн машинтай дүүгийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-н Хаан банк руу эргэдэг уулзвараар эргэсэн чинь урд талд Тоёота Приус-20 маркийн автомашин зам таглаад зогсож байхаар нь замаас холд гэж хэлсэн. Тэгсэн жолооч нь гэх 30 гаруй насны ах би хүн хүлээж байна гэхээр нь би юу гэсэн үг вэ, зам таглаад байна ш дээ гэхэд чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад жолооч талын цонхон талд нь очиход тэр залуу машиныхаа баруун урд талын цонхыг доош нь тултал нээсэн баруун гараа гаргаж цонхон дээрээ дараад машин дотроо сууж байсан. Тэгээд би очоод юу яриад байгаа юм бэ замаа чөлөөл гэхэд чадахгүй гээд өөдөөс уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь чи ч мал юм даа гээд малгайных нь саравчин дээр нь цохиод явах гэтэл нөгөө залуу баруун гараараа миний араас хэвлийн зүүн хэсэгт нэг удаа саваад цохихоор нь би эргэж хараад зүүн гараараа баруун шанаа руу нь 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/ зэрэг нотлох баримтуудаар нолтогдон тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч Л.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 11081 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Тус хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч хохирогч нарын аль алины буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх бөгөөд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй харьцаагүй, харилцан бие биенээ хэл амаар доромжилсон, шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэснээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Л.Бын хувийн байдлын талаар:

Гэрч Л.Биндэрьяагийн мэдүүлэг /хх-ийн 25х/

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 24х/

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын тодорхойлолт /хх-ийн 25х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Л.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. /хх-ийн 31х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32х/ тус тус авагджээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Т.Д нь эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч холбогдох баримтуудаа гаргаж өгөөгүй болно.

 Иймд хохирогч Т.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Бын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж, мөн тодорхой орлогын эх үүсвэртэй бөгөөд Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт гагнуурчнаар ажилладаг болох нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын тодорхойлолт /хх-ийн 25х/-оор тогтоогдох тул түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Л.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Лгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.Д нь  өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ