Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Монгол,

иргэний нэхэмжлэгч Ч.Б,

иргэний хариуцагч “МКМИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алдартбаатар, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Монгол, иргэний нэхэмжлэгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Бт холбогдох 1703000010072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн .........ийн ............., 1965 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны уулзвар дээр “Beiben ND4190CS4J” загварын 0783 УНХ чирэгч, 5459 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а-д заасан “тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 22.1-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино”, 22.2-д заасан “Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна: а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх; в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ачиж явсан контейнер нь “Тоёота Приус” загварын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж зорчигч 3 настай М.Бийн эрүүл мэндэд хүнд, 15 настай М.Бийн эрүүл мэндэд хүнд, 7 сартай М.Гий эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Приус” загварын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.335.000 төгрөгийн шууд, 5.105.000 төгрөгийн нийт хохирол, контейнерыг унахад замын асфальт цацагдсанаас зам дээр зогсож байсан Б.Оын эзэмшлийн “Хьюндай Туксон” загварын 96-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 870.000 төгрөгийн шууд, 956.700 төгрөгийн нийт хохирол, Ж.Өийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 91-62 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 265.000 төгрөгийн шууд, 465.000 төгрөгийн нийт хохирол, Ч.Хын эзэмшлийн “Тоёота Платз” загварын 88-24 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 175.000 төгрөгийн шууд, 197.600 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: М.Бын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Тугчин овогт Мирагийн Болдбаярыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Насанд хүрээгүй хохирогч нарын төлөөлөгч, хохирогч Д.М, Ч.Б нар нь тус хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол гэж 19.248.063 төгрөгийн баримт гарган өгч нэхэмжилснийг шүүгдэгч М.Баас төлж барагдуулсан болохыг дурдаж, М.Баас илүү төлсөн 11.942.937 төгрөгийг хохирогч нар нь дээрх үнийн дүнгийн хэмжээгээр эмчилгээ хийлгэснийг нотолсон баримтаа гарган өгч тооцоо нийлсний үндсэн дээр цаашид хийлгэх эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, 8 см урттай гинжний тасархай 1 ширхэг, төмөр дэгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, 0783 УНХ улсын дугаартай “Beiben ND4190CS4J” загварын тээврийн хэрэгслийн 0298533 дугаартай гэрчилгээ, 5459 АЧ улсын дугаартай “Хьюндай 2000” загварын чиргүүлийн тээврийн хэрэгслийн 00696377 дугаартай гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигч болох М.Бт буцаан олгож, шүүгдэгч М.Бын ВС ангиллын 46638 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлж,

Тус хэрэгт 0783 УНХ улсын дугаартай “Beiben ND4190CS4J” загварын тээврийн хэрэгсэл, 5459 АЧ улсын дугаартай “Хьюндай 2000” загварын чиргүүл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч М.Бт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Д.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт гомдолтой байна. Учир нь талууд хохирлын хувьд харилцан тохиролцож үл маргах журмаар асуудлаа шийдвэрлэсэн байсан. Энэ талаар баримт байгаа. Анхан шатны шүүхээс 11.723.800 төгрөгийг төлсөн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний ажилгүй байх хугацааны цалингийн нэхэмжлэлийг нийгмийн даатгал төлөөгүй гэдгээр хэрэгсэхгүй болгосон. Би барилгын салбарт ажилладаг. Захиалагч компанитай гэрээ хийж, гүйцэтгэлийн мөнгө авсан үедээ ажилчиддаа цалингаа тараадаг. Ажиллаж байсан газрын тодорхойлолт, ажиллаж байх үеийн зургийг авчирсан. Сэтгэл санааны хохирол их байна. Манай эхнэр хүүхдийн цочрол одоог хүртэл арилаагүй байна. Автомашинд суухаар манай хүүхдүүд уйлж бөөн хэрүүл болдог. Ийм байхад сэтгэл санааны хохирлыг хассанд гомдолтой байна. Иргэний хариуцагч компаниуд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг биелүүлээгүй, байхад  яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Тухайн компаниуд гарах зардалыг хэмнэх зорилгоор бүрэн бус, зориулалтын бус тээврийн хэрэгслийг сонгож ачаа бараагаа ачуулсан. Зориулалтын чингэлэг биш хавтгай төмөр тэвштэй автомашинд бараа ачсанаас болж бидний эрүүл мэндээрээ хохирол учирсан. Анхан шатны шүүх хуралдаанд сүүлд гарсан эмчилгээний зардал болох 1.874.330 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнд бас гомдолтой байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарна уу.” гэв.

Хохирогч Д.Мын өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хохирогч Д.М, Ч.Б, түүний насанд хүрээгүй 3 хүүхдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Тухайн хэргийн хувьд Монгол улсын нийгэмд гарсан ноцтой гэмт хэрэг юм. Яагаад гэхээр чингэлэг ачиж яваад гадаадын иргэн дээр унасан, кран ачиж байгаад мөн хүмүүс дээр унасан гэх хэрэг байнга гарч байдаг. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, дахин гарахгүй байх нөхцөл байдлыг хангаж хараахан чадаагүй байна. Тухайн гэмт хэргийн хувьд 6 хохирогчтой. Бүх хохирсон иргэд хохирлоо авсан. Миний үйлчлүүлэгч гэр бүлийн хувьд М.Бын гэмт үйлдлийн улмаас гэр бүлээрээ чингэлэгт дарагдаж тархи, нугасны гэмтэлтэй, насан туршдаа хөдөлмөрийн чадваргүй болох магадлалтай. Ялангуяа том хүүхэд нь татаж унадаг болсон. Солонгос улсад эмчлүүлэхээр явахад шаардлагатай тул мөнгөө цуглуулаад байж байна. Нислэгийн тийзний үнийг М.Б, түүний өмгөөлөгчтэй тохиролцоод санаа сэтгэлийн хохирол зэргийг шүүгдэгч М.Б үл маргах журмаар төлж барагдуулан 2 тал бичгээр тохиролцож хохирлын 31.191.000 төгрөгийг барагдуулсан. Талууд аль аль талаа ойлгон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тул гомдолгүй гэсэн. Тухайн хэргийн хувьд гомдолгүй гэх хэрэг биш. Шүүх “нотлох баримтгүй” гэх шалтгаанаар хасаж тооцсоныг эс зөвшөөрч байна. Яагаад гомдолтой байна гэхээр Иргэний хуульд зааснаар 2 тал харилцан тохиролцсон бол гэрээний асуудал, 2 талын эрх тэгш байдлын асуудал яригддаг. Үүнд хохирогч ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан учраас олох ёстой орлого болох Д.Мын 3 сар эмнэлэгт хэвтэж хүүхдээ харж ажилгүй байсан хугацааны зардал 6.300.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн. Мөн Солонгос улс руу нисэх нислэгийн 2 хүний тийзний үнэ болох 5.834.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн. Гэтэл уг хоёр зардлыг 2 тал маргаагүй байхад шүүхээс хасч тооцсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 2 талын тохиролцсон гэрээнд заасан 31.000.000 төгрөгөөс хасч тооцсон 11.000.000 төгрөгийг гэм буруугийн хохирол тооцуулж өгнө үү. Цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхээр 2 тал тохиролцсон. Шүүгдэгч М.Болдбаатар хэдийгээр гэм буруугаа хүлээдэг ч түүний өмчлөлийн автомашиныг хурааж авна гэсэн. Тэгэхээр цааш хохирол төлөх боломжгүй байна гэж харж байна. Эдгээр байдлыг харгалзан хохирлыг хэвээр нь үлдээж өгнө үү. Иргэний хариуцагчаар татагдсан “МКМИ” ХХК, “Эс Би Ложистик” ХХК-иудаас хохирлыг гаргуулахыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Яагаад гэхээр “Эс Би Ложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн. Гэтэл оролцуулах боломжтой байтал удаа дараа шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй шүүх хуралдаанд оролцуулаагүй. Шүүхийн үйл ажиллагааг үл хайрхан ирээгүй компаний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүний учир шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэх эрх зүйн үндэслэл бий болж байна. “Эс Би Ложистик” ХХК нь харуул хамгаалалттай, тусгай зөвшөөрөлтэй байдаг. Хуулиар хүлээсэн үүрэг нь тээвэрлэх тусгай зөвшөөрөл авч, аюулгүй байдал хангасан байдал автомашинаар аюулгүй ажиллагаа хангасан тээвэрлэлт хийх байтал тусгай зөвшөөрөл аваагүй, халтуур хийж байсан хувь хүнээр тээвэрлэлт хийлгэж, мөнгө хэмнэх зорилгоор хүний амь насанд аваар осол гаргах шалтгаант нөхцөл бий болсон. Хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогчид хохирол учруулсанд гомдолтой байна. “МКМИ” ХХК, “Эс Би Ложистик” ХХК 2-оос нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийг иргэний хариуцагч биш гэдэг утгаар хэрэгсэхгүй болгосон. Уг компаниудыг иргэний хариуцагчаар тогтоож, хохирлыг гаргуулж өгнө үү. Эдгээр компаниуд хууль зөрчсөн үйлдэл гараагүй бол хохирогч нарт хохирол учрахгүй байсан. Цаашид холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрээр чингэлэг ачсан автомашинууд бэхэлгээгүй явж байна. Үүнийг таслан зогсоох асуудлыг шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү.” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах хохирлыг төлнө гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн.” гэв.

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцсан. Гомдолд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлтэй холбоотой асуудал бичээгүй байна. Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Зарим эрх зүйн ойлголтыг ойлгохгүй байсныг ямар үр дагавар юуны улмаас гарсан талаар тухай бүрт тайлбар хийж байсан. Энэ үүднээс М.Бын гэм буруутай үйлдлээс болж уг үйлдэл гарсан гэдгийг ойлгосон. Миний үйлчлүүлэгч өвдөх зовлонг ойлгож мэднэ. Насны хувьд зовлон, жаргалыг ойлгох насны хүн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуульд зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хуулийн боломж харагдаж байсан. Хохирол илүү төлсөн талаар хэлэхэд миний үйлчлүүлэгч хохирогч нарыг миний ач, зээ шиг хүүхдүүд байгаа учраас учирсан цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа өөрийнх нь илэрхийлэл байгаа.” гэв.

Иргэний хариуцагч “МКМИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алдартбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд болсон үйл баримтын талаар хэлсэн. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

“МКМИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алдартбаатарын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчийн талаар дүгнэсэн дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан. Гэтэл тухайн хэргийн хувьд “МКМИ” ХХК-ийн ачаа байсан хэдий ч ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг иргэн М.Б гүйцэтгэсэн. Тэдний хооронд ямар нэг гэрээ хэлцэл байгаагүй. Иргэн М.Б нь “МКМИ” ХХК-ийн ажилчин биш. Энэ үндэслэлээрээ Иргэний хуулийн 381.1, 388.9.1 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар “МКМИ” ХХК-ийг татсан боловч хариуцлага хүлээлгэхээргүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан иргэний хариуцагчтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоод заасан хохирлын талаар тайлбар хэлэхэд шүүгдэгч М.Баас нийт 31.190.000 төгрөг хохиролд төлсөн. Үүнээс даатгалын ХХК-иас 10.000.000 төгрөгийг, 21.190.000 төгрөгийг М.Б төлсөн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд хохирлыг тодорхой дурдсан. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 8.268.951 төгрөг, шүүхийн шатанд нэхэмжилсэн 1.846.727 төгрөг, нийт 10.105.678 төгрөгийг баримттай байна гэж үзэж нэмж өмгөөлөгчийн зардал цаашид гаргах эмчилгээний зардлыг тооцоод 19.248.063 төгрөг гэж тооцсон. Харин баримтгүй гэж үзсэн зардал гэсэн нь Солонгос улсад эмчилгээ хийлгэх гэсэн 5.423.800 төгрөг. Хохирогч Мөнхбаатар сард 2.400.000 төгрөгийн цалин авдаг гэсэн боловч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлээгүй гэдгээр баримтгүй 11.000.000 төгрөгийг нэхэмжилсэн талаар шийтгэх тогтоолд дурдснаас 11.000.000 төгрөгийг хасна гэдэг байдлаар тусгагдаагүй. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс буруу ойлголттой байна гэж үзсэн. Шүүхээс шийтгэх тогтоолын шийдвэрийг тайлбарлаж хэлэхдээ илүү төлөлттэй байна гэж хэлснээс уг 11.000.000 төгрөгийг хохиролд өгөх ёсгүй байсан гэдэг байдлаар хэлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол бүрэн төлөгдсөн гэдгийг тодорхой заалт болгон оруулсан болов уу гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон учраас шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12.15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны уулзвар дээр “Beiben ND4190CS4J” загварын 0783УНХ чирэгч, 5459АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а-д заасан “тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 22.1-д заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино”, 22.2-т заасан “Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна: а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх; в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ачиж явсан чингэлгийг “Тоёота Приус” загварын 02-97УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унагаж уг автомашинд зорчиж явсан 3 настай М.Бийн эрүүл мэндэд хүнд, 15 настай М.Бийн эрүүл мэндэд хүнд, 7 сартай М.Гий эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Приус” загварын 02-97УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.335.000 төгрөгийн шууд, 5.105.000 төгрөгийн нийт хохирол,

чингэлгийг унагахад замын асфальт цацагдсанаас зам дээр зогсож байсан иргэн Б.Оын эзэмшлийн “Хьюндай Туксон” загварын 96-97УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 870.000 төгрөгийн шууд, 956.700 төгрөгийн нийт хохирол, иргэн Ж.Өийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 91-62УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 265.000 төгрөгийн шууд, 465.000 төгрөгийн нийт хохирол, иргэн Ч.Хын эзэмшлийн “Тоёота Платз” загварын 88-24УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 175.000 төгрөгийн шууд, 197.600 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед зогсож байтал үл таних хүн утсаар “материал импексийн гаалийн талбай дээрээс ачаа ачуулъя” гэж ярьсаны дагуу 11 цагийн үед Материал импексийн гаалийн талбай дээр очоод 40 тонн контейнер ачуулаад, ачааг тавьж дууссаны дараа би автомашины чиргүүлийн бэхэлгээний нэг гинжээр бэхлээд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хүргэж өгөхөөр явсан. Надтай хамт уг ачааг харгалзаж 2 залуу миний автомашинд суугаад явсан. Тухайн үед замдаа Баянхошууны жанцангийн гэрлэн дохио дээр явж байхад автомашины тоормос муу ажиллаад буюу тоормос муу барьж байхаар нь түүнээс хойш автомашинаа зогсоох гээд тоормосоо гишгэсэн боловч автомашин зогсохгүй явсаар байсан. Тэгээд 200 метр хэрээтэй яваад гэрлэн дохио дээр урд талд зогсож байсан “Тоёота Приус 10” автомашиныг чиргүүлийн баруун хойд дугуй хэсгээрээ шүргээд цааш зосголтгүй явсаар уулзвар гараад, урдаас ирж байсан автомашиныг тойрох гээд баруун дартал ачаан дээрх контейнер зам дээр унаад, унах явцдаа хажууд зогсож байсан автомашин дээр унасан. Ослын дараа тэр даруй зам дээр байсан хүмүүс ирсэн, удаагүй цагдаа ч гэсэн хүрээд ирсэн. “Beiben ND4190CS4J” загварын 07-83 УНХ /чирэгч 5459 АЧ/ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм. 2016 онд оношилгоонд орсон. 2017 онд оношилгоонд ороогүй байсан. Би 2016 оны 8 дугаар сард автомашиныхаа тоормосны накладыг сольсон. Гэхдээ осол болохоос өмнө ойрын үед тоормосны системийг биеэр шалгаагүй байсан. ...Чингэлэг оосорлодог тусгай оосорлогч нар ирж чингэлэгийг миний тээшин дээр тавиад би өөрөө бэхэлгээ хийдэг. Надтай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон. Урьд нь “МКМИ” ХХК-ийн ачаа барааг 1-2 удаа тээвэрлэж байсан. Тээвэрлэлт хийхийн тулд том оврын машинууд зогсож байдаг. Тэгж байгаад тухайн компанийн ачааг тээвэрлэх болсон. Чингэлэг тээврийг би 2000 оноос хойш хийсэн. Тухайн ачааны бүрэн бүтэн байдлыг би хариуцна.” /2 дугаар хавтаст хэргийн 33-34, 182-191 дүгээр хуудас/,

хохирогч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Баруунсалаанд байрлах зуслангаас гараад Баянхошууны тойрог орох гээд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 02-97 УНГ улсын дугаартай автомашинтай эхнэр, 3 хүүхдийн хамт баруун хойноос зүүн урагш чиглэсэн Баянхошууны уулзварын гэрлэн дохион дээр зогсож байтал Баянхошууны эцсээс тойрог руу урууддаг замаар том ачааны автомашины өөдөөс ирсэн. Тэгэхээр би баруун тийш дараад 20 метр орчим явж байтал ачааны автомашин дээр ачсан контейнер нь миний автомашины урд талын копуд, салхины шилэн дээр унасан. Би ухаан алдаж унаад сэрэхэд урд сууж явсан том, дунд 2 хүүхэд маань ухаан алдаж унасан байсан, ард талын суудалд дээр эхнэр, бага хүү 2 хүү маань байсан. Осол гарах үед замын хажууд явж байсан түргэн тусламжийн эмч ирж тусламж үзүүлж эхнэр бага хүүхэд хоёрыг автомашинаас гаргасан. Урд талын суудалд сууж явсан 2 хүүхэд маань ухаан алдаж унаад байсан учир хиймэл амьсгаа хийж байсан. Онцгой байдлын албан хаагчид ирж аврах ажиллагаа явуулж, эхлээд намайг гаргасан. Дараа нь 2 хүүхдийг маань ээлжилж гаргасан. Түргэн тусламжийн автомашин эхнэр, дунд, бага хүүхэд бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Том хүү маань араас өөр түргэн тусламжийн автомашинаар хүргүүлж ирсэн. ...Миний зүүн өвдөгний жийргэвч мөгөөрс урагдсан, чөмөгт хэсэг 3 газраараа ясны никрозын шинжтэй, тойгны урд хэсгийн зөөлөн эдэд хаван нэвчдэстэй, шалбархай ихтэй, том хүү М.Б тархины гэмтэл, уушиг хоёулаа няцралттай, зүүн хөл хугарсан, баруун хөлний тахимд 20 см урттай оёдол тавьсан, баруун хөл ташаанаас хуруу хүртэл няцраад саажилттай, автомашины салхины шил шигдсэн шарх ихтэй, дунд хүү М.Б тархины гавлын яс цуурсан, зүүн гарын атгаал яс хугаралтай, бусад зөөлөн эдийн гэмтэлтэй, бага хүү Гүнбилгүүн тархины цус харвалттай, баруун хөлний гуя цуурсан. Одоо том хүү 15 настай, эмч эмнэлгийн байгууллагын буянаар хүнд үеийг давж гарсан. Одоо 2 хөл нь шилбэ хэсгээрээ мэдээ ороогүй хэвэндээ байгаа, хүний асаргаагаар явдаг, хөлөндөө бэхэлгээтэй суга таягтай. Тархи, уушигнаас нь нөлөөлдөг юм уу жаахан ачаалал өгөхөд ухаан алдаж унадаг. Бага 2 хүүхэд тархиндаа гэмтэл аваад уйламтгай, тэнгэр муухайрсан үед толгой өвддөг гээд эм уулгадаг. Компьютер томографийн шинжилгээнд оруулах хугацаа нь арай болоогүй, хортой учир ойрхон хугацаанд оруулж болохгүй гэсэн. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ.” /1 дүгээр хавтаст хэргийн 69-72, 2 дугаар хавтаст хэргийн 182-191 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Баянхошууны тойрог дээр гэр бүлийн хамт эмийн сан орох гээд автомашинтайгаа зогсож байсан. Тухайн үед манай нөхөр автомашинаа бариад, хажуу талд нь манай том хүү М.Б, М.Б нар суугаад, ард талд манай бага хүү Гүнбилгүн бид хоёр суугаад явж байтал хажуу талаас хурдтай ачааны том автомашин орж ирсэн. Тэгээд юу болсонг мэдэхгүй, нэг мэдсэн хүмүүс намайг автомашинаас татаж гаргаж байсан, гэмтлийн эмнэлэгт манай 3 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Нөхөр бид 2 гадуур эмчилгээ хийлгэсэн, мөн манай нөхөр ослын дараа хэд хоногийн дараа өвдөгний хагалгаанд орсон. Манай гэр бүлийн байдал хэцүү байгаа. Осол хэргийн дараа энд тэндгүй өвчтэй хүмүүс, байнга эмнэлгийн асуудалтай, хүүхэд минь ухаан алдаж унадаг, түргэн тусламж дуудсан байдалтай байгаа. Энэ хугацаанд М.Б манай нөхөр Мөнхбаатартай 1, 2 удаа л утсаар ярьсан байсан. Ямар учраас бид нар дээр хүрч ирээгүй вэ. Сайхан эцэг, эхтэй хүн байна, ийм сайхан настай хүмүүс байж яагаад бид нарыг бодоогүй вэ. Бид нар мөнгө нэхэмжлэхдээ гол нь биш бидний болон хүүхдүүдийн эрүүл мэнд чухал байна. Өнөөдрийг хүртэл танил тал, ах дүү, садан төрлийн хүмүүсээс мөнгө зээлж эмчилгээ хийлгэж байсан. Хохиролд өгсөн мөнгийг нь буцааж урьд хүмүүсээс авсан мөнгөндөө өгсөн. Сүүлд нөхөр Мөнхбаатар, би, том хүүгийн хамт дахиж 1.800.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж эрүүл баймаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 182-191 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай нөхөр миний эзэмшлийн “Хьюндай Туксон” загварын 96-97 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож Баруунсалаанаас гараад Баянхошууны тойргийн гэрлэн дохион дээр зогсож байхад нь ачааны автомашины контейнер унаж замын асфальт хуулагдан цацагдаж миний автомашинд эвдрэл учирсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ч.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дүүгийн хамт өөрийн эзэмшлийн “Тоёота Платз” загварын 88-24 УНН улсын дугаартай автомашинтай баруунаас зүүн тийш явах гээд гэрлэн дохион дээр зогсож байтал зүүнээс баруун тийш чиглэлтэй замаас контейнер ачсан ачааны автомашины контейнер нь уулзвар дээр гэрлэн дохион дээр зогсож байсан суудлын автомашин дээр унасан. Контейнер эхлээд зам дээр унахад миний болон миний урд зогсож байсан автомашин руу замын асфальт цацагдаж автомашинд эвдрэл учирсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ж.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...“Тоёота Приус” загварын 91-62 УБӨ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн автомашинаар манай жолооч борлуулалт хийгээд явж байсан, машин руу замын асфальт цацагдаж автомашинд эвдрэл учирсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,

иргэний хариуцагч “МКМИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алдартбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай “МКМИ” ХХК японоос дугуй оруулж ирдэг компани байгаа юм. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Материал импексийн гааль дээр 1634 ширхэг дугуйтай контейнер буугаад 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Материал импексийн гаалиас ачаатай контейнер авахаар болсон. Борлуулагч Мягмарсүрэн залгаад компанийн ачуулсан контейнер Баянхошуунд явж байтал контейнер уначихлаа гэж залгасан. ...Намайг яваад очиход контейнертэй ачаа “Приус” загварын автомашин дээр унасан байсан. Контейнерт байсан дугуйнуудыг гаргаад цагдаа нар осол болсон газар цагдаа нар хэмжилт хийж байсан. Ослын газар хэмжилт хийж дууссаны дараа цагдаа зам чөлөөл дугуйгаа ачуул гэсэн. Жолооч контейнерийг гинжээр бэхлээгүй явсан гэж бодож байна. Учир нь осол болсны дараа контейнерийг ачихад тасраагүй өөр гинж гаргаж ирсэн. ...Тухайн автомашинтай гэрээ байгуулаагүй. Гааль дээр бараа буух үед тэнд байсан ачааны автомашиныг хөлслөөд явчихдаг юм. Жолооч өөрөө барааг хариуцаж ачуулж, буулгадаг учир аюулгүй ажиллагааны зааврыг жолооч өөрөө хариуцна гэж бодож байна. ...Контейнер олон улсын тээвэр зуучлалын байгууллагын эзэмшилд байсан. Барааг контейнертэй оруулж ирдэг. Бид барааг хүлээж аваад буцааж контейнерийг гааль дээр хүргүүлдэг. Жолооч нар контейнерийг буцаад тэр байгууллагад хүргэж өгдөг. Манай компанийн нэр нь л байгаа болохоос үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Уг осол жолоочийн буруугаас болсон тул хариуцлагаа өөрөө хүлээх хэрэгтэй.” /1 дүгээр хавтаст хэргийн 164, /2 дугаар хавтаст хэргийн 182-191 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч “Эс Би Логистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай байгууллага гадны улсаас тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлдэг. Осол гаргасан автомашины дээр байсан контейнертэй дугуйг Япон улсаас Монгол улсад ирэх тээвэр зуучийн үйлчилгээг хийсэн. Улаанбаатар хот гаалийн талбайд контейнертэй дугуй ирэхэд захиалсан эзэд нь бид нар өөрсдөө өөрийн автомашинаа гаргаад, ачаагаа буулгаж ирээд, контейнерийг чинь буулгаад ирье гээд явсан ба осол гаргаад контейнерийг унагасан байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/,

гэрч Х.Ач-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баруунсалааны гэрлэн дохионы дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагш явах замд зогсож байтал Баянхошууны зам Жанцан дэлгүүрийн зам буюу урдаасаа хойшоо чиглэлтэй замаар контейнер ачсан ачааны автомашин урсгал сөрж маш хурдтай орж ирээд уулзвар дээр тойрох хөдөлгөөн хийж байхад контейнер нь унаж миний урд талд зогсож байсан “Приус” загварын автомашин дээр унасан. Контейнер эхлээд замын асфальд дээр ирмэгээрээ унаж замын асфальтыг хуулж, миний унаж явсан “Приус” загварын автомашин руу замын асфальт цацагдаж автомашины урд шил хагарсан. Нэг мэдэхэд урд талд зогсож байсан автомашин замаас гарчихсан хашлага даваад контейнерт даруулчихсан байсан. ...Автомашин гадна талдаа эвдрэлтэй, урд салхины шил хагарсан, автомашин 3, 4 газраа хонхойж, нилээн хэд зурагдсан байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудас/,

гэрч П.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 16-ны 12 цагаас 13 цагийн орчим Материал импексээс Баруун салаа орох гээд баруунаас зүүн хойшоо ачааны автомашинд контейнерт дугуй ачаад Үнэнбат бид хоёр дугуйг ачиж буулгахаар жолоочийн хамт явж байсан. Жолооч Баянхошууны Жанцангийн буудлаас эхлээд тоормос ажиллахаа байчихлаа, автомашины араа хүндрэхгүй байна гээд замын баруун талд байсан боржурыг мөргөж зогсоох арга хэмжээ авч явж, уулзвар дээр автомашинууд зогсож байсан тул тойроод эсрэг урсгал руугаа зүүн тийш дараад явж байсан. Баруунсалаа талаас “Приус” загварын автомашин зогсож байсныг нь баруун талаар нь тойроод зогсоход жолооч контейнер уначихлаа гэж хэлсэн. Автомашин 30-40 км цагийн хурдтай явж байсан. Намайг автомашинаас гарахад контейнер баруун урд талд зогсож байсан “Приус” загварын автомашин урд талын копутан дээр унасан байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас/,

гэрч У.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн орчим Зүүнсалаанаас Ханын материал явах замд улаан гэрлэн дохио анивчаад ногоон гэрэл асах гэж байсан болохоор нэвтрэх үйлдэл хийх гээд байж байтал тэр автомашины ард талаас контейнер ачсан ачааны автомашин гэнэт хурдтай гарч ирээд уулзварын гол дээр автомашины баруун хойд 2 дугуй хөндийрч тэвш нь хазайж контейнер нь унасан. Би уулзвар нэвтэрч байхдаа 102 дугаарын утас руу өөрийн “99094822” дугаарын утаснаас залгаж дуудлага өгсөн. Онцгой байдлын алба дуудпага аваад гарлаа, удахгүй очино, очиход контейнер өргөх тоног төхөөрөмж надаас хавиасаа олохыг бодоорой гэсэн. Намайг тухайн автомашиныг аваад очтол түргэн тусламжийн автомашин ирчихсэн дарагдсан автомашины хойд талын суудалнаас эмэгтэй хүн, хүүхэд 2 бууж ирсэн. Би тэнд байсан хүмүүстэй хамт контейнерээс дугуйг зөөж гаргасан. ...Дараа нь Баруунсалаа явах замаас “Камаз” загварын автомашин ирж контейнерийг өргөсөн. Контейнер ачиж явсан автомашин ямар ч бэхэлгээгүй байсан. Контейнерийн доор автомашины дугуйны олгой хаймар хийсэн байсан. Тэр нь гулгалтаас сэргийлсэн байдаг. Автомашины урд хэсэгт 2 шон байсан хойд хэсэгтээ байгаагүй, автомашины тэвш задгай байсан. Контейнерыг бэхэлсэн гинж байгаагүй. Би түргэн тусламжийн автомашин гэмтсэн хүмүүсийг авч явсны дараа осол болсон газраас явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,

гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байх манай борлуулалтын цэгийг автомашин мөргөсөн байсанг мэдсэн. Тэр хавийн хүмүүсээс сонсвол осол болсон гэж ярьж байсан. Амбаартаа үнэлгээ хийлгэхгүй, өөрөө янзалчихсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/,

гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...ачааны машин Баянхошуунаас баруунсалаа орохдоо эсрэг урсгал руу ороод явахдаа миний унаж явсан машины зүүн талаар тойрохдоо машины зүүн талын хойд дугуйгаар шүргээд тойрог дээр контейнер нь суудлын автомашин дээр унасан.” /1 дүгээр хавтаст хэргийн 192 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2017 оны 7 дугаар сарын 19-ний үзлэгт “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн өвдөгний үений соронзон үелзүүрт резонанс томографи шинжилгээ хийлгэсэн байх ба энэ нь дүгнэлтэд тусгагдаагүй болно. Д.Мын биед зүүн өвдөг дотор жийргэвч мөгөөрс их бие хэсэг хэсэг болон арын эвэр урагдал, зүүн чихэнд шарх, духанд зулгаралт, баруун бугалгад зулгаралт, цус хуралт, цээж, зүүн ташаа, өвдөгт цус хуралт, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 916 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/,

“...М.Гий биед баруун дунд чөмөгт яс зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун зүүн зулайн субарахнойдал зайн бага хэмжээний цус харвалт, зулайн урд хэсгийн хуйханд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 9118 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас/,

“...М.Бийн биед баруун зүүн хоёр талд хөхлөг сэртэнгийн ар хэсгээс дагз яс руу чиглэсэн шугаман хугарал, аалзан бүрхүүл доорхи бага хэмжээний цус харвалт, баруун атгаалын далд хугарал, дух, зүүн чамархай, зүүн чихний дэлбээ, баруун хавирганы нум, зүүн шилбэнд зулгаралт, баруун гуя, зүүн шилбэ, хоёр өвдөг, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 9119 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас/,

“...М.Бийн биед хоёр уушигны няцрал, баруун тохой, шуу, зүүн мөр, бугалга, шуу тохой, бугуй, хоёр хөлийн гуяны зөөлөн эдийн няцрал. зулгаралт, цус хуралт, хоёр тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх 9120 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр хуудас/,

“...Ч.Бын биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, хүзүүний баруун ар хэсэгт олон жижиг, нуруу, хоёр бугалга, тохой, зүүн шилбэнд зулгаралт, цээж, бүсэлхий, баруун шилбэнд өнгөц шарх, зүүн бугалга, хоёр гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 9208 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн “...“Beiben ND4190CS4J” загварын 0783 УНХ чирэгч, 5459 АЧ улсын дугаартай автомашин нь техникийн шаардлага, бүрэн бүтэн байдлыг ерөнхий байдал, иж бүрдэл хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд стандартын шаардлага хангахгүй, бүрэн бус байна. Уг автомашины хувьд өнгө үзэмж муу, 0783 УНХ дугаартай чирэгч автомашины зүүн урд гэрэл асахгүй, урд оврын гэрэл асахгүй, хойд 2 гэрэл нь байхгүй (тоормос, дохио, оврын гэрэл, ухрах арааны гэрэл), 5459 АЧ улсын дугаартай чиргүүлийн хойд тоормосны гэрэл асахгүй, зүүн талын дохио асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, дугаарын гэрэл асахгүй, тэвш нь зүүн урд талаараа ханзарсан байдалтай байна. 0783 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1-р тэнхлэгийн тоормосны хүч нь сул, зогсохгүй, 2-р тэнхлэгийн тоормосны хүч нь зөрөөтэй, зогсоолын тоормос зүүн тал нь барихгүй, 5459 АЧ улсын дугаартай чиргүүлийн 1-р тэнхлэгийн тоормосны хүч нь зөрөөтэй байгаа нь тоормосны зам уртсах байдлаар нөлөөлж болно. Харин тэвш нь зүүн урд талаараа ханзарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх магадлалтай байна. Харин бусад эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байж болох боломжтой байна. Тоормосны систем нь хийн дамжуулгатай хэвийн ажиллагаатай байна.” гэх 17/58908 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн “...“Beiben ND4190CS4J” загварын 07-83 УНХ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодон явсан М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа ...зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 8.4 заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 22.1 заалт “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.”, 22.2 заалт “Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна: а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх; в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх 464 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн “...“Тоёота Приус” загварын автомашинд шууд зардал 4.335.000 төгрөг, шууд бус зардал 770.000 төгрөг, нийт 5.105.000 төгрөг” гэх техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас/,

“Вендо” ХХК-ийн “...“Хьюндай Туксон” загварын автомашинд шууд зардал 870.000 төгрөг, шууд бус зардал 867.000 төгрөг, нийт 956.700 төгрөг” гэх техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,

“Вендо” ХХК-ийн “...“Тоёота Платз” загварын автомашинд шууд зардал 175.000 төгрөг, шууд бус зардал 22.600 төгрөг, нийт 197.600 төгрөг” гэх техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн “...“Тоёота Приус” загварын автомашинд шууд зардал 265.000 төгрөг, шууд бус зардал 200.000 төгрөг, нийт 465.000 төгрөг” гэх техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр уг уулзварт цагаан             өнгийн “Тоёота Приус 11” загварын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун хойноос зүүн урагш чиглэсэн Баянхошууны уулзварын гэрлэн дохионы нүүрний эгнээнд уулзварын ногоон гэрлийг асахыг хүлээгээд зогсож ....уг тээврийн хэрэгслийн ард талд 5 автомашин зогсож байх ба улаан өнгийн 40 тонны чингэлэг ачсан том оврын ачааны автомашин нь ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоогоо чиглэсэн байдалтай орж ирэх үед цагаан өнгийн “Тоёота Приус 11” загварын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь баруун гар тийшээгээ зайлуулсан боловч том оврын ачааны автомашинаас чингэлэг унах үед “Тоёота Приус 11” загварын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруун гар тал руугаа түрэн орж тээврийн хэрэгслийн урд хамар хэсэг дээр чингэлэг нь унаж байв.” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтаст хэргийн 11-20 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр М.Бын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохируулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсжээ.

Хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Монгол, иргэний нэхэмжлэгч Ч.Б нарын гаргасан “...иргэний хариуцагч “МКМИ” ХХК, “Эс Би Ложистик” ХХК-иудаас сүүлд гарсан эмчилгээний зардал болох 1.874.330 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгах үүргийг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан тул тээврийн хэрэгслийн эзэмшигч М.Б нь энэхүү ослын улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах нь зүй ёсны юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж иргэний хариуцагч “МКМИ” ХХК болон “Эс Би Ложистик” ХХК-иудаас гэм хорын хохирол гаргуулаагүй нь зөв болжээ.

Харин хохирогчийн өмгөөлөгч Ц.Монголын гаргасан “...шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хохирогч Д.М, түүний гэр бүлийн гишүүдэд учруулсан гэм хорын хохиролд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 31.191.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд тэрээр “Энэхүү төлбөрийг буцааж нэхэмжлэхгүй, харин ч цаашид гарах зардлыг төлөхөд бэлэн байна” гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч, хохирогч нарын харилцан тохиролцож хохиролд төлсөн төлбөрөөс илүү төлсөн 11.723.800 төгрөгийг “...хохирогч талаас холбогдох баримтаа гаргаж шүүгдэгч М.Бтай тооцоо нийлсний үндсэн дээр дараа гарах эмчилгээ болон бусад зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хүртэл тэрээр гэм хорын хохиролд 31.191.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, харин үүнээс хойшид гарах эрүүл мэндээр хохирсон гэр бүлийн гишүүдээ асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх зэрэг зайлшгүй бүх зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолын гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Насанд хүрээгүй хохирогч нарын төлөөлөгч, хохирогч Д.М, Ч.Б нар нь тус хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол гэж 19.248.063 төгрөгийн баримт гарган өгч нэхэмжилснийг шүүгдэгч М.Баас төлж барагдуулсан болохыг дурдаж, М.Баас илүү төлсөн 11.942.937 төгрөгийг хохирогч нар нь дээрх үнийн дүнгийн хэмжээгээр эмчилгээ хийлгэснийг нотолсон баримтаа гарган өгч тооцоо нийлсний үндсэн дээр цаашид хийлгэх эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “Шүүгдэгч Болдбаяр нь хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Ч.Б нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 31.191.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэж өөрчилж,

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Ч.Б нар нь энэхүү шийтгэх тогтоол гарснаас хойшид гарах гэм хорын хохирол төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ц. ОЧ