Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00848 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э-” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 25 244 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: И.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Э-” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2019/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр манай компани нь “Э-” ХХК-ийн “Повир 4000” хайгуулын өрмийг “ар си” технологид бэлдэж, засварлах, мөн өрмийн ажилд шаардлагатай материалыг нийлүүлэхээр тохиролцсон. “Э-” ХХК нь өрөм доголдолтой байсан, ажил үйлчилгээ чанарын шаардлага хангаагүй байсан гэх гомдлыг гаргаж байгаагүй. Мөнгөө шаардахад шилжүүлэхгүй байж байгаад сүүлд 2019 оны 8 сард уулзсан уулзалтаар шаардлага хангаагүй гэх зүйлийг ярьсан. Тухайн үед манай компанид албан ёсоор мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол бид тухайн үед газар дээр нь очиж үзээд 2 талаас акт үйлдэх байсан. Манай компанид мэдэгдээгүй учраас эвдэрсэн гэх шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Мөн тухайн уулзалтаар 2 000 000 төгрөг өгсөн ч гэрээнд заасан бусад хөлсийг өгөөгүй. Толгой засварласан гэдгийг “Э-” ХХК хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ засварласан юм чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр мөнгө өгдөггүй. Шаардлага хангаагүй гэдгийг нотлох ямар ч баримт байдаггүй. Ажлын явц, чанарын шаардлага дээр “Э-” ХХК хяналт тавих үүрэгтэй. Хариуцагч тал ажлын үр дүнтэй танилцаад хүлээж авсан. н.Пүрэвдорж цаашаа байгууллагадаа хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн баримтыг ирүүлээрэй гэх хүсэлт тавьсны дагуу Говь-Алтай аймагт авч очсон зургийг өгсөн. Үүнийг манайх нотлох баримтаар өгсөн. Гэрээнд хавсралтад заасан ажил үйлчилгээг хийнэ гэж заасан. Тэгэхэд ажилчин, засварчин өгөх талаар зааж өгөөгүй. Хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй. Эвдрэл гарсан талаар хэлээгүй, эвдэрсэн зүйлээ харуулаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 25 244 000 төгрөгийг “Э-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний зорилго нь худаг гаргах зориулалттайгаар өрмийн машиныг уул уурхайн хайгуулын ажил хийхэд зориулж засварлаж толгойг нь сольж засч янзлаад чанарын өндөр шаардлага хангасан материалыг засаж сайжруулах ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Гэвч хийсэн ажлынхаа үр дүнг бидэнд хүлээлгэж өгөөгүй. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өрмийн машиныг завсарлаж дууссан, бид өрмийн машиныг газар дээр шалгаж үзсэн, ачааны машинд ачаад явууллаа гэх байдлаар хэлсэн. Газар дээр нь шалгаж үзсэн гэдгээ “М-” ХХК нотлох баримтаар өгөөгүй. Мөн ачааны машинаар явуулсан болохоос бидэнд гардуулж, хүлээлгэж өгөөгүй. 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой тоног төхөөрөмж машинаар ирсэн. Маргааш өглөө нь шалгаж үзэхэд 3 метр яваад эвдэрсэн. Тэрнээс цааш яваагүй. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “М-” ХХК-д утсаар ярьж мэдэгдсэн. Гэтэл бид ажилтай байна, завгүй байна, өрмийн машиныг ажиллуулсантай холбоотой гэмтлийг хариуцахгүй гэж хэлээд ирж үзээгүй. Бид тухайн үед хөдөө хайгуулын ажил хийж байсан учраас албан бичиг явуулах боломжгүй байсан. Хайгуулын ажил хийх улирал байсан тул цаг хугацаа бид нарын хувьд маш чухал байсан. Иймээс бид яаралтай өөр засварчнаар янзлуулах аргагүй байдалд хүрсэн. Бид “М-” ХХК-ийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 8 хоног хүлээсэн. “М-” ХХК-ийг ирээд тоног төхөөрөмжийг хараад засаж өгөх байх гэж хүлээсэн боловч хэн ч ирээгүй. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр н.Доржсэмбээ гэх өрмийн мастерыг хөлсөлж, үзүүлсэн. Улаанбаатар хотод ирээд задалж үзэхэд “М-” ХХК-аас хүмүүс ирсэн. Ирэхдээ өрмийн машиныг ингэж янзлахгүй, тэгж засахгүй, наадах чинь буруу байна гэсэн зүйлүүд ярьсан байсан. н.Доржсэмбээ тухайн үед засч, янзалж сэлбэсэн. Одоо өрмийн машин хэвийн ажиллаж байгаа. н.Доржсэмбээ гэх хүний ажлын үр дүн илүү чанартай байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т ажлын гүйцэтгэл мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч “М-” ХХК мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй. Хэрэв шинжээч томилсон бол шинжээч тухайн асуудлыг судлаад тодорхой хэлэх байсан байх. Мөн гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлын чанар, үр дүнг бүрэн хариуцна гэж заасан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний 3.2-т ажил гүйцэтгэх явцад түүний үр дүн, чанар зэрэгтэй холбоотой бүхий л хариуцлагыг гүйцэтгэгч дангаараа хүлээнэ гэсэн боловч ажил гүйцэтгэгч энэ үүргээ биелүүлээгүй. Ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой тодорхой хэмжээний зардал гарсан. Ажлын хөлс болгож, н.Доржсэмбээд мөнгө төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Гүйцэтгэгч тал ажлын үр дүнг хүлээлцсэн актыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өрмийн машиныг засварлаж дууссаныхаа дараа газар дээр нь шалгаад, шалгасан гэдгээ нотлох баримтаар өгөөгүй. Утсаар ярихдаа 5 метр явж шалгасан гэдэг боловч үүнийгээ нотлох баримтыг шүүх болон манай талд гаргаж өгөөгүй. “М-” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан албан бичиг дээр 2019 оны 8 дугаар сард “Э-” ХХК, “М-” ХХК-ийн төлөөлөгч нар уулзсан гэдгийг нотолж байгаа. Уулзалтын үеэр бид өөрсдөөс гарсан бүх зардлыг “М-” ХХК-д танилцуулсан. Танилцуулах үеэр үлдэгдэл 2 700 000 төгрөгийг төлөхөөр бэлдэж байгаагаа илэрхийлж 2 700 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дансаар шилжүүлсэн баримтаар хэрэгт хавсаргасан. Талууд тохиролцсон гэж ойлгож байтал гэнэт албан бичиг ар, араасаа ирсэн. Бид тохиролцоогүй тул үлдэгдэл мөнгө авна гэж хэлсэн. Удирдлагуудтай уулзъя гэхэд уулздаггүй, холбогддоггүй. Албан бичиг дээр уулзаж баталгаажуулъя гэж ярьдаг атлаа манай талаас уулзъя гэхээр “М-” ХХК уулздаггүй алга болчихдог. Одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 198 дугаар зүйлийн 198.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Э-” ХХК-иас 25 244 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э-” ХХК-иас 284 170 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн судалж шинжлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1.1-т “Э-” ХХК-ийн өрөмд шаардлагатай сэлбэгийг нийлүүлэх гэхээс бусад хэсэг нь бүхэлдээ ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт болно. Нэхэмжлэгч тал ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааны явцад гэрээг тайлбарлахдаа худаг өрөмддөг өрмийн машиныг уул уурхайн хайгуулын ажлын өрмийн машин болгож хувиргах зорилгоор гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байсан. Гэтэл анхан шатны шүүх ажлын үр дүн, доголдлын талаар огт шийдвэрлээгүй, доголдлын зардлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй. Анхан шатны шүүх бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн болох 55 807 677 төгрөгөөс 50 807 677 төгрөгийг худалдах худалдан авах гэрээний үнэ, үлдэх 5 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үнэ гэж тодорхойлсон. Гэвч ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох өрөмдлөгийн машиныг бид хүлээж аваагүй бөгөөд нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болохоо нотолж чадаагүй байхад шүүгч ажил гүйцэтгэх гэрээний үнийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой нотлох баримтыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар заасан буюу нэхэмжлэлийн шаардлагын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэсгийг ямар үндэслэлээр хангах нь зүйтэй гэж үзсэнээ огт заагаагүй байна. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-ийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-ийг зөрчсөн байна. Шүүх дээрх тооцооллыг хийхдээ 2019 оны 4 сарын 25-ны өдрийн бараа материалд хийгдсэн ажлыг хүлээлцсэн актын эхний хүснэгтэд тусгагдсан 15 050 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл болон 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 3 ширхэг зарлагын баримтын нийлбэр дүн болох 32 783 677 төгрөгийн нийлбэрээр 50 807 677 төгрөгийг худалдсан бараа, материалын үнэ буюу худалдах худалдан авах гэрээний үнэ гэж тооцоолсон. Гэтэл үлдэгдэл 5 000 000 төгрөгийг хаанаас, ямар нотлох баримтыг үндэслэн, хэрхэн тооцож, өрмийн засвартай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний үнэ гэж тооцоолсон нь ойлгомжгүй байна. 2019 оны 4 сарын 25-ны өдрийн бараа материалд хийгдсэн ажлыг хүлээлцсэн актын 2 дахь хүснэгтэд өрмийн засварт хийх нэмэлт ажлууд гэх баганад ажил гүйцэтгэх гэрээний гол зорилго болох өрмийн толгойг хувиргаж, засварлах ажлын талаар, өрмийн засварын талаар дурдсан зүйл нэг ч байхгүй. Өмнөх хүснэгттэй ижил бараа материал, багаж хэрэгслийг жагсаасан 4 000 000 (5 000 000 төгрөг биш болохыг анхаарна уу) хүснэгтэд үндэслэн өрмийн засвартай холбоотой нийт зардал нь 5 000 000 төгрөгт тооцогдох хэсэгт хамаарч байна” хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүйг харуулж байна. Түүнчлэн, тус 2 дахь хүснэгтийн 4 дэх баганад “Штанг өргөгч” 1 ширхэг, нэгж үнэ 150 000 төгрөг гэсэн хэрнээ нийт үнэ 300 000 төгрөг гэж математикийн алдаатай тооцооллыг шүүгч анхаарч үзээгүй байна. Хэрэв шүүгч гэрээний нийт үнэ 55 807 677 төгрөгөөс 50 807 677 төгрөгийг хасч, 5 000 000 төгрөгийг автоматаар тооцоолсон. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй сэлбэг хэрэгсэл ашиглан, ажил гүйцэтгэсэн учир өрмийн машин ирсэн даруйдаа туршиж үзэхэд эвдэрсэн. Хөндлөнгийн өрмийн мастер хөлсөлж, шалгуулахад эвдэрсэн шалтгаан нь моторын цахилгаан холболт буруу хийсэн байсан. Стандарт бус агаарын хоолой ашигласан, өрмийн толгойн доторх эд ангиудын хооронд жийрэг байх ёстой байтал жийрэг байршуулаагуйн улмаас хоорондоо хавирж хугарч гэмтсэн. Энэхүү доголдлыг нотлох зорилгоор шүүхээс шинжээч томилох, тухайн үед засвар хийж байсан өрмийн мастеруудаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт бичгээр шүүхэд гаргасан ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Татгалзсан үндэслэл нь 2019 оны 5 сарын үеийн нөхцөл байдлыг өнөөдөр тодорхойлох боломжгүй гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргасан өрмийн машины зурагт дээрх стандарт бус агаарын хоолой ашигласан байгаа нь илт харагдана, өрмийн толгойн доторх эд ангиудын хооронд жийрэг хийгээгүйн улмаас эвдэрсэн эд анги одоог хүртэл бидэнд хадгалагдаж байгаа бөгөөд шинжээч тэдгээрт шинжилгээ хийж доголдлыг тодруулах боломжтой. Харамсалтай нь анхан шатны шүүх шинжээчийн нэрийн өмнөөс 2019 оны 5 сарын үеийн нөхцөл байдлыг өнөөдөр тодорхойлох боломжгүй гэж өөрөө дүгнэсэн. Гэрээний гол зүйл болох ажлын үр дүнгийн талаар гэрчийн мэдүүлэг авахаар тухайн үед засварын ажил гүйцэтгэсэн өрмийн мастер Б.Эрхэмбаяр, К.Доржсэмбээ нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүх процессийн ноцтой алдаа гаргасан ба зайлшгүй бүрдүүлбэл зохих нотлох баримтыг бүрдүүлэхээс татгалзсан, хэргийн оролцогчийп хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны үед хэд хэдэн чухал асуудлаар худал мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээр нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа, материалыг шилжүүлсэн тухай нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн бараа материалд хийгдсэн ажлыг хүлээлцсэн акт, 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 3 ширхэг зарлагын баримт нь хуурамч нотлох баримт байсан ба уг баримтыг үндэслэн шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, бараа материалыг хүлээлцсэн баримтад гарын үсэг зурсан этгээд нь тухайн бараа материалыг хүлээн авах эрхгүй буюу хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш юм. Тус баримтад гарын үсэг зурсан этгээд болох н.Пүрэвдорж нь “М-” ХХК-ийн захиралтай хувийн харилцаатай бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн уг баримтыг бид урьд өмнө нь огт харж байгаагүй. Чухам хэзээ хэрхэн үйлдсэн болохыг ч мэдэхгүй байна. Тус баримт бичигт нэхэмжлэгч талаас тамга тэмдэг дарсан байгаа ч хариуцагч талаас тамга тэмдэг дарсан зүйл огт байхгүй. “Э-” ХХК нь тухайн үед үйлдвэрийн хангамжийн менежер Х.Оюунболд, Г.Батбаатар нарыг ажиллуулж байсан. Нэг бол компанийн гүйцэтгэх захирал эсхүл бараа материал хариуцсан нярав бараа материалыг хүлээлцэх акт үйлдэх эрхтэй. Түүнээс үйлдвэрийн дарга асан н.Пүрэвдорж компанийг төлөөлж бараа материал хүлээлцэх эрх мэдэл бүхий этгээд биш юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 25 244 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2019/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М-” ХХК нь өрмийн ажилд шаардлагатай сэлбэгийг нийлүүлэх, нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэх, хариуцагч “Э-” ХХК нь ажлын хөлс болох 55 807 677 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-9-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах тухай холимог гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр тооцооллыг буруу хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

            Тодруулбал, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50 нэр төрлийн, нийт 50 807 677 төгрөгийн сэлбэг, хэрэгсэл, бараа материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь бараа материалд хийгдсэн ажлыг хүлээлцсэн баримт, зарлагын баримтуудаар нотлогдсон”, “... хайгуулын өрмийн засвартай холбоотой нийт зардал нь 5 000 000 төгрөгт тооцогдох хэсэгт хамаарч байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

            Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-д гүйцэтгэх ажлын төрлийг өрөмд шаардлагатай сэлбэг нийлүүлэх, өрөмд хийгдэх нэмэлт ажлууд гэсэн 2 хэсэгт хуваасан бөгөөд нэхэмжлэгч “М-” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 49 төрлийн, нийт 35 757 677 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг хариуцагч “Э-” ХХК-ийн инженер А.Пүрэвдоржид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх-47-48-р тал/

 

            Мөн, хэргийн 98 дугаар талд өрмийн засварт хийгдсэн нэмэлт ажлыг хүлээлцсэн тухай 19 050 000 төгрөгийн баримт байгаа боловч уг баримтын 4 дэх хүснэгтэд штанг өргөгч 1, нэгжийн үнэ 150 000, нийт 300 000 гэж алдаатай бичсэнийг анхан шатны шүүх анхаараагүй байна. Иймд нийт үнэ 19 050 000 төгрөгөөс 150 000 төгрөгийг хасч хариуцагч “Э-” ХХК-ийг 18 900 000 төгрөгийн ажлыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

                        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д 35 757 677 төгрөгийн сэлбэг нийлүүлсэн, мөн хайгуулын өрмийг засварлахад 18 900 000 төгрөгийн зардал гаргасан буюу нийт 54 657 677 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

                        Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж,

            мөн  хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

            Хариуцагч “Э-” ХХК нь 30 563 677 төгрөгийг нэхэмжлэгч “М-” ХХК-д төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “М-” ХХК нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй юм.

 

            Иймд нэхэмжлэгчийн нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 54 657 677 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 30 563 677 төгрөгийг хасч, хариуцагч “Э-” ХХК-иас 24 094 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо ажлын үр дүн доголдолтой, өрмийн машиныг хүлээж аваагүй, шүүх гэрч асуулгах, шинжээч томилуулах зэрэг хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх боловч энэхүү тайлбар, гомдол нь үндэслэлгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч “М-” ХХК-ийн нийлүүлсэн сэлбэг хэрэгсэл болон өрмийн засварын ажлыг хариуцагч “Э-” ХХК-ийн инженер А.Пүрэвдорж хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, бараа материалд хийгдсэн ажлыг хүлцээлцсэн баримт зэргээр тогтоогдсон. Мөн ажлын үр дүнг хүлээн авсан гэх А.Пүрэвдоржийг нэхэмжлэгч компанийн захирлын санал болгосноор компанидаа ажиллуулж байгаад халсан, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд баримтад гарын үсэг зурсан гэх боловч хариуцагч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

            Түүнчлэн, өрөмдлөгийн машинд засвар хийсэн, хэвийн ажиллаж байгаатай холбоотойгоор гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00848 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э-” ХХК-аас 24 094 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж

2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278 420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 170 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.МӨНХЗУЛ

                                               

                                            ШҮҮГЧИД                                             Ш.ОЮУНХАНД

           

                                                                                                            Г.ДАВААДОРЖ