Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/00848

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: М Д  ХХК -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э С Ж Т  ХХК -д холбогдох

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,244,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Намуун, хариуцагчийн өмгөөлөгч И.Учралбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Э С Ж Т  ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2019/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компани нь Э С Ж Т  ХХК-ийн Power 4000 хайгуулын өрмийг RC технологид бэлдэж, засварлах, мөн өрмийн ажилд шаардлагатай материалыг нийлүүлэх гэх үндэслэлээр гэрээг байгуулсан. Талууд гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулж, гэрээний дагуу М Д  ХХК ажлаа хийж гүйцэтгэсэн. Э С Ж Т  ХХК нь өрөм доголдолтой байсан, ажил үйлчилгээ чанарын шаардлага хангаагүй байсан гэх гомдлыг гаргаж байгаагүй.

Мөнгөө шаардахад Э С Ж Т  ХХК нь шилжүүлэхгүй байж байгаад сүүлд 2019 оны 08 дугаар сард уулзсан уулзалтаар шаардлага хангаагүй гэх зүйлийг ярьсан. Тухайн үед манай компанид албан ёсоор мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол бид тухайн үед газар дээр нь очиж мэдэгдээд 2 талаас акт үйлдэх байсан. Манай компанид мэдэгдээгүй учраас эвдэрсэн гэх шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Мөн тухайн уулзалтаар 2,000,000 төгрөг өгсөн ч гэрээнд заасан бусад хөлсийг өгөөгүй.

Толгой засварласан гэдгийг Э С Ж Т  ХХК хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ засварласан юм чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр мөнгө өгдөггүй. Шаардлага хангаагүй гэдгийг нотлох ямар ч баримт байдаггүй. Ажлын явц, чанарыг шаардлага дээр Э С Ж Т  ХХК хяналт тавих үүрэгтэй. Хариуцагч тал ажлын үр дүнтэй танилцаад хүлээж авсан.

н.Пүрэвдорж цаашаа байгууллагадаа хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн баримтыг ирүүлээрэй гэх хүсэлт тавьсны дагуу Говь-Алтай аймагт авч очсон зургийг өгсөн. Үүнийг манайх нотлох баримтаар өгсөн. Гэрээнд хавсралтад заасан ажил үйлчилгээг хийнэ гэж заасан. Тэгэхэд ажилчин, засварчин өгөх талаар зааж өгөөгүй. Хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй. Эвдрэл гарсан талаар хэлээгүй, эвдэрсэн зүйлээ харуулаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 25,244,000 төгрөгийг Э С Ж Т  ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажил гүйцэтгэх гэрээний зорилго нь худаг гаргах зориулалттайгаар өрмийн машиныг уул уурхайн хайгуулын ажил хийхэд зориулж засварлаж толгойг нь сольж засч янзлаад чанарын өндөр шаардлага хангасан материалыг засаж сайжруулах ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Гэвч хийсэн ажлынхаа үр дүнг бидэнд хүлээлгэж өгөөгүй. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өрмийн машиныг завсарлаж дууссан, бид өрмийн машиныг газар дээр шалгаж үзсэн, ачааны машинд ачаад явууллаа гэх байдлаар хэлсэн. Газар дээр нь шалгаж үзсэн гэдгээ М Д  ХХК нотлох баримтаар өгөөгүй. Мөн ачааны машинаар явуулсан болохоос бидэнд гардуулж, хүлээлгэж өгөөгүй. 2019 оны 05 дугаар сарын 01-ний орой тоног төхөөрөмж машинаар ирсэн. Маргааш өглөө нь шалгаж үзэхэд 3 метр яваад эвдэрсэн. Тэрнээс цааш яваагүй.

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр М Д  ХХК-д утсаар ярьж мэдэгдсэн. Гэтэл бид ажилтай байна, завгүй байна, өрмийн машиныг ажиллуулсантай холбоотой гэмтлийг хариуцахгүй гэж хэлээд ирж үзээгүй. Бид тухайн үед хөдөө хайгуулын ажил хийж байсан учраас М Д  ХХК-д албан бичиг явуулах боломжгүй байсан. Хайгуулын ажил хийх улирал байсан тул цаг хугацаа бид нарын хувьд маш чухал байсан. Иймээс бид яаралтай өөр засварчнаар янзлуулах аргагүй байдалд хүрсэн. Бид М Д  ХХК-ийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 8 хоног хүлээсэн. М Д  ХХК-ийг ирээд тоног төхөөрөмжийг хараад засаж өгөх байх гэж хүлээсэн боловч хэн ч ирээгүй.

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр н.Доржсэмбээ гэх өрмийн мастерыг хөлсөлж энэ хүн манай өрмийн машин байгаа газар ирж үзээд өрмийн толгойг салгаад Улаанбаатар хотод ирж үзсэн. Улаанбаатар хотод ирээд задалж үзэхэд М Д  ХХК-аас хүмүүс ирсэн. Ирэхдээ өрмийн машиныг ингэж янзлахгүй, тэгж засахгүй, наадах чинь буруу байна гэсэн зүйлүүд ярьсан байсан. н.Доржсэмбээ тухайн үед өөрийн засч, янзалж сэлбэсэн. Одоо өрмийн машин хэвийн ажиллаж байгаа. н.Доржсэмбээ гэх хүний ажлын үр дүн илүү чанартай байсан.

Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т ажлын гүйцэтгэл мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч М Д  ХХК мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй. Хэрэв шинжээч томилсон бол шинжээч тухайн асуудлыг судлаад тодорхой хэлэх байсан байх. Мөн гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажил гэрээгээр тохирсон хугацаанд мөрдөн ажиллах, ажлын чанар, үр дүнг бүрэн хариуцна гэж заасан боловч ажил гүйцэтгэгч энэ үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний 3.2-т ажил гүйцэтгэх явцад түүний үр дүн, чанар зэрэгтэй холбоотой бүхий л хариуцлагыг гүйцэтгэгч дангаараа хүлээнэ гэсэн боловч ажил гүйцэтгэгч энэ үүргээ биелүүлээгүй. Ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой тодорхой хэмжээний зардал гарсан. Ажлын хөлс болгож н.Доржсэмбээд мөнгө төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгсөн.

Гүйцэтгэгч тал ажлын үр дүнг хүлээлцсэн актыг шүүхэд гаргаж өгөөгүй. Ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учраас баримтыг гаргаж өгөөгүй байх. Өрмийн машиныг засварлаж дууссаныхаа дараа газар дээр нь шалгаад, шалгасан гэдгээ нотлох баримтаар өгөөгүй. Утсаар ярихдаа 5 метр явж шалгасан гэдэг боловч үүнийгээ нотлох баримтыг шүүх болон манай талд гаргаж өгөөгүй.

М Д  ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан албан бичиг дээр 2019 оны 08 дугаар сард Э С Ж Т  ХХК, М Д  ХХК-ийн төлөөлөгч нар уулзсан гэдгийг нотолж байгаа. Уулзалтын үеэр бид өөрсдөөс гарсан бүх зардлыг М Д  ХХК-д танилцуулсан. Танилцуулах үеэр үлдэгдэл 2,700,000 төгрөгийг төлөхөөр бэлдэж байгаагаа илэрхийлж 2,700,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дансаар шилжүүлсэн баримтаар хэрэгт хавсаргасан. Талууд тохиролцсон гэж ойлгож байтал гэнэт албан бичиг ар, араасаа ирсэн. Бид тохиролцоогүй тул үлдэгдэл мөнгө авна гэж хэлсэн. Удирдлагуудтай уулзъя гэхэд уулздаггүй, холбогддоггүй. Албан бичиг дээр уулзаж баталгаажуулъя гэж ярьдаг атлаа манай талаас уулзъя гэхээр М Д  ХХК уулздаггүй алга болчихдог. Одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Д  ХХК нь хариуцагч Э С Ж Т  ХХК-д холбогдуулан 25,244,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь М Д  ХХК-ийн засварласан Power 4000 хайгуулын өрөм нь доголдолтой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2019/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Power 4000 хайгуулын өрөмд шаардлагатай сэлбэгийг нийлүүлэх, өрөмд нэмэлт ажлууд буюу Power 4000 хайгуулын өрмийг RC технологид бэлдэж засварлахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу талуудын хооронд Power 4000 хайгуулын өрмийг засварлахтай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, сэлбэг, хэрэгсэл нийлүүлэхтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.” гэж заасан бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ холимог хэлбэрээр байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Power 4000 хайгуулын өрмийг засварлаад хариуцагчийн инженер Пүрэвдоржид хүлээлгэн өгсөн ба мөн хавтаст хэрэгт авагдсан зарлагын баримтад дурьдсан бараа, сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Засварын зардал, бараа, сэлбэгийн үнэ бүгд гэрээний үнэ буюу 55,801,677 төгрөгт багтсан байгаа. Хариуцагч талаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 27,807,677 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2,756,000 төгрөг, нийт 30,563,677 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөр 25,244,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг, хариуцагч нь “...Power 4000 хайгуулын өрмийг уурхай дээр тээвэрлэн аваачиж, ажиллуултал 2 метр өрөмдөөд эвдэрсэн. М Д  ХХК нь өрмийг засварлан үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Ажлын доголдол гарсан тул бид 7 хоног хүлээгээд К.Доржсэмбээг өдрийн 200 ам доллараар цалинжуулж засварлуулсан. Бараа материал худалдан авсан мөнгийг тусад нь шилжүүлсэн байсан. Энэ зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шаардаж байна. Бид 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулж, гэрээний үлдэгдэл төлбөр 2,756,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Нэхэмжлэгч М Д  ХХК-ийн Э С Ж Т  ХХК-д хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/09 дугаартай албан бичигт “...Уг өрөм дахин эвдэрсэн ...бидний хийсэн ажлаас хамааран гэмтсэн үү, эсвэл бусад хүчин зүйлээс болж гэмтсэн эсэх талаар хамтарсан үзлэг хийж акт гаргаагүй тохиолдолд бидэнд хамааралгүй болно” гэж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/10 дугаартай албан бичигт “...Танай зүгээс тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн уулзалтаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүйг албан ёсоор мэдэгдэж байна.” гэж тус тус албан бичиг хүргүүлж, Power 4000 хайгуулын өрмийн засварын ажлын доголдолтой холбоотой асуудлыг эс зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж байжээ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 50 нэр төрлийн нийт 50,807,677 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, хэрэгсэл, бараа материалыг  хариуцагчийн төлөөлөгч Пүрэвдоржид хүлээлгэн өгсөн болох нь бараа материалд хийгдсэн ажлыг хүлээлцсэн баримт, зарлагын баримтуудаар нотлогдож байна. /талууд уг бараа материал, сэлбэгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй болно/

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Пүрэвдоржийг М Д  ХХК санал болгож, манайх ажилд авсан. Ажлаа хийж чадахгүй болохоор нь ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбараас үзэхэд хариуцагчийн ажилтан Пүрэвдоржид уг бараа материал, сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэж үзэв.

 

Хариуцагч Power 4000 хайгуулын өрмийг доголдолтой, засварлахад их хэмжээний зардал гаргасан гэж тайлбарлах атлаа уг үйл баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн одоо хэвийн ажиллаж байгаа Power 4000 хайгуулын өрмийн засвартай холбоотой нийт зардал нь 5,000,000 төгрөгт тооцогдох хэсэгт хамаарч байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э С Ж Т  ХХК-иас худалдсан бараа материал, сэлбэгийн үнийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Э С Ж Т  ХХК-иас 25,244,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Д  ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э С Ж Т  ХХК-иас Power 4000 хайгуулын өрмийг доголдолтой холбоотой гарсан зардал болон хохирол шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 198 дугаар зүйлийн 198.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э С Ж Т  ХХК-иас 25,244,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Д  ХХК-д олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э С Ж Т  ХХК-иас 284,170 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Д  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР