Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 489

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнийг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Э*******

Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын дарга Н. Г*******

Нэхэмжлэлийн шаардлага: Авлигатай тэмцэх газрын даргын  2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар  тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 4 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 7.579.509 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э*******,түүний өмгөөлөгч М.Бадрал, З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайхан, З.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Э******* 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэлтсийн дарга Ж.Батсайхан мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний хэлтэст ахлах ажилтнаар ажиллах санал тавьж, тэр албаны ажлыг сайжруулах талаар  ярилцсан. Би  өөр ажил хийх хүсэлгүй байгаагаа мэдэгдэж, уг ажлыг хийхгүй гэдгээ бичгээр өргөдлөө гаргаж өгсөн байхад Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал гарч би мэдсэн. Тушаал гарснаас хойш газрын даргатай уулзсан бөгөөд тушаалаа өөрчлөнө гэсэн боловч өдийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Төрийн албаны зөвлөлд 2016 оны 1 дүгээр сарын 25-нд өргөдөл гаргасан бөгөөд тус газраас өргөдлийн хариуг 2016 оны 3 дугаар сарын 4-ны өдөр хүлээн авсан. Би дахин Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод хандаж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дахин өргөдөл гаргасан. Үүгээр намайг шүүхэд хандаж өргөдлөө гаргах боломжтой гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл түнтэй тохиролцсоноор өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэхээр заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хууль зөрчсөн дээрх тушаалыг хүчингүй болгож, Хяналт шалгалт дүн шинжилгээний  хэлтсийн хяналт шалгалтын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Би ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 7,579,509 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтайван 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний  хэлтэс нь  Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тушаалаар баталсан бүтэц орон тооны дагуу мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба, хяналт шалгалтын алба гэсэн 2 албатайгаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг. Б.Э******* нь “...намайг мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний хэлтэст ахлах ажилтнаар томилсон..” гэсэн байна. Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь нэг хэлтсээс нөгөө хэлтсийн хооронд шилжүүлэн ажиллуулахаар гаргасан тушаал биш. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн бүтцэд хамаарах хяналт шалгалтын албаны ахлах ажилтнаас мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон тушаал юм. Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга нь тус газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах удирдах, уг үүргийг гүйцэтгэхийн тулд албан хаагчдыг албан тушаалд томилох чөлөөлөх, шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг байгууллага дотроо шилжүүлэн томилох бүрэн эрхтэй. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйл нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар заалтын дагуу төрийн байгууллага хооронд хэрэглэгдэх бөгөөд байгууллага дотроо нэг нэгжээс нөгөө нэгжид шилжүүлэн ажиллах тохиолдолд хамаарахгүй юм. Нэхэмжлэгч Б.Э*******гийн 2016 оны 1 дүгээр сарын цалин бүрэн олгогдсон, 2 дугаар сар ажлын 18 өдөртэй байснаас 11 өдөр ажилласан. 2 дугаар сарын 11-нийг хүртэл акттай байсан тул 7 хоногийн актын мөнгийг бодож олгосон. 2016 оны 3 дугаар сар ажлын 22 хоногтой байснаас 10 хоногт нь ажилласан тул цалинг мөн  ажилласан хоногоор бодож олгосон. 4 дүгээр сард ажлын 21 хоногтой байснаас огт ажиллаагүй ээлжийн амралт авсан. 3.28-4.10-ны өдөр хүртэл акттай байсан 10 хоног, өмнөх сарын 16-25-ны өдрийн 8 хоногийн акт бүгд нийлээд 18 хоногийн актын мөнгө. Ээлжийн амралтын цалингаа цуг авсан. 5 дугаар сард ээлжийн амралтаа дуусаад акт ирүүлж огт ажиллаагүй. Б.Э*******гийн ээлжийн амралт болон өвчтэй байсан хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон боловч ажилдаа ирээгүй, 6 дугаар сарын 17-ноос 27-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй гэж акт авчирч өгсөн. Б.Э*******гийн ажилласан хугацаа нь тасалдах байдал үүссэн учир байгууллагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Иймд Б.Э*******гийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Б.Э******* 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:  2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэлтсийн дарга Ж.Батсайхан мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний хэлтэст ахлах ажилтнаар ажиллах санал тавьж, тэр албаны ажлыг сайжруулах талаар  ярилцсан. Би  өөр ажил хийх хүсэлгүй байгаагаа мэдэгдэж, уг ажлыг хийхгүй гэдгээ бичгээр өргөдлөө гаргаж өгсөн байхад Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал гарч би мэдсэн. Тушаал гарсанаас хойш газрын даргатай уулзсан бөгөөд тушаалаа өөрчлөнө гэсэн боловч өдийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Төрийн албаны зөвлөлд 2016 оны 1 дүгээр сарын 25-нд өргөдөл гаргасан бөгөөд тус газраас өргөдлийн хариуг 2016 оны 3 дугаар сарын 4-ны өдөр хүлээн авсан. Би дахин Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод хандаж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дахин өргөдөл гаргасан. Үүгээр намайг шүүхэд хандаж өргөдлөө гаргах боломжтой гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл түнтэй тохиролцсноор өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэхээр заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хууль зөрчсөн дээрх тушаалыг хүчингүй болгож, Хяналт шалгалт дүн шинжилгээний  хэлтсийн хяналт шалгалтын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  М.Бадрал 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь нэг хэлтсээс нөгөө хэлтсийн хооронд шилжүүлэн ажиллуулахаар гаргасан тушаал биш. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн бүтцэд хамаарах хяналт шалгалтын албаны ахлах ажилтнаас мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон тушаал нь Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйл нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар заалтуудыг зөрчсөн. Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 7,579,509 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

Тав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авлигатай тэмцэх газрын дарга нь тус газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах удирдах, уг үүргийг гүйцэтгэхийн тулд албан хаагчдыг албан тушаалд томилох чөлөөлөх, шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг байгууллага дотроо шилжүүлэн томилох бүрэн эрхтэй боловч Авлигатай тэмцэх газрын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.12-д “Ажилтныг өөрийнх нь зөвшөөрлөөр буюу Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу шилжүүлэн ажиллуулах, мөн хуулийн 22.2 дахь хэсэгт заасан хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно гэж заасныг зөрчсөн байна гэв.

Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтайван 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа: Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тушаалаар баталсан бүтэц орон тооны дагуу мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба, хяналт шалгалтын алба гэсэн 2 албатайгаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг. Б.Э******* нь “...намайг мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний хэлтэст ахлах ажилтнаар томилсон..” гэсэн байна. Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь нэг хэлтсээс нөгөө хэлтсийн хооронд шилжүүлэн ажиллуулахаар гаргасан тушаал биш. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн бүтцэд хамаарах хяналт шалгалтын албаны ахлах ажилтнаас мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон тушаал юм. Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга нь тус газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах удирдах, уг үүргийг гүйцэтгэхийн тулд албан хаагчдыг албан тушаалд томилох чөлөөлөх, шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг байгууллага дотроо шилжүүлэн томилох бүрэн эрхтэй. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйл нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар заалтын дагуу төрийн байгууллага хооронд хэрэглэгдэх бөгөөд байгууллага дотроо нэг нэгжээс нөгөө нэгжид шилжүүлэн ажиллах тохиолдолд хамаарахгүй юм гэв.

Долоо. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайхан 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э*******гийн 2016 оны 1 дүгээр сарын цалин бүрэн олгогдсон, 2 дугаар сар ажлын 18 өдөртэй байснаас 11 өдөр ажилласан. 2 дугаар сарын 11-нийг хүртэл акттай байсан тул 7 хоногийн актын мөнгийг бодож олгосон. 2016 оны 3 дугаар сар ажлын 22 хоногтой байснаас 10 хоногт нь ажилласан тул цалинг мөн  ажилласан хоногоор бодож олгосон. 4 дүгээр сард ажлын 21 хоногтой байснаас огт ажиллаагүй ээлжийн амралт авсан. 3.28-4.10-ны өдөр хүртэл акттай байсан 10 хоног, өмнөх сарын 16-25-ны өдрийн 8 хоногийн акт бүгд нийлээд 18 хоногийн актын мөнгө. Ээлжийн амралтын цалингаа цуг авсан. 5 дугаар сард ээлжийн амралтаа дуусаад акт ирүүлж огт ажиллаагүй. Б.Э*******гийн ээлжийн амралт болон өвчтэй байсан хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон боловч ажилдаа ирээгүй, 6 дугаар сарын 17-ноос 27-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй гэж акт авчирч өгсөн. Б.Э*******гийн ажилласан хугацаа нь тасалдах байдал үүссэн учир байгууллагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын шитгэлийг төлсөн. Иймд Б.Э*******гийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь байгууллага дотроо ажилтныг ажил, албан тушаалд шилжүүлэхдээ өөрийнх нь зөвшөөрлийг авах, үгүй эсэх дээр маргадаг. Шүүх доорхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Б.Э*******г Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “ажлаас чөлөөлж шилжүүлэн томилох тухай” Б/07 дугаар тушаалаар Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссар”-ын үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний хэлтэст ахлах ажилтнаар шилжүүлэн томилжээ. Уг тушаалыг гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн гаргажээ. Авилгын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 зааснаар “албан хаагчийг томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах” зэрэг нь Авлигатай тэмцэх газрын даргын  бүрэн эрхийн  хүрээнд хамаарах асуудал боловч эдгээр эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлах үүрэгтэй болно. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар хүсэлт гаргасан бол” гэсэн гурван үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхөөр заажээ. Тэгвэл нэхэмжлэгч Б. Э*******д ийм байдал үүсээгүй байхад буюу өөрөө зөвшөөрөхгүй байхад нэг албан тушаалаас чөлөөлж нөгөө албан тушаалд томилсон нь буруу байна. Тухайлбал Төрийн албан хаагчийн эрх зүйн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан “ ...зөвшөөрсөн..” гэдэг нь албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байна. Энэ заалтыг төрийн албан хаагчийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр шилжүүлэн томилоход ч хэрэглэнэ. Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны   өдрийн Б/ 07 дугаар тушаал нь Б.Э*******г  Хяналт шалгалтын албанаас чөлөөлж мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албанд томилж байгаа нь албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн хэмжээ буурахгүй гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа ч ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд зааснаас өөр төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд томилж байгаа явдал юм. Б.Э*******г шилжүүлэн томилохын тулд өөрийнх нь саналыг бичгээр авсан байхыг хууль шаардана. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т  “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглосон. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг аливаа ажил албан тушаалд зайлшгүй нөхцөлөөр шилжүүлэн ажиллуулах бол тухайн ажилтны зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа болохоос албан тушаалтны эрх мэдэл, дур зоргын асуудал биш юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-д “ төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэсэн нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд өөр ажил албан тушаалд шилжүүлэхгүй баталгаа болжээ. Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” Б/07 дугаар тушаалын үндэслэл болгосон Улсын Их хурлын 2007 оны 27 дугаар тогтоол нь “тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” тогтоол байсныг дурьдах нь зүйтэй байна.

Авлигатай тэмцэх газрын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.12-д “Ажилтныг өөрийнх нь зөвшөөрлөөр буюу Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу шилжүүлэн ажиллуулах, мөн хуулийн 22.2 дахь хэсэгт заасан хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно гэж заасан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.579.509 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:  Хэдийгээр нэхэмжлэгч 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 сарын цалин хөлстэй тэнцэх олговор авах тухай тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2016 оны цалингийн карт, 2016 оны 2 дугаар сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, эмнэлгийн хуудас, тэтгэмж олголт, 2016 оны 4 дүгээр сард хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, эмнэлгийн хуудас /2016.3.28-2016.4.10/, тэтгэмж олголт, 2016 оны 5 дугаар сард  хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсан жагсаалт, эмнэлгийн хуудас, тэтгэмж олголт /2016.5.9-2016.5.19/, ээлжийн амралт олгох тухай  мэдэгдэл зэргээс үзэхэд Б.Э******* нь өвчтэй байх хугацаандаа  хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тухай бүр авч байсан, ажилласан  сарын бүх хоногтоо  цалин хөлсөө бүрэн авч байсан болох нь тогтоогдож байна. Мөн Б.Э*******г байгууллагын санаачилгаар өөр ажил албан тушаалд шилжүүлсэн боловч албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэснээс үзэхэд Б.Э*******гийн урьд авч байсан цалин хөлсийг бууруулаагүй байх ба тухайн хугацааны цалингаа дутуу авсан нь нэхэмжлэгчийн  эрүүл мэндээс шалтгаалсан болох нь тогтоогдож байх тул цалинг нөхөн олгох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106. 3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн  24 дугаар зүйлийн  24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э*******гийн нэхэмжлэлтэй Авлигатай тэмцэх газарт холбогдуулж гаргаснаар Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “ажлаас чөлөөлж шилжүүлэн томилох тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Э*******г өмнө эрхэлж байсан Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссарын ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 7.579.509 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь буюу35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгэр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ