Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0567

 

Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 489 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Авилгатай тэмцэх газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 489 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Авилгатай тэмцэх газарт холбогдуулж гаргасан Авилгатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Энхтуяаг өмнө эрхэлж байсан Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссарын ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 7.579.509 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...шийдвэрийн үндэслэлд: "... Б.Энхтуяаг Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “ажлаас чөлөөлж шилжүүлэн томилох тухай” Б/07 дугаар тушаалаар Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссарын үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилжээ. Уг тушаалыг гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн гаргажээ. Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д зааснаар “албан хаагчийг томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах” зэрэг нь Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал боловч эдгээр эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлах үүрэгтэй болно. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар хүсэлт гаргасан бол” гэсэн гурван үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхөөр заажээ. Тэгвэл нэхэмжлэгч Б.Энхтуяад ийм байдал үүсээгүй байхад буюу өөрөө зөвшөөрөхгүй байхад нэг албан тушаалаас чөлөөлж нөгөө албан тушаалд томилсон нь буруу байна. Тухайлбал Төрийн албан хаагчийн эрх зүйн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан "... зөвшөөрсөн ...” гэдэг нь албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байна” гэжээ

Маргаан бүхий тушаал нь нэг хэлтсээс нөгөө хэлтсийн хооронд шилжүүлэн ажиллуулахаар гарсан тушаал эсхүл төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжүүлсэн тухай тушаал биш. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн бүтцэд хамаарах Хяналт шалгалтын албаны ахлах ажилтнаас Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон тушаал юм. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтан нь өөр байгууллагад шилжсэн, албаны дарга нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан учраас хуулиар хүлээсэн чиг үүрэг болон газар, хэлтсийн төлөвлөгөөнд тусгагдсан цаг хугацаатай ажил үүргийг хэрэгжүүлэх, уг албаны хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагын улмаас өмнө нь тус албанд ажиллаж бүрдүүлэлтийн чиглэлийн үйл ажиллагааг дагнан хариуцан ажиллаж байсан ахлах ажилтан Б.Энхтуяад тухайн албан үүргийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэж, нөхцөл байдлыг хэлтсийн удирдлагын зүгээс танилцуулж байсан.

2016 оны 01 дүгээр сараас эхлэн Улсын хэмжээнд бүрдүүлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, сургалт, сурталчилгаа явуулах хянах үйл ажиллагааг 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулж дуусгах, улсын хэмжээний бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тайлан, мэдээг нэгтгэх, боловсруулах зэрэг цаг хугацаатай ажил үүргийг хэрэгжүүлэх ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагын дагуу Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан Б.Энхтуяаг мөн хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон.

Нэг албаны ахлах ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөн нөгөө албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон болохоос хөдөлмөрийн харилцааг бүрэн дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн асуудал биш. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар хүсэлт гаргасан бол” гэсэн заалт нь хөдөлмөрийн харилцаа бүрэн дуусгавар болгож байгаа тохиолдолд үндэслэл болгодог эрх зүйн зохицуулалт юм.

Мөн шүүгч уг асуудлыг хянан үзэхдээ Төрийн албан хаагчийн эрх зүйн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “... зөвшөөрсөн ...” гэдэг нь албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байна” тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан зохицуулалт нь албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу сэлгэн ажиллуулахаар зохицуулсан болохоос нэг нэгжээс нөгөөд шилжүүлэхэд хамаарахгүй, уг тушаал нь төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах тухай биш байхад холбогдолгүй хуулийн зүйл, хэсгийг үндэслэж байгаа нь буруу байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл нь бүхэлдээ төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах буюу тухайн байгууллагаас гадагш чиглэсэн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнд хамаарах зохицуулалт. Гэтэл үүнийг Авлигатай тэмцэх газрын удирдлагын хүний нөөц, зохион байгуулалт, байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах эрхийн хүрээнд гаргаж буй дотоод шийдвэрт хамаатуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.4, 23.1.6 дахь заалт, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нь тус газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах, уг үүргийг гүйцэтгэхийн тулд албан хаагчдыг албан тушаалд томилох, чөлөөлөх, шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг байгууллага дотроо шилжүүлэн томилох бүрэн эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалт төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудалд хамааралтай. Хэрэв ямар ч тохиолдолд ажилтны зөвшөөрлийг авах ёстой гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан хуулийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр “...төрийн байгууллага хооронд ...” гэж тодотгон оруулах шаардлагагүй юм. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан хуулийн зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар заалтын дагуу төрийн байгууллага хооронд хэрэглэгдэх бөгөөд харин байгууллага дотроо нэг нэгжээс нөгөө нэгжид шилжүүлэх тохиолдол хамаарахгүй байхыг шүүгч авч үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

"... Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” Б/07 дугаар тушаалын үндэслэл болгосон Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоол нь “тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” тогтоол байсныг дурьдах нь зүйтэй байна” гэжээ. Уг тушаалын үндэслэлд Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолыг 27 дугаар гэж андууран бичсэн боловч “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 4.1-дэх хэсгийг” гэж үндэслэл болгосноор 07 дугаар тушаалын холбогдох заалт болох нь илэрхий ойлгомжтой гэж үзэж байна.

“Авлигатай тэмцэх газрын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.12-д “Ажилтныг өөрийнх нь зөвшөөрлөөр буюу Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу шилжүүлэн ажиллуулах, мөн хуулийн 22.2 дахь хэсэгт заасан хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно гэж заасан байна ” гэжээ. Дотоод журмын уг хэсэг нь мөн л төрийн байгууллага хооронд ажиллуулах тохиолдолд албан хаагчийн зөвшөөрлийг үндэслэн шилжүүлэх тухай заалт юм.

... Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн нэг албаны ахлах ажилтнаас нөгөө албаны ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон тушаал гэдгийг шүүгч анхаарч үзээгүй, нэхэмжлэгч Б.Энхтуяаг төрийн албанаас бүрэн чөлөөлөгдсөн, халагдсантай адилтган үзэж, уг тушаалыг гаргасан үндэслэлд огт хамааралгүй хуулийн заалтыг авч хэрэглэсэн байна.

Иймд дээрх бүгдээс үзэхэд Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Авлигатай тэмцэх газрын дотоод журмын холбогдох заалтуудыг буруу тайлбарласан, хэрэгт холбогдолгүй хуулийн заалтыг хэрэглэж Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 7 дугаар сарын 04-ний өдрийн 0489 дугаар шийдвэрийн “2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж” шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь “Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 4 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 7.579.509 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан гаргажээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхтуяаг “Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний хэлтэст ахлах ажилтнаар шилжүүлэн томилсон нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Учир нь, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь дотроо Хяналт шалгалт болон Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний гэсэн 2 албатай бөгөөд уг 2 албаны ажилтны ажлын байрны тодорхойлолт нь өөр өөр байгаагаас үзэхэд тус хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтны орон тоо нь Хяналт шалгалт, дүн шинжилгээний албаны орон тооноос өөр албан тушаал гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”,  Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцолгүй, өөрийнх нь зөвшөөрөлгүй өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглосон байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.Энхтуяаг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албанд ахлах ажилтнаар шилжүүлэн томилохдоо өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр, түүнийг хүсэлт гаргаагүй байхад Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтны ажлын байранд томилсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 22.1, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчиж гаргасан Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь хууль бус юм.  

Хариуцагчаас “... улсын хэмжээний бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тайлан, мэдээг нэгтгэх, боловсруулах зэрэг цаг хугацаатай ажил үүргийг хэрэгжүүлэх ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагын дагуу маргаан бүхий тушаалыг гаргаж, Б.Энхтуяаг Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ахлах ажилтнаар шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед шилжүүлэн томилсон шалтгаан болох ажлын зайлшгүй шаардлага гарсан байх үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдохгүй байна.

Мөн “Авлигатай тэмцэх газрын дарга нь тус газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд албан хаагчдыг албан тушаалд томилж, чөлөөлөх, шаардлагатай тохиолдолд албан хаагчдыг байгууллагын дотоодод шилжүүлэн томилох бүрэн эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан зохицуулалт нь төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудалд хамааралтай. Харин байгууллага дотроо нэг нэгжээс нөгөө нэгжид шилжүүлэх тохиолдолд хамаарахгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Авилгатай тэмцэх газрын дарга албан хаагчийг хууль тогтоомжид зааснаар шилжүүлэн томилох эрхтэй хэдий боловч өөрийнх нь зөвшөөрөлгүй болон түүнтэй тохиролцолгүй албан ажлын зайлшгүй шаардлага гарсан гэх үндэслэлээр өөр ажил албан тушаалд шилжүүлэхгүй байхыг Төрийн албаны тухай хуулийн 22.1, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д хуульчлан тогтоосон байна.  

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Энхтуяагийн томилогдсон албан тушаал нь өмнө ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан албаны чиг үүрэгтэй адил, албан тушаалын зэрэг дэв, цалин хөлс бууруулаагүй гэх боловч хариуцагч маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулсны улмаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хөнджээ.

Тиймээс нэхэмжлэгч Б.Энхтуяагийн “Авлигатай тэмцэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг өмнө эрхэлж байсан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссарын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Авлигатай тэмцэх газрын даргад даалгасугай” гэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зөв гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

   Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 489 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан...” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 22.1, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан...” гэж, “...нэхэмжлэгч Б.Энхтуяаг өмнө эрхэлж байсан Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссарын ажил албан тушаалд эгүүлэн томилж...” гэснийг “...нэхэмжлэгч Б.Энхтуяаг өмнө эрхэлж байсан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссарын ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Авлигатай тэмцэх газрын даргад даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                    Э.ХАЛИУНБАЯР