Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/00868 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 15 402 393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай гуравдагч этгээд Х.С-гийн бие даасан шаардлагатай хэргийг,

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.ОД.О

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т-” ХХК нь 2018 оны 12 сарын 30-ны өдөр Н.О-т 2 100 000 төгрөг, 2019 оны 01 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 02 сарын 02-нд 516 000 төгрөг, нийт 4 616 000 төгрөг зээлсэн. Мөн 2018 оны 11 сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөг, 2019 оны 01 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг зээлдүүлсэн. Ийнхүү нийт 9 116 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй байна. Хариуцагч нь 2019 оны 02 сарын 02-ны өдрөөс хойш хүүгийн төлбөр төлөөгүй. Мөн эхний зээлийг өөрийн охин Х.С-гийн нэрээр гарын үсэг зурж авсан бөгөөд баримт дээрх гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр Н.О-ын гарын үсэг мөн болох нь батлагдсан. Хүүгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2019 оны 02 сарын 02-ны өдрөөс 2019 оны 8 сарын 27-ны өдөр хүртэл 6 сар, 24 хоногоор хүүг тооцох нь зүйтэй гэж үзсэн. Нэг сарын хүү нь 6 хувиар тооцвол 546 960 төгрөг, 6 сарын хүү 3 281 760 төгрөг, 24 хоногийн хүүг нэг хоногийн 18 232 төгрөгөөр тооцвол 437 568 төгрөг, үндсэн төлбөр, хүүгийн нийлбэр 12 835 328 төгрөг байхаар тооцогдож байна. Хариуцагч нь зээлийг нийт 178 хоногоор хэтрүүлснийг барьцаат зээлийн журамд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд зээл, хүүгийн нийлбэрээс 0,2 хувиар тооцвол хуульд заасан 20 хувь гэсэн хязгаараас давж байгаа тул төлөгдөөгүй зээл, түүний хүүгийн нийлбэр дүн болох 12 835 328 төгрөгийн 20 хувиар тооцож 2 567 065 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэмж нэхэмжлэх нь зүйтэй байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 9 116 000 төгрөг, хүү 3 719 328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 567 065 төгрөг, нийт 15 402 393 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.О- нь анх Бамбаахай гэх өөрийнх нь гэрийн ойролцоо байдаг барьцаат зээлийн газар буюу ломбарданд 2017 оны зуны үед мөнгөний хэрэгцээ болоод тухайн үед өөрийнх нь төрсөн дүү нь өвчтэй хэвтэрт байсан учир хүний монетон ээмэг, бөгжийг нь гуйж авч уг ломбарданд тавьж багахан хэмжээгээр зээл авч авсан. Түүнээс хойш хүүг нь төлөөд хугацааг нь сунгаад байсан ба сүүлдээ хүний юмыг авч өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул хүний эд хөрөнгийг алдахгүйн тулд авч өгөөд 2018 оны 11 сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаанд тавьж 2 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Үүний сарын хүү нь 6 хувиар гэхээр хүү 150 000 төгрөг, үндсэн зээл 2 500 000 төгрөг, нийт 2 650 000 төгрөг төлөх ёстой. Тэрнээс нэмж 2 000 000 төгрөг огт аваагүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч авсан мэтээр хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. 2018 оны 12 сарын 30-ны өдөр Н.О- нь өөрт нь хадгалуулсан байсан өөрийнхөө төрсөн охин Х.С-гийн эзэмшлийн газрын гэрчилгээг Бамбаахай барьцаат зээлийн газарт барьцаанд тавьж 2 100 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээлээр үндсэн зээл 2 100 000 төгрөг, хүү 126 000 төгрөгийг нэмж 2 226 000 төгрөгийг өгөх ёстой. Тэрнээс хойш нэг ч төгрөг нэмж аваагүй байдаг ба 2019 оны 01 сарын 02-нд 4 516 000 төгрөг авсан гэж үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байна. Тиймээс 2018 оны 11 сарын 23-ны өдөр зээлсэн 2 500 000 төгрөг, 2018 оны 12 сарын 30-ны өдөр 2 100 000 төгрөг нийлээд 4 616 000 төгрөгийг зээлсэн түүнийгээ хүүтэй хамт төлөхийг зөвшөөрч байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.С- миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 35-42 тоот 0,7 га хоосон газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. 2018 оны 12 сарын 30-ны өдөр ээж Отгонбаяр маань надад мэдэгдэлгүй миний газар эзэмших гэрчилгээг Бамбаахай барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байна. Дээрх үйлдлийн улмаас миний газар эзэмших эрх зөрчигдөж байгаа учраас миний гэрчилгээг Бамбаахай барьцаалан зээлдүүлэх тус газраас чөлөөлж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-аас 7 178 800 төгрөг гаргуулан, “Т-” ХХК-д олгож, үлдэх 8 223 593 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан Х.С-гийн өөрийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 35-42 тоот хаягт байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000620778 дугаарт бүртгэгдсэн 499 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч “Т-” ХХК хүлээн зөвшөөрсөн тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-аас 119 811 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Н.О- нь манай барьцаалан зээлдүүлэх газрын байнгын үйлчлүүлэгч бөгөөд бидний хооронд итгэлцэл бий болж харилцаж ирсэн. Н.О- нь олон удаа үйлчлүүлж байсан тул төлбөр тооцоогоо хэрхэн хийх, үйлчлүүлж сурсан хүн гэж хэлж болно. Гэвч энэ удаа авсан мөнгөө аваагүй гэж түүнийгээ нотлохыг оролдож, эрээ цээргүй үйлдэл гаргаж байна. Анхан шатны шүүх хавтаст хэргийн 8, 9 дүгээр талд байгаа №0000654, 0000470 дугаартай баримт дээрх тооцоолол, бичиглэл, гарын үсэг зэргийг сайтар нягталж, үзэхгүйгээр мөнгө хүлээн авсан нь тогтоогдохгүй байна гэж үзэн, нийт 4 516 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзжээ. Хэрэгт авагдсан №0000654 дугаартай баримт дээр нийт 4 616 000 хүлээн авсан, 246 000 төгрөгийн хүү бодогдсоныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. №0000470 баримт дээр авсан зээлийн хэмжээ нэмэгдэж 4 500 000 төгрөгөөс бодогдсон 270 000 төгрөгийг хүүг хүлээн зөвшөөрч ар талд нь гарын үсэг зурсан байгаа зэргийг нэхэмжлэгч талаас тайлбарласаар байхад хариуцагч талаас энэ талаар тайлбар гаргаагүй, шүүх ч энэ талаар дүгнэлт хийгээгүйгээр нотлох баримтыг дутуу үнэлж хариуцагчийн баримт, нотолгоогүй тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 0000470 дугаартай баримт дээр хамгийн анх 2 500 000 төгрөг хүлээн авсан талаар уг баримтын доод хэсэгт Н.О- гарын үсэг зурсан байгаа. Мөн хариуцагч нэхэмжлэлээ гардаж авсны дараагаар шүүхэд гаргасан тайлбартаа 0000470 дугаартай баримтаар 2 500 000 төгрөгийн зээл авсан талаараа хүлээн зөвшөөрсөн тайлбар, банкны дансаар 1 880 000 төгрөг шилжүүлсэн талаар манай талаас анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт тодорхойлохдоо Н.О-ын хүсэлтээр 1 880 000 төгрөгийг түүний дансанд, үлдсэн мөнгө болох 620 000 төгрөгийг бэлнээр олгосон гэж тайлбарласан. Шүүх энэ талаар эөв дүгнэлт хийсэн гэж үзнэ. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нь буруу боловч энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохгүй юм. Мөн уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зэрэг нь 000470, 000654 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өгсөн авсан зүйлээ буцаах хуулийн үндэслэл болохгүй байна. Шүүх нэмэгдүүлсэн хүүгийн талаар дүгнэхдээ зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар заагаагүй тул нэмэгдүүлсэн хүү болох 2 567 065 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэгдүүлсэн хүү болох 2 567 065 төгрөгийг хасч, үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн нийлбэр дүн болох 12 835 328 төгрөгийг хариуцагч Н.О-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцоогүй тул нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулах боломжгүй байна гэж дүгнэсэн атлаа 4 600 000 төгрөг + 1 876 000 төгрөг = 6 476 000 төгрөг гарч байхад 702 800 төгрөгөөр алдаатай тооцоо хийж, тогтоох хэсэгт заажээ. Бодит байдал дээр Н.О- нь 0000470 дугаартай зээлийн гэрээгээр 2018 оны 11 сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөг биш харин 1 880 000 төгрөгийг зээлж авсан нь Хаан банкны дугаартай дансны хуулгаар нотлогддог. Харин 0000654 дугаартай зээлийн гэрээгээр 2 100 000 төгрөг зээлж авсан байдаг. Нийт 2 ширхэг зээлийн гэрээний дүн 3 980 000 төгрөг байна. Энэ тооцооллыг шүүх буруу тооцож алдаатай дүгнэсэн байна. Н.О- нь өөрийн нэрээр, өөрийнхөө эзэмшлийн газрын гэрчилгээ барьцаалан Бамбаахай барьцаалан зээлдүүлэх газраас 2018 оны 11 сарын 23-ны өдөр 0000470 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1 880 000 төгрөгийг, 2018 оны 12 сарын 30-ны өдөр 0000654 дугаартай зээлийн гэрээг охин Х.С-гийн нэрээр түүний өмнөөс гарын үсэг зурж Х.С-гийн эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаалан 2 100 000 төгрөгийг тус тус зээлж авсан байдаг ба эдгээр үйл баримтууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 5708 дугаартай дүгнэлтээр Х.С- биш Н.О- гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон байдаг. Энэ нь 0000470 болон 0000654 дугаартай зээлийн гэрээнүүд нь хуулиар зөвшөөрөөгүй барьцаа /Барьцаат зээлийн үйлчилгээ эрхлэгч нь зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах ба газар болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй/-ны зүйл барьцаалсан, мөн зохих этгээдийн зөвшөөрөл авалгүйгээр хэлцэл хийж газар эзэмших эрхийг нь барьцаалсан байгаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байгуулагдсан байна. Дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээс тогтоогдож байдаг ч шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй тухайлбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй, мөн эдгээр хэлцлүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсэхийг огт дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагч Н.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 15 402 393 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд гуравдагч этгээд Х.С- газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2018 оны 11 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Т-” ХХК нь 2 500 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай хариуцагч Н.О-т зээлдүүлсэн байх бөгөөд гэрээний хугацааг 2019 оны 01 сарын 23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан,

2019 оны 01 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, /хх-ийн 9-р тал/

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 100 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай,

2019 оны 01 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай,

2019 оны 02 сарын 02-ны өдөр 516 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай нийт 9 116 000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагч Н.О- нь зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр болон дансаар хүлээн авсан болох нь талуудын тайлбар, барьцаат зээлийн үйлчилгээний баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5708 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8, 38-40-р тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Т-” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх тул талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хх-ийн 3-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааг зохицуулсан заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүгийн талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч Н.О- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ үндсэн зээлд 9 116 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү нийт 3 719 328 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 567 065 төгрөг, бүгд 15 402 393 төгрөг гаргуулахаар шаардсан. Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх тул нэхэмжлэгч “Т-” ХХК нь зээлийн гэрээг сунгасан хугацаа хүртэлх хүүг шаардах эрхтэй.

            Тодруулбал, хариуцагч Н.О- нь 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг /2 500 000₮ сарын хүү нь 150 000₮ х 2 сар = 300 000₮, 2 500 000₮ + 300 000₮ =2 800 000₮/, 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2 120 000 төгрөг /2 000 000₮ сарын хүү нь 120 000₮, 2 000 000₮ + 120 000₮ = 2 120 000₮/, 2018 оны 12 сарын 30-ны өдрийн 2 100 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2 226 000 төгрөг /2 100 000₮ сарын хүү нь 126 000 төгрөг, 2 100 000₮ + 126 000₮ =2 226 000₮/, 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 2 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт 2 120 000 төгрөг /2 000 000₮ + 120 000₮ = 2 120 000₮/, 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 516 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 546 960 төгрөг /516 000₮ сарын хүү нь 30 960₮, 516 000₮ + 30 960₮ = 546 960₮/ буюу үндсэн зээлд нийт 9 116 000 төгрөг, зээлийн хүүд нийт 696 960 төгрөг, бүгд 9 812 960 төгрөг төлөх үүрэгтэй байна.   

 

            Иймд хариуцагч Н.О-аас нийт 9 812 960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 589 433 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч нь 2 зээлийн гэрээгээр нийт 3 980 000 төгрөг авсан байхад шүүх буруу тооцоолол хийсэн, хүү төлөх үндэслэлгүй, мөн барьцаат зээлийн үйлчилгээнд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль зөрчсөн хэлцэл гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч Н.О- нь 0000470 дугаартай баримтаар 2018 оны 11 сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөг, 2019 оны 01 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг, 0000654 дугаартай баримтаар 2018 оны 12 сарын 30-ны өдөр 2 100 000 төгрөг, 2019 оны 01 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 02 сарын 02-ны өдөр 516 000 төгрөг, нийт 4 616 000 төгрөгийг тус тус зээлдэн авч, огноо болон сунгалт хэсэг, мөнгө хүлээн авсан хэсэгт гарын үсгээ зурсан нь шинжээчийн дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. 

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдыг нийт 9 116 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар талуудын барьцааны зүйл нь газар эзэмших эрх байх тул үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/00868 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-аас 9 812 960 төгрөг гаргуулан, хариуцагч “Т-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 589 433 төгрөгт холбох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            3 дах заалтын “... 119 811 ...” гэснийг “171 957” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчөөс төлсөн 66 135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 104 455 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                    

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

         ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ