Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 114/2017/0029/з |
Дугаар | 221/МА2017/0630 |
Огноо | 2017-09-05 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0630
“Х б” ХХК-ийн Дархан салбарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Х.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х б-ны Дархан салбарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 313 дугаар зүйлийн 313.1.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэгч В.Гантуяагийн иргэн А.Наранчимэгийн барьцааны эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор бүртгээгүй үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 458200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарт олгож, үлдсэн хэсэг болох хохирол 32029252.49 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгч Д.Оюунчимэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гантуяагийн өмгөөлөгч гэх эрх зүйн байдалтайгаар оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогч байх боломжгүй этгээдийг оролцуулсан гэж үзэж байна. Хариуцагч нь өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гантуяа биш, харин Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж түүний үндсэн дээр өмгөөлөгчийн эрх, үүрэг тодорхойлогдох ёстой байсан. Мөн улсын бүртгэгч В.Гантуяа хариуцагч буюу Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарчим, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.3-т заасантай тус тус зөрчилдөж байгаа. В.Гантуяагийн үйлдэлтэй холбоотой асуудлаар хэргийг хянан хэлэлцэхэд хариуцагч байгууллагыг төлөөлөх боломжгүй талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлээгүй буюу хавтаст хэрэгт тус хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж, тогтоол шийдвэр байхгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121 дүгээр зүйлийн 121.1.14 дэх хэсгийн дагуу Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн Дархан салбараас “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч В.Г иргэн А.Н-ийн барьцааны эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор бүртгээгүй үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 543.150 төгрөг, гуравдагч этгээд А.Н-т төлөх улсын тэмдэгтийн хураамж 458.200 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “барьцаа хөрөнгөөр хангагдах ёстой байсан шаардлагын хэмжээгээр буюу 31,486,102,49 төгрөгийн хохирол гаргуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М, З.Б нарт холбогдох “зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 36.055.659 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 736 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1197 тогтоолууд хүчин төгөлдөр болсон байх ба уг шийдвэрүүдээр хариуцагч Б.М, З.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.055.659 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэтэл дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн гэх 31,486,102,49 төгрөгийг хохиролд тооцон захиргааны байгууллагаас шаардаж байгааг захиргааны хэргийн шүүх дахин шийдвэрлэх боломжгүйн зэрэгцээ энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т тодорхойлсон хохиролд хамаарахгүй байна.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглосон нөхцөл байдалд хамаарахгүй, захиргааны байгууллагаас олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хариуцагчийг төлөөлж улсын бүртгэгч В.Г оролцсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарчим, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.3-т заасантай нийцэхгүй, өмгөөлөгч Д.О нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г өмгөөлөгч гэх эрх зүйн байдалтайгаар оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН