Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 495

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Болдмаа

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд нь эрхэлж байсан албан тушаал “ТЗ-10 зэрэглэл түүнтэй дүйцэхүйц албан тушаал”-д эргүүлэн томилохыг БСШУЯ-нд даалгах, ажилгүй байсан хугацааны хохиролыг гаргуулж, НДШ-ийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Болдмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Болдмаа 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр намайг ССАЖЯ-ны СХОХ-ийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгохоор шийдвэрлэсэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Харин 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ССАЖЯам татан буугдсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шаардлагыг БСШУЯ-нд хүргүүлсэн боловч уг шийдвэрийг хэрэгжүүлэх этгээд тус яам биш гэж тайлбар ирүүлснээр байсан. 2015 оны 10 дугаар сарын 8-ний  өдрийн БСШУЯ-наас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 2/9371 тоот албан бичигт төсвийн тодотголд тусгуулахаар хандсан тухай тайлбар ирүүлсэн тул хүлээж 2016 оны төсөвт сууж хэрэгжих юм байна гэж хүлээсэн. 2016 оны 2 дугаар сарын 1-нд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булган-Эрдэнэтэй уулзсан намайг соёлын өвийн хэлтсийн даргаар ажиллуулах саналтай байгаагаа хэлж сайдтай уулз гэсэн. Гэтэл тушаал гарахгүй удаад байсан бөгөөд АТГ-с явуулсан бичгийн хариу ирэнгүүт тушаал гаргана гэж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр дээр намайг ажилд томилсон заалт байхгүй байна гэсэн үндэслэлээр ажилд авах тушаал гаргаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагад хэлтсийн даргын албан тушаалд буцаан тогтоолгох бие даасан шаардлага гаргаагүй тухайн үед яамандаа ажиллаж байсан тул тодорхой асуудлаар тохиролцоо хийж байсан юм гэжээ.

Хоёр. Хариуцагч Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Булган-Эрдэнэ 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалд заасан 16.771.517 төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дансанд, албан тушаал бууруулсан цалингийн зөрөө болох 1.251.426 төгрөгийг иргэн Ц.Болдмаагийн дансанд тус тус 2016 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Ц.Болдмаагийн урд нь ажиллаж байсан гэх ТЗ-10 буюу хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо тус яаманд байхгүй. Ажлын байрны талаар өмнө нь тус яам шүүхэд удаа дараа дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гаргаж өгч байсан болно. Нэхэмжлэлд дурьдсан нэмэлт төлбөр болон бусад зардлыг яамнаас төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэлд дурьдсан асуудлыг сайтар судлан өмнө нь шүүхэд хэлэлцэх үед гаргаж байсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Ц.Болдмаа 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тайлбарын 21-т “Хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасан захиргааны хэргийн шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно” гэдэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой тусгахыг ойлгоно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Захиргааны хэргийн 3-н шатны шүүхийн шийдвэрээр намайг ССАЖЯ-ны СХОХ-ийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгохоор шийдвэрлэсэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Харин 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ССАЖЯам татан буугдсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шаардлагыг БСШУЯ-нд хүргүүлсэн боловч уг шийдвэрийг хэрэгжүүлэх этгээд тус яам биш гэж тайлбар ирүүлсээр байсан. 2015 оны 10 дугаар сарын 8-ний  өдрийн БСШУЯ-наас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 2/9371 тоот албан бичигт төсвийн тодотголд тусгуулахаар хандсан тухай тайлбар ирүүлсэн тул хүлээж 2016 оны төсөвт сууж хэрэгжих юм байна гэж хүлээсэн. 2016 оны 2 дугаар сарын 1-нд БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш. Булган- Эрдэнэтэй уулзсан намайг соёлын өвийн хэлтсийн даргаар ажиллуулах саналтай байгаагаа хэлж сайдтай уулз гэсэн. Гэтэл тушаал гарахгүй удаад байсан бөгөөд АТГ-с явуулсан бичгийн хариу ирэнгүүт тушаал гаргана гэж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр дээр намайг ажилд томилсон заалт байхгүй байна гэсэн үндэслэлээр ажилд авах тушаал гаргаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагад хэлтсийн даргын албан тушаалд буцаан тогтоолгох бие даасан шаардлага гаргаагүй тухайн үед яамандаа ажиллаж байсан тул тодорхой асуудлаар тохиролцоо хийж байсан юм. Иймд урьд нь эрхэлж байсан албан тушаал “ТЗ-10 зэрэглэл түүнтэй дүйцэхүйц албан тушаал”-д эргүүлэн томилохыг БСШУЯ-нд даалгах, захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭЛ

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч Ц.Болдмаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.Захиргааны акт гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах шаардлагын тухайд: Ц.Болдмаа нь Соёл спорт аялал жуулчлалын яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Соёл спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын Б/05 дугаар тушаалаар 2012 оны 9 дүгээр сарын 10-ний өдрөөс томилж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнээр томилж, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/339 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  Анхан шатны шүүх 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаал, болон мөн оны 3 дугаар сарын сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, цалингийн зөрүү болох 1.181.226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хэвээр батлагдаж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэ шүүхийн шийдвэр шүүхээр хянагдаж байх явцад Ц.Болдмааг Соёл спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн “ажлаас халах тухай” Б/339 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ. Нэхэмжлэгч мөн энэ тушаалыг эс зөвшөөрч 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Соёл спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/339 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал ажилгүй байсан хугацааны цалин 11.411.129 төгрөг тэтгэмж болох 200000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг 16.771.517 төгрөг гэж өөрчлөн шийджээ. Нэхэмжлэгч ажлын байрны орон тоогоор хангахгүй байгаа Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны үйлдлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч дээрх анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ алинд ч урьд эрхэлж байсан албан тушаалдаа буцаан томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчийг ажил албан тушаалаас халсан эрх бүхий албан тушаалтны актуудыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соёл, спорт аялал жуулчлалын яам татан буугдаж Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамыг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд шилжүүлжээ. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо  цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжийг олгосон байх тул Ц.Болдмааг урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц /ТЗ-10/ ажил албан тушаалд томилох үүрэгтэй нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

Ц.Болдмаагийн 2013 оны 11 дүгээр сарын  22-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 32.587.736 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийн  нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв байга цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Болдмаа нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлүүддээ ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж байгаагүй байна. Анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаал, болон мөн оны 3 дугаар сарын сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, цалингийн зөрүү болох 1.181.226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Соёл спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/339 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал ажилгүй байсан хугацааны цалин 11.411.129 төгрөг тэтгэмж болох 200000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байснаас харахад Ц.Болдмааг  урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож байсан шүүхийн шийдвэр гараагүй байна. Иймд нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага буюу  ажилгүй байсан хугацааны цалин болох  32.587.736 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах тухай хүсэлт гаргаж хуралдаанд ирдэггүй бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 1 хүртэл ээлжийн амралттай гэсэн  хүсэлт ирүүлсэн тул шүүх  хуралдааныг хойшлуулан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шүүх хуралдаан зарлаж товыг мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар  түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд холбогдуулж гаргаснаар Ц.Болдмааг өмнө эрхэлж байсан Соёл спорт аялал жуулчлалын яамны Санхүү хөрөнгө  оруулалтын хэлтсийн дарга /ТЗ-10/-ын дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй  тэнцэх хэмжээний олговор болох 32.587.736 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь буюу 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ