Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0589

 

Иргэн Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Болдмаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Болдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Урьд нь эрхэлж байсан албан тушаал ТЗ-10 зэрэглэл түүнтэй дүйцэхүйц албан тушаалд эргүүлэн томилохыг БСШУЯ-нд даалгах, ажилгүй байсан хугацааны хохирлыг гаргуулж,  нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 495 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд холбогдуулж гаргаснаар Ц.Болдмааг өмнө эрхэлж байсан Соёл, спорт аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга /ТЗ-10/-ын дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 32.587.736 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг хариуцагчаа гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Болдмаа давж заалдах гомдолдоо: “Миний Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн  254 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 6674 дугаар захирамжаар “...иргэн Ц.Болдмаагийн нэхэмжлэлийг хангаж албан тушаалд нь эргүүлэн тогтоож, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 1,181,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны СХОХ-ийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгосон асуудлын маргаан шүүх /дээд/-ээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө хариуцагч намайг мэргэжилтний ажлаас халсан. Мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьд нь албан тушаал бууруулсан асуудлыг хууль бус гэж үзэн тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг олгуулах шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж ажилд эргүүлэн тогтоох шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдэж, хэрэгжүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан тул нэхэмжлэлд ажилд эргүүлэн томилуулах шаардлагагүй гэж үзэн ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагуудыг гаргаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7075 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн өдрийн 95 дугаар гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Намайг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны СХОХ-ийн даргын албан тушаалаас мэргэжилтэн болгосон, мэргэжилтний ажлаас халсан тушаалуудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүдэор би яамны хэлтсийн дарга болон мэргэжилтэн хэвээрээ байгаа гэж ойлгогдож байна. Нэгэнт албан тушаал бууруулсан болон ажлаас халсан шийдвэрүүд хүчингүй болсон тул ажилд томилсон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж намайг ажилд буцаан томилох ёстой.

Ажилд буцаан томилох үүрэг бүхий хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдсан ба шинээр эрх залгамжлан авч шүүхэд хариуцагчаар оролцсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа /эс үйлдэхүй/ явдал хууль бус болохыг тогтоолгохоор дахин шүүхэд нзхэмжлэл гаргасан.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас миний хууль ёсны эрх ашиг хохирсон хэвээр байгаа төдийгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесст надаас үл хамаарах олон өөрчлөлт орж, би ажилгүй орлогогүй байгаа тул шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт "... шүүх хурлаар мэргэжилтний ажлаас халсан тушаалын үндэслэлийг хянаж хүчингүй болгуулах, мэргэжилтний ажлаас халагдаж ажилгүй байсан хугацааны цалинг олгох нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэж байгаа тул хэлтсийн даргын цалин орсон нийгмийн даатгалын дэвтрийн дүнгээр хохирол тооцох боломжгүй гэж үзсэн ба шүүхийн шийдвэрт Ц.Болдмаа нь ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн нэмэгдлийн зөрүү зэргээ жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр магадлал нөлөөлөхгүй болохыг дурьдсан.

Иймд ажлаас халагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу нийт 3 жилийн цалин, нэмэгдлийг сар өдрөөр тооцож нэхэмжлэлд хавсаргасан.

Нийгмийн даатгалын дэвтрийн үндсэн цалингийн орлогоор тооцож нийт орлого 49,359,253 төгрөг, үүнээс шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16,771,517 төгрөг, зөрүү 32,587,736 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэн ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн ба ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт энэхүү гомдлыг гаргаж, захиргааны байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон эрх ашгаа сэргээлгэх, ажилгуй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хийлгэх гомдлыг гаргаж байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд томилохгүй байгаагаас би хохирсоор байгаа бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг анхан шатны шүүх тогтоосон боловч хохирлыг төлүүлэхээр шийдвэрлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 36.2-т “Ажилтны уръд эрхэлж бапсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй”, 36.3-д “Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухапн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нъ эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бух хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас харахад ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдвол ажилд нь эргүүлэн тогтоох, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох шийдвэрийг шүүх болон төрийн захиргааны байгууллага гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа эргүүлэн тогтоохоор заах ёстой гэж хуульчлаагүй байна. Гэтэл  шүүх   эргүүлэн  тогтоохоор шийдвэрлэсэн мөртлөө хохирол нэхэмжилсэн шаардлагыг хангахгүй орхигдуулсан нь хууль бус байна.

Мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжид ажилд эргүүлэн тогтоохоор зааж, хуулийн хүчин төгөлдөр хэрэгжиж байсан бөгөөд энэхүү захирамж хүчингүй болсныг мэдсэн дариуд шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаа үйл баримтыг шүүх зөв үнэлээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон туүний үндсэн дээр олгогдох гүйиэтгэх хуудас байна” гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2016 оны бүтэц, төсвийн хуулийг хүлээж, надад мөн тэрхүү хариуг ирүүлж байсан.

Ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр нөхөн олговрыг олгохгүйгээр шийдвэрлэсэн төдийгүй албан тушаал бууруулсан захиргааны акт хүчингүй болчихоод байхад ажилтны эрхийг хэрхэн сэргээх, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь маргаан бүхий байлдлыг хэвээр нь үлдээсэн.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 70.2.4-д “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах”, 70.2.6-д “захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах”, 70.4-д “3ахиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажилллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу гомдлыг шийдвэрлэж өгнө үү.

Мөн Иргэдийн төлөөлөгч шүүх хуралд амаар хэлсэн дүгнэлтийн агуулга нь “Нэхэмжлэгчийн ажилд эргүулэн тогтоох захирамжийг өөрчилсөн нь хариуцагч хэрэгжүүлэхгүй байх үндэс болж, захирамж өөрчлөгдсөнийг мэдээгүйгээс ойлгомжгүй ийм байдалд хүрч хохирсон байх тул шийдэж өгөх нь зүйтэй” гэснийг харгалзаагүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаар төрийн байгууллага нэгтгэх нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөгдөх зэрэг байдлаар өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ажлын байрны чиг үүрэг нь хадгалагдсан, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны орон тоо цөөрсөн, түүнчлэн төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдлуудад төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа хэрхэн хангагдах талаар тус тус ялгаатай байдлаар зааж зохицуулсан байна.

Нэхэмжлэгчээс “... шүүхийн шийдвэрүүдээр намайг албан тушаал бууруулсан, ажлаас халсан тушаалуудыг хүчингүй болгосон ... ажилд буцаан томилох үүрэг бүхий хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдсан ба шинээр эрх залгамжлан авч ажлаас халагдсан асуудалд шүүхэд хариуцагчаар оролцсон  Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажилд буцаан томилох үүрэг өгөгдөөгүй болно. Мөн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас миний хууль ёсны эрх ашиг хохирсон хэвээр байгаа тул шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах...” гэж, харин хариуцагчаас “...яамнаас захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 16 771 517 төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дансанд, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 1 251 426 төгрөгийг Болдмаагийн дансанд 2016 оны 03 дугаар сарын 11, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн, ...Ц.Болдмаагийн урьд нь эрхэлж байсан гэх ТЗ-10 буюу хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо тус яаманд байхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсэх, орон тоо нь цөөрсөн эсэх, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлын байрны орон тоо хасагдсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тайлбарлан “...төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжийг олгосон байх тул Ц.Болдмааг урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд томилох үүрэгтэй” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т /төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно/ заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ...Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц ажил албан тушаалд  томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь хуваагдах, тусгаарлах зэрэг байдлаар өөрчлөн байгуулагдсан эсэх, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан эсэх зэрэг тус төрийн байгууллага хэрхэн өөрчлөгдсөнтэй холбоотой баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй буюу тус яаманд нэхэмжлэгчийн маргаж буй ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг даалгах бодит боломж байгаа эсэх талаар тодруулсны эцэст хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна.

 Нэхэмжлэгч Ц.Болдмаа нь Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албыг хашиж байсан бөгөөд дээрх албан тушаалаас бууруулж, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн болгосныг, түүнчлэн мэргэжилтний албан тушаалаас халсан шийдвэрүүдийг тус тус эс зөвшөөрч шүүхэд хандаж маргасан байх бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн төгөлдөр болсон байна.

 Харин энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...Цалин хөлсийг бууруулахгүйгээр, төрийн албаны ТЗ-10 зэрэглэлийн албан тушаалд буцаан томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацаа болох ажлаас халагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах...” гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрийг болон түүнтэй холбогдуулан хариуцагчийн тайлбарыг авч, мөн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд  цуглуулж, тодруулан улмаар харьцуулан дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн цалин хөлс гаргуулах шаардлагатай нь холбогдуулан ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, тооцоолол зөв эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхээс үл хамааран уг шаардлагын үндэслэл болсон ажилгүй байсан хугацаанд олгох цалин хөлстэй холбоотой баримтууд болох нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга буюу ТЗ-10 ангиллын цалингийн цэс, болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн өөрөө тооцож гаргасан цалин хөлс, шимтгэлтэй холбоотой тооцоолол нь зөв эсэх талаар хариуцагчаас тодруулаагүйгээс гадна хариуцагчийн “...16.771.517 төгрөгийг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дансанд, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү болох 1.251.426 төгрөгийг иргэн Ц.Болдмаагийн дансанд тус тус шилжүүлсэн...” гэх тайлбартай холбоотой баримтуудыг цуглуулж, бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 Түүнчлэн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө”, 9 дүгээр зүйлийн 9.6-д “Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж тус тус заасны дагуу заасан байх тул нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга байхад шүүх хариуцагчийг зөв тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 31 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 31.2-т “Шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, журмыг Улсын дээд шүүх тогтооно”, 32.2-т ”Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас хэрэг маргааны талаар дүгнэж буй шийдлийг агуулсан, хууль хэрэглээний эрх зүйн акт болох анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэрэг маргаанд хамаарал бүхий этгээдийн хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, заавал биелэгдэх шинжтэй Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй актын хувьд хууль, журмаар тогтоосон албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагад нийцсэн байх учиртай.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хэл найруулгын хувьд утга төгөлдөр байх, оновчтой зөв томъёологдсон, товч тодорхой байх, утга санааг бүрэн илэрхийлсэн байх, логик дэс дараалалтай байх, бичвэрийн агуулга, сэдэв өөрчлөгдөх тохиолдолд догол мөрнөөс эхлэн бичих гэх зэрэг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоол, 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай” зөвлөмж, Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” 68 дугаар тушаалаар батлагдсан аргачлалд нийцсэн байх учиртайг шүүх  анхаарвал зохилтойг жич тэмдэглэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР

 ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ