Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00887

 

 

Г.Эын нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00439 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Эын хариуцагч Ц.Эад холбогдуулан сэтгэл санааны хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орой иргэнийхээ үүргийг биелүүлж, архи ууж хоорондоо агсан тавьж байсан залуусыг цагдаа дуудаж өгсөн. Дуудлагаар ирсэн 2 цагдаа хөгшин бид хоёрыг авч явж мэдүүлэг авна гэснээс маргаан үүсч, улмаар миний өрөөсөн тавчикийг гудамжид орхиулж, гар ард мушгиад машин руу хүчээр оруулж, сандалтай хавсарч араас хоолой боож авч явж, цагдаагийн гадаа ирэхэд манай эхнэрийг цагдаа Ц.Э хэл амаар доромжилж, цохисон. Үүнээс үүдэн Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар шүүхээр орж эмчилгээний зардал 1 418 000 төгрөг, 91 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж, 461 дүгээр ангид ялаа эдэлсэн. Ахлах ахлагч Ц.Э нь ял хөнгөдсөн гэж давж  заалдаад хохирлын мөнгөө улам бүр нэмж төлөхийг шаардсан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нябо н.Алтанчимэг нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон. 4 жил гаруй бие сэтгэлийн асар их дарамт амсаж, шөнө унтаж чадахгүй болж, даралт ихсэж, чихрийн шижин зэрэг өвчин тусч эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Бие сэтгэлийн энэ дарамт, сэтгэл санааны хохиролд 3 000 000 төгрөгийг цагдаагийн ахлах ахлагч Ц.Эаас нэхэмжилж байна. Шүүхээс өгсөн ялаа эдэлсэн, 1 800 000 төгрөгийг төлөөд дууссан, гэтэл гарч ирсэний дараа шүүхийн шийдвэрийнхэн ирээд ямар ч нотлох баримтгүй мөнгө нэхсэн.  Шүүх хурал хуурамч нотлох баримтаар дүгнэлт гаргасан. Прокурор н.Оюунгэрэл иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болно гэж зөвлөсөн. Одоо тэтгэвэрийн хориог нээлгэх хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр дээр 50 хувиар хаадаг. Мөнгө өгөх боломж байхгүй, 2 жил тэтгэвэр авч чадаагүй, эхнэрийнхээ тэтгэвэрийг 2021 он хүртэл зээлүүлж авсан. Хохирлыг тооцвол 3 сая төгрөгөөр тогтохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 2007 оны 02 дугаар сараас эхлэн одоог хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажиллаж байна. 2015 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад тус дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны подволд хүмүүс архидаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиход тухайн асуудлыг газар дээр нь шийдэх боломжгүй байсан. Ингээд цагдаагийн хэлтэс рүү нэхэмжлэгч Г.Эыг авчирхад машинаас бууж ирмэгцээ миний зүүн шанаа руу 2 удаа гараараа цохиж эрүүний зүүн буланд ташуу, зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Тухайн хэргийг цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 201526030219 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалган прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлэн, прокурор мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 728А дугаартай шийтгэх тогтоолоор Г.Эыг гэм буруутайд тооцсон. Уг шийдвэрийн дагуу олгосон 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1272 дугаартай гүйцэтгэх хуудаст Г.Эаас 2 282 000 төгрөгийг надад олгохоор тогтоосон боловч 1 500 000 төгрөгөөс сайн дураараа татгалзаж, үлдэгдэл төлбөр дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байна. Г.Эаас ямар нэгэн мөнгө илүү нэхсэн дарамталсан зүйлгүй бөгөөд эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтын дагуу шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Авлигатай тэмцэх газар хариуцагчийг шалгуулахаар өгсөн ч хариу бичиг нь хэрэгт авагдсан. Тухайн үед нэхэмжлэгч ажлаа хийгээгүй, 7 сард хоёр сарын цалингаа тэтгэмж хэлбэрээр авсан. Хариуцагч тухайн үед эмнэлэгт хэвтээд, лист хэлбэрээр цалингаа авч байсан. Г.Э одоо 24 000 төгрөг төлөөд л тооцоо дуусна. Дараа сараас эхлэн тэтгэвэр нь нээгдэх байх гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Эаас сэтгэл санааны хохирол 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь зааснаар нэхэмжлэгч Г.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч намайг хууль дүрмийг минь мэдэхгүйг минь далимдуулж иргэдийн төлөөлөгч ирээгүй байна оруулахгүй байх уу гэхээр нь би тэгэж болдог юм бол тэг гээд хурлыг хийлгэсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэсэн байна. Хэдийгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч гэсэнхууль зөрчиж болохгүй гэж үзэж байна. Учир нь бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэж байгаа бол иргэдийн төлөөлөгчийг оролцуулна тэр бүү хэл иргэдийн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаад санал хүсэлтээ хэлэх ёстой юм байна. Ер нь аливаа нэгэн асуудал бүгд хууль дүрмээрээ явах ёстой гэж иргэн би өндөр насны тэтгэвэр гарсан ахмад хүний хувьд өнөөдрийг хүртэл үнэнийг эрхэмлэж аав, ээж минь ч гэсэн ингэж л сургаж ирсэн. Иймд хууль зөрчиж иргэни намайг хууль мэдэхгүйг минь далимдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.Эад холбогдуулан сэтгэл санааны хохиролд 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Г.Э нь 2015 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа цагдаагийн ахлах ахлагч Ц.Эын тавьсан хууль ёсны шаардлагыг  үл биелүүлж, түүний шанаан тус газар цохиж эрүүг нь хугалж, биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, хохиролд 2 282 000 төгрөг гаргуулж Ц.Эад олгохоор шийдвэрлэгдсэн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 728А тоот шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 18-20 дугаар тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, эдгээрийн хоорондын шалтгаант холбоо болон гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг. Хэргийн баримтаар хариуцагч Ц.Э нэхэмжлэгч Г.Эад гэм хорын хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. Тодруулбал, хариуцагчийн биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлийнхээ төлөө нэхэмжлэгч эрүүгийн гэмт хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж, түүнд учирсан хохирлыг барагдуулах ажиллагааг төрийн эрх бүхий байгууллага явуулсантай холбоотойгоор хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн, ямар хохирол учирсанд хариуцагчийн ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг нэхэмжлэлийн хамт шүүхэд гаргаагүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар өөрийн гэм буруугаас болж нэхэмжлэгчид хохирол учраагүй гэдгийг нотлох шаардлага хариуцагчид үүсэхгүй юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхэд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заасан бөгөөд тус шүүхийн тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/36 дугаар Дэд жагсаалт батлах тухай тушаалын хавсралтаар иргэн Б.Жавхлан сонгогдож, түүнд шүүх хуралдааны товыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, үүнтэй холбоотой зохигчид тайлбар, хүсэлт байхгүй гэсэн, иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах санал гаргаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн./хх-54 дүгээр тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй. Иймд шүүхээс иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй гэж хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсаны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00439 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

             

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                

                               ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ