Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/00439

 

2020 оны 02 сарын 14 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00439

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн 0 дүгээр хороо, 120 мянгат, 0 байр, 00 тоотод оршин суух, Х овогт Г-ын Э /рд:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Нэхмэл 00 байр, 00 тоотод оршин суух, Б овогт Ц Э /рд:000000000/-д холбогдох,

 

  Сэтгэл санааны хохиролд  3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орой иргэнийхээ үүргийг биелүүлж, архи ууж хоорондоо агсан тавьж байсан залуусыг цагдаа дуудаж өгсөн. Дуудлагаар ирсэн 2 цагдаа хөгшин бид хоёрыг авч явж мэдүүлэг авна гэснээс үүдэн маргаан үүсч миний өрөөсөн тавчикийг гудамжид орхиулж, гар ард мушгиад машин руу хүчээр оруулж, сандалтай хавсарч араас хоолой боож авч явж цагдаагийн гадаа ирэхэд манай хөгшинг цагдаа Ц.Э хэл амаар доромжилж, цохисон. Үүнээс үүдэн би Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар шүүхээр орж эмчилгээний зардал 1 418 000 төгрөг, 91 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж, 461 дүгээр ангид ялаа эдэлсэн. Ахлах ахлагч Ц.Э нь ял хөнгөдсөн гэж давж  заалдаад хохирлын мөнгөө улам бүр нэмж төлөхийг шаардсан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нябо н.Алтанчимэг нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон. 4 жил гаруй бие сэтгэлийн асар их дарамт амсаж, шөнө унтаж чадахгүй болж, даралт ихэсэж, чихэрийн шижин зэрэг өвчин тусч эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Миний бие сэтгэлийн энэ дарамтыг цагдаа ахлах ахлагч Ц.Э-аас нэхэмжилж гомдол гаргаж байна. Сэтгэл санааны хохирол 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүхээс ялаа эдэлсэн. 1 800 000 төгрөгийг төлөөд дууссан. Гарч ирсэний дараа шүүхийн шийдвэрийнхэн ирээд надаас ямар ч нотлох баримтгүй мөнгө нэхсэн. Хохирогч тал хэлсэн үгээ ойлгохгүй байна уу. 1 418 000 төгрөгийг 2  сая төгрөгөөс хасахаар 700 гаруй мянган төгрөг үлдэж байгаа. Шүүх хурал хуурамч нотлох баримтаар дүгнэлт гаргасан. Прокурор н.О надад иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болно гэж зөвлөсөн. Одоо би тэтгэвэрийн хориог нээлгэх хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр дээр 50 хувиар хаадаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн дарга н.Э, н.С дуудан оруулан хэлсэн байдаг. Миний группыг нээх болсон тухай албан бичиг хэрэгт байгаа. Надад мөнгө өгөх боломж байхгүй, 2 жил тэтгэвэр авч чадаагүй, эхнэрийнхээ тэтгэвэрийг 2021 он хүртэл зээлүүлж байж авсан. Миний хохирлыг тооцвол 3 сая төгрөгөөр тогтоохгүй” гэв.

 

  Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2007 оны 02 дугаар сараас эхлэн одоог хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажиллаж байна. 2015 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө миний бие ажил үүргээ гүйцэтгэж байхад тус дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны подволд хүмүүс архидаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирж дуудлагын дагуу очиход тухайн асуудлыг газар дээр нь шийдэх боломжгүй байсан тул цагдаагийн хэлтэс рүү нэхэмжлэгч Г.Э-ыг авчирхад машинаас бууж ирмэгцээ миний зүүн шанаа руу 2 удаа гараараа цохиж эрүүний зүүн буланд ташуу, зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Тухайн хэргийг цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 201526030219 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалган прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлэн прокурор мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 728А дугаартай шийтгэх тогтоолоор Г.Э-ыг гэм буруутайд тооцсон. Шүүхийн 728А дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1272 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан ба тус гүйцэтгэх хуудаст нэхэмжлэгч Г.Э-аас 2 282 000 төгрөгийг надад олгохоор тогтоосон ба миний бие тухайн үнийн дүнгийн 1 500 000 төгрөгөөс сайн дураараа татгалзаж, үлдэгдэл төлбөр дээр Нийслэлийн шүүхийн шийдзэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байна. Миний бие Г.Э-аас ямар нэгэн мөнгө илүү нэхсэн дарамталсан зүйлгүй бөгөөд эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн хохиролын баримтын дагуу хохиролоо нэхэмжилсэн болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Авлигатай тэмцэх газар хариуцагчийг шалгуулахаар өгсөн ч хариу бичиг нь хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед нэхэмжлэгч ажлаа хийгээгүй, 7 сард хоёр сарын цалингаа тэтгэмж хэлбэрээр авсан. Харуицагч тухайн үед эмнэлэгт хэвтээд, лист хэлбэрээр цалингаа авч байсан. Тэр баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Г.Э одоо хохирлын асуудлаа дуусгасан. Одоо 24 000 төгрөгийг аваад л энэ тооцоо дуусна. Дараа сараас эхлэн тэтгэвэр нь нээгдэх байх”гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.Э-ад холбогдуулан сэтгэл санааны хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.   

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Э нь “...Миний бие сэтгэлийн энэ дарамтыг цагдаа ахлах ахлагч Ц.Э-аас нэхэмжилж гомдол гаргаж байна. Сэтгэл санааны хохирол 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.  

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа цагдаагийн ахлах ахлагч Ц.Э-ын шанаан тус газар нь Г.Э цохиж эрүү хугалан биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “... Ц.Э-ын биед эрүүний зүүн буланд ташуу, зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт гарч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний 728А шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Э-ыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 5/385 дугаар, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5/639 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар Г.Э-ын гаргасан гомдлын хариуд “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах үндэслэлгүй уг асуудлаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой” гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь дээрх сэтгэл санааны хохирол 3 000 000 төгрөгийн хохирол учирснаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, өөр бусад байдлаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-аас сэтгэл санааны хохирол 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.МӨНГӨНТУУЛ

 

                                      ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ