Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 886

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00886

 

 

Б.Н, Н.Б нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын хариуцагч “Т.А” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 4 368 730 төгрөг гаргуулж, 1 190 688 төгрөгийг Б.Нид, 3 048 542 төгрөгийг Н.Бад, орон сууцны талбайн хэмжилтийн ажлын хөлс 129 500 төгрөг гаргуулж олгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н, Н.Б нар нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Т.А ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 80 дугаар байранд Б.Н 46,6 м.кв талбайтай 2 өрөө, Н.Б 44,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг тус тус захиалж, орон сууцаа гэрээнд заасан талбайн хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Гэтэл Т.А ХХК-иар орон сууц захиалан бариулсан иргэдийн дунд орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар мэдээллийг олж сонсоод өөрсдийн орон сууцны талбайн хэмжээг шалгуулахаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зураг төслийн Тоонтогранд ХХК-д хандаж дүгнэлт гаргуулсан. Тус байгууллагаас гаргасан дүгнэлтээр Б.Нийн орон сууц 45,52 м.кв, Н.Бын орон сууц 41,32 м.кв гэж тус тус тогтоосон. Т.А ХХК гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайн хэмжээг Б.Нийн хувьд 1,08 м.кв, Н.Бын хувьд 2,78 м.кв талбайг дутуу буюу биет байдлын доголдолтойгоор гүйцэтгэж шилжүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Орон сууц захиалгын гэрээний дагуу Б.Н 46,6 м.кв талбайтай орон сууцыг нийт 51,376,000 төгрөгөөр захиалсан бөгөөд 1 м.кв талбайн үнэ 1,102,489 төгрөг, Н.Б 44,1 м.кв талбайтай орон сууцыг 48,360,000 төгрөгөөр захиалсан бөгөөд 1 м.кв талбайн үнэ 1,096,598 төгрөг болох ба дээрх талбайн зөрүүгээр тооцоход Б.Нид 1,190,688 төгрөг, Н.Бад 3,048,542 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч Т.А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцаа нэхэмжлэгч нар 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хөрөнгийн өмчлөх эрх 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталгаажиж, гэрчилгээ авчээ. Тоонто гранд ХХК-иар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ дутсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.А ХХК-иас 4,368,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр акт үйлдэн захиалагч нарт хүлээлгэн өгчээ гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заалт болон нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ буюу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн байгааг харгалзан үзээгүй нь шүүх бүрэлдэхүүн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн нэхэмжлэгч нар нь орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасны дагуу байгаа эсэхэд эргэлзэж, Тоонтгранд ХХК-аар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэмжилт хийлгэж, Б.Нийн орон сууц 45,52 м.кв, Н.Бын орон сууц 41,32 м.кв гэх дүгнэлтийг гаргуулж, орон сууцны талбайн хэмжээний зөрүүнд тооцогдох төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нь дээр дурдсан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууцаа хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан, захиалагчид байр, түлхүүр хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн талаар шарадлага гаргах эрхтэй. Гэвч дээрх гэрээний дагуу орон сууцны талбайн хэмжээний зөрүү байгаа эсэх, уг асуудлыг хэрхэх талаар гүйцэтгэгч талд захиалагч талаас мэдэгдэж байсан гэж үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээний дагуу, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул талуудын маргаж буй маргааны үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэсэн нь дээр дурдсан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг болон мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасантай зөрчилдөж байгааг, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж 76.2-т заасантай нийцэхгүй байгаа нь шүүх бүрэлдэхүүн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Н, Н.Б нар нь хариуцагч “Т.А” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний үнэ 4 368 730 төгрөг буюу Б.Нид 1 190 688 төгрөг, Н.Бад 3 048 542 төгрөг, орон сууцанд хэмжилт хийлгэсэн зардал 129 500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Т.А ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Н, Н.Б нартай Орон сууц захиалгаар барих гэрээг тус бүрт нь байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 156 айлын орон сууцны барилгаас Б.Нид 44,1 м.кв талбайтай, 48,360,000 төгрөгийн үнэтэй, Н.Бад 46,6 м.кв талбайтай 51,376,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг хүлээлгэн өгөх, Б.Н, Н.Б нар үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, орон сууц тус бүрийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн үйл баримт байр, түлхүүр хүлээлгэн өгсөн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-43,44/ Энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

Хэргийн 10-15 дугаар талд талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээ бичгийн баримтаар авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй байх боловч тухайн гэрээнд бичигдсэн зүйлийн талаар зохигчид маргаагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Н, Н.Б, хариуцагч “Т.А” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд  ямар эрх зүйн харилцаа үүссэн болон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй шалтгаан нөхцөлийн талаар тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Талуудын тохиролцоо, хэлцлийн агуулгаас үзэхэд  2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч буюу Н.Б, Б.Н нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байгаа 156 айлын орон сууцны барилгаас 46.5 м.кв, 49.4 м.в талбайтай, 2 өрөө орон сууцуудыг захиалж төлбөрийг төлөх, хариуцагч буюу “Т.А” ХХК нь 2013 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нар нь “Т.А” ХХК-ийн барьсан орон сууцнаас сонгож авч, үнийг нь төлөх агуулгатай байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Учир нь, талууд гэрээнд заасан тодорхой м.кв бүхий орон сууцыг худалдан авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байгаа нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан. Нэхэмжлэгч буюу худалдан авагч өөрөө тухайн барилгын зураг төслийг нь хийж, материал, зардлыг гаргасны дагуу ажил гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулгаас харахад худалдсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Хэргийн нөхцөл байдал, зохигчдын тайлбараар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд Иргэний хуулийн 245 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Харин тэрээр орон сууцны талбайн зөрүү буюу доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаарджээ. Тодруулбал, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно.

Б.Н, Н.Б нар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 29 дүгээр байрны 81 тоотыг Н.Б, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 29 дүгээр байрны 82, 81 тоот орон сууцыг 2013 оны 10 сарын 04-ний өдөр шилжүүлэн хүлээн авсан,  2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлсэн болох нь нь байр хүлээн авсан акт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000300026, 000300036 дугаар гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна. /хх 8-9,43,44/

Нэхэмжлэгч Н.Б, Б.Н нар нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 912 тоот “Тоонто гранд” ХХК-аар хэмжилт хийлгэсэн тайлангаар орон сууцны талбайн хэмжээг 41,32 м.кв буюу м.кв-ын зөрүү 2,78 м.кв гэж, 45,52 м.кв буюу м.кв-ын зөрүү 1,08 м.кв гэж тогтоолгож, /хх 16-31/ улмаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч “Т.А” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Худалдан авагч нар 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууцаа хүлээн авснаас хойш талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар энэ хугацаанд худалдагчид мэдэгдэж байсан эсэх, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт  заасны дагуу тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн болон Б.Н, Н.Б нар нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлж, худалдагч талд мэдэгдэж шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн эсэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тухайн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авснаар талбайг хэмжих зэргээр дээрх доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэх ба доголдлын талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хэмжилт хийлгэж талбайн зөрүүний талаар мэдсэнээр үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн  75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч нар 2013 оны 10 сарын 04-ний өдөр шилжүүлэн хүлээн авч, 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлсэнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 75 мдугаар зүйлийн  75.2.2-т заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах талаар дүгнэсэн нь буруу бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Иймд, худалдан авагч нар худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх, гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацааг, мөн нэхэмжлэгч нар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тус тус хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00541 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т.А” ХХК-аас, 4 368 730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                                      ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                       Б.НАРМАНДАХ