Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/00541

 

                 

 

 

 

 

 

   2020           02            06                                          101/ШШ2020/00541

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Н

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Т А ХХК

 

Нийт 4,368,730 төгрөг буюу Орон сууцны талбайн зөрүү 1,190,688 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н, 3,048,542 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б ад, орон сууцны талбайн хэмжилтийн ажлын хөлс 129,500 төгрөг, гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н, Н.Б нар нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Т А” ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 160 айлын орон сууцны барилгын 80 дугаар байранд Б.Н46,6 м.кв талбайтай 2 өрөө, Н.Б 44,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг тус тус захиалж, орон сууцаа гэрээнд заасан талбайн хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан.

Гэтэл “Т А” ХХК-иар орон сууц захиалан бариулсан иргэдийн дунд орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар мэдээллийг олж сонсоод өөрсдийн орон сууцны талбайн хэмжээг шалгуулахаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зураг төслийн “Тоонтогранд” ХХК-д хандаж дүгнэлт гаргуулсан.

Тус байгууллагаас гаргасан дүгнэлтээр, стандарт-аргачлалын дагуу хэмжилт хийж, түүний талбайг тооцсон ажлын үр дүнд өрөөнүүдийн нийт нийлбэр талбайн хэмжээг гаргахад Б.Нийн орон сууц 45,52 м.кв, Н.Бын орон сууц 41,32 м.кв гэж тус тус тогтоосон нь гүйцэтгэгч “Т А” ХХК гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайн хэмжээг Б.Нийн хувьд 1,08 м.кв, Н.Бын хувьд 2,78 м.кв талбайг дутуу буюу биет байдлын доголдолтойгоор гүйцэтгэж шилжүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Орон сууц захиалгын гэрээний дагуу Б.Н46,6 м.кв талбайтай орон сууцыг нийт 51,376,000 төгрөгөөр захиалсан бөгөөд 1 м.кв талбайн үнэ 1,102,489 төгрөг, Н.Б 44,1 м.кв талбайтай орон сууцыг 48,360,000 төгрөгөөр захиалсан бөгөөд 1 м.кв талбайн үнэ 1,096,598 төгрөг болж байгааг дээрх талбайн зөрүүгээр тооцоход Б.Нид 1,190,688 төгрөг, Н.Бад 3,048,542 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч “Т А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Т А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцаа нэхэмжлэгч нар 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хөрөнгийн өмчлөх эрх 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталгаажиж, гэрчилгээ авчээ. Тоонто гранд ХХК-иар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ дутсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н, Н.Б нар нь “Т А” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу хүлээн авсан орон сууцны талбайн зөрүү нийт 4,368,730 төгрөг буюу 1,190,688 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нид, 3,048,542 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бад, орон сууцны талбайн хэмжилтийн ажлын хөлс 129,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь орон сууцны талбайн зөрүү гараагүй, орон сууц захиалгаар барих гэрээний дагуу үүссэн маргааны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч “Т А” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Н, Н.Б нартай Орон сууц захиалгаар барих гэрээг тус бүрт нь байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 156 айлын орон сууцны барилгадаа нэхэмжлэгч Б.Ноос 44,1 м.кв талбайтай, 48,360,000 төгрөгийн үнэтэй, нэхэмжлэгч Н.Баас 46,6 м.кв талбайтай 51,376,000 төгрөгийн үнэтэй орон сууцны захиалга авч, гэрээгээр тохиролцсон орон сууц тус бүрийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр акт үйлдэн захиалагч нарт  хүлээлгэн өгчээ.

Нэхэмжлэгч нар нь өөрсдийн орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасны дагуу байгаа эсэхэд эргэлзэж, “Тоонтогранд” ХХК-иар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэмжилт хийлгэж, Б.Н ийн орон сууц 45,52 м.кв, Н.Бын орон сууц 41,32 м.кв гэх дүгнэлтийг гаргуулж, орон сууцны талбайн хэмжээний зөрүүнд тооцогдох төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нар нь дээр дурдсан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууцаа хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан, захиалагчид байр, түлхүүр хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж зааснаар, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн талаар шаардлага гаргах эрхтэй.

Гэвч дээрх гэрээний дагуу орон сууцны талбайн хэмжээнд зөрүү байгаа эсэх, уг асуудлыг хэрхэх талаар гүйцэтгэгч талд захиалагч талаас мэдэгдэж байсан гэж үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.

Тодруулбал, талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээний дагуу, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул талуудын маргаж буй маргааны үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нар нь орон сууцны талбайн хэмжилтийн ажлын хөлс 129,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч энэхүү зардал нь хариуцагч тал гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол биш байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын гаргасан энэхүү зардал нь тэдний сайн дурын үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн талбайд хэмжилт хийгдсэнээс үүдэлтэй буюу Иргэний 227 дугаар зүйлийн 227.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасантай нийцэхгүй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч “Т А” ХХК-иас 4,368,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н, Н.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.УНДРАА