Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 885

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00885

 

 

Л.Мгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00373 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Мгийн хариуцагч “С.Д” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 63 152 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л.М нь С.Д ХХК-тай 2018.11.15-ны өдөр дотоод ачаа тээврийн даатгалын гэрээг байгуулж, 000061495 тоот гэрээт баталгааг хүлээн авсан бөгөөд 45.890 литр шатахуунд учирч болох эрсдэлийг даатгуулсан. Мөн гэрээний үүргийн дагуу н.Баярсайханы 5087258920 тоот дансруу даатгалын хураамж болох 522.437,6 төгрөгийг тус өдрөө буюу 2018.11.15-ны өдөр өөрийн төрсөн эх н.Мөнгөнцэцэгийн данснаас даатгалын хураамж гэсэн утгатай шилжүүлсэн ба тус компани хүлээн авсан. С.Д ХХК болон Л.М нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээт баталгааны даатгалын эрсдэл хэсэгт даатгуулагчид дараах эрсдэл учирсан бол даатгагч нөхөн төлбөр олгохоор зохицуулсан. Үүнд, байгалийн эрсдэл, галын эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрсдэл гэж тус тус заасан бөгөөд энэ нь тээвэрлэж буй түлшинд учирсан эрсдэлийг нөхөн төлөхөөр зохицуулсан зохицуулалттай юм. 2019.03.14-ний өдөр 45.890 литр шатахуун тээвэрлэж явсан 6669 УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл Дундговь аймгийн Луус сумаас урагш 10 орчим километрийн зайд онхолдож, тээвэрлэж явсан түлш асгарч,  даатгалын тохиолдол бий болж 63.152.700 төгрөгийн хохирол учирсан. Дээр дурдсан ослыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад н.Нэмэхбаярын гаргасан 2019.03.25-ны өдрийн 12 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлд жолооч Л.Мн буруутай үйлдэл тогтоогдоогүй. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Иймээс талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлтийг С.Д ХХК-д гаргасан боловч С.Д ХХК нь нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. С.Д ХХК-аас ирүүлсэн 2019.06.21-ний өдрийн албан бичгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй учир Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо уг өргөдлийг хянан шийдвэрлээд 2019.10.21-ний өдөр албан бичгээр дараах хариуг хүргүүлсэн. Дотоод ачаа тээврийн даатгалын гэрээний зүйл нь 45.890 литр шатахуун бөгөөд тус шатахуунд даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол бий болж хохирол учирсан бол даатгагч буюу С.Д ХХК нөхөн төлбөр олгохоор үүрэг хүлээсэн. Гэтэл үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд даатгалын хураамж дутуу төлсөн гэж маргасан. Хариуцагч талаас хураамжийг шалгаад нэхэмжлэгч Мөнгөншагайг хураамжаа бүрэн төлсөн байна гэж хэлээд энэ үндэслэлээр маргахаа больсон. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газраас ирсэн нэхэмжлэгч Л.Мгийн жолоодох эрхийн лавлагааг үндэслэн түүнийг хүнд даацын машин жолоодох эрхгүй байх үедээ машин барьж яван, осол гаргасан гэж үзэн гэрээний 4.15.2-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болно гэж маргаж байна. Нэхэмжлэгч Л. Мөнгөншагай тухайн үед хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх нь гэрээний зүйл биш. Харин гэрээгээр тохиролцсон болзол бүрдэж, шатахууныг тээвэрлэх явцад зам тээврийн осол гарч, шатахуун асгарсан явдалд бид нөхөн төлбөр нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл тээвэрлэж явсан 45,890 литр шатахуунаас 32,386 литр шатахуун асгарч, 13,504 литр шатахууныг хүргэх газартаа хүргэсэн байдаг. Иймд асгарсан 45,890 литр шатахууны 1 литр тутмын үнийг 1950 төгрөгөөр тооцож, Эм Жи Ойл ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн нийт 63,152,700 төгрөгийг хариуцагч С.Д ХХК-иас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Л.М нь 2019.03.14-ний өдөр Дундговь аймагт осол гаргаж даатгалын тохиолдол бий болсон. Ослоос үүдэн тээвэрлэж явсан 45.890 литр шатахуун асгарч 63.152.700 төгрөгний хохирол учирсан. Тиймээс даатгалын төлбөр гаргуулахаар даатгуулагч байгууллагад хүсэлт ирүүлсэн байдаг. Уг хүсэлтийг судлаад нэхэмжлэгчийг даатгалын хураамжийг бүрэн төлөөгүй үндэслэлээр нөхөн олговор олгохоос татгалзсан. Гэхдээ бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад материалаа дахин судалж үзэхэд Л.М даатгалын хураамжаа бүрэн төлсөн нь тогтоогдсон. Тийм учраас даатгалын хураамж бүрэн төлөгдсөн эсэх дээр маргахгүй. Харин бид нэхэмжлэгч Л.Мг жолоодох эрхийн ямар ангилалтай болохыг шалгаж, шүүхээр баримт гаргуулсан. Цагдаагийн ерөнхий газраас ирсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.Мд Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх нь 2019.04.10-ны өдөр үүссэн байна. Харин осол 2019.03.14-ний өдөр гарсан. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд осол болсноос хойш жолоодох эрхтэй болсон байна. Тийм учраас бид гэрээний 4.15.2-т зааснаар даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч Л.М эрхгүй үедээ шатахуун тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж, шатахуун асгарсан явдалд өөрөө буруутай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч С.Д ХХК‑иас 63,152,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Л.Мгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 473,713 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Д ХХК‑иас 473,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Мгийн Е ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэсэн атлаа хэдийгээр нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарсан 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй СЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх боловч энэ нь даатгалын тохиолдлын шууд шалтгаан болж чадахгүй бөгөөд гэрээний 4.15.2-т зааснаар санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэдэгт нөхцөлд хамаарахгүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Л.Мгийн осол гаргасан үйлдэл нь хэдийгээр хүсэж үйлдсэн шууд санаатай үйлдэл биш боловч осол гарсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 6669 УБВ улсын дугаартай Хово маркийн Е ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэдгээ өөрөө мэдэж байсан, жолоодвол осол гарч болно гэдгийг мэдсэн хэрнээ осол гаргахгүй байж чадна, жолоодож чадна гэж хөнгөмсөгөөр найдсан шууд бус санаатай үйлдэл юм. Энэ нь талуудын хооронд байгуулсан даатгалын тохиолдолд бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болж байна гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Техникийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Л.М Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж тусгагдсан боловч Е ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх талаар дүгнэлт гаргаагүй байгааг шүүх дүгнээгүй. Учир нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, зөрчсөн бол осол гарахад нөлөөлсөн үү гэх асуулт тавигдсанаас тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй байсан эсэх талаар асуулт тавигдаагүй байгааг шүүх дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч “С.Д” ХХК-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000061495 дугаартай даатгалын гэрээний нөхөн төлбөрт 63 152 700 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 32 дугаар тал/

Л.М нь “С.Д” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 000061495 тоот гэрээ байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, дотоод ачаа тээвэр буюу 45,890 литр шатахууныг даатгуулж хураамж төлөх,  “С.Д” ХХК нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан даатгалын гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх -4,17-18 дугаар тал/

Талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болох талаарх шүүхийн дүгнэлт, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3 дах хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж хариуцагчид хандсан ч даатгалын гэрээний 4.15, 4.15.6-д тус тус заасныг баримтлан нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн, улмаар Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаснаар тус хорооноос 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 9/3685 тоотоор даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг барагдуулахыг даатгагчид мэдэгдсэн байх боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байна./хх 5-6, 8 дугаар тал/

С.Д ХХК болон Л.М нарын хооронд байгуулагдсан гэрээний даатгалын баталгаанд даатгалын эрсдэлийг тодорхойлохдоо  даатгуулагчид  “байгалийн эрсдэл, галын эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрсдэл” учирсан бол даатгагч нөхөн төлбөр олгохоор зохицуулсан.

Даатгуулагч Л. Мөнгөншагай 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр  Хово маркийн 6669 УБВ, 6669 ТЧ улсын дугаар бүхий автомашинаар Эс Жэй Ойл ХХК-аас 45,890 литр шатахууныг хүлээн авч Язгууртны говь ХХК-д хүргэхээр тээвэрлэж явахдаа Дундговь аймагт осол гаргаж, 32,386 литр шатахуун асгарч, даатгалын тохиолдол бий болж, 63,152,700 төгрөгийн хохирол учирсан, зам тээрийн осол гарах үед жолооч Л.М Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлд жолоочийн буруутай үйлдэл тогтоогдоогүй зэрэг нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Э.Нэмэхбаярын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн тодорхойлолт, Эс Жэй Ойл ХХК-ийн албан бичиг зэрэг баримтаар нотлогдсон байна./хх-13,37, 38,50/

Дээрх зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч буруугүй буюу зохигчдын гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол бий болсон учир даатгуулагч даатгалын нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Даатгалын  хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1,  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг асгарсан 32,286 литр шатахууныг 1 литр тутамд 1950 төгрөгөөр тооцож 63 152 700 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлтэй буюу тооцооллыг буруутгах боломжгүй байна.

 Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болохоор заасан. 

Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Мг осол болох үед Е ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй буюу Хово маркийн автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан, иймээс даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан, даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлох боловч, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд тээврийн хэрэгсэлийн ангиллын талаар харилцан тохиролцоогүй байна. Иймээс энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын шалтгаан нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилалтай холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөө талаар хэргийн 80,81,83 дугаар талд авагдсан нотлох баримтаас үзвэл Л.М нь 2018 оны 11 сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох ”Е” ангилал ахиулах сургалтанд хамрагдсан, 2019 оны 04 сарын 10-ны өдөр “СЕ” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх олгогдсон байна. Эрх бүхий байгууллагын дүгнэлтээр жолооч холбогдох дүрэм, журам зөрчөөгүй, зам тээврийн осол гарахад буруугүй болохыг тогтоосон зэргээс дүгнэхэд даатгуулагчийг гэрээний 4.15.2-т заасан санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Иймд, шүүх хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 63 152 700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон бөгөөд давж заалдах гомдолд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно .

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 720 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                                         ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                          Б.НАРМАНДАХ