Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/00373

 

2020 02 13 182/ШШ2020/00373

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух Э овогт Л.М /ДС/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт  байрлах, СД ХХК /21/-нд холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 63,152,700 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ч , түүний өмгөөлөгч Г.Б , хариуцагчийн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л.М нь СД ХХК-тай 2018.11.15-ны өдөр дотоод ачаа тээврийн даатгалын гэрээг байгуулж, 000061495 тоот гэрээт баталгааг хүлээн авсан бөгөөд 45.890 литр шатахуунд учирч болох эрсдэлийг даатгуулсан. Мөн гэрээний үүргийн дагуу н.Баярсайханы 5087258920 тоот дансруу даатгалын хураамж болох 522.437,6 төгрөгийг тус өдрөө буюу 2018.11.15-ны өдөр өөрийн төрсөн эх н.Мөнгөнцэцэгийн данснаас даатгалын хураамж гэсэн утгатай шилжүүлсэн ба тус компани хүлээн авсан байдаг. СД ХХК болон Л.М нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээт баталгааны даатгалын эрсдэл хэсэгт даатгуулагчид дараах эрсдэл учирсан бол даатгагч нөхөн төлбөр олгохоор зохицуулсан байдаг. Үүнд, байгалийн эрсдэл, галын эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрсдэл гэж тус тус заасан бөгөөд энэ нь тээвэрлэж буй түлшинд учирсан эрсдэлийг нөхөн төлөхөөр зохицуулсан зохицуулалттай байдаг. 2019.03.14-ний өдөр 45.890 литр шатахуун тээвэрлэж явсан 6669 УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл Д аймгийн Л сумаас урагш 10 орчим километрийн зайд онхолдож, тээвэрлэж явсан түлш асгарч, даатгалын тохиолдол бий болж 63.152.700 төгрөгийн хохирол учирсан.

Дээр дурдсан ослыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад н.Нэмэхбаярын гаргасан 2019.03.25-ны өдрийн 12 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлд жолооч Л.М н буруутай үйлдэл тогтоогдоогүй. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн байдаг. Иймээс талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлтийг СД ХХК-д гаргасан боловч СД ХХК нь нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан байдаг. СД ХХК-аас ирүүлсэн 2019.06.21-ний өдрийн албан бичгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй учир Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо уг өргөдлийг хянан шийдвэрлээд 2019.10.21-ний өдөр албан бичгээр дараах хариуг хүргүүлсэн байдаг. Дотоод ачаа тээврийн даатгалын гэрээний зүйл нь 45.890 литр шатахуун бөгөөд тус шатахуунд даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол бий болж хохирол учирсан бол даатгагч буюу СД ХХК нөхөн төлбөр олгохоор үүрэг хүлээсэн.

Гэтэл үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд даатгалын хураамж дутуу төлсөн гэж маргасан байдаг. Хариуцагч талаас хураамжийг шалгаад нэхэмжлэгч Мөнгөншагайг хураамжаа бүрэн төлсөн байна гэж хэлээд энэ үндэслэлээр маргахаа больсон. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газраас ирсэн нэхэмжлэгч Л.Мөнгөншагайгийн жолоодох эрхийн лавлагааг үндэслэн түүнийг хүнд даацын машин жолоодох эрхгүй байх үедээ машин барьж яван, осол гаргасан гэж үзэн гэрээний 4.15.2-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болно гэж маргаж байна. Харин нэхэмжлэгч Л. Мөнгөншагай тухайн үед хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх нь гэрээний зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин гэрээгээр тохиролцсон болзол бүрдэж, шатахууныг тээвэрлэх явцад зам тээврийн осол гарч, шатахуун асгарсан явдалд бид нөхөн төлбөр нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл тээвэрлэж явсан 45,890 литр шатахуунаас 32,386 литр шатахуун асгарч, 13,504 литр шатахууныг хүргэх газартаа хүргэсэн байдаг. Иймд асгарсан 45,890 литр шатахууны 1 литр тутмын үнийг 1950 төгрөгөөр тооцож, Эм Жи Ойл ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн нийт 63,152,700 төгрөгийг хариуцагч СД ХХК-иас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Л.М нь 2019.03.14-ний өдөр Дундговь аймагт осол гаргаж даатгалын тохиолдол бий болсон. Ослоос үүдэн тээвэрлэж явсан 45.890 литр шатахуун асгарч 63.152.700 төгрөгний хохирол учирсан. Тиймээс даатгалын төлбөр гаргуулахаар даатгуулагч байгууллагад хүсэлт ирүүлсэн байдаг. Уг хүсэлтийг судлаад нэхэмжлэгчийг даатгалын хураамжийг бүрэн төлөөгүй үндэслэлээр нөхөн олговор олгохоос татгалзсан. Гэхдээ бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад материалаа дахин судалж үзэхэд нэхэмжлэгч Л.М даатгалын хураамжаа бүрэн төлсөн нь тогтоогдсон. Тийм учраас даатгалын хураамж бүрэн төлөгдсөн эсэх дээр маргахгүй. Харин бид нэхэмжлэгч Л.М г жолоодох эрхийн ямар ангилалтай болохыг шалгаж, шүүхээр баримт гаргуулсан. Цагдаагийн ерөнхий газраас ирсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.М д Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх нь 2019.04.10-ны өдөр үүссэн байдаг. Харин осол 2019.03.14-ний өдөр гарсан. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд осол болсноос хойш жолоодох эрхтэй болсон байна. Тийм учраас бид гэрээний 4.15.2-т зааснаар даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч Л.М эрхгүй үедээ шатахуун тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж, шатахуун асгарсан явдалд өөрөө буруутай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч СД ХХК-нд холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 63,152,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг даатгалын тохиолдол үүссэн, холбогдох материалыг бүрдүүлэн СД ХХК‑нд хүргүүлсэн боловч нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохыг СД ХХК‑нд мэдэгдсэн, нэхэмжлэгч Л.М нь хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх нь даатгалын тохиолдолд хамаарахгүй, даатгалын зүйл бол шатахуун байгаа, шатахуунд эрсдэл үүссэн, тэгээд ч даатгалын хураамжаа бүрэн төлсөн учир нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Л.Мөнгөншагай нь даатгалын тохиолдол бий болох үед хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь баримтаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Мөнгөншагай нь даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул гэрээний 4.15.2-т зааснаар нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч СД ХХК-тай 2018.11.15-ны өдөр даатгалын гэрээг 2019.11.14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд, энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгч Л.М нь дотоод ачаа тээвэр буюу 45,890 литр шатахууныг даатгуулж хураамж төлөх, хариуцагч СД ХХК нь даатгалын тохиолдолд бий болсон үед нөхөн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж, Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д зааснаар СД ХХК-иас Л.М д даатгалын баталгааг олгожээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Л.М нь 2018.11.15-ны өдөр өөрийн ээж С.М ийн Х банкны данснаас 700,000 төгрөг гаргуулан авч, П.Б аар дамжуулан даатгалын баталгаанд заагдсан хураамжид 522,457 төгрөгийг төлсөн байх бөгөөд, тэрээр Хово /HOWO/ маркийн 6669 УБВ, 6669 ТЧ улсын дугаартай автомашинаар Э Ж  ХХК-иас 45,890 литр шатахуун /түлш/-ыг хүлээн авч Я г ХХК-нд хүргэх явцдаа буюу 2019.03.14-ний өдөр Д аймгийн с сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж, ослын улмаас тээвэрлэн явсан 45,890 литр шатахуунаас 32,386 литр шатахуун асгарч, 13,504 литр шатахуун 2019.03.16-ны өдөр Язгууртны говь ХХК-нд хүргэгдсэн, энэхүү зам тээврийн осолд нэхэмжлэгч Л.М буруугүй болох нь тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл 2019.03.25-ны өдрийн техникийн дүгнэлт, 2019.03.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Л.М Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй, Хово маркийн 66-69 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн баруун гар талын хойд дугуй хагарсан нь ослоос өмнө үүссэн байх магадлалтай гэсэн 2019.03.25-ны өдрийн техникийн дүгнэлт гарсан, мөн Л.М н гэрчээр өгсөн мэдүүлгээр осолд орсон Хово маркийн 66-69 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.М н буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, даатгалын баталгаа, С.М ийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Язгууртны говь ХХК-ийн 2019.03.16-ны өдрийн бараа, материал хүлээн авалтын баримт, Д аймгийн авто тээврийн төвийн техникийн дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгийн схем зураглал, даатгалын гэрээ, 2019.03.25-ны өдрийн Д аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, Д аймгийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тодорхойлолт, Э Ж О ХХК-ийн тодорхойлолт, Л.М ийн төрсний гэрчилгээ, П.Б ны Х банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Зохигчдын хооронд үүссэн даатгалын гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 433.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч Л.Мөнгөншагай нь гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авахаар хариуцагч СД ХХК-нд хандсан байх боловч хариуцагч СД ХХК нь 2019.06.21-ний өдрийн 04/373 дугаар албан бичгээр ...даатгуулагч даатгалын хураамж төлөөгүй, гэрээний 4.15, 4.15.6-д зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн, түүнчлэн нэхэмжлэгч Л.Мөнгөншагай нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан, Санхүүгийн зохицуулах хороо 2019.10.21-ний өдрийн 9/3685 дугаартай албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгохыг СД ХХК-нд мэдэгдсэн байна.

Зохигчид даатгалын гэрээний дагуу даатгалын баталгаанд зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийг даатгалын эрсдэлд тооцохоор, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.15.2-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байхаар заажээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ,

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4‑т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 4.1.5‑д даатгалын хураамж гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг, 4.1.6‑д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг,

8 дугаар зүйлийн 8.1‑д даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4‑т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно,

10 дугаар зүйлийн 10.1.1‑д даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.М нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа өөрийн буруугүй үйлдлийн улмаас осол гаргаснаар Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн дурдсан зохицуулалт, зохигчдын гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдлыг бий болгосон, нэхэмжлэгч Л.М нь нөхөн төлбөр авах болзол бүрдсэн байх тул хариуцагч СД ХХК нь нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна.

 

Даатгагдах эрсдэл нь гэнэтийн буюу санамсаргүй, зөвхөн муу үр дагаврыг агуулах, тодорхой, мөнгөөр илэрхийлэгдэхүйц байх гэсэн шинжүүдийг өөртөө агуулж байдаг төдийгүй даатгалын тохиолдлын шууд шалтгаант холбоо гэсэн ойлголт гарч ирдэг. Тухайн даатгалын эрсдэл буюу даатгуулсан 45,890 литр шатахуун нь зам тээврийн ослын улмаас асгарч нэхэмжлэгч Л.Мөнгөншагайд хохирол учирсан явдал нь санамсаргүй, муу үр дагавартай, хохирол нь мөнгөөр илэрхийлэгдсэн байх дээрх шинжүүдийг бүрэн агуулж байх төдийгүй шууд шалтгаант холбоо нь даатгуулсан шатахуун асгарч, хэмжээ нь багассан, даатгалын тохиолдол үүссэн байх явдал юм.

 

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2020.02.12-ны өдрийн 12 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч Л.М н ээж С.М ийн Х банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Л.М нь 2018.11.17-ны өдрөөс 12 сарын 13-ны өдрийг хүртэл Е ангилал ахиулах сургалтанд хамрагдсан байх бөгөөд, шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, хяналтын төвийн 2020.02.11-ний өдрийн 22/302 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралтаар нэхэмжлэгч Л.М нь 2017.06.17-ны өдөр В ангилал, 2018.09.24-ний өдөр С ангилал, 2019.04.10-ны өдөр СЕ ангиллын жолоодох эрхийг авсан болох нь нотлогдов.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Л.М нь зам тээврийн осол гарсан 2019.03.14-ний өдрийн байдлаар С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, СЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх боловч энэ нь даатгалын тохиолдлын шууд шалтгаан болж чадахгүй бөгөөд гэрээний 4.15.2-т зааснаар санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэдэг нөхцөлд хамаарахгүй болно.

 

Түүнчлэн даатгалын тохиолдол бий болсон гэдгийг нотолж, учирсан хохирлын хэмжээг тогтоосон тохиолдолд даатгагч нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээх бөгөөд энэхүү харилцааны эрх зүйн үндсийг Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4‑т зохицуулж өгсөн.

 

Иймд хариуцагч СД ХХК нь нэхэмжлэгч Л.М д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зохигчдын хооронд гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогдож байх тул хариуцагч СД ХХК нь даатгалын гэрээ, даатгалын баталгаа, Даатгалын тухай хууль, Иргэний хуульд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Л.М д олгох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.М нь өөрт учирсан хохирлыг асгарсан 32,286 литр шатахууныг 1 литр тутамд 1950 төгрөгөөр тооцож 63,152,700 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь баримтаар нэгэнт тогтоогдсон тул хариуцагч СД ХХК-иас 63,152,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч СД ХХК‑иас 63,152,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Л.М аас тэмдэгтийн хураамжид төлсөн 473,713 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СД ХХК‑иас 473,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА