| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 240/2017/0083/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 171
Г.Д, Б.М, Д.И, М.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч М.Машбат, Ж.Болдбаатар, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хохирогч О.Б-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Г.Д-, Б.М-, Д.И-, М.А- нарт холбогдох 201525021707 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Т-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 2, нөхрийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Г-н Д-,
2. Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д уурхайн драгчин ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н М,
3. Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “***” ХХК-д захирал ажилтай байсан гэх, ам бүл 2, эхнэрийн хамт,
1992 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан Д овогт Д-И,
4. Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 7, эцэг, эх, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н А.
Г.Д- нь дангаар болон бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгажих талбайн газар чөлөөлөлтийн ажил гүйцэтгүүлнэ, хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө, хямд орон сууц авч өгнө, худалдах, худалдах авах гэрээний дагуу барилгын материал худалдан авч төлбөрийг хийнэ гэх зэргээр хуурч мэхлэх аргаар 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 10 сарын хооронд нэр бүхий 57 хүн, аж ахуйн нэгжээс олон удаагийн үйлдлээр мөнгө, эд хөрөнгийг залилан авч бусдад нийт 2,854,656,990 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, М.А- нь Г.Д-гийн үйлдсэн 8 удаагийн залилан мэхлэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож бусдад их хэмжээний хохирол учруулсан, харин Б.М- Д.И- нар нь Г.Д-гийн үйлдсэн 2 удаагийн залилан мэхлэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож бусдад нийт 255,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Д-г хохирогч Ц.Э-с 5,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Г.Д-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,
М.А-, Д.И-, Б.М- нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Г.Д-г 8 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар М.А-ыг 3 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Д.И-, Б.М- нарыг тус бүр 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-, Б.М-, Д.И-, М.А- нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Д-, Б.М-, Д.И-, М.А- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шүүхийн тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. ...” гэснийг "... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай ...” гэж өөрчлөн залруулсан байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.Т- гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхээс Г.Д-гийн хэргийг шийдвэрлэхдээ хохирогч О.Б-н олон хохирогчийг төлөөлж гаргасан гомдлыг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Энэ хэрэг прокурор, мөрдөгч нарын буруутай үйл ажиллагаанаас болж 4 жил илүүтэй хугацаагаар сунжирч хохирлын хэмжээ улам нэмэгдэж байхад прокурорт буцааж байгаа нь хэргийг удаашруулан гэмт этгээдүүдийг ял завшихад дэм үзүүлж байна.
2012 онд Г.Д-гийн 23 хохирогчтой 740 сая төгрөгийн хохирол барагдсан үндэслэлээр хэргийг хаасан. Гэтэл хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад хэргийг хаасан нь түүнийг гэмт хэрэг үйлдэхийг дэмжиж буй үйлдэл юм. Тухайн үед зохих ялыг эдлүүлэн нийгмээс тусгаарласан бол бид ингэж хохирохгүй байсан. Г.Д- нь энэ гэмт хэргийг маш нарийн зохион байгуулсан байдаг. Гэмт хэргийн том бүлэглэл, амьдралынхаа зорилгыг болгосон этгээдийн хүнд хэргийг анх удаа ганцаараа гэмт хэрэг үйлдсэн хөнгөн хэрэг мэтээр ял төлөвлөж буйг юу гэж үзэх вэ. Энэ хэргийг гэмт бүлэглэл үйлдсэн байхад анхан шатны шүүхээс Д.И-, Б.М- нарыг хохирол төлөхөөргүй тогтоол гаргасан нь буруу юм. Бидний хохирлыг хувь тэнцүүлэн барагдуулах ёстой гэж үзэж байна. Прокурор анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч нарын мөнгөөр өмнөх гэмт хэргийнхээ хохирлыг дарж байгаа талаар тодорхой хэлсэн. Гэтэл хэргийг буруу зүйлчилж, гэмт бүлэг болсон этгээдүүд мөнгө угаах үйлдэл давхар хийсэн байхад анхаарч үзээгүй. Г.Д- нь 57 аж ахуйн нэгж, 9 иргэнээс 2,8 тэрбум төгрөг залилж хоригдоод батлан даалтад гарахдаа дахин гэмт хэрэг үйлдэж олон иргэнээс мөнгө залилан авсан. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж байснаа шүүхэд шилжүүлэхдээ зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч М.Машбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учраас давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Хохирогчийн гаргасан гомдлын агуулгатай танилцсан. Магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, маш ойлгомжтой дүгнэлт хийсэн. Хэргийн хохирлын асуудал бүрэн гүйцэд тогтоогдоогүй, хэргийн хамтран оролцсон асуудлыг нарийн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хоёр шатны шүүх цагдан хорих асуудлыг шийдэж өгөөгүй ба ямар байгууллага хариуцах талаар тодорхойгүй. Ямар үндэслэлээр цагдан хориод байгаа нь мөн адил тодорхой бус байгаа бөгөөд энэ хэрэг хэрэгсэхгүй болж, цагаатвал яах вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Энэ талаар маш олон хүсэлт гаргасан. Хяналтын шатны шүүх нь цагдан хорионы асуудалд ямар нэгэн шийдэл гаргаж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Ж.Болдбаатар хэлсэн саналдаа “М.Машбат өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй. Магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч Н.Т-гийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2 дахь үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт нь хууль зүйн шаардлага хангаагүй байна гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч, хохирогч нарын яриад байгаа хохирлын асуудал нь шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдох боломжтой. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийсний дараа шийдэх нь зүйтэй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй байна. Магадлалд шалгахаар заасан хэсэгт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийлгэх санал оруулж, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Н.Т-гийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Д-, Б.М-, Д.И-, М.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Молом, Д.И-, М.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлснийг анхан шатны шүүх хянан үзээд хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд явагдах ёстой бөгөөд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоон, шүүгдэгч нарын гэм буруу болон гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоон, хохирлыг төлүүлэхээр тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарах үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг өөрийн эрх хэмжээний дотор зөвтгөн дүгнэж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудын талаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй гэсэн үндэслэлээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийн бүхий л ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Н.Т-гийн “шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар магадлалыг хүчингүй болгож, тус шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг тус шүүхийн дахин хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Г.Д-, Б.М-, Д.И-, М.А-, М.А- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Хохирогч Н.Т-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН