Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 373

 

  “СШК” ХХК-ийн  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                            Ч.Тунгалаг,                                      

Шүүгчид:                                           Г.Банзрагч,

                                                         Х.Батсүрэн,

                                                         П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                                 Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:                Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага:  “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаартай актыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0344 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, П.Ц, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд “Т А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, гуравдагч этгээд “Д И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нар.

Гуравдагч этгээд “Д И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “СШК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0344 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Д И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, “Т А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. а/ Анхан шатны шүүх нь “...2013 оны А/752 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “СШК” ХХК-д шилжүүлэхдээ газрын байршил, хэмжээг өөрчлөөгүй байх тул инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй, харин бусдын эзэмшилд олгогдсон газарт инженерийн шугам сүлжээ баригдсан”, Давж заалдах шатны шүүх нь “...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/752 дугаар захирамжаар “СШК” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсний дараа гуравдагч этгээд “Т А” ХХК нь ииженерийн шугам сүлжээ бүхий хамгаалалтын зурваст газрыг байгуулсан болох нь нотлогдож байна” гэжээ.

5. Анхан шатны шүүх инженерийн шугам сүлжээ баригдсан цаг хугацааны талаар дүгнэлт хийж чадаа ч үгүй, харин Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийг газар эзэмшсэнээс хойш инженерийн шугам сүлжээ байгуулсан” гэж дүгнэхийг зорилго болгосон нь илт байх бөгөөд үүнийгээ нотлохын тулд зориуд 2014 оны 01 дүгээр сарын актыг дурдаж, зөвхөн үүгээр инженерийн шугам сүлжээ барьсан цаг хугацаа хөдлөшгүй тогтоогдож буй мэтээр дүгнэжээ.

6. “Т А” ХХК нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах хүсэлтдээ “...хэзээнээс эхлэн инженерийн шугам сүлжээ барьж татсан болохыг тодруулалгүй, тайлбар сонсолгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн байна” гэж шийдвэрийг хянуулах үндэслэлээ тодорхойлсныг Улсын Дээд шүүхээс хүлээн авсан. Тэгвэл хэргийг дахин хэлэлцэхэд гуравдагч этгээд “Т А” ХХК инженерийн шугам сүлжээг хэзээ барьж байгуулсан нь энэ хэрэг маргаанд чухал ач холбогдолтой бөгөөд “Т А” ХХК нь өөрийн барилга, инженерийн шугам сүлжээ барих зөвшөөрөл, инженерийн шугам сүлжээний батлагдсан зураг төсөл болон бусад холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг уг газрыг эзэмшихээс өмнө эдгээр зөвшөөрлийг олгож, зургийг батлуулан хийж гүйцэтгэсэн болох нь дээрх баримтуудаас харахад тодорхой байхад эдгээр баримтыг огт дурдалгүй, харин 2014 оны 01 дүгээр сарын баримтыг дурджээ.

7. Барилга барихын тулд эхлээд инженерийн шугам сулжээг барьж, ус, дулааны хангамж авсны үндсэн дээр барилгыг барьдаг гэдэг нь ердийн эрүүл логик оюун дүгнэлтээр тодорхой, нотлох шаардлагагүй байхад 2013 онд баригдсан барилгын инженерийн шугам сүлжээг 2014 онд барьсан мэтээр хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан огноог үндэслэн дүгнэж байгааг шударга бус гэж үзэхээс өөр аргагүй байна.

8. Бодит байдал дээр цаг хугацааны хувьд “Т А” ХХК инженерийн шугам сүлжээ барьж хамгаалалтын зурвас үүссэний дараа Нийслэлийн Засаг дарга нь 2013 оны 07 дугаар сард “СШК” ХХК-д газрын хэмжээг өөрчлөлгүй шилжүүлсэн нь Хот байгуулалтын тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж, гуравдагч этгээдүүдийн барих барилгыг орц, гарц, нийтийн зам талбайгүй болгосон нь бодит үнэн юм.

9. Инженерийн шугам сүлжээ барих үед нэхэмжлэгч уг газрыг эзэмшдэг байгаагүй, барьсны дараа эзэмшдэг болсон бөгөөд хэрэв “бусдын эзэмшилд олгогдсон газар” гэдгийн бусад гэдэг нь Улаанбаатар банкийг хэлж байгаа бол нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно.

10. Нэхэмжлэгч инженерийн шугам сүлжээ байрлаж буй газарт барилга барихаар төлөвлөгдсөн гэж тайлбарладаг боловч тус компанийн барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын төлөвлөлт, зураг төслөөс нь үзвэл дээрх шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарч байгаа зурвас газрын ихэнх хэсгийг нийтийн эзэмшлийн зам талбайд үлдээхээр төлөвлөсөн байх тул энэ хэсэгт нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй юм.

11. Түүнчлэн энэ маргааны цаана олон зуун өрх, олон мянган хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, олон арван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хөлдөх, гэмтэх эрсдэл тулгарч байхад үүнийг үл харгалзан, бусдаас их хэмжээний мөнгө нэхэж дарамталдаг этгээдийн талд хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж буй нь туйлын хариуцлагагүй, шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

12. б/ Хууль хэрэглээний хувьд анхан болон давж заалдах шатны шүүх нь үндэслэлгүй, шударга бус дүгнэлтээ зөвтгөхийн тулд хуулийг буруу хэрэглэсэн.

13. Захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн заалт бөгөөд энэ нь Нийслэлийн Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн асуудал байхад шүүх газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхийн талаарх зохицуулалтыг хэрэглэж Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд зааснаар зохицуулагдахаар байна гэж дүгнэжээ.

14. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл нь төрийн захиргааны төв байгууллага буюу яамнаас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зохицуулалт бөгөөд 42, 46 дугаар зүйлийн аль аль нь газар эзэмшигч, бусад этгээд хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэх бус, харин маргаангүй газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зохицуулалт байхад энэ маргаанд хэрэглэж буй нь үндэслэлгүй юм.

15. Иймд “СШК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 1018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0344 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

17. Нэхэмжлэгч “СШК” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

18. Шүүхүүд Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

19. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/89 дүгээр захирамжаар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СШК” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон гэсэн үндэслэлээр тус компанийн эзэмшлийн 17000 м.кв газраас 2500 м.кв газрыг хасч, эзэмшил газрын хэмжээг 14500 м.кв болгон өөрчилж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцэхгүй талаар 2 шатны шүүх зөв дүгнэжээ. 

20. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

21. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан газар эзэмшүүлэхдээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгож, хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хуульчилсан байна.

22. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “СШК” ХХК-ийн эзэмшиж буй 17000 м.кв газрын эзэмшил анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 341 дүгээр захирамжаар “Хан хуст” ХХК-д үүссэн бөгөөд улмаар газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/436 дугаар захирамжаар Улаанбаатар хотын банк ХХК-д, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/752 дугаар захирамжаар “СШК” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн, өөрөөр хэлбэл, “Хан хуст” ХХК-д анх эзэмшүүлсэн 17000 м.кв газрын хэмжээ, байршил ямар нэгэн өөрчлөлтгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/752 дугаар захирамжаар “СШК” ХХК-д шилжиж, нэхэмжлэгч уг газрыг эзэмших эрхтэй болжээ.

23. Мөн гуравдагч этгээд “Д И” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 380 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3480 м.кв газрыг, Эрчим хүчний газар нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 401 дүгээр захирамжаар 4193 м.кв газрыг тус тус эзэмшдэг бөгөөд эдгээр хуулийн этгээдүүд өөрсдийн барьсан барилгын инженерийн шугам сүлжээг зөвшөөрөгдсөн зургийн дагуу барьж байгуулалгүй, нэхэмжлэгч компанийн эзэмшил газартай давхцуулан барьсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/07/85/171 тоот дүгнэлт, “Билэг төгс дэлгэр” ХХК-ийн хийсэн хэмжилтээр тогтоогдсон байна.

24. Тодруулбал, нэхэмжлэгч “СШК” ХХК-ийн эзэмшил газар дээр сүүлд гуравдагч этгээдүүдийн инженерийн шугам сүлжээ баригдсан, энэ тохиолдолд түрүүлж үүссэн газар эзэмшигчийн эрх хуулиар хамгаалагдах учиртай, иймд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасыг баримтлан “СШК” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон гэсэн үндэслэлээр тус компанийн эзэмшил газраас хасч, газрын хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

25. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14, Эрчим хүний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэсэн байх боловч эдгээр хуулийн заалтуудаар, зохих зөвшөөрлийн дагуу инженерийн шугам сүлжээ баригдсан тохиолдолд хамгаалалтын зурвас тогтоох, уг хамгаалалтын зурваст газар эзэмшүүлэх, барилга байшин барихаар төлөвлөхийг хориглож зохицуулсан бөгөөд энэхүү маргааны тухайд эдгээр хуулийн заалт хамааралгүй байна.

26.Нэхэмжлэгчийн гаргасан “Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

27. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 424 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Д И” ХХК-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0,28 га газарт Цэцэрлэг, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, уг даалгаврыг үндэслэж тус компани барилгаа барьж ашиглалтад оруулан, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тус компанийн барьсан 132 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

 28. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тус улсын комиссын актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй, түүний маргаж буй газрын асуудалтай шууд холбоогүй гэж дүгнэж, актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчдоос ийнхүү шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна.

29. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Д И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0344 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Д И” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА