Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0817

 

С.М-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.М-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг дарга, тус сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой 02 дугаар “Багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн Т.С-т холбогдох 2, 4, 5 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож, үлдсэн шаардлага болох С.М-ныг Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон тогтоол гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Багийн Засаг даргад нэр дэвшигч Т.С нь 147, С.М нь 145 иргэдийн санал авсан. Энэ санал хураалтад оролцсон 301 иргэнээс 9 хүчингүй саналын хуудсыг хасахад нийт хүчинтэй саналын хуудасны тоо 292 байна. Хүчинтэй саналын хуудас 292-ын 50 хувь нь 146 юм. Ингэхээр Т.С нь тус багийн иргэдийн 147 хүчинтэй саналын хуудсаар 147 санал авсан тул энэ нь олонхийн санал буюу 50+1 гэсэн зарчмыг хангасан гэж үзэж байна. Т.С нь 147 иргэний санал авсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасантай нийцэж байна.  Анхан шатны шүүх нь Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийг хүчингүйд тооцсон нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0055 тоот шийдвэрээр Хотгор багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн Засаг даргад Т.С-ыг нэр дэвшүүлэх тухай” 02 тоот тогтоолыг үндэслэн гаргасан Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийг хүчинтэй гэж тооцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болсон юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2017/0062 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч С.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.М нь “Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой “Багийн Засаг даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 55 дугаар захирамжийн Т.С-т холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, С.Мүшелханыг 7 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон тогтоол гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “санал хураалтад оролцсон 292 иргэнээс багийн Засаг даргад нэр дэвшигч С.М би 141, Т.С 136 санал авсан, би 5 санал илүү авч хуулийн заалтыг хангаж байхад хуулийн үндэслэл, шалтгаангүйгээр дахин сонгууль явуулж Т.С-ыг багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон 02 тоот тогтоол гаргасан нь хууль бус” гэж маргажээ.

Маргаан бүхий Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой 02 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн талаар дүгнэлт хийж Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 02 дугаар тогтоол болон түүнийг үндэслэж гарсан Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийн Т.С-ыг багийн Засаг даргаар томилсон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасныг хүчинтэй саналын хуудсаар бус тухайн хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар санал болгох зохицуулалт гэж ойлгох бөгөөд эхний санал хураалтад санал өгсөн нийт 292 төлөөлөгчийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал 146, хоёр дахь санал хураалтад санал өгсөн 301 төлөөлөгчийн олонхи буюу 50-иас дээш хувийн санал 156 байх ба хоёр удаагийн санал хураалтад нэр дэвшигч Т.С болон С.М нарын хэн аль нь олонхи буюу 50-иас дээш хувийн санал аваагүй байхад 2 дахь санал хураалтын дүнг үндэслэн Т.С-ыг багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд гуравдагч этгээдийн “санал хураалтад оролцсон 301 иргэнээс 9 хүчингүй саналын хуудсыг хасахад нийт хүчинтэй саналын хуудасны тоо 292, түүний 50 хувь нь 146 бөгөөд Т.С нь 147 санал авсан тул олонхийн санал буюу 50+1 гэсэн зарчмыг хангасан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, маргаан бүхий Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэн Х.Берикболын нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Л.М-ны нэхэмжлэлтэй энэхүү хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      

         

                  ШҮҮГЧ                                    Э.ЗОРИГТБААТАР

 

                  ШҮҮГЧ                                   Э.ХАЛИУНБАЯР

 

                  ШҮҮГЧ                                     О.НОМУУЛИН