Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 062

 

           Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М........  нэхэмжлэлтэй; 

Хариуцагч: ...... сумын  Засаг дарга, тус сумын ..... багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, ..... багийн иргэдийн Нийтийн Хурлын ............. өдрийн хуралдаан даргалагчид  холбогдох;

“...... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийн холбогдох хэсэг, тус сумын ......  дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой, 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, М....-ийг  ..... дугаар багийн Засаг даргаар томилуулахаар ..... сумын Засаг даргад санал болгосон тогтоол гаргахыг даалгах  тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М....., түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч Б....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С......, гуравдагч этгээд С......, түүний өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ....... сумын ...... дугаар багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт явагдсан бөгөөд багийн Засаг даргад С....... бид хоёр нэр дэвшиж, санал хураалтад оролцсон нийт 292 сонгогчийн 141 сонгогч миний төлөө, 136 сонгогч С....-ийн төлөө санал өгсөн учраас миний бие 5 хүний саналаар ялалт байгуулсан гэж ойлгосон юм. Гэтэл энэ явуулсан хуулийн хүчин төгөлдөр сонгуулийн үр дүнг шууд үгүйсгэж, тухайн өдөрт ямар нэгэн хуулийн үндэслэл, шалтгаангүйгээр дахин сонгууль гэгчийг явуулж иргэдийн Нийтийн Хурлын 2017.02.12-ны өдрийн 02 тоот тогтоол гаргасан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу дахин санал хураалт явуулах талаар хэлэлцэн шийдвэрлүүлээгүй байж дахин сонгууль явуулсан ба энэхүү дахин санал хураалт явуулах эсэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлаар  хэлэлцүүлээгүй явдал нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг ноцтой зөрчсөн явдал болсон байна. Хэрэв багийн иргэдийн Нийтийн Хурлаар  хэлэлцэж дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн бол Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар багийн  иргэдийн Нийтийн  Хурлаас эрхийн акт буюу тогтоол гаргах ёстой байтал ямар ч эрхийн акт гаргалгүйгээр дахин санал хураалт явуулсан нь хуулиар тогтоосон журамд нийцэхгүй байна. ............... сумын ...... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тус багийн Хурлын даргаар Б..... нь сонгогдож, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын чиг үүргийг К ....... үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дахин санал хураалт явуулж, хуралдааныг удирдсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан “... хуралдааныг Хурлын дарга удирдана ” гэсэн заалт, 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. С.....-ийн нэрийг ...... сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн  ...... сумын ...... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолд Хурлын даргыг төлөөлж К...... гарын үсэг зурсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасныг зөрчсөн учраас энэхүү эрхийн акт хууль бус гэж үзэж байна.Мөн 02 тоот тогтоолыг иргэдэд нээлттэй танилцуулаагүй бөгөөд батлуулаагүй, 02 тогтоол гарсныг сонгууль явагдсан өдрөөс хойш  8 хоногийн дараа сонсож, сонгуулийн комиссын дарга, ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.....-аас хуулбарыг нь авснаар мэдсэн. М ..... миний хууль ёсны сонгох, сонгогдох эрх зөрчигдсөний улмаас ...... сумын ...... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоол, багийн Засаг даргыг сонгох 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч М......-ийг  багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай  тогтоол гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.  М...... намайг захиргааны хэргийн шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дараа ...... сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55  дугаар захирамжаар 7 дугаар  багийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар  сарын 12-ны өдрийн 02 тоот хууль бус гарсан тогтоолыг үндэслэн С......-ийг томилсон болохыг олж мэдсэн. Иймд  ...... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар  сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэж өгнө үү  гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М...... нь ...... сумын ...... дугаар багийн Засаг даргад нэр дэвшиж эхний санал хураалтын үр дүнгээр  нэхэмжлэгч 141 хүн, өрсөлдөгч С...... нь 136 хүний санал авч олонхийн саналаар М.....-ийг тухайн үед багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой байсан боловч дахин сонгууль явуулснаас болж, дахин сонгуулийн үр дүнгээр С.....-ийн нэрийг дэвшүүлсэн учраас маргаан гарч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн асуудлыг зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д зааснаар “Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” эрх нь багийн иргэдийн Нийтийн Хуралд байдаг. Гэтэл тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаагүй байхад санал хураалт зохион байгуулах комиссын шийдвэрээр дахин санал хураалт явуулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгож байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан байх ба дахин санал хураалт явуулах талаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар эрхийн акт гаргаагүй нь мөн адилхан дахин санал хураалт явуулах үйл ажиллагаа хууль бус болсныг дахин нотолж байна.  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасан ба тухайн үед бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Б ...... нь дахин санал хураалт явуулах талаар шийдвэр гаргаагүй, нэр дэвшүүлэх тогтоолд Б...... нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй асуудал нь мөн адилхан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан “хуралдааныг Хурлын дарга удирдана” гэсэн заалтыг давхар зөрчсөн гэж үзэж байна. 

Эхний санал хураалтаар нийт санал хураах ажиллагаанд оролцсон иргэдийн олонхийн санал буюу 141 хүний санал авсан М.....-ийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар 50-иас дээш хувийн саналыг авч чадаагүй гэж нэрийг дэвшүүлэхээс татгалзаж, дахин санал хураалт явуулсан байдаг. Гэтэл дахин санал хураалтад С...... нь нийт оролцсон иргэдийн 48,6 хувь буюу 147 санал, М .....  нь 48,1 хувь буюу 145 хүний  саналыг тус тус авсан байгаа. Энэ нь мөн адилхан 50 хувьд хүрээгүй байхад М.....-ийн  нэрийг дэвшүүлсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т  заасныг  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоол зөрчсөн гэж үзэж байна. Нэгэнт сумын Засаг даргын 55 тоот захирамж нь хуулийн хүчин төгөлдөр бус эрхийн актын үндсэн дээр гарсан, мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчиж гарсан учраас ....... сумын Засаг даргын 2017 оны 55 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага мөн адилхан хүчин төгөлдөр байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжтой байна гэв.

Хариуцагч ...... сумын ....... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний  өдрийн хуралдаан даргалагч К..... шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн ..... сумын .... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох,  Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус ..... багийн төвд явагдсан юм. Багийн иргэдийн Нийтийн хурлыг зохион байгуулан явуулах дэгийг хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар баталж, тухайн өдрийн хуралдааныг зохион байгуулан явуулах даргалагчаар К..... намайг сонгож, харин нарийн бичгийн даргаар Б.... сонгосон юм. Хурлаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг мөн өдрийн 15 цагт эхэлж, 17 цагт дуусгахаар тохиролцсон юм. Ингээд санал хурааж дуусч байтал Өлгий сумаас ирсэн 11 иргэн “Бид замдаа автомашины дугуй хагарч саатлаа. Бид саналаа өгмөөр байна” гэж маргаан гаргасан боловч нэгэнт хурлын дэгээр санал хураалтыг 17 цагт хаахаар болсон тул тэднийг оролцуулаагүй юм. Учир нь, багийн Засаг даргад нэр дэвшигч М...... нь уг 11 иргэнийг санал хураалтад оролцуулж болохгүй, бид баталсан дэгээр явах ёстой гэсэн маргаан гаргасан юм. Уг хуралд арга зүйн зөвлөгөө өгөх, газар дээр нь зохион байгуулахад туслах зорилгоор Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Х.Е, Х.А, О нар оролцсон ба бид бүгдээрээ хамтарч багийн иргэдийн Нийтийн хурлыг зохион байгуулсан юм. Ингээд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтад 292 иргэн оролцож, Б..... иргэдийн олонхийн санал авсан тул Хурлын даргаар сонгогдсон юм. Харин тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтад мөн 292 иргэн оролцсоноос нэр дэвшигч М...... төлөө 141 \48,2 %\, С...... төлөө 136 \46,5%\ иргэн тус тус санал өгч, 15 ш \5,3 %\ саналын хуудас хүчингүй болсон. Саналыг хуудсыг ажлын хэсэг бид хамтарч тоолсон юм. Тухайн санал хураалтад иргэд санал өгөхөд дэмжиж байгаа хүний өмнөх дугаарыг дугуйлсан тохиолдолд саналын хуудсыг хүчинтэйд тооцох, үүнээс өөр тэмдэглэл хийвэл хүчингүйд тооцно гэсэн зарчим баримталсан юм. Ингээд эхний санал хураалтаар 292 иргэн санал хураалтад оролцсон тул нэр дэвшигч нарын аль аль нь нийт санал хураалтад оролцсон иргэдийн 50 хувийн босгыг давсан санал аваагүй учраас дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн юм. Хүчингүй болсон 15 санал хуудас нь нэр дэвшигч М....., С.... нарын аль алиныг дэмжээгүй хүмүүс гэж үзэж байна. Дахин санал хураалтыг тус багийн Засаг даргад нэр дэвшигч М...., С.... нар болон багийн иргэд санал нэг хүлээн зөвшөөрч байсан. Өөрөөр хэлбэл тус багийн иргэдээс хоёр дахь санал хураалт явуулахгүй байх талаар ямар нэгэн санал хүсэлт гараагүй учраас явуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хүчингүй гарсан саналын хуудсыг оролцуулахгүйгээр нэг хүний илүү санал авсан нэр дэвшигчийг шууд багийн Засаг даргад шууд нэр дэвшүүлэхээр болж ажлын хэсэг шийдвэрлэсэн юм. Үүнийг нэр дэвшигч М..., С.... нарт танилцуулахад тэд ч зөвшөөрч байсан юм. Ингээд .... сумын .... багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах дахин санал хураалтыг тухайн өдрийн оройн 19 цагаас 21 цаг 30 минут хүртэл явуулахаар шийдвэрлэн, 2 дахь санал хураалтыг тогтоосон цагтаа эхэлж, харин 21 цаг хүртэл бүх иргэд саналаа өгсөн учраас заавал 21 цаг 30 минутыг хүлээхгүй 21 цаг өнгөрч байхад иргэдийн санал өгсөн саналын хуудсыг тоолсон юм. Багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах хоёр дахь санал хураалтад тус багт бүртгэлтэй 301 иргэн оролцож, нэр дэвшигч М...-ны төлөө 145, нэр дэвшигч Т....-ны төлөө 147 иргэн санал өгч, хүчингүй 9 саналын хуудас гарсан юм. Саналын хуудсыг ажлын хэсэг бид хамтарч 3 удаа тоолж хянасан бөгөөд өмнө гарсан дүн нь өөрчлөгдөөгүй юм. Ингээд С.... нь тус багийн иргэдийн олонхийн санал авсан учраас ..... сумын ..... дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд хуралдаан даргалагч К..... би, нарийн бичгийн дарга Б.....  бид хоёр гарын үсэг зурж баталгаажуулсан юм. М..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...гэтэл энэ явуулсан хуулийн хүчин төгөлдөр сонгуулийн үр дүнг шууд үгүйсгэж, тухайн өдөрт ямар нэгэн хуулийн үндэслэл, шалтгаангүйгээр дахин сонгууль гэгчийг явуулж иргэдийн Нийтийн Хурлын 2017.02.12-ны өдрийн  02 тоот тогтоол гаргасан. Энэ 02 тоот тогтоолыг өмнө нь урьдчилан гаргаж, Т.Сарымсахыг багийн Засаг даргад томилуулах хуйвапдаан зохион байгуулсныгтус тогтоолын огноо баталж байна” гэжээ. Энд 2017.02.12 гэсний 12 гэсэн өдрийн тоо  нь техникийн алдаа гэж үзэж байна. Харин хоёр дахь санал хураалт 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагаас 21 цагийн хооронд явагдсан гэдгийг тус хуралдааны тэмдэглэл, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайн өдөр .... багт явагдсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд М... нь өөрийн биеэр оролцсон, 1 дэх санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрсөн, 2 дахь санал хураалтыг явуулахыг зөвшөөрч өөрийн нэрийг саналын хуудсанд бичүүлсэн, тус багт оршин суудаг өөрийгөө дэмждэг иргэдийг 19 цагаас 21 цагийн хооронд сонгуульд санал өгөөрэй гэж дахин зар тараан санал хураалтад оролцуулсан зэрэг нөхцөл байдал нь 2 дахь санал хураалт хүчинтэй болохыг нотолж байна. Хэрвээ М.... нь 2 дахь санал хураалтыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол өөрийгөө дэмжиж 1 дэх санал хураалтад санал өгсөн иргэдийг хуралд дахин оролцуулахгүй байх, тухайн үед дахин сонгууль явуулж болохгүй тухай санал хүсэлтийг албан ёсоор гаргах, өөрийн нэрийг саналын хуудсанд бичүүлэхгүй байх зэрэг өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч М.... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна  гэжээ.

Хариуцагч ..... сумын ..... дугаар багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.... шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “..... сумын .... дугаар багийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох”  багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан багийн төвд болж, сонгуульд оролцсон нийт иргэдийн дийлэнх олонхийн санал авсанаар Б.... миний бие Өлгий сумын 7 дугаар багийн Хурлын даргаар сонгогдсон юм. Тухайн сонгуульд багийн Засаг даргад нэр дэвшигч хоёр хүнээс М..... 141, С.... 136 сонгогчийн санал авсан дүн гарч, сонгуулийн комисс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан билээ. Гэтэл ямар нэгэн шийдвэр, эрх бүхий этгээдээс эрхийн акт гаргалгүй дахин сонгууль явуулж, дахин сонгуулийн үр дүнгээр С...-гийн нэрийг багийн Засаг даргад дэвшүүлж, түүний үндсэн дээр гаргасан .... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамж хууль ёсны эрхийн акт болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгуулийн үр дүнд Б.... миний бие ..... сумын .... дугаар багийн Хурлын даргаар сонгогдсон учир дахин сонгууль явуулах нөхцөлд тухайн багийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг миний бие зарлан хуралдуулж, багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргах эрхийн актад Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу багийн Хурлын дарга миний бие гарын үсэг зурж баталгаажуулах ёстой гэж үзэж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “дахин сонгууль” явуулах шаардлага гарсан нөхцөлд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж багийн иргэдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргах ёстой байсныг зөрчсөн байна. Хоёрдугаар сонгуулийн хувьд тухайн үед бид нар маргасан,сонгууль явагдаж байх үед цагдаагийн албан хаагчид хэлээд цагдаа ирж маргааныг таслан зогсоогоод, бид нар байрны дотор нь ороод 2 дахь сонгууль хууль бусаар явагдаж байна гэдгийг хэлсэн. Хурлын дарга тодорсон тул Хурлын дарга би өөрөө удирдаж явуулах ёстой гэсэн. Хоёрдугаар сонгуулийн дүнг, гарсан тогтоолыг хуралдаан даргалагч К....  нь  ард иргэдэд танилцуулаагүй, 7 хоногийн дараа ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргааас санал хураалтын дүнтэй танилцсан байгаа .Иймд хамтран хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрч байгаа болно гэв. 

Хариуцагч .... сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.....  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

..... сумын .... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны  02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, ..... сумын Засаг даргад ..... дугаар багийн Засаг даргаар С....-ийг томилж өгөхийг хүссэн 02 тоот тогтоол ирүүлсэн ба тус тогтоолыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 55 тоот захирамжаар ..... сумын ..... дугаар багийн Засаг даргаар С.....-ийг томилсон болно.Сумын Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй ба нэгэнт тухайн багийн иргэдийн санал, иргэдийн Нийтийн Хурлаас  гарсан шийдвэрийн дагуу сумын Засаг дарга захирамж гаргасан учраас уг 55 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа гэв.

Гуравдагч этгээд С..... шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

..... сумын .... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдийг сонгох, .... сумын .... дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон юм. С... би хуралд өөрийн нэрийг багийн Засаг даргаар дэвшүүлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан юм. ... багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулан явуулах дэг, хуралдааны дотоод журмыг иргэдийн олонхийн саналаар баталсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг мөн өдрийн 15 цагаас 17 цагийн хооронд явуулахаар болсон. Багийн иргэдийн Нийтийн Хуралд арга зүйн зөвлөлгөө өгөх, зохион байгуулан явуулахад туслах үүднээс аймгаас Х.Е, Х.А, н.О нар оролцсон юм. .... багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүсэлтийг хэлэлцэхэд тус багт оршин суудаг 292 иргэн оролцон, нэр дэвшигч М...-ийн төлөө 141, С.... миний төлөө 136 иргэн санал өгч, 15 ширхэг саналын хуудас хүчингүй болсон. Саналыг хуудсыг яг би нүдээр үзээгүй, надад танилцуулаагүй. Ингээд эхний санал хураалтаар 292 иргэн санал хураалтад оролцож, үүнээс хүчингүй болсон 15 саналын хуудсыг нэмж тооцоход багийн Засаг даргад нэр дэвшигч нарын аль аль нь санал хураалтад оролцсон иргэдийн хүчинтэй саналын хуудас нь олонхийн саналд хүрээгүй учраас дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн юм. Дахин санал хураалтыг тус багийн Засаг даргад нэр дэвшигч М... болон С.... би, тэгээд багийн иргэд хүлээн зөвшөөрсөн байсан. Өөрөөр хэлбэл тус багийн иргэдээс хоёр дахь санал хураалт явуулахгүй байх талаар ямар нэгэн санал хүсэлт гараагүй учраас явуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хүчингүй гарсан саналын хуудсыг оролцуулахгүйгээр нэг хүний илүү санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад шууд нэр дэвшүүлэхээр болж ажлын хэсэг шийдвэрлэсэн юм. Багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах хоёр дахь санал хураалтад тус багт бүртгэлтэй 301 иргэн санал өгч, нэр дэвшигч М....-ийн төлөө 145 хүн, нэр дэвшигч С..... миний төлөө 147 иргэн санал өгч, хүчингүй 3 саналын хуудас гарсан юм. Ингээд С.... би тус багийн иргэдийн олонхийн санал авсан учраас ..... сумын .... дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд хуралдаан даргалагч К...., нарийн бичгийн дарга Б... нар гарын үсэг зурж баталгаажуулан .... сумын Засаг даргад албан ёсоор хүргүүлсэн юм. ..... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” 55 дугаар захирамжаар С.... намайг 7 дугаар багийн Засаг даргаар томилсон. Одоо би ажлаа аваад 1 сар болж байна. Төрийн ажлыг шаардлагын хэмжээнд хийж байна. Иймд нэхэмжлэгч М...-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан ба хуралдааны дэгийг тухайн үед баталсан ба дэг ёсоор багийн иргэдийн Нийтийн Хурлын нэг, хоёр дахь санал хураалт явагдсан гэдэг нь тогтоогдож байна. Дараа нь 1 дүгээр санал хураалтад нийтдээ 292 сонгогч оролцож М...-ийн төлөө 141, С...-ийн төлөө 136 сонгогч санал өгсөн ба 15 ширхэг саналын хуудас хүчингүй болсон байна. Гэвч шүүхээс саналын хуудаст үзлэг хийсэн, бодит байдал дээр 15 саналын хуудаснаас 2 ширхэг саналын хуудас хүчингүй болох ёстой гэж үзэж байна.  Хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан хоёр ширхэг хуудас байгаа, бусад 11 ширхэг саналын хуудас нь С....-ийг сонгох, түүний овог нэрийг бүхэлд нь дугуйлсан, нэрийн хойд талд зөв тэмдэг тавьсан ба нэг гэсэн тоог дугуйлаагүй боловч  агуулгаараа тухайн сонгогчид С...-ийг дэмжиж байсан гэдгийг  нотолж  байгаа юм. 136 дээр 11 саналыг нэмэхээр 147 болж байгаа.  Үүгээр С... илүү санал авсан гэдгийг хэлье. Мөн эдгээр хүмүүсийн санал өгсөн байдал, хөдөөний хүмүүсийн боловсролын байдал зэргийг харгалзан уг саналын хуудсыг шүүх анхааралдаа авах хэрэгтэй, агуулгын хувьд С...-ийг дэмжсэн байна. 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин санал хураалт явуулсан ба хоёр дахь санал хураалтыг  үргэлжлүүлэн явуулсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа юм. Дахин санал хураалтын үр дүнгээр С.... 147, М.... 145 хүний санал авч, 9 ширхэг хүчингүй саналын хуудас гарсан байгаа. Уг 9 ширхэг саналын хуудсыг судалж үзэхэд 3 сонгогч 2 нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг зэрэг дугуйлсан, 3 сонгогч М...-ийн нэрийг, 3 сонгогч С...-ийн нэрийг тус тус дугуйлсан байна. Үүгээр авч үзсэн ч гэсэн С.... 150 сонгогч, М... 148 сонгогчийн саналыг авсан гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Мөн хоёрдугаар санал хураалтад М... нь саналын хуудаст нэрээ тусгуулж, дахин өрсөлдсөнөөс үзэхэд тухайн санал хураалтыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байвал энэ талаар сумын Засаг дарга,иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга зэрэг албан тушаалтнуудад бичгээр хандаж, би дахин санал хураалтад оролцохгүй гэж маргах ёстой байсан боловч тухайн үед ийм маргаан гаргаагүй, ямар нэгэн бичгээр хүсэлт тавиагүй. Иргэдийн олонхийн санал гэдгийг би хүчинтэй саналын хуудсыг үндэслэн гаргах ёстой гэж ойлгож байгаа. Хүчинтэй саналын хуудсаар ингэж саналын дүнг тооцож үзэхэд 2 санал хураалтын хоёуланд нь  С... 147, 150 гээд илүү санал авсан байгаа. Хүчингүй саналын хуудас нь нэр дэвшигчдийн хоёуланг дэмжихгүй байгаа гэсэн үг. Хуульд заахдаа тухайн санал хураалтад оролцсон иргэдийн  олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохоор тусгасан. Тийм учраас  хүчингүй саналын хуудас орох ёсгүй байна. Энэ тохиолдолд ч гэсэн С... 147 хүний санал авч илүү гарч байгаа гэдгийг хэлье. Мөн энэ асуудлаар Б.... гэх иргэн  нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь өөр байгаа боловч хариуцагч болон маргааны агуулга адилхан байгаа. Б.... нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй учраас уг шийдвэрийг өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж ойлгоно. Нэхэмжлэгч Б...-ийн “.... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Тэгэхээр .... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамж нь шүүхийн шийдвэрийн дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон ба үүнийг шүүх дахин хүчингүй болгох үндэслэл байхгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Өнөөдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх .... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот захирамжийг хүчингүй гэж үнэлэх боломж байхгүй, нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нотлох баримт юм. Иймд нэхэмжлэгч М...-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч тус  шүүхэд “.... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамж,  тус сумын .... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой, 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, М...-ийг 7 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар .... сумын Засаг даргад санал болгосон тогтоол гаргахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад эхний шаардлагыг  “..... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийн С...-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж багасгасан болно.

1 ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор   тус сумын .... дугаар багийн Хурлын дарга сонгох болон Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байна. Үүний дагуу Хурлын дарга сонгох,  Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж, Хурлын даргаар Б...-г  сонгож, багийн Засаг даргад М...., С.... нарын нэрийг дэвшүүлж, хуралдаанд нийт 292 иргэн оролцож, санал өгснөөр нэр дэвшигч М.... 141, С.... 136 санал авсан,  хүчингүй саналын хуудас 15 гэсэн санал хураалтын дүнг тооллогын комиссоос гаргаж, уг санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшигчдийн аль нь ч хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал аваагүй гэдэг үндэслэлээр 2 дахь санал хураалтыг тухайн өдөр явуулж,уг санал хураалтад нийт 301 иргэн оролцож, санал өгснөөр нэр дэвшигч М.... 145, С....  147 санал  авсан, хүчингүй саналын хуудас 9 гэсэн санал хураалтын дүнг тооллогын комиссоос гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэхүү  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан хуралдааны 2 дахь санал хураалтын дүнг үндэслэж,  .... дугаар  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой, 02 дугаар тогтоолоор  С...-ийг Засаг даргаар томилуулахаар санал болгосноор .... сумын Засаг дарга уг 02 дугаар тогтоолыг үндэслэн  2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар  түүнийг тус багийн  Засаг даргаар томилжээ.

Нэхэмжлэгч уг маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “санал хураалтад оролцсон 292 иргэнээс багийн Засаг даргад нэр дэвшигч М.... би 141, С.... 136 санал авсан, би  5 санал илүү авч хуулийн заалтыг хангаж байхад хуулийн үндэслэл, шалтгаангүйгээр дахин сонгууль явуулж, С...-ийг багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон 02 тоот тогтоол гаргасан нь хууль бус” гэж тодорхойлсон. Харин хариуцагчаас 2 дахь санал хураалт явуулсан болон уг санал хураалтын  дүнг үндэслэж С...-ийг багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон тогтоол гаргасан үндэслэлээ “эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч санал хураалтад оролцсон иргэдийн 50 хувийн босгыг давсан санал аваагүй учир дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн, 2 дахь санал хураалтаар хүчингүй саналын хуудсыг оролцуулахгүйгээр нэг хүний илүү санал авсан нэр дэвшигчийг шууд нэр дэвшүүлэхээр ажлын хэсэг шийдвэрлэсэн” гэж тайлбарласан байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд,….нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж  заажээ. 

Гэтэл тус багийн Засаг даргад нэр дэвшиж 141 санал авсан М..., 136 санал авсан С... нарыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцож,  санал өгсөн 292 иргэний /эхний санал хураалт/ олонхийн санал аваагүй гэдэг үндэслэлээр  2 дахь санал хураалтад оруулсан байх боловч 2 дахь санал хураалтад  оролцож, санал өгсөн  301 иргэнээс М.... 145, С....  147 санал авсан буюу нэр дэвшигчдийн аль нь ч хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал мөн адил аваагүй байхад уг 2 дахь санал хураалтын дүнг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 02 дугаар тогтоолоор С...-ийг  Засаг даргаар томилуулахаар санал  болгосон нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан ... шударга ёс, ... тэгш байдал,... хууль дээдлэх зарчимтай нийцээгүй  байна.

Мөн нэр дэвшигчдийн авсан саналын хувийг тооцохдоо нийт саналаас хүчингүй саналын хуудсыг хасч тооцохгүй, өөрөөр хэлбэл хуралдаанд оролцож,санал өгсөн иргэдийн нийт саналаас тооцох нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...уг хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн” гэж  заасантай нийцэх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн Засаг даргад нэр дэвшигчдийн аль нь ч хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналыг авч чадаагүй нөхцөлийг тус .... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны  дэгээр зохицуулаагүй  байх тул дээрх байдлаар  багийн Засаг даргад зөвхөн 2 иргэн нэр дэвшиж, аль нь ч хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналыг авч чадаагүй тохиолдолд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх нь хуульд нийцэх юм. Энэхүү асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1,23 дугаар зүйлийн 23.4-т тус тус зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас хуралдааныг товлон зарлах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулснаар Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар зохицуулсан.  

Өөрөөр хэлбэл тус багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуульд заасан дээрх журмын дагуу товлон зарлан хуралдуулж, тухайн хуралдаанаас нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх байтал  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны даргалагч болон  тооллогын комиссын  гаргасан аман шийдвэрээр 2 дахь санал хураалтыг явуулсныг хууль бус гэж үзэхээр байна.

Мөн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлах тэмдэглэгээ” хийхийг иргэдэд танилцуулж,уг тэмдэглэгээг хийсэн тохиолдолд саналын хуудсыг хүчинтэйд тооцохоор тогтоосон, саналын хуудас нь сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан буюу нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлах тэмдэглэгээ хийх  талаар саналын хуудсанд тодорхой тусгасан, мөн тухайн хуралдааны санал хураалтын дүнг тооллогын комиссоос гаргаж, энэ талаар 01, 02 тоот тогтоол үйлдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг  болон бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна. Багийн иргэдийн Нийтийн  Хурлаас хуралдааны дэгийг  дээрх байдлаар тогтоосон, санал хураалтын дүнгийн тухай тооллогын комиссын тогтоол нь хүчинтэй байгаа  тул хүчингүйд тооцсон хуудсаар өгсөн саналыг нэр дэвшигчдэд өгсөн саналд нэмж тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Иймээс .... сумын .... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд /2 дахь санал хураалт/ оролцож, санал өгсөн иргэдийн олонхийн саналыг аваагүй нэр дэвшигч С...-ийг багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон нь хууль зөрчсөнөөс гадна  тухайн 2 дахь санал хураалт нь  хууль бус байх тул .... сумын ....  дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой, 02 дугаар тогтоол болон  уг тогтоолыг үндэслэж гарсан .... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийн С...-ийг тус багийн Засаг даргаар томилсон хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Дээр дурдсанаар нэхэмжлэгч М.. нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны эхний санал хураалтаар 141 санал авсан нь тогтоогдож байгаа боловч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар тухайн хуралдаанд оролцож, санал өгсөн  292 иргэний /эхний санал хураалт/ олонхийн саналыг авч чадаагүй байх тул  нэхэмжлэгч М..-ийг 7 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосон тогтоол гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд  зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, 23 дугаар зүйлийн 23.4–т “Анхдугаар хуралдааныг... бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид .... зарлан хуралдуулна” гэж тус тус заасан ба ... сумын ... дугаар багийн иргэдийн  Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор товлон зарласан асуудлын талаар болон  Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны ирцийн  хүчинтэй байдлын талаар хэргийн оролцогчид маргаагүйг дурьдах нь зүйтэй.  

Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “... ... сумын Засаг даргын 55 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг захирамжийн талаар шүүх дахин үнэлэлт, дүгнэлт хийх боломж байхгүй,хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалттай” гэсэн тайлбар гаргасан. 

.... сумын ... дугаар багийн оршин суугч Б...-ийн тус шүүхэд гаргасан  “.... ... сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаар шүүхийн шийдвэрээр  бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Уг хэрэг болон энэхүү М...-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч болон маргаан бүхий  захиргааны акт нь адил боловч нэхэмжлэгч  М... нь Б...-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, тухайн хэргийн  оролцогч биш тул маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн  эрх хууль, ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах, тухайн үйл баримтын талаар маргах эрхтэй, түүнчлэн дээрх шүүхийн шийдвэрээр уг 55 дугаар захирамжийн  хууль зүйн үндэслэлийн  талаар дүгнээгүй байх тул нэхэмжлэгч М...-ийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн болно. 

3. .... сумын ... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  дарга, хариуцагч Б... нь  нэхэмжлэгч М...-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт болох 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосон, мөн нэхэмжлэгч М...-ийг Засаг даргаар томилуулахаар санал болгосон иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03,  04 дүгээр тогтоолуудыг  нотлох баримтаар ирүүлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан.

 Нэхэмжлэгч М...-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээд С...-ийн  эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа, мөн хуульд харшилсан, өөрөөр хэлбэл  багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох, багийн Засаг  даргаар томилуулахаар санал болгох нь  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2,17.2,25 дугаар зүйлийн 25.4-т тус тус зааснаар иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарахгүй тул энэ  хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, ... сумын ... дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэсэн огноотой, 02 дугаар “Багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, Өлгий сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн С..-д холбогдох 2,4,5 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож, үлдсэн шаардлага болох  М...-ийг ... сумын ... дугаар багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон тогтоол гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЕРКЕШ