Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 898

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00898

 

 

 

 

А.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00593 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Мын хариуцагч Ш.Гд холбогдуулан Гэм хорын хохирол 631 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Баянгол дүүргийн 15-р хороо, 23А байрны 94 тоот сууцандаа 2019 оны 06-р сарын 01-ний өдөр нүүж орсон. 2019 оны 10-р сарын 13-ны өдрийн өглөө 11 цагийн үед гэртээ байхад жижиг өрөөний хананаас ус гоожсон тул ОСНААУГ-ын 12-р конторт дуудлага өгсөн. Тухайн үед слесарь ирэх хугацаанд дээд талын 98 тоот айл руу орж үзсэн, ус алдсан шинж байгаагүй. Ус 11 цаг 30 минутын орчмоос нэлээн их хэмжээгээр алдаж байсан учраас бичлэг хийсэн. Ингээд 11 цаг 45 минутын орчим слесарь Э.Мөнхбат дуудлагаар ирсэн. Манай жижиг өрөөг хараад 98 тоот айл руу орсон, ус алдаагүй байсан. Ус хавж алдсан байж магадгүй гээд 99 тоот руу ороход угаалгын өрөөнөөс ус алдаагүй, харин гал тогооны өрөөний тосгуурын доор байрлуулсан угаалгын машины хоолой нь мултарч ус алдсан байсан. Тэгээд хоолойг нь холбоод актаа аваарай гэсэн. Би 2019 оны 10-р сарын 14-ний өдөр контор дээр очиж актаа авсан, тэр орой нь 99 тоотод мэдэгдэж, даатгалдаа хамрагдаад хохиролгүй болгож өгөөрэй гэдгийг хэлсэн. Тэгэхэд ...хүүхэд унтаж байна, маргааш бол гээд хаалгаа хаасан. Ашид билгүүн ХХК-иар жижиг өрөөний хана, тааз, бараа материалын үнэ нийлээд 601 950 төгрөг болно гэж зах зээлийн үнэлгээ тогтоосон, үнэлгээ хийлгэхэд 30 000 төгрөг төлсөн. Манай угаалгын өрөө үү мөн ус орсон боловч энэ хохирлыг оруулаагүй болно. Иймд Ш.Гас 631 000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10-р сарын 13-ны өдөр манайд А.М, нэг слесарьтай хамт орж ирсэн. Угаалгын өрөөнөөс ус алдсан зүйл гараагүй, гал тогооны өрөөний угаалтуурын доор байрлуулсан угаалгын машиныг үзээд шланк салсан байна гэсэн. Тэгээд шланкийг холбож өгөөд гараад явсан. Тэгтэл удалгүй ээж нь гэх хүн орж ирээд манайд өмнө нь 3,4 удаа ус алдаж байсан гэхээр нь манайхаас болсон бол дуудлага өгөх байсан гэж хэлсэн. Манай эхнэр Хаан даатгал компанитай ярьж учир байдлыг хэлсэн. Даатгалын компаниас 10-р сарын 16-ны өдөр шинжээч ирж үзнэ гэсэн, гэтэл эднийх шинжээчийг гэртээ оруулаагүй, даатгал бага үнэлгээ гаргадаг гэсэн гээд оруулаагүй. Нэхэмжлэгч хохирлын үнэлгээ гаргуулахдаа урьд нь ус алдаж байсныг хэлээгүй, элэгдэл, хорогдлыг тооцоогүй байна. Манайх 1 өрөө байртай, 4-р сард засвар хийлгэхэд 500 000 төгрөгөөр хийлгэж байсан. Үнэлгээгээр материалын үнэ 150 000 төгрөг, ажлын хөлс 400 000 төгрөг болсон нийт 601 950 төгрөг болсныг бууруулах саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шагжийн Гантулгаас 631 950 /зургаан зуун гучин нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж Артагийн Мандалжавт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гас 19 610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчид учруулсан хохиролоо барагдуулахаар өөрийн Хаан даатгал ХХК-д дуудлага өгч гэрт нь очиж үзлэг хийн, нөхөн төлбөр гаргуулах гэтэл манай даатгалын шинжээчийг гэртээ оруулахгүй гэж удаа дараа гүрийж, хүндрэл учруулсан. Хоёр, гурван удаа утсаар ярьж учраа хэлэхэд ойлгох нь битгий хэл сүүлдээ намайг ална, тална гэж заналхийлсэн. Нэхэмжлэгч өмнө нь огт ус алдаж байгаагүй байр гэсэн боловч ус алдаж байсныг олж тогтоосон. Би даатгалын компаниараа нөхөн төлбөрийг барагдуулах бүрэн бололцоотой байсныг минь нэхэмжлэгч үгүй хийсэн. Эхнэр бид хоёр хоюулаа ажилгүй, орлогогүй, 2 нялх хүүхэдтэйгээ амьдардаг. Санаатайгаар төлбөр төлөх бололцоог минь хаасан гэж үзэж байна. Мөн үнэлгээний компаниар өндөр үнэлгээ гаргуулж тооцоогоо хийлгэсэн. Өмнө нь удаа дараа ус алдаад мэдээж аймар болсон өрөөгөө манайхаар бүрэн төлүүлэхээр улайрч байгаа. Хаан даатгал ХХК-тай би өөрийн биеэр очиж гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Даатгалын гэрээн дээр өмчлөгч гэсэн хүснэгт дээр миний төрсөн дүү болох Ш.Отгонжаргалын нэр бичигдсэн боловч даатгуулагч нь Ш.Г байгаа. Дээрх шалтгаануудаас дүгнэхэд нэхэмжилсэн 631 950 төгрөгийг бодит биш, хэт өндөр  үнэлгээ гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн үнийн дүнг 50-60 хувиар бууруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Ш.Гд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 631 950 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 42-46/

            А.Мын өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23А байрны 94 тоот орон сууцанд тус байрны 99 тоотын орон сууцны оршин суугч Ш.Гантулгын угаалгын машины хоолой нь мултарсан шалтгааны улмаас ус алдсан болох нь хэргийн 6 дах талд авагдсан ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх арван хоёрдугаар төвийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн техникийн комиссын акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...2019 оны 8 дугаар сарын 8,9-ний өдөр бороо орж ус орсон, элэгдэл хорогдлыг тооцоогүй, 1 өрөө байрыг 500 000 төгрөгөөр засварлана” гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хүлээнэ. Шүүх талуудын гаргасан нотлох баримтын хэмжээнд харьцуулан үнэлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.2.5-д тус тус заасны дагуу сууц өмчлөгч буюу хариуцагч Ш.Г нь өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууц, эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул  хариуцагчийн гаргасан давж гомдол үндэслэлгүй болно.

 Иймд анхан шатны шүүх хохирол 601 950 төгрөг, үнэлгээ тогтоолгоход төлсөн 30 000 төгрөг, нийт 631 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  зохицуулалтад нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8233 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

 

                              ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                 Б.НАРМАНДАХ