Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/2019/03498/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15-р хороо,А.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, Ш.Г-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 631 950 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М, хариуцагч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Баянгол дүүргийн 15-р хорооны сууцандаа 2019 оны 06-р сарын 01-ний өдөр нүүж орсон. 2019 оны 10-р сарын 13-ны өдрийн өглөө 11 цагийн үед намайг гэртээ байхад жижиг өрөөний хананаас ус гоожсон тул ОСНААУГ-ын 12-р конторт дуудлага өгсөн. Тухайн үед слесарь ирэх хугацаанд би дээд талын 98 тоот айл руу орж үзсэн, ус алдсан шинж байгаагүй. Ус 11 цаг 30 минутын орчмоос нэлээн их хэмжээгээр алдаж байсан учраас би бичлэг хийсэн. Ингээд 11 цаг 45 минутын орчим слесарь Э.М дуудлагаар ирсэн. Манай жижиг өрөөг хараад 98 тоот айл руу орсон, ус алдаагүй байсан. Ус хавж алдсан байж магадгүй гээд 99 тоот руу ороход угаалгын өрөөнөөс ус алдаагүй, харин гал тогооны өрөөний тосгуурын доор байрлуулсан угаалгын машины хоолой нь мултарч ус алдсан байсан. Тэгээд хоолойг нь холбоод намайг актаа аваарай гэсэн. Би 2019 оны 10-р сарын 14-ний өдөр контор дээр очиж актаа авсан, тэр орой нь 99 тоотод мэдэгдэж, даатгалдаа хамрагдаад манайхыг хохиролгүй болгож өгөөрэй гэдгийг хэлсэн. Тэгэхэд ...хүүхэд унтаж байна, маргааш бол гээд хаалгаа хаасан. Би хохирлоо А ХХК-иар хийлгэсэн. Жижиг өрөөний хана, тааз, бараа материалын үнэ нийлээд 601 950 төгрөг болно гэж зах зээлийн үнэлгээ тогтоосон, үнэлгээ хийлгэхэд 30 000 төгрөг төлсөн. Манай угаалгын өрөө үү мөн ус орсон боловч энэ хохирлыг оруулаагүй болно. Иймд Ш.Г-с 631 000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10-р сарын 13-ны өдөр манайд А.М, нэг слесарьтай хамт орж ирсэн. Угаалгын өрөөнөөс ус алдсан зүйл гараагүй, гал тогооны өрөөний угаалтуурын доор байрлуулсан угаалгын машиныг үзээд шланк салсан байна гэсэн. Тэгээд шланкийг холбож өгөөд гараад явсан. Тэгтэл удалгүй ээж нь гэх хүн орж ирээд манайд өмнө нь 3,4 удаа ус алдаж байсан гэхээр нь манайхаас болсон бол дуудлага өгөх байсан гэж хэлсэн. Манай эхнэр Хаан даатгал компанитай ярьж учир байдлыг хэлсэн. Даатгалын компаниас 10-р сарын 16-ны өдөр шинжээч ирж үзнэ гэсэн, гэтэл эднийх шинжээчийг гэртээ оруулаагүй, даатгал бага үнэлгээ гаргадаг гэсэн гээд оруулаагүй. Нэхэмжлэгч хохирлын үнэлгээ гаргуулахдаа урьд нь ус алдаж байсныг хэлээгүй, элэгдэл, хорогдлыг тооцоогүй байна. Манайх 1 өрөө байртай, 4-р сард засвар хийлгэхэд 500 000 төгрөгөөр хийлгэж байсан. Үнэлгээгээр материалын үнэ 150 000 төгрөг, ажлын хөлс 400 000 төгрөг болсон нийт 601 950 төгрөг болсныг бууруулах саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь Ш.Гт холбогдох Э-т холбогдох гэм хор учруулсны хохирол 631 950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2019 оны 10-р сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороо, 23А-р байрны 99 тоот Ш.Г-н оршин сууж байгаа сууцны гал тогооны өрөөнд байрлуулсан угаалгын машины хоолой мултарсны улмаас А.М-н өмчлөлийн 94 тоот сууцны жижиг өрөөний ...хана норж замасч эмульс ховхорсон, обой норж хөндийрсөн, ламперан тааз норж хотойсон гэм хор учруулсан нь 2019 оны 10-р сарын 14-ний өдрийн Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн техникийн комиссийн акт, гэрч Э.М-н ...дуудлагаар очиж үзсэн, 99 тоотын угаалгын машины шланк мултарч ус алдсан байсан, тухайн хүмүүс юм угаагаад дууссан, шал нь норсон байсан тул зөвлөгөө өгөөд гарсан, 98 тоотоос ус алдаагүй байсан гэсэн мэдүүлгээр тус тус /хх 56, 71/ тогтоогдсон байна.

 

Хөрөнгө үнэлгээний А ХХК нь А.М-ынд учирсан хохирлыг 601 950 төгрөгөөр үнэлсэн /хх 7-17/, нэхэмжлэгч үнэлгээний төлбөрт 30 000 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч өөрсдийн зардлаар хохирлыг арилгаагүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг багасгахыг хүссэн үндэслэлээ ...2019 оны 8-р сарын 8,9-ний өдөр бороо орж ус орсон, элэгдэл хорогдлыг тооцоогүй, 1 өрөө байрыг 500 000 төгрөгөөр засварласан гэж тайлбарладаг боловч бороо орсон, 1 өрөө байрыг засварлахад гарсан зардал зэрэг нь ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохирол арилгуулах нэхэмжлэлийн шаардлагатай шалтгаант холбоогүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Ш.Г нь ХААН даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулаагүй байх ба даатгуулагч нь Ш.О /хх 48/ байна. Даатгалын гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл, даатгуулагч гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ нь уншигдах боломжгүй, эх хувийг шүүхэд гаргаагүй, зарим заалт буюу гэрээний 2.6.3.Хохирлын үнэлгээ гэх заалтын 2.6.3.1 дэх хэсэг бүрэн биш байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шагжийн Гантулгаас 631 950 /зургаан зуун гучин нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж А.М олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-аас 19 610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

ШҮҮГЧИД М.МӨНХТӨР

Х.ЭНХЗАЯА