Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00489

 

 

 

 

       2024           05             13     

                       130/ШШ2024/00489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, ** дугаар хороо, Д гудамж, ** тоотод үйл ажиллагаа явуулах, И ХХК

Хариуцагч: Б аймгийн Б Эрүүл мэндийн төв /дарга А.Е/

Хамтран хариуцагч: Б аймгийн Б Засаг даргын тамгын газар  /дарга Х.Б/

Хамтран хариуцагч: Х.Б

Хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сан /эрхлэгч Б.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б/цахимаар/

Хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч А.

Хамтран хариуцагч Б аймгийн Б Засаг даргын тамгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хамтран хариуцагч Х.Б-ийн өмгөөлөгч Х.Т

Хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангийн төлөөлөгч Б.

Гэрч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч Е болон хамтран хариуцагч Х.Б нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг /баримт №9/-аар мэдэгдсэн боловч хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч Е болон хамтран хариуцагч Х.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч Е болон хамтран хариуцагч Х.Б нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төв /дарга А.Е/, хамтран хариуцагч Б аймгийн Б Засаг даргын тамгын газар /дарга Х.Б/, Б аймгийн Б Эргэлтийн эмийн сан /эрхлэгч Б.А/, Х.Б нарт холбогдуулан эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Тус компани нь Б эргэлтийн эмийн санд 1,089,570 төгрөгийн эм барааг зээлээр худалдан борлуулсан. Гэвч уг эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөгийг одоог хүртэл төлж өгөхгүй манай компанийг хохироож байна. Б аймгийн М компани төвөөс тус аймгийн Б эргэлтийн эмийн сангийн захиалгаар 1,089,570 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. Эргэлтийн эмийн сангийн журмаар Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаар хангах, чиглэл өгөх үүрэгтэй байдаг. Харин эд хөрөнгө захиран зарцуулах, мөнгө гаргуулах эрх нь тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар байгаа. Ажил олгогч нь Засаг даргын Тамгын газар гэж ойлгож байна. Яагаад гэвэл өмнөх шүүх хуралдаанд Засаг даргын Тамгын газрын дарга нь Х.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал болон чөлөөлсөн тушаал нь байгаа гэсэн тайлбар хэлсэн. Тийм учраас нэхэмжилж буй мөнгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төвийн дарга Е хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн эмийн санд 1,089,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримт буюу Тооцооны үлдэгдлийн баталгааны хуудаснаас харахад МХХК-иас Б Эрүүл мэндийн төв эм худалдаж аваагүй харин Б Эргэлтийн эмийн сан худалдан авсан тухай үйл баримт тогтоогдож байна. Б Эмийн эргэлтийн санг Б Засаг даргын 2018 оны захирамжаар байгуулсан ба мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаар захирамжаар тус Эмийн эргэлтийн сангийн “Хяналтын зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд дээрх Эмийн эргэлтийн сан байгуулах тухай болон Эмийн эргэлтийн сангийн Хяналтын зөвлөл байгуулах тухай захирамжууд хүчинтэй байгаа юм. Б Эмийн эргэлтийн сангийн журмын дагуу сумын Эрүүл мэндийн төв нь Эргэлтийн эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллах бөгөөд санхүү, тооцоотой холбоотой асуудалд оролцох эрхгүй юм. Дээр дурдсан Эргэлтийн эмийн сангийн журмын дагуу Эргэлтийн эмийн сангийн эргэлтийн хөрөнгийг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсгийг сумын Засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг хариуцсан нягтлан бодогч зурдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчдын талаар зохицуулж өгсөн байх ба 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан нотлох баримт болон сумын Засаг даргын шийдвэр, Б Эргэлтийн эмийн сангийн журам зэргээс харахад Б Эрүүл мэндийн төв нь энэхүү М ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн хариуцагч биш юм. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б Эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хамтран хариуцагч Б аймгийн Б Засаг даргын тамгын газрын дарга Х.Б хариу тайлбартаа: М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  хамтран хариуцагчаар Б Засаг даргын Тамгын газрыг оролцуулах хүсэлт гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б суманд Эргэлтийн эмийн сан анхлан байгуулагдахад болон дахин өөрчлөн байгуулахад Засаг даргын тамгын газрын оролцоогүй бөгөөд эмийн сантай холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Иймд хамтран хариуцагчаар оролцох ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Харин Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, эм, эмийн бүтээгдэхүүнийг татан авах, өр төлбөр барагдуулах ажил нь журмаараа эмийн сангийн эрхлэгчийн ажил байсан тул Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Х.Б өөрөө хариуцаж хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

4. Хамтран хариуцагч Х.Б хариу тайлбартаа: Миний бие М ХХК-ийн тус аймаг дахь эмийн сангийн салбараас өөрийн биеэр ирж, эм аваагүй. Эргэлтийн эмийн сангаас өгсөн захиалгын дагуу манай сумын Эрүүл мэндийн машинаар ирсэн эмийг хүлээн авсан. Дээрх эмийг худалдан борлуулсны үнийг эргэлтийн эмийн сангийн дансанд төвлөрүүлж хийж байсан. Тэгээд ажиллаж байхад 2022 оны 02 дугаар сард тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Х.А нь Цагдаагийн байгууллагад Х.Б нь миний хоёрдугаар гарын үсгийг дурайлган зурж данснаас мөнгө гаргасан байна гэж өргөдөл гаргаснаар уг асуудал одоо хүртэл шалгагдаж байна. Уг асуудлыг эхлээд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид дараа нь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчид шалгаж байна. Миний бие 2021 оны 03 дугаар сард жирэмсний амралт авсан ба тухайн үед эргэлтийн эмийн сангийн дансанд 5,762,500 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн юм. Энэ мөнгийг үүнээс хойш зарцуулаагүй ба эм авсан М ХХК, Д, Ө ХХК-иудад шилжүүлэх ёстой байтал нягтлан бодогч Х., Засаг дарга Н.Х нар одоо хүртэл шилжүүлээгүй байна. Би 2021 оны 3 дугаар сард жирэмсний амралт авснаас хойш эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаагүй болно. Цагдаагийн байгууллагын мөрдөгчид тус сумын эргэлтийн эмийн сангийн санхүүгийн баримтад Б аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлтээр эргэлтийн эмийн сангийн харилцах дансанд 5,762,500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эргэлтийн эмийн санч хувьдаа эмийн үнийг ашигласан зүйл харагдахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Тус сумын Засаг даргын тамгын газраас намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй мөртлөө 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр Б.А гэдэг хүнийг томилж эргэлийн эмийн сангийн дансанд буй 5,762,500 мянган төгрөгийг зарцуулж эхэлсэн байна. М ХХК-ийн надаас нэхэмжилж буй эмийн үнэ болох 1,089,570 мянган төгрөг нь үндэслэлгүй ба би хариуцагч биш гэжээ.

5. Хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Б.А хариу тайлбартаа: Миний би Б.А Б эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд тус сумд эргэлтийн эмийн сангийн байргүй байсны улмаас сумын Засаг даргын тамгын газраас халуун усны байрны нэг өрөөг суллаж өгч, 5 сая төгрөгийн эм авч, тухайн эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэн одоог хүртэл ажиллаж байна. Би тухайн эмийн эргэлтийн мөнгөөр цалинждаг бөгөөд ****** тоот дансанд борлуулсан эмийн үнэ орж үүнийг надад цалин болгож сумын Засаг даргын тамгын газраас гаргаж өгч байгаа юм. Би уг эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажлыг авахдаа Б Засаг даргын тамгын газраас хүлээлгэж өгсөн ба тухайн үед надад тус эргэлтийн эмийн сан нь ийм төгрөгийн авлага, өглөгтэй талаар ямар нэгэн бичиг баримт болон эрхлэгчийн тамга тэмдэг.албаны хэвлэмэл хуудас зэргийг хүлээлгэж өгөөгүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Тооцооны үлдэгдлийн баталгаанаас харахад М ХХК-ийн эрхлэгч Х.А-д өлөг байгууллагын эрхлэгч Б нарын хооронд хийгдсэн тооцоо байгаа ба тухайн тооцоогоор 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд 1,089,570 төгрөгийн өглөгтэй болж гарсан байна. Миний би Б эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр 2023 оны 11 дүгээр сард томилогдсон ба надад өмнөх эрхлэгчээс ийм төгрөгийн өглөгтэй гэж ямар нэгэн санхүүгийн баримт хүлээлгэж өгөөгүй тул би хариуцагч биш гэж үзэж байна. Иймд миний бие тухайн үед М ХХК-тай тооцоо нийлээгүй, надад ийм тооцоотой гэж ямар нэгэн санхүүгийн баримтыг хүлээлгэж өгөөгүй учир Б Засаг даргын тамгын газар болон Б нар уг мөнгийг хариуцах тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

6. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Б, М.Ж нарт олгосон итгэмжлэл, Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас Б аймгийн Б Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаартай захирамж, Б аймгийн Б Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн.

8. Хамтран хариуцагч Х.Б-аас Х.Т-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хандсан хүсэлт, Б аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32/7521 дугаартай албан бичиг, Б аймгийн Б Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/126 дугаартай албан тоот, Б аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

9. Хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангаас Б аймгийн Б Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/46 дугаартай захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/41 дугаартай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

10. Б аймгийн Б Засаг даргын тамгын газраас Б.Д-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

11. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгч М ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М компани Б эргэлтийн эмийн сангийн захиалгаар 1,089,570 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Эргэлтийн эмийн сангийн журмаар Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаар хангах, чиглэл өгөх үүрэгтэй байдаг. Харин эд хөрөнгө захиран зарцуулах, мөнгө гаргуулах эрх нь тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар байгаа. Ажил олгогч нь Засаг даргын Тамгын газар гэж ойлгож байна. Яагаад гэвэл өмнөх шүүх хуралдаанд Засаг даргын Тамгын газрын дарга нь Х.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаал болон чөлөөлсөн тушаал нь байгаа гэсэн тайлбар хэлсэн. Тийм учраас хариуцагч нараас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

13. Хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төвийн дарга Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М ХХК-иас Б Эрүүл мэндийн төв эм худалдаж аваагүй харин Б Эргэлтийн эмийн сан худалдан авсан тухай үйл баримт тогтоогдож байна. Б Эмийн эргэлтийн санг Б Засаг даргын 2018 оны захирамжаар байгуулсан тул тус сумын Эрүүл мэндийн төв нь хариуцахгүй юм. Тун ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б Эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

14. Хамтран хариуцагч Б аймгийн Б Засаг даргын тамгын газрын дарга Х.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б суманд Эргэлтийн эмийн сан анхлан байгуулагдахад болон дахин өөрчлөн байгуулахад Засаг даргын тамгын газрын оролцоогүй бөгөөд эмийн сантай холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Иймд хамтран хариуцагчаар оролцох ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

15. Хамтран хариуцагч Х.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие М ХХК-ийн тус аймаг дахь эмийн сангийн салбараас өөрийн биеэр ирж, эм аваагүй. Эргэлтийн эмийн сангаас өгсөн захиалгын дагуу манай сумын Эрүүл мэндийн машинаар ирсэн эмийг хүлээн авсан. Дээрх эмийг худалдан борлуулсны үнийг эргэлтийн эмийн сангийн дансанд төвлөрүүлж хийж байсан тул би уг мөнгийг хариуцахгүй гэжээ.

16. Хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Б.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний би Б.А Б эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд миний бие тухайн үед М ХХК-тай тооцоо нийлээгүй, надад ийм тооцоотой гэж ямар нэгэн санхүүгийн баримтыг хүлээлгэж өгөөгүй тул Б аймгийн Б Эргэлтийн эмийн сан хариуцахгүй гэж үзэж байна гэжээ.

17. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

17.1. Нэхэмжлэгч М ХХК-иас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн талаар зохигч нар  маргаагүй болно.

17.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б аймаг Б Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/** дугаартай захирамжаар хамтран хариуцагч Х-ийн Б-ыг эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр 3 сарын хугацаагаар түр томилсон, дараа нь Б аймгийн Б Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай захирамжаар ...Б эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр Б овогтой А-г 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилон түр ажиллуулах тухай, мөн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/41 дугаартай захирамжаар ... Б эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр Б овогтой А-ыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн бүр томилсон эрхийн актаар Б.А-ыг томилж, одоо тус эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр Б.А нь ажиллаж байгаа болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

17.3. Хамтран хариуцагч Х.Б-ийн ... эргэлтийн эмийн сангийн харилцах дансанд 5,762,500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Эргэлтийн эмийн санч хувьдаа эмийн үнийг ашигласан зүйл харагдахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Одоо тус эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байгаа ба эргэлийн эмийн сангийн дансанд буй 5,762,500 төгрөгийг зарцуулж эхэлсэн байна. Уг мөнгийг эм авсан М ХХК-д шилжүүлэх ёстой байтал одоо хүртэл шилжүүлээгүй байна” гэх шүүхэд гаргасан тайлбараар,  

17.4. Мөн М ХХК-ийн Б аймаг дахь салбарын эрхлэгч буюу худалдааны болон чанарын менежер ажилтай Б.А-ны ... “Б эргэлтийн эмийн сангийн эрхлэгч байсан Х.Б-тай би 2021 онд тооцоо нийлсэн ба тэр үед Х.Б өөрөө биечлэн ирээд, тооцоо нийлсэн акт үйлдэж байсан” гэх шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус нэхэмжлэгч М ХХК болон хамтран хариуцагч Б эргэлтийн эмийн сангийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. 

17.5. Хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төвийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг Б засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаартай “Эмийн эргэлтийн сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай” захирамж, мөн захирамжийн хавсралтаар Б Эмийн эргэлтийн сангийн журмыг тус тус баталсан байна.

17.6. Энэхүү Б Эмийн эргэлтийн сангийн журмын 4.2.1-д Засаг дарга түүний Тамгын газар нь арга зүйн удирдлагаар хангаж, эргэлтийн эмийн санд ... хяналт, дүгнэлтийн дагуу шийдвэр гаргаж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна, 4.2.2-т эргэлтийн эмийн сангийн эрхлэгчтэй эрх үүрэг, хариуцлага цалин, урамшуулал, нийгмийн даатгалыг тусгасан гэрээ байгуулж ажиллана, 4.2.3-т санхүүгийн алба нь эмийн эргэлтийн сангийн тайлан тэнцлийг хагас, бүтэн жилийн орлого, зарлага, үлдэгдлийн тооцоог хийж баталгаажуулан Засаг даргад танилцуулна, 2.4-т ЭМТ-ийн эрхлэгч Эмийн эргэлтийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана, 2.5-д эмийн эргэлийн сангийн эрхлэгч эмийн сангийн өдөр тутмын тогтмол уйл ажиллагааг хангаж ажиллана. Эмийн эргэлтийн санд сар бүрийн 28-нд хяналтын зөвлөл тооллого хийнэ. Улирал бүрийн сүүлийн сарын 28-нд үр дүнг тооцон хэлэлцэж сумын Засаг даргад тайлагнана” гэжээ.

18. Мөн хамтран хариуцагч Х.Б-ийн өмгөөлөгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн Б аймгийн засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шинжээчийн дүгнэлтийн 5 хариултад зарим төрлийн эм хэрэглэх хугацаа дууссан учир МХГ-аас акталсан ба банкны харилцах дансанд 5,762,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн байна.

Үүнийг хариуцагч болон хамтран хариуцагч нар үгүйсгэсэн нотлох баримтаа гарган өгч үгүйсгээгүй болно. 

 

18.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

18.2. Гэтэл хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Б.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй ба нэхэмжлэгч болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрчийн мэдүүлгээр Б аймгийн Б Эргэлтийн эмийн санд эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байх тул эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөгийг хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

19. Иймд зохигчдын шүүхэд гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас хооронд нь харьцуулан үнэлж хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангаас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/  төгрөгийг гаргуулан М ХХК-д олгож, хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төв, хамтран хариуцагч Х.Б, Б аймгийн Б Засаг даргын тамгын газарт тус тус холбогдох нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

20. Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 212/МА2024/00017 дугаартай магадлалд ... нэхэмжлэлийн үндэслэл болсон хэргийн 7 дахь талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар жинхэнэ эхийг шаардаж авах эрхтэй бөгөөд ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэснийг нэхэмжлэгч талаас шаардахад нэхэмжлэгч М ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 01/021 дугаартай албан бичгээр ... манай байгууллагад тус тооцооны үлдэгдлийн баталгаа нь эх хувиараа байхгүй болохыг албан ёсоор үүгээр мэдэгдэж байна ... гэсэн болно.  

20.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгсөн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангагдаагүй учир мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангаас 30,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангаас Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагч Б аймгийн Б Эрүүл мэндийн төв, хамтран хариуцагч Б аймгийн Б Засаг даргын Тамгын газар, Х.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч Б аймгийн Б Эргэлтийн эмийн сангаас 30,700 /гучин мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б