Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 945

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/00945

 

 

Ч.Нн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00623 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Нн хариуцагч Г.Бт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                          Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Эрдэнэбаттай хамтран бизнестэй хөрөнгө оруулах зорилгоор найз Ванг Ёнг-ийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 46/1 байрны 57 тоот орон сууцыг барьцаалан Их цолмон капитал ББСБ-тай 2015.06.22-ны өдөр ЗГ/015/06/22 дугаар зээлийн болон БГ/015/06/22 дугаар барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 46/1 байрны 96 тоот орон сууцыг барьцаалан 2015.07.01-ний өдөр ЗГ/015/07/01 дугаар зээлийн болон БГ/015/07/01 дугаар барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөг буюу нийт 100,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Л.Эрдэнэбат болон миний бие дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж гэрээний хугацаа хэтэрсэн тул талууд 2016.12.06-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, эргэн төлөлтийг баталгаажуулахаар Эвлэрлийн гэрээ байгуулж, уг Эвлэрлийн гэрээгээр ЗГ/015/06/22, ЗГ/015/07/01 дугаар зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 48,793,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,800,000 төгрөг, Эвлэрлийн гэрээний хугацаанд тооцох хүү 16,000,000 төгрөг нийт 174,593,550 төгрөгийг 2017.04.05-ны өдөр төлөхөөр хариуцагч Г.Бтэй тохиролцсон. Эвлэрлийн гэрээний үүргийг хангуулахаар 57, 96 тоот орон сууцнуудыг тус тус Их цолмон капитал ББСБ-ийн захирал, хувьцаа эзэмшигч хариуцагч Г.Бийн хүсэлтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Г.Бийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд Эвлэрлийн гэрээний үүрэг бүрэн хангагдаж зээл болон хүүгийн төлбөр бүрэн дууссан тохиолдолд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Эвлэрлийн гэрээ байгуулсан 2016.12.06-ны өдөр мөнгөний хэрэгцээ гарсан тул хариуцагч Г.Бийн Их цолмон капитал ББСБ-тай миний бие ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээ байгуулж, Төв аймгийн эрдэнэ суманд байрлах аялал жуулчлалын зориулалтын газраа барьцаалж БГ/016/1206 дугаар барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 сая төгрөг зээлсэн. Мөн 2016.12.16-ны өдөр ЗГ/016/12/16 дугаар зээлийн гэрээ байгуулж барьцаанд нь Сонгинохайрхан дүүргийн 32 Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20000 м2 үйлдвэрийн зориулалттай газраа барьцаалан БГ/012/12/06 дугаар барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөг зээлсэн. 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар барьцааны гэрээний зүйл болох газруудыг Г.Бийн нэр дээр шилжүүлсэн. Улмаар дээрх 2 зээлийн гэрээний дагуу зээлсэн 20,000,000 төгрөг болон зээлийн хүүнд Төв аймгийн эрдэнэ суманд байрлах аялал жуулчлалын зориулалтын газраа түүний нэр дээр хэвээр үлдээж 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт хаахаар харилцан тохиролцож үүрэг дуусгавар болсон. Ингээд хариуцагч Г.Бтэй ЗГ/015/06/22 дугаар зээлийн гэрээгээр зээлсэн 50,000,000 төгрөг, ЗГ/015/07/01 дугаар зээлийн гэрээгээр зээлсэн 50,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөг хүү, алдангийн хамт 174,593,550 төгрөгийг төлөх үүрэг үлдсэн. 2016.12.06-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хариуцагч Г.Б нь Эвлэрлийн гэрээний дагуу өөрийнх нь нэр дээр түр шилжүүлсэн 57, 96 тоот орон сууцуудыг Ч.Н, Н.Батбаяр нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасаныг 102/ШШ2018/03387 дугаар шүүхийн шийдвэр, 2019.01.11-ний өдрийн 171 дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцнуудыг Ч.Н, Н.Батбаяр нарын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Л.Эрдэнэбат бид хоёрын Их цолмон капитал ББСБ-тай хийсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг Эвлэрлийн гэрээгээр тохиролцсоны дагуу барьцааны 57, 96 тоот орон сууцнуудаар хангагдаж үүрэг дуусгавар болсон. 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлсэн байсан 20000 м2 үйлдвэрийн зориулалттай газраа З.Жаргалбатад 250,000,000 төгрөгөөр худалдаж, 100,000,000 төгрөгийг нь хариуцагч Г.Бт 2019 оны 5 сард шилжүүлэхээр, үлдсэн 74,593,550 төгрөгийг үүнээс 3 сарын дараа бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож 57, 96 тоот орон сууцнуудьг авч үлдэхээр 2019.04 сард хэлэлцээ хийсэн. Ч.Н би газраа иргэн С.Жаргалбатад 250,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч З.Жаргалбат газрын төлбөр 100,300,000 төгрөгийг хариуцагч Г.Бт үлдсэн 150,000,000 төгрөгийг миний бие хүлээн авсан юм. Ингээд хэлэлцэж тохирсоны дагуу хариуцагч Г.Бт үлдэгдэл 74,593,550 төгрөгийг төлөөд байраа эргүүлж авах гэсэн боловч хариуцагч хэлэлцэж тохирсоноосоо буцаж үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн. Иймд хариуцагч Г.Б нь 100,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан тул гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.12.06-ны өдөр 10,000,000 төгрөгийн 2 тусдаа зээлийн гэрээг Их цолмон капитал ББСБ-тай байгуулсан. Уг зээлүүд нь Төв аймагт нэг газар, Сонгинохайрхан дүүрэгт нэг газрыг тус тус барьцаалсан. Газрын хугацаа дуусах гэж байсан болохоор миний нэр дээр шилжүүлээд сунгуулсан. 2017 оны 06 сард Төв аймгийн газрыг зээлийн гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлд авч зараад, зээлийн гэрээг хаагаад өг гээд 2017.06.08-ны өдөр зарж борлуулах бүх эрхтэй итгэмжлэлийг Г.Бт өгсөн. Газар нь нэхэмжлэгчийн хэлсэн үнээр зарагдахгүй байсан. Энэ хугацаанд итгэмжлэлийнх нь хугацаа дууссан. С.Жаргалбат гэх хүнд Сонгинохайрхан дүүргийн газраа зарсан байсан. 2017.04.06-ны өдөр байгуулсан 27,600,000 төгрөгийн зээлийн гэрээг өмнөх 2 удаагийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд тулгуурлаж 27,600,000 төгрөгийн зээлийг олгосон. Гурван гэрээ нь барьцаануудаараа салшгүй холбоотой. Сонгинохайрхан дүүргийн газрыг манай эзэмшилд байхад С.Жаргалбат гэх хүнд зараад 150,000,000 төгрөгийг нь Ч.Н авсан. Зээлдэгч Ч.Нн өөрийнх нь бичиж өгсөн хүсэлтийн дагуу С.Жаргалбатад газрыг шилжүүлж өгсөн. Ч.Н гэдэг хүн надтай хувийн харилцаа байхгүй, зээлийн гэрээг манай ББСБ-тай байгуулсан. Эрдэнэбаттай хийсэн 100,000,000 төгрөгийн гэрээг хольж яриад байна. Нэхэмжлэгч Төв аймгийн газраар бүх зээлээ хаасан гэж тайлбарладаг.Төв аймгийн газрыг зээлийн үүргийн гүйцэтгэлд өгье гэж тодорхой бичсэн зүйл байхгүй. Ч.Н газраараа бүх зээлийн гэрээгээ хаасан мэтээр тайлбарладаг. Гэтэл тэр үйл баримт нь хоорондоо 6 сарын зөрүүтэй. Нэхэмжлэгч Ч.Н 2 зүйлээ хольж яриад байдаг. 174,000,000 төгрөгтөө байр өгөөд, нэмээд 100,000,000 төгрөг Баттөмөрт өгөөд, намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаад байна. Тэгэхээр 2 удаагийн 10,000,000 төгрөг, 27,600,000 төгрөг, нийт 47,600,000 төгрөгийн зээлийн гэрээгээ юугаар төлж барагдуулах гээд байгаа юм гэхээр Төв аймгийнхаа газрыг 35,000,000 төгрөгөөр зараад хаасан гэж хэлдэг. Гэтэл ББСБ-аас гаргасан тооцооллоор 35,000,000 төгрөгийн газраар 50,000,000 гаруй төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хаах боломжгүй. 27,600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй, гэдэг боловч Ч.Н гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Миний хувьд ББСБ-ын хувьцаа эзэмшигч ба ББСБ-аас олгосон зээлийн харилцааны хувьд Ч.Нтэй уулзаж, байнгын холбоотой байсан. Иргэн Г.Бийн дансаар нэг ч төгрөг ороогүй, нэхэмжлэгчтэй иргэнийхээ хувьд зээлийн харилцаанд орж байгаагүй, Ч.Нгээс өгсөн төлбөр мөнгө нь Их цолмон капитал ББСБ-аас авсан зээлийн гэрээний үүрэгт тооцогдсон. Ч.Н С.Жаргалбат гэх хүнд 250,000,000 төгрөгөөр газраа зараад 150,000,000 төгрөгийг өөрөө авсан, 100,000,000 төгрөгийг Их цолмон капитал ББСБ-аас авсан зээлийн гэрээний үүрэгтэй тооцож Их цолмон капитал ББСБ өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 658,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ч.Нгийн нэхэмжлэлтэй Г.Бт холбогдох 100,000,000 төгрөг гаргуулах хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн атлаа хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчийг хэрхэн хохироосон талаар болон, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар огт дүгнэлт хийлгүй хариуцагчийн худал тайлбарт хөтлөгдөн илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Н, хариуцагч Г.Бт холбогдох иргэний хэрэг шийдвэрлэгдэж байхад "Их цолмон Банк" ББСБ, Гүмүда финанс" ББСБ-ын  зээлийн  гэрээтэй холбоотой дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ч.Н нь 2015 оны 6, 7 сард "Их цолмон Банк" ББСБ-с авсан 100 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд хариуцагч Г.Бийн нэр дээр Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва 46/1 байрны 96, 57 тоот 3 өрөө 2 орон сууцнуудыг шилжүүлсэн. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 21-ний өдрийн 171 дугаар магадлалаар орон сууцнуудыг 100 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги нийт 174 593 550 төгрөгийн гүйцэтгэлд албадан чөлөөлүүлэх шийдвэр гарсан. Хариуцагч Г.Б нь 2019 оны 4 сард нэхэмжлэгч Ч.Нтэй уулзахад 174 593 550 төгрөгийг төлж хохирлыг арилгасан тохиолдолд орон сууцнуудыг буцааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Хэлэлцээрийн дагуу Ч.Н нь Сонгинохайрхан дүүргийн 32 Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20000 м2 үйлдвэрийн зориулалттай газраа иргэн Сугар овогтой Жаргалбатад 250 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч С.Жаргалбат нь газрын төлбөрийн 100 000 000 төгрөгийг хариуцагч Г.Бт төлсөн. Гэвч Г.Б 100 000 000 төгрөгийг хүлээн авсан хэрнээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан. Талууд 2019 оны 4-р сард байраа авч үлдэхийн тулд эхний ээлжинд 100 000 000 төгрөг, үүнээс 3 сарын дараа үлдэгдлийг төлөхөөр харилцан тохиролцсон байсан ч хариуцагч 57, 96 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай ажиллагаа явагдаж эхэлсэн. Нэхэмжлэгч Ч.Нгийн төлсөн 100 000 000 төгрөг нь 57, 96 тоот сууцнуудыг чөлөөлүүлэхийн тулд Г.Бт хууртаж төлсөн мөнгө юм. Хариуцагч Г.Б ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага 100 000 000 төгрөгийг хэн авсан, нэхэмжлэгч хариуцагчийн хооронд хэлцэл хийгдсэн эсэхэд дугнэлт хийлгүйгээр хэргийг шиидвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Н нь “Их цолмон капитал” ББСБ ХХК-аас авсан 2016 оны 2 зээл 20 000 000 төгрөг, 2017 оны зээл 27 000 000 төгрөг нийт 47 600 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг зээлдүүлэгчид төлсөн талаар нотлоогүй" гэж хэрэгт хамааралгүй өнгөрсөн зээлийн харилцааг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт болох Г.Б нь 100 000 000 төгрөгийг авсан болохыг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг, ямар үндэслэлээр шилжүүлэх болсон гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн өөрийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэрэгт нэг ч дүгнэлт хийгээгүй. Дээрх   гэрч    болон   хариуцагчийн   өөрийн тайлбараар Г.Б нь 100 000 000 төгрөгийг авсан болох нь тогтоогддог бөгөөд хариуцагчийн ББСБ-гийн данс руу шилжүүлсэн гэх баримтаа гаргаж өгөхгүй байгаагаас Ч.Н нь ямар үндэслэлээр Г.Бт 100 000 000 төгрөгийг өгсөн, хариуцагчаар татсан нь тодорхой харагдана.

Хоёр. Гэрч нарын мэдүүлгээр 100 000 000 төгрөгийг “Гүмүда Финанс ББСБ” биш Г.Б авсан болох нь тогтоогддог. Мөн талуудын тайлбараар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бус байр чөлөөлүүлэх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн болох нь тогтоогддог. Гэтэл шүүхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж авсан гэж үзэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.  Г.Б нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш хэрэгт түүнд хэлцэл хийх, төлөөлөх эрх олгосон итгэмжлэл байхгүй гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч Г.Бийн үйлдлийг ББСБ-ийн үйлдэл мэтээр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шүүх Ч.Н, Г.Б нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоосон хэрнээ 100 000 000 төгрөгийг авсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд, хувь хүнийг тусд нь авч үзэлгүй нийтэд нь дүгнэсэн. Нөгөөтээгүүр, иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлолгүйгээр Г.Бийн үйлдлийг ББСБ-тай хольж хутгаж шийдвэр гаргаж Монгол Улсын үндсэн хуулийн хүн бүр эрх зүйн этгээд байх зарчимд харш дүгнэлт хийжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Г.Бт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч нь Их цолмон капитал ББСБ ХХК-аас 3 удаагийн зээлийн гэрээгээр 47 600 000 мянган төгрөг зээлсэн, эдгээр үүрэгт нь 100 000 000 төгрөгийг тооцсон” гэх агуулгаар тайлбарласан байна.

Хэрэгт Ч.Н нь Их цолмон капитал ББСБ ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээгээр 27 600 000 төгрөгийг тус тус зээлсэн талаар баримт авагджээ. Гэвч дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч хэдэн төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг, нэхэмжлэгчийн буцаан төлсөн гэх мөнгөн хөрөнгө хэрхэн тооцогдсон болохыг тус тус тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй нэхэмжлэгчийн төлөх зээлийн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцоолсон талаар баримтгүй байна. Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зохицуулсан.

Мөн нэхэмжлэгч “100 000 000 төгрөгийг Г.Бт өгөхдөө Л.Эрдэнэбатын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 46/1 байрны 57, 96 тоот орон сууцнуудыг чөлөөлөхөөр өгсөн” гэж тайлбарласныг хариуцагч нэхэмжлэгчийн Их цолмон капитал ББСБ ХХК дахь өөрийнх нь зээлийн үүрэгт 100 000 000 төгрөгийг тооцсон гэж үгүйсгэжээ. Хариуцагчийн дээрх татгалзлал үндэслэлтэй эсэх, тухайн зээлдэгчийн зээлийн гэрээнүүдийн үүргийн хэмжээг тодорхойлоход зээлийн дансны хуулга хэрэгт ач холбогдолтой. Энэхүү баримт хэрэгт авагдаагүй байхад талуудын хоорондын маргааны зүйл болж  буй 100 000 000 төгрөгийг ББСБ авсан, энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийг тооцсон эсэхийг дүгнэх боломжгүй бөгөөд зээлдэгчийн төлөх ёстой эргэн төлөлтийн төлбөр хэргийн 123-125 дах талд авагдсан зээлийн тооцоолол гэх хүснэгтээр эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Их цолмон капитал ББСБ ХХК-аас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож, маргааны зүйлийн талаар шаардлага, тайлбар  гаргах хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 01 сарын 07-ны өдөр 183/ШЗ2020/00523 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ./хх82-85,133-134/ Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан. Их цолмон капитал ББСБ ХХК талуудын маргааны зүйлийн талаар мэдэж, шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй тул шүүх хэргийн оролцогч болсныг баталж захирамж гаргах учиртай. Харин түүний шаардлага үндэслэлтэй эсэхийг зохигчдыг мэтгэлцүүлсний эцэст шийдвэрлэх байжээ. Иймээс тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд бүрэн оролцсон гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс  залруулах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                   Б.НАРМАНДАХ