Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00623

 

2020 оны 03 сарын 10 өдөр         Дугаар 183/ШШ2020/00623                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Нүхт амины орон сууцны 00 0 тоот хаягт оршин суух Б овогт Ч. Н /РД:ЧД00000000/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Могул таун хотхоны 00 дугаар байрны 000 тоот хаягт  оршин суух Б овогт Г.Б /РД:ЧП00000000/-т холбогдох,

           Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.       

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

          Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Н би өөрийн найз Л.Э хамтран өөрсдийн бизнестэй хөрөнгө оруулах зорилгоор өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан найз Ванг Ёнг-ийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00/0 байрны 00 тоот орон сууцыг барьцаалан Их цолмон капитал ББСБ-тай 2015.06.22-ны өдөр ЗГ/000/00/00 дугаар зээлийн болон БГ/000/00/00 дугаар барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00/0 байрны 00 тоот орон сууцыг барьцаалан. 2015.07.01-ний өдөр ЗГ/00/00/00 дугаар зээлийн болон БГ/000/00/00 дугаар барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг зээлж нийт 100,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Л.Э болон миний бие дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж гэрээний хугацаа хэтэрсэн тул талууд 2016.12.06-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, эргэн төлөлтийг баталгаажуулахаар Эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг Эвлэрлийн гэрээгээр ЗГ/000/00/00, ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 48,793,550 төгрөг нэмэгдүүлсэн хүү 9,800,000 төгрөг, Эвлэрлийн гэрээний хугацаанд тооцох хүү 16,000,000 төгрөг нийт 174,593,550 төгрөгийг 2017.04.05-ны өдөр төлөхөөр хариуцагч Г.Б тохиролцсон. Эвлэрлийн гэрээний үүргийг хангуулахаар 57, 96 тоот тус тус орон сууцнуудыг Их цолмон капитал ББСБ-ийн захирал, хувьцаа эзэмшигч хариуцагч Г.Б хүсэлтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Г.Б нэр дээр шилжүүлсэн бөгөөд Эвлэрлийн гэрээний үүрэг бүрэн хангагдаж зээл болон хүүгийн төлбөр бүрэн дууссан тохиолдолд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон билээ.Эвлэрлийн гэрээ байгуулсан 2016.12.06-ны өдөр мөнгөний хэрэгцээ гарсан тул хариуцагч Г.Б Их цолмон капитал ББСБ-тай миний бие ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээ байгуулж, Төв аймгийн эрдэнэ суманд байрлах аялал жуулчлалын зориулалтын газраа барьцаалж БГ/000/0000 дугаар барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 сая төгрөг зээлсэн. Мөн 2016.12.16-ны өдөр ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээ байгуулж барьцаанд нь Сонгинохайрхан дүүргийн 32 Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20000 м2 үйлдвэрийн зориулалттай газраа барьцаалан БГ/000/00/00 дугаар барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөг зээлсэн. 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар барьцааны гэрээний зүйл болох газруудыг Г.Б нэр дээр шилжүүлсэн. Улмаар дээрх 2 зээлийн гэрээний дагуу зээлсэн 20,000,000 төгрөг болон зээлийн хүүнд Төв аймгийн эрдэнэ суманд байрлах аялал жуулчлалын зориулалтын газраа түүний нэр дээр хэвээр үлдээж Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-д Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно" гэж заасны дагуу 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт хаахаар харилцан тохиролцож үүрэг дуусгавар болсон. Ингээд хариуцагч Г.Б ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээгээр зээлсэн 50,000,000 төгрөг, ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээгээр зээлсэн 50,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөг хүү, алдангийн хамт 174,593,550 төгрөгийг төлөх үүрэг үлдсэн билээ. 2016.12.06-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хариуцагч Г.Б нь Эвлэрлийн гэрээний дагуу өөрийнх нь нэр дээр түр шилжүүлсэн 57,96 тоот орон сууцуудыг Ч.Н, Н.Б нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасанг Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2018.11.12-ны өдрийн 102/ШШ2018/00000 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019.01.11-ний өдрийн 171 дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцнуудыг Ч.Н, Н.Б нарын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Л.Э бид хоёрын Их цолмон капитал ББСБ-тай хийсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг Эвлэрлийн гэрээгээр тохиролцсоны дагуу барьцааны 57, 96 тоот орон сууцнуудаар хангагдаж үүрэг дуусгавар болсон. 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлсэн байсан Сонгинохайрхан дүүргийн 32 Шинэ хотын төвийн зүүн талд байрлах 20000 м2 үйлдвэрийн зориулалттай газраа З.Ж 250,000,000 төгрөгөөр худалдаж үүнээс 100,000,000 төгрөгийг нь хариуцагч Г.Б 2019 оны 5 сард шилжүүлэхээр үлдсэн 74,593,550 төгрөгийг үүнээс 3 сарын дараа бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож 57, 96 тоот орон сууцнуудьг авч үлдэхээр 2019.04 сард хэлэлцээ хийсэн. Ч.Н би газраа иргэн С.Ж 250,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч З.Ж газрын төлбөр 100,300,000 төгрөгийг хариуцагч Г.Б үлдсэн 150,000,000 төгрөгийг миний бие хүлээн авсан юм. Ингээд хэлэлцэж тохирсоны дагуу хариуцагч Г.Б үлдэгдэл 74,593,550 төгрөгийг төлөөд байраа эргүүлж авах гэсэн боловч хариуцагч хэлэлцэж тохирсоноосоо буцаж үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн. Иймээс 57, 96 тоот орон сууцнуудаа авч үлдэхийн тулд газар худалдаж төлсөн 100,000,000 төгрөгөө буцааж авах гэсэн боловч зээл чинь дуусаагүй 25,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн мэт худал тооцоо хийж 100,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа билээ. Дээрх тус тусдаа 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нэгтгэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 2017.04.06-ны өдөр 27,600,000 төгрөгийн зээлийн гэрээг Их цолмон капитал ББСБ байгуулсан, уг зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл 27,600,000 төгрөгийг Ч.Н надад өгөөгүй. Нэхэмжлэгчид миний бие нэгэнт гурван өрөө 2 орон сууцаар төлөх ёстой бүх төлбөрөө барагдуулсан төдий ч дээр нь байраа эргүүлж авах урьдчилгаа төлбөр гэж тохирсоны дагуу төлсөн 100,000,000 төгрөгөө авч чадахгүй, уг газрын үнэ 100,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 27,600,000 төгрөг олгосон гэх зээлийн гэрээнүүдэд ББСБ тооцсон гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч Г.Б нь 100,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан тул хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.

            Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.12.06-ны өдөр 10,000,000 төгрөгийн 2 тусдаа зээлийн гэрээг Их цолмон капитал ББСБ-тай байгуулсан. Уг зээлүүд нь Төв аймагт нэг газар, Сонгинохайрхан дүүрэгт нэг газрыг тус тус барьцаалсан. Газрын хугацаа дуусах гэж байсан болохоор миний нэр дээр шилжүүлээд сунгуулсан. 2017 оны 06 сард Төв аймгийн газрыг зээлийн гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлд аваад зараад, зээлийн гэрээг хаагаад өг гээд 2017.06.08-ны өдөр зарж борлуулах бүх эрхтэй итгэмжлэлийг Г.Б өгсөн. Газар нь нэхэмжлэгчийн хэлсэн үнээр зарагдахгүй байсан. Энэ хугацаанд итгэмжлэлийнх нь хугацаа дууссан.С.Ж гэх хүнд Сонгинохайрхан дүүргийн газраа зарсан байсан. 2017.04.06-ны өдөр байгуулсан 27,600,000 төгрөгийн зээлийн гэрээг өмнөх 2 удаагийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд тулгуурлаж 27,600,000 төгрөгийн зээлийг олгосон. Гурван гэрээ нь барьцаануудаараа салшгүй холбоотой. Сонгионхайрхан дүүргийн газрыг манай эзэмшилд байхад С.Ж гэх хүнд зараад 150,000,000 төгрөгийг нь Ч.Н авсан. Зээлдэгч Ч.Н өөрийнх нь бичиж өгсөн хүсэлтийн дагуу С.Ж газрыг шилжүүлж өгсөн. Ч.Н гэдэг хүн надтай хувийн харилцаа байхгүй, зээлийн гэрээг манай ББСБ-тай байгуулсан. Э хийсэн 100,000,000 төгрөгийн гэрээг хольж яриад байна. Нэхэмжлэгч Төв аймгийн газраар бүх зээлээ хаасан гэж тайлбарладаг.Төв аймгийн газрыг зээлийн үүргийн гүйцэтгэлд өгье гэж тодорхой бичсэн зүйл байхгүй. Энэ гурван зээлийг барьцааны зүйлээр хангаад зээлийг хааж өгөөч гэсэн хүсэлт байгаа. Төв аймгийн нь газрыг 35,000,000 төгрөгт хүрэхгүй байгааг нэхэмжлэгчид хэлж, 15,000,000 төгрөгөөр л зарах боломжтой байгааг хэлсэн. Тэгээд Ч.Нэргүй зөвшөөрөөд Төв аймгийн газрыг зарсан. Ч.Нэргүй газраараа бүх зээлийн гэрээгээ хаасан мэтээр тайлбарладаг. Гэтэл тэр үйл баримт нь хоорондоо 6 сарын зөрүүтэй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг, барьцаа хөрөнгийн асуудлаар ББСБ-тай ирээд уулзах бүрэн боломжтой байсан. Манай байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, эрх бүхий, хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Нэхэмжлэгч Ч.Нэргүй 2 зүйлээ хольж яриад байдаг. 174,000,000 төгрөгтөө байр өгөөд, нэмээд 100,000,000 төгрөг Баттөмөрт өгөөд, намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаад байна. Тэгэхээр 2 удаагийн 10,000,000 төгрөг, 27,600,000 төгрөг, нийт 47,600,000 төгрөгийн зээлийн гэрээгээ юугаар төлж барагдуулах гээд байгаа юм гэхээр Төв аймгийнхаа газрыг 35,000,000 төгрөгөөр зараад хаасан гэж хэлдэг. Гэтэл ББСБ-аас гаргасан тооцооллоор 35,000,000 төгрөгийн газраар 50,000,000 гаруй төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хаах боломжгүй. 27,600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй, гэдэг боловч Ч.Н гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Миний хувьд ББСБ-ын хувьцаа эзэмшигч ба ББСБ-иас олгосон зээлийн харилцааны хувьд Ч.Н уулзаж, байнгын холбоотой байсан. Иргэн Г.Б  дансаар нэг ч төгрөг ороогүй, нэхэмжлэгчтэй иргэнийхээ хувьд зээлийн харилцаанд орж байгаагүй, Ч.Н өгсөн төлбөр мөнгө нь Их цолмон капитал ББСБ-аас авсан зээлийн гэрээний үүрэгт тооцогдсон. Ч.Н С.Ж гэх хүнд 250,000,000 төгрөгөөр газраа зараад 150,000,000 төгрөгийг өөрөө авсан, 100,000,000 төгрөгийг Их цолмон капитал ББСБ-иас авсан зээлийн гэрээний үүрэгтэй тооцож Их цолмон капитал ББСБ өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

   Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Г.Б холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгжсөн 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хавтас хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

      1. Их цолмон капитал ББСБ ХХК-иас зээлдэгч Л.Э 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээгээр 50,00,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг тус тус зээлж, уг зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч Л.Э нийт 174,593,550 төгрөгийн үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хх 22-24/ Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/000/00/00 дугаар зээлийн гэрээгээр 50,00,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/000/00/00 зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөгийг Их цолмон капитал ББСБ ХХК-иас зээлсэн, зээлийн гэрээний үүрэгт 174,593,550 төгрөгийг хариуцагч Г.Б өгөхөөр эвлэрч тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар зээлийн болон эвлэрлийн гэрээгээр няцаагдаж байна. Учир нь зээлийн болон эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч Ч.Н гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй байна. Мөн зээлдэгч Л.Э нь эдгээр зээлийн гэрээнүүдийн үүрэгт БНХАУ-ын иргэн Ванг Ёнг /Wang Yong/-аас авсан 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн итгэмжлэлийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Баянгол дүүрэг, 20 дугаар хороо 4/1 байр 57 тоот, улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 46/1 байр 96 тоот дахь түүний өмчлөлийн орон сууцнуудыг барьцаалах гэрээг барьцаалуулагчийг төлөөлөн Л.Э Их цолмон капитал ББСБ ХХК-тай байгуулсан байна. /хх-ийн 17, 98-100/ Иймд 2015 оны 6, 7 сард байгуулсан 2 зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох шаардах эрх Л.Э хамааралтай ба нэхэмжлэгч Ч.Н өөрийн 2 ширхэг 3 өрөө орон сууцыг шилжүүлж зээлийн гэрээний үүрэг болох 174,593,550 төгрөгийг төлсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

        2. Их цолмон капитал ББСБ ХХК-иас зээлдэгч буюу нэхэмжлэгч Ч.Н 2016.12.06-ны өдөр ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг, 2016.12.06-ны өдөр ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг, 2017.04.06-ны өдөр ЗГ/017/04/06 дугаар зээлийн гэрээгээр 27,600,000 төгрөгийн тус тус зээлийн гэрээ байгуулж, ЗГ/016/12/06 дугаар зээлийн гэрээний үүрэгт Г№00000000 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, Шинэ хотын төвийн зүүн талд 20000 м2 газар, ЗГ/016/12/06-2 дугаар зээлийн гэрээний үүрэгт Г№000000000 дугаар гэрчилгээтэй Төв аймаг Эрдэнэ, 1 дүгээр баг, Баяндавааны арал голын тохойд, 2 га газар тус тус барьцаалсан байна. /хх 59-72/

    Сонгинохайрхан дүүрэг, Шинэ хотын төвийн зүүн талд 20000 м2 барьцаанд байршуулсан газраа нэхэмжлэгч Ч.Н 250,000,000 төгрөгөөр иргэн С.Ж худалдсан, газар худалдсан үнэ 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Н өөрөө авсан талаар зохигчид аль аль нь маргаагүй. Харин уг газрыг худалдан борлуулсан үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөгийг хариуцагч Г.Б авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч үзэж маргаан үүсгэсэн байна.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар худалдан авсан С.Ж гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасанг шүүх 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

       Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Ж ... уг газар нь манай хажуу газар байсан бөгөөд би газраа зарах болов уу гэж бодоод газрын эзэн Ч.Н холбогдоход уг газрыг банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад тавьсан байгаа, зээлээ төлвөл авах боломжтой. Газраа 250,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь эхний ээлжинд 150,000,000 төгрөгийг Ч.Н өгсөн, газар шилжүүлэх гэтэл газар Г.Б гэх хүний нэр дээр байсан.Би Г.Б олж уулзсан, учир байдлыг хэлсэн, газрын үнэ үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөгийг Г.Б гэх хүнд өгсөн. Гэхдээ банк бусийн зээлийн төлбөрт өгөөд байгаа эсэх, Г.Б гэх хүнд өгөөд байгаа эсэхийг би сайн мэдэхгүй. Надад анх газраа зарахад Ч.Н банк бус санхүүд өртэй, түүний барьцаанд байгаа, энэ газар төлбөрөө төлчихвөл болно гэж хэлж байсан... гэж мэдүүлжээ.

       3. Их цолмон капитал ББСБ ХХК нь оноосон нэрээ Гүмүда финанс ББСБ ХХК болж өөрчилсөн болох нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 523 дугаар Санүүгийн зохицуулах хорооны даргын тушаал, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-95-97/

      Гүмүда финанс ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Г.Б, Ч.О нар болох нь компанийн дүрмээр тогтоогдож байна. /хх-89/

       Нэхэмжлэгч Ч.Н Их цолмон капитал ББСБ ХХК-иас авсан 2016 оны 2 зээл 20,000,000 төгрөг, 2017 оны зээл 27,600,000 төгрөг нийт 47,600,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн талаар нотлоогүй, нөгөөтэйгүүр уг ББСБ-тай байгуулсан зээлийн харилцаатай холбоотой шаардах эрхээ бие даан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй ба 27,600,000 төгрөгийн зээлийг Их цолмон капитал ББСБ ХХК-иас аваагүй уг зээлийн төлбөрт дээрх газрын төлбөр 100,000,000 төгрөгийг ББСБ суутгах үндэслэлгүй гэх тайлбар маргааныг зээлийн гэрээ байгуулсан зээлдүүлэгчтэй маргах, уг 100,000,000 төгрөгийг ББСБ авсан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа тайлбараас нь дүгнэвэл газрын төлбөрийг хариуцагч Ч.Б биш, ББСБ авсан болохыг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

      Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч  этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан байна.

     Хариуцагч Г.Б нь Гүмүда финанс ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувиар зээлийн үүргийг нэхэмжлэгчээс шаардаж авсанг буруутгах үндэслэлгүй байх ба газрын төлбөр 100,000,000 төгрөгийг Гүмүда финанс ББСБ ХХК нь зээлийн төлбөртэй тооцсон гэх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн ... 27,600,000 төгрөгийн зээлийг Их цолмон капитал ББСБ ХХК-иас аваагүй уг зээлийн төлбөрт дээрх газрын төлбөр 100,000,000 төгрөгийг ББСБ суутгах үндэслэлгүй гэх тайлбараар газрын төлбөрийг ББСБ авсан нь тогтоогдож байна. Иймд хариуцагч Г.Б үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 658,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ