Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00982

 

 

С.Ггийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02247 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ггийн хариуцагч “М.Т ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 28 489 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 сарын 30-ны өдөр н.Энхчимэг, н.Энхбаяр нарын тавьсан зарыг шуурхай зар сониноос харж уулзан байшин бариулахаар, байшинг нэг сарын доторбарьж өгөхөөр тохирч захиалга өгсөн. Компанийн захирал гээд тэдний аав нь ирж уулзсан. Гэрээнд заасны дагуу байшин бариулах 23,000,000 төгрөгөө хоёр хувааж өгсөн. Байшингийн түлхүүрээ авахдаа үлдэгдэл 2,000,000 төгрөгөө өгснөөр тооцоо дууссан. Байшин хугацаандаа ороогүй. Гэтэл нэг жил бололгүй байшин мөөгөнцөртөөд, амьдрахын аргагүй үнэр гараад байсан тул хэлсэн. Гэтэл ирж үзээд агаар шүүгчгүй болохоор үнэр гарч байгаа юм. Агаар шүүгч худалдаж аваад тавиулчих гэж хэлсний дагуу агаар шүүгч худалдаж аваад ханаа цоолуулах гэтэл цаанаас нь мөөгөнцөр гарсан. Барилга барьсан компанийн буруу гэж бодож байна. Хоёр өдөр бороо орж байхад нимгэн хальс шиг уутаар бүтээсэн байсан. Бусад байшин бариулж буй айл бороо ороход маш зузаан уутаар бүтээгээд байхаар нь хэлэхэд мөнгөний гарз, нэвтрэхгүй норохгүй гээд байсан. Энэ компанийн хариуцлагагүй байдлаас болж ханаа босгосон үрдэс нь бороонд норж, ус орсноос мөөгөнцөр үүссэн. 9-р сард өөрийнхөө мөнгөөр агааржуулагч тавиулаад ч үнэр нь алга болоогүй. Хавар 4 сард н.Энхчимэгийг дуудаж уулзахад шалан дээгүүр битүү ус урссан байсан. Энхчимэгт энийг янзалмаар байна,1,000,000 төгрөг өгчих гадна пасадаа янзлая гэсэн чин мөнгө өгч чадахгүй гээд өгөөгүй. н.Энхчимэг  удахгүй мөнгөтэй болно гэж удаа дараа хэлсэн, 4 сар худлаа хэлж явсан. Сүүлдээ хөөцөлдөж чадахаа болиод шүүхэд өгсөн. Байшингийн шалыг, гадна талын фасадыг хуулж шинээр сольсон, үүдний үүдрэвчний модонд ус орж ялзарсны улмаас нурсан тул түүнийг төмөр болгосон. Дотор талын бүх осфаг хуулж, үрдсийг нь гаргаж, хаясан, оронд нь эко шилэн хөвөн 13 боодлыг авч хийсэн ч нэмэр болоогүй. Цаад ханыг нь зөндөө хуссан ч нэмэргүй мөөгөнцөртөөд байх суух боломжгүй үнэр гарч байна. Гадна талын фасаданд засвар хийхэд 2,000,000 төгрөгийн зардал гарсан. Анхнаасаа фасад хийхдээ барилгын чанар хангахгүй цементэн хавтангаар хийсэн байсан. Дээд талын жижиг өрөөг бас цементэн хавтангаар хийчихээд мэдээгүй гэсэн. Мэргэжлийн хяналтын газраас хүн ирж үзэхэд зориулалтын бус хавтангаар хийсэн байна гэсний дагуу янзалсан ч дээрдээгүй. Амьдрахын аргагүй муухай үнэртэй байна. Аргагүй болоод шүүхэд хандаад одоо 3 жил болж байна. Дулаан өдөр байшингаа эргэж очсон. Хойд талын хананы 2 өнцгийн обой хууларсан, цуурсан байдалтай, хундам ангайгаад далийсан байдалтай байсан. Ирэх зун нурах аюултай гэсэн. Агаарт гарах гэж л тэр байшинг бариулсан. Байшингаа бариулснаас хойш агаарт гарч чадсангүй. Байшиндаа очоод нэг хоноход л биеэр улаан зүйл туурдаг үнэхээр хортой байна. Мэргэжлийн хяналтын газрын Т.Цэнгэл гэж байцаагч та янзлуулахгүй бол амьдарч болохгүй гэсэн. Засвар хийсэн ч дээрдсэн зүйл байхгүй. Шинжээч очиж үзээд хоёр, гурван газар цоолж үзсэн. Хундам цутгадаг цемент биш, барихад шавар шиг үүрээд байсан. Энэ барилгын компанид барилга барих анхны мэдэгдэхүүн байхгүй гэж үзэж байна. Учир нь барилгын нуруу 40-45 см байх ёстой байтал шинжээч очиж хэмжихэд манай байшингийн нуруу 18 см байсан. Шинжээч манай байшинд очиж үзэхэд ийм байшинд амьдарч болохгүй гэж байгаа бол яагаад нураах дүгнэлт гаргаж болдоггүй юм бэ гэхэд энэ байшинг засварлах боломжтой гэсэн. Хариуцагчийн талд дүгнэлт гарсан байх гэж боддог. Ангайсан хундамыг засахад байшинг нурааж засварлах юм байна лээ. Хариуцагчийн өмгөөлөгч нар байшинг очиж үзээсэй. Байшинд усны хаялага байхгүй түүнийг нь би өөрийнхөө мөнгөөр хийлгэсэн. Барьсан карказны хамгаалалт маш муу. Чанаргүй цементээр хундам цутгасан. Барилгын нуруу стандартын дагуу баригдаагүй. Шалны халаалт тавьж өгнө гэсэн тавьж өгөөгүй. Нэхэмжлэлээр шаардсан 28 489 000 төгрөгөө шинжээчийн дүгнэлтийн дагуу багасгаж 14,386,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т  ХХК нь С.Гтэй 2014 оны 07 сарын 02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 40 мкв зуслангийн байшинг 21,000,000 төгрөгөөр барихаар тохиролцсон. 21,000,000 төгрөгт ажлын хөлс, бараа материал бусад ажиллах хүчний хөлс багтсан. Байшин бариулсан газар нь уулын энгэр газар байсан тул газрыг ухаж тэгшлэн барилгын суурийг цутгасан. Тухайн газарт үер болон уулын ус буудаг мөн намгархаг, чийг ихтэй газар тул хүний хүчин зүйлээс үл хамааран барилгад чийг өгөн суулт үүссэнийг үгүйсгэхгүй. Засвар хийсэн талаар нэхэмжлэгч ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад С.Г өөрөө худалдаж авсан баримт байхгүй, С.Оюунцэцэг гэх хүний худалдаж авсан баримттууд байгаад байдаг. Нийт үнийн дүнг бодож үзэхэд 3,214,600 төгрөгөөр С.Оюунцэцэг гэх хүн худалдаж авснаар гарын үсгээ зурсан байна. Мөн худалдан авагч С.Г гэдэг мөртлөө 659,000 төгрөгийн баримт дээр гарын үсэг нь байдаггүй. 260,000 төгрөгийн ямар ч нэргүй, гарын үсэггүй хоёр ширхэг баримт байна. Нэхэмжлэгчийг Гомбоцэрэн гэж ойлгож байна. С.Оюунцэцэг бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа гэж ойлгож байна. Шинжээчийн дүгнэлт дээр барилгыг барилгын зураг төсөлгүйгээр барьсан гэсэн дүгнэлт гарсан байна. Гэрээний 4 дүгээр зүйлд захиалагч нь тухайн барилгын зураг төслийг гаргаж өгөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлыг М.Т ХХК хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т дэх заасныг баримтлан хариуцагч “М.Т ” ХХК-аас 13 096 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 640 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394 236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 223 432 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо цаашид зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай засвар, үйлчилгээнд 8.897.500 төгрөг, мөн засвар үйлчилгээний төлбөр 5 489 000 төгрөг, нийт 14.386.500 (арван дөрвөн сая гурван зуун наян зургаан мянга таван зуу) төгрөгийг хариуцагч компаниас шаарддаг. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч С.Гд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний улмаас бодитоор хохирол учирсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Учир нь ХХ-ийн 19-31 талд авагдсан хохирол гэх 3 214 600 төгрөгийн үнэ бүхий баримтууд нь нэхэмжлэгч С.Г худалдан авсан гэх зүйлгүй бөгөөд Оюунцэцэг гэх хүний гарын үсэгтэй байдаг. Мөн хэргийн (тухайн үед дугааргүй байсан) 7 хуудас 659 000 төгрөгийн үнэ бүхий баримтууд нь мөн адил нэхэмжлэгч С.Г худалдан авсан буюу түүнд бодитоор зардал гарсан гэж үзэх боломжгүй баримтууд байдаг. Учир нь дээрхи баримтууд нь мөн нэхэмжлэгч С.Ггийн гарын үсэггүй, хүлээн авсан гэх баримтгүй бичгийн баримтууд юм. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн дээрхи зарлагын баримт нь нийт 3 873 600 төгрөг болох ба шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага буюу засвар үйлчилгээний төлбөр 5 489 000 төгрөгт хүрэхгүй бөгөөд зарлагын баримтууд дээр зурагдсан буюу бараа материал хүлээн авсан гарын үсэг нь нэхэмжлэгч С.Ггийн биш байгаа нь уг зардал нь бодитоор нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй юм. Шүүхэд нэхэмжлэлийг С.Г гаргаж байгаа ба С.Оюунцэцэг нь нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу итгэмжлэл аван хуульд заасны дагуу төлөөлөн оролцогч юм. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оюунцэцэг нь дээрхи зардлыг өөрөө гаргасан болохыг удаа дараа илэрхийлдэг. Иймд С.Оюунцэцэг нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний   оролцогч   биш   бөгөөд   мөн  гэрээний  үүргийг  хариуцагч   "Модерн  тайга"  ХХК-аас нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэх хэрэгт авагдсан бичгийн баримтаар нийт 3 873 600 төгрөгийн зардал гарсан байх ба уг зардал нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оюунцэцэгээс гарсан нь түүний тайлбар болон хэргийн 19-31 дүгээр тал, 7 дугаар хуудас 659 000 төгрөгийн үнэ бүхий баримтууд дээрх гарын үсгээр тогтоогдоно. Нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан баталгаат хугацааны дотор буюу 2015 оны 5 дугаар сард захиалагчид гомдол гаргаж “М.Т ” ХХК нь ус зайлуулагчийг хийж өгсөн талаар талууд маргаагүй болно гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа хариуцагч компаниас 5 489 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзнэ. Хариуцагч “М.Т ” ХХК-ийн зүгээс гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, захиалагчийн хүсэлтийн дагуу ажил үүргээ хүлээлгэж өгснөөс хойш бий болсон доголдлыг удаа дараа буюу хоёр удаа арилгаж, засвар үйлчилгээ хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдоно. Иймээс 5 489 000 төгрөгийг дахин хариуцан төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч барилгыг 2014 онд хүлээн авсан, мөн барилгын доголдолтой холбоотойгоор 2015 оны 4 болон 5 сард хариуцагчид гомдол гарган, засвар үйлчилгээг авсан ба мөн цаг хугацаанаас хойш гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй. 2015 оны 6 дугаар сараас гомдлын шаардлага гаргах нэг жилийн хугацааг тоолох тохиолдолд 2016 оны 6 дугаар сард багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан болох нь тогтоогдох бас нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий барилгын зураг төслийг хариуцагчид гаргаж өгөөгүй, зураг төсөлгүйгээр барилгыг бариулсан нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш юм. Маргаж буй барилгад гарсан дутагдлыг тусгай мэдлэг, эрх бүхий шинжээч нарын дүгнэлтээр барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн, үндсэн хийц суурь, хана дээвэр, дам нуруунд орсон бетон зуурмаг болон материал нь баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторийн батламжтай байх, барилгын норм нормативын шаардлага хангасан байх хуулийн заалтууд зөрчигдсөн гэж дүгнэсэн ба дээрх дүгнэлтэд дурдагдаж буй барилгын материалыг нэхэмжлэгч нь нийлүүлсэн болохыг дурдах нь зөв. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нийт ажлын хөлс нь 23 000 000 төгрөг ба дээрх дүнд барилгын материал, ажиллах хүчний ажлын хөлс, хоол хүнс гэх мэт бүхий л зардал багтсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй 14 386 500 төгрөг нь илт үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “М.Т ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 28 489 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 39, 150/

 

“М.Т ” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр С.Гтэй Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт 21 дүгээр хэсгийн гудамж 2156А тоот хаягт 1 давхар 40 м.квадрат амины орон сууцыг SIP технологийн барилга байшинг 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэх, захиалагч С.Г нь гэрээний үнэ 23 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, барилга барих эрхийн зөрчилгүй газар, барилгын загвар, цахилгаан татах үүрэг хүлээж гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх6-7/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн болох амины орон сууцны барилга доголдолтой байсан эсэх, доголдолыг арилгасан эсэх талаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нь гэрээний 6.1-д заасан орон сууцны барилгыг 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1 сарын хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн барилгыг барьж өгсөн ч барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид доголдлыг арилгах хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардаж утсаар болон биечлэн уулзаж сануулж байсан үйл баримт тогтоогдсон.

Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т тус тус зааснаар доголдлыг арилгуулах, түүнтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “... ажлыг зохих түвшинд хийж гүйцэтгэсэн, тухайн газар нь чийг ихтэй нь хүний хүчин зүйлээс үл хамааран барилгад чийг өгөн суулт үүссэн, үүнтэй холбоотой 2015 онд засвар хийсэн, мөн нэхэмжлэгч гомдол гаргах хугацаа өнгөрсөн, засвар хийсэн баримтууд нэхэмжлэгч С.Гомобцэрэн өөрөө худалдаж аваагүй, мөн зураг төслийг гаргаж өгөөгүй” гэж тайлбарласан. /хх39, 150/

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлийн гаргасан 2017 оны 03 дугаар 27-ны өдрийн дүгнэлтэд “...SIP хавтангаар баригдсан, Барилгын тухай хуульд заасан, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглосон, үндсэн хийц, суурь хана, дээвэр, дам нуруунд орсон бетон зуурмаг болон материал нь чанар баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээгүй, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байх эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм нормативын шаардлага хангасан байх хуулийн заалтууд зөрчигдсөн” гэж дүгнэсэн. /хх54-55/

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд “...барилгын суурийн бетоны бат бэх B5 анги буюу М75 дундаж үзүүлэлттэй” гэжээ. /хх105-109/ Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.5-д хундаам буюу суурийг М200 маркийн зуурмаг цутгаж барихаар заасан.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтэд “...Барилгын хананд хөгц үүсч мөөгөнцөр ургадаг, үнэртдэг, обой хунирч үрчийдэг, шал доош суугаад байснаас төмөр өрөг зангидаж паркет шал хийсэн, гадна суурийн бетон хуурч унадаг, суурь хагарсан байх ба суурийн бетон гар хүрэхээр хуурч унаж байсан нь бетоныг цутгах үед хүйтэн байсан эсвэл үхжсэн чанар муутай цемент хэрэглэсэн, цэвэр хайрга биш, шороотой хайрга хэрэглэснээс болсон, Суурийн суултаас хана суусан тул обой үрчийсэн, суурийн хагарлын хурд хэмжээнээс хамаарч суурийн засварлах буулгах эсэхийг шийдвэрлэх ба нэмж ханыг дотор талаас нь задалж үртэсний оронд шилэн хөвөн хийсэн, 2 талд нь уур ус тусгаарлагч нэмж хийсэн, засвар хийсэн хэдий ч хөгц үнэртсээр байгаа, хавтан дээр байгаа мөөгөнцөр арилах боломжгүй” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан байна. /хх206-222/

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй гэж заасан. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой болох нь тогтоогдсон. /хх-54-57, 64, 105-112/

Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн “... Хундаамны зуурмагийн марк стандартад хүрэхгүй байгаа учир дээрээс даралт өгөхөөр бутарч унаж байна. Хана мөөгөнцөртсөн шалтгаан нь ханын дулаалгын технологи зөрчигдсөнөөс мөн дээврийн хаялга 30-40 см байх ёстой байтал 18 см хийснээс хана руу ус урсаж үртэс рүү орж нороод хөгц үүссэн байгаа. ... Барилга барих технологи /хана, дээвэр, суурь/ буруу байсан учир гүйцэтгэгч байгууллагын буруу юм. ... суурийг М200 маркийн цементээр хийсэн бол бутарч унахгүй, ... Гүйцэтгэгч байгууллага технологийн горим алдаж барилга барьснаас болж доголдол үүссэн байна. ...Хундамыг хүчитгээд, дүгнэлтэд гарсны дагуу хавтанг сольж, дээврийн хөндийг сайжруулбал амьдарч болно ...” гэх мэдүүлгээр байшин доголдолтой болох нь буюу дээрх нөхцөл байдал давхар нотлогджээ. /2хх-14-15/

Хариуцагч нь мэргэжлийн байгууллагын хувьд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т зааснаар “...барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй...” байх гэсэн заалтыг баримтлах үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь дүгнэлтдээ “М.Т ” ХХК-ийн барьсан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт 21 дүгээр хэсгийн гудамж 2156А тоот хаягт 1 давхар 40 м.квадрат амины орон сууцны хохирлын үнэлгээ 8 897 500 төгрөг болохыг тогтоожээ./хх-222/

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “...Барилга байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.6-д гүйцэтгэгч нь 1 жилийн баталгаа гаргасан ба нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сард буюу энэ хугацаанд доголдлын талаар гомдол гаргаж дахин засвар хийлгэж байсан зэргээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх гомдол үндэслэлгүй байна. /хх6-7/

Хавтаст хэргийн 19-31 дүгээр талд авагдсан баримтад С.Оюунцэцэг гэх хүний гарын үсэг зурагдсан байгаа хэдий ч уг баримтад заасан барилгын материалаар нэхэмжлэгч доголдлын зарим хэсгийг арилгахад зарцуулсныг хариуцагч үгүйсгээгүй, ажлын хөлсийг С.Ггийн ээж С Оюунцэцэг хүлээлгэн өгч байсан, гэрээ байгуулах, тэрээр гэрээний хэрэгжилтийн явцад байнга оролцож байсан, доголдлын талаар мэдэгдэж байсан зэрэгт үндэслэн түүнийг уг маргааны үйл баримтад хамааралгүй этгээд гэж үзэхгүй юм.

Хариуцагч доголдлыг арилгасан гэх тайлбар, гомдол гаргах боловч баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн нийлүүлсэн барилгын материал чанаргүй, шаардлага хангаагүй гэх баримтгүй бөгөөд захиалагчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх талаар гэрээгээр тохиролцоогүй байна. Мөн барилгын зураг төсөлгүйгээс барилга чанаргүй, доголдолтой болсон гэх байдлыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж залдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд, анхан шатны шүүх маргаан бүхий ажлын үр дүн доголдолтой болохыг, уг доголдлыг арилгахад захиалагч өөрийн зүгээс зарцуулсан хөрөнгө болон цаашид доголдлыг бүрэн гүйцэт арилгахтай холбоотой зардлыг тогтоохдоо хэргийн үйл баримтад хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд доголдлыг арилгахтай холбоотой зардалд 13 096 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 435 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                   Б.НАРМАНДАХ