Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 216/МА2020/00008

 

Н д х нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2020/00101 дүгээр шийдвэртэй, Н д х нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148,82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Н д х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш О ХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлж, 000014983 дугаартай ажил олгогч болсон. Ш О ХК нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар сард 500-570 ажилтантай, ажил олгогч, даатгуулагч нийлээд 230-370 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 263 452 148.82 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д ажил олгогч нь ажилтан болон ажил олгогчийн тухайн сард төлвөл зохих шимтгэлийг тооцож сардаа багтаан нийгмийн даатгалын төвлөрсөн санд шилжүүлнэ гэж заасан боловч уг шимтгэлээ төлөлгүй хуримтлагдсан шимтгэлийн авлага үүсгэж байгаа нь тус компанид ажиллаж байгаа ажилчдын эрх ашгийг хохироож байна. Манай хэлтсийн зүгээс Ш О ХК-д хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг барагдуулж, өр төлбөр үүсгэхгүй ажиллах талаар албан шаардлага өгч, удаа дараа удирдлагуудтай уулзаж, ажилласан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөгийг тус компаниас нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М миний бие нь Говьсүмбэр аймгийн Н д х нэхэмжлэлтэй Ш О ХК-д холбогдох хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Ш О ХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бөгөөд 1990 оноос өнөөг хүртэл хугацаанд эрчим хүчний зориулалттай хүрэн нүүрс олборлон борлуулах үйл ажиллаага явуулж байна. Тус компанийн худалдан борлуулж буй нүүрсний үнийг төрөөс /эрчим хүчний зохицуулах хороо/ тогтоодог ба уг үнийг зөрчин худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх байдаггүй. Нүүрс худалдан авч буй аж ахуйн нэгжүүд нь төв, говийн бүсийн дулааны болон эрчим хүчний төрийн өмчит станцууд байдаг юм. Төрөөс иргэд, аж ахуйн нэгжийг хямд үнэ бүхий эрчим хүч, дулаанаар хангах бодлогын хүрээнд нүүрсний үнэд хяналт тогтоосоноос Ш О ХК нь алдагдалтай ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байна. Мөн 2015-2019 оны хооронд үүссэн эдийн засгийн хямралаас үүдэн Ш О ХК нь хүнд нөхцөлд ажиллах болсон, олсон орлогоороо уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн техникийн засварын ажил, дизель түлш, тэсрэх бодис худалдан авахад л зарцуулж байна. Улс оронд үүссэн бэлэн мөнгөний гачигдал, худалдан авалтын бууралт, гэрээт компаниуд худалдаж авсан нүүрсний төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдлаас болж компани санхүүгийн хүнд байдалд ороод байна. Компанийн эрх бүхий албан тушаалтнууд хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Г аймгийн Н д х эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, харилцан ойлголцолд хүрэхээр ажиллаж байсан. Одоо ч хүртэл хамтран ажиллаж, ойлголцолд хүрнэ гэдэгт итгэлтэйгээр ажиллаж байна. Ш О ХК нь хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй талаар маргаан байхгүй бөгөөд төлбөрийг төлөх эдийн засгийн боломж үүсэхгүй байна.

Иймд, үүсээд байгаа маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын хариуцагч байгууллага Ш О нүүрсний уурхай нь 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Сүүлийн жилүүдэд хуулиар хүлээсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хариуцлага алдагдаж, 2014 оноос 2020 он хүртэл 3 263 452 148.82 төгрөг болсон байгаа. Үүнд: Даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж, даатгуулагчид хохирох байдалд хүрсэн учраас бид сүүлийн 2 жилийн хугацаанд өр, авлага барагдуулах талаар хамтарч ажилласан. Манай байгууллагын зүгээс 2019 он хүртэл хүлээсэн, боломж бололцоог харсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөх асуудал үүссэн учраас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 1990 оноос хойш Г аймгийн Ш суманд үйл ажиллагаа явуулж, говийн болон төвийн дэд станцуудыг нүүрсээр ханган ажиллаж байгаа. 2014 оноос хойш төрөөс нүүрсний үнэд хатуу хяналт тогтоосонтой холбоотой манай компани 2016 оноос хойш алдагдалтай ажиллаж эхэлсэн. Алдагдалтай ажиллаж эхэлсэн учраас нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөр үүссэн байдаг. 2017, 2018, 2019 онуудад алдагдалтай ажиллаж эхэлсэн. Мөн онуудад эдийн засгийн инфляцийн түвшин эрчимтэй савласан. Уурхайгаас шалтгаалах бүх зардал өссөн байдаг. Үүнтэй уялдаад 2016 онд 2 000 000 000 төгрөгийн алдагдалтай, 2019 онд 7 000 000 000 төгрөгийн алдагдалтай  ажилласан. Гол шалтгаан нь манай нүүрсийг хэрэглэгчдэд очиход хямд байлгах зорилгоор давхар хязгаарлалт тавьснаар энэ зүйлд хүрсэн. Төрөөс манай компанид үзүүлж байгаа зүйл нь манай компанийг үйл ажиллагаагаа явуулж,  станцуудад нүүрсээ хүргүүл гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Үүнтэй уялдаад хэмнэж болох зардлууд, үйл ажиллагааны чиглэл явсаар байгаад шимтгэлийн төлөлтүүд хоцорсон байгаа. Тиймээс нийгмийн даатгалын байгууллагадаа буруу өгөхгүй. Манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм зүйл үүссэн байгаа. Компанийн зүгээс нийгмийн даатгалдаа талархаж явдаг. Манай компани нь санхүүгийн байдал хүнд байгаа гэдгийг дээд газартаа мэдээлж байсан. Нийгмийн даатгалын байгууллага одоог хүртэл манай ажилчдын бичилтийг хийж үйлчилгээг үзүүлж байгаа. Харин манай компанийн хувьд одоог хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа. 3 тэрбум төгрөг гэдэг бол манай компанийн нэг улирлын ашиг орлого, зардал болчих учраас өнөөгийн байдалд шууд төлөх боломжгүй. Гэхдээ төрөөс шийдвэр ирсэн тохиолдолд төлж барагдуулна. 3 263 452 148 төгрөгийг манай компани төлөхгүй гэсэн зүйл байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасныг баримтлан хариуцагч Ш О ХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөгийг гаргуулан Г аймгийн Нд хэлтэс олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ш О ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 16 475 211 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо:  ...Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М миний бие Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2020/00101 дүгээр шийдвэрийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан болно.

“Ш-О” ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 16 475 211 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Төрийн өмчит хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2020/00101 дүгээр шийдвэрийн “Ш-О” ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 16 475 211 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

           Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

           Нэхэмжлэгч Г аймгийн Н д хэлтэс нь хариуцагч Ш-О ХК-иас нийгмийн даатгалын санд  дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148,82 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч Ш-О ХК нь нэхэмжлэгчийн шаардаж буй үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          Гэвч  анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримталсан нь буруу болжээ.

          Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан  байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гаргасантай холбогдуулан анхан шатны шүүхээс тухайн үед үйлчилж байсан  зүйл, заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч  Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл нь хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцох зэргээр хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан зүйл заалт бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Ш-О ХК-аас ямар нэгэн алданги, торгууль тооцож нэхэмжлээгүй, зөвхөн нийгмийн даатгалын санд төлөгдөх ёстой дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилсэн байх тул уг зүйл заалтыг баримтлах шаардлагагүй байжээ.         

           Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар шүүхэд гаргасан төсвийн байгууллагын  нэхэмжлэлийг  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр зохицуулсан байна.

             Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Г аймаг дахь Н д хэлтсийн нэхэмжилж буй нийгмийн даатгалын шимтгэл нь “...төсөвт орох албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү алдангийг төлүүлэх...” тухай нэхэмжлэлд хамаарахгүй, харин төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл гэж үзэхээр байхад  анхан шатны шүүх мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримталсан нь хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна.

           Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

           Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... төрийн өмчит хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах  гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

          Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүх чөлөөлөх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д  шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлүүдийг тус тус тусгасан,   хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх тухай ойлголт тусгагдаагүй, харин шүүхээс нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журам, хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг  хариуцагчаас гаргуулж улсын орлогод төлөх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

          Иймд анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан хариуцуулах асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

          Түүнчлэн  хэргээс үзэхэд нэхэмжлэгч Г аймгийн Н д хэлтсийг  төлөөлж тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.А гэгч нь нэхэмжлэл гаргасан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж уг баримт/хх-3/ хэрэгт авагдсан байна.

         Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хоёул оролцсон байна.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх Б.А  нэхэмжлэгч Нд хэлтсийг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд  мөн эсэх талаар тодруулахад тэрээр өөрийн бүрэн эрхийг нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүхэд үзүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч  анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тэмдэглэгдсэн зүйл байхгүй байна.

          Хэргийн оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгахыг   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2  дахь хэсэгт зааснаар  шүүхэд үүрэгжүүлсэн.  

         Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт  “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгосон баримт бичгийг шүүхэд үзүүлнэ”  гэж, хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “ Төлөөлөгч өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ“ гэж тус тус зааснаас үзэхэд энэ нь  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэрэгжүүлэх үүрэг байна.

           Гэтэл шүүх болон  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн аль алиныг  хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий  байх  боловч нэхэмжлэгч талын эрх зүйн байдал тодорхой бус гэх талаар хэргийн бусад оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, энэ талаар талууд маргаагүй зэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамааруулах шаардлагагүй гэж үзэв.

           Цаашид анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд оролцож буй төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгах ажиллагааг хуульд зааснаар бүрэн гүйцэд явуулж, энэ талаар шүүх хуралдааны  тэмдэглэлд тусгаж  байхыг анхаарахыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2020/00101 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...20 дугаар зүйлийн 1-ийн 2 ...” гэснийг хасч, 2 дахь заалтын  “ ... 41 дүгээр зүйлийн 41.1.4 ...” гэснийг “ ... 41 дүгээр зүйлийн 41.1.3 ..” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 327 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Х.БАЙГАЛМАА

                ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                                             Г.ТЭГШСУУРЬ