Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 172

 

Ш.М, Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 929 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаар магадлалтай, Ш.М-, Л.Б- нарт холбогдох 1808014840388 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Ш.М-ын өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа “Сутайн буянт” техникийн зах дээр Б-6 дугаар павильон түрээслэн ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ш-н М,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 593 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих, 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 9 сараар тогтоож байсан, Б овогт Л-н Б.

1. Ш.М- нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн Ц.Э-г гараараа нүүр рүү нь цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”,

2. Л.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Э-г гараашаас чирч, цээж рүү нь хөлөөрөө өшиглөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 690 цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ад 360 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М-, Л.Б- нарын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Д.Энхцэцэг гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна”.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Б- нь мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Э-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогддоггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т ... “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгээр Л.Б-г хохирогчийн биед халдсан үйлдэл хийгээгүй болохыг гэрчилдэг.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирсон хүн бол нотлох баримтын эх сурвалжуудын тэргүүн эрэмбэд багтах бөгөөд түүний мэдүүлгийг үнэлэхэд бусад баримтаар батлагдсан эсэхийг бус, бусад баримтаар няцаагдаж буй эсэхийг анхаарч үздэг. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхдээ бусад баримтаар батлагдаж буй эсэхийг чухалчлан үзэж зөвхөн яллах үндэслэл болгодог. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан ойлголт гэж тайлбарласан байна. Гэтэл шүүгдэгч Л.Б-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэж бус гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байхад дээрх хуулийн зохицуулалтыг гэм буруутайд тооцох үндэслэлээ болгож байгаа нь буруу юм. Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б- бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байхаар бичигдсэн байна...” мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг...” тус тус тусгана гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй Л.Б-г ямар үндэслэлээр тухайлбал хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудыг үндэслэж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Л.Б-г цагаатгах байр суурьтай оролцож үүний хууль зүйн үндэслэл тайлбарыг нотлох баримттайгаар дүгнэлт гаргасан боловч өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үндэслэл нь хууль зүйн хувьд ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Ш.М-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдал нь ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогддог. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах саналыг оруулсан боловч хүлээж авалгүйгээр 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна.

Иймд Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ш.М-ын өмгөөлөгч О.Баяраа гаргасан гомдолдоо “...Ш.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргаагүй, хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийн хэлэлцэх үед хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан тул өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчдийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, О.Баяраа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ш.М-, Л.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ш.М- нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Э-тай маргалдаж гараараа нүүр рүү нь цохиж “зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Л.Б- нь согтуугаар мөн үед хохирогч Ц.Э-г гараашаас чирч, цээж рүү нь хөлөөрөө өшиглөж “зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.М-, Л.Б- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Ш.М-, Л.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.М-ын өмгөөлөгч О.Баяраагийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Ш.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 929 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Ш.М-, Л.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.М-ын өмгөөлөгч О.Баяраагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН