Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 481

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг  оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О*******,

Хариуцагч:Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Улсын бүртгэлийн статисткийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд:  Д.Ш*******, Э.Э*******,

Нэхэмжлэлийн шаардлага:  Нийслэлийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууц хувьчлах товчооны  2004 оны 03дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолын орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар конторын харъяанд хувьчлагдсан байрны 4 дүгээрт бичигдсэн Т.Э*******ын материалд хамтран эзэмшигчид хууль бусаар өөрсдийн нэрсийг Д.Ш*******, Э. Э нар оруулсан тул хүчингүй болгох,  Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 3 дугаар хороолол 23в байрны 1******* тоот РО ******* тоот орон сууц өмчлөх  эрхийн гэрчилгээтэй Ү-22 улсын бүртгэлийн дугаартай байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Ш*******, Э.Э нарын өмчлөх эрхийг хүчингүй болгон хууль ёсны өмчлөгчөөр Д.О*******, Э.А нарыг бүртгэж өгөхийг УБЕГ-т даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, С.О, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д. О*******  2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Д.Ш*******  нь Т.Э*******ын гэрт өрөө хөлслөн амьдарч байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн Т.Э*******ын хууль ёсны эхнэр Д.О******* охин Э.А нарын оронд  хуурамч бичиг баримт бүрдүүлэн БГД-ийн 15 дугаар хорооны 23в байрны 1******* тоот орон сууц өмчилж байсныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2016 оны 03 дугаар сарын 1-ний өдөр бичгийн хэлбэрээр гардан авахдаа мэдлээ. Д.Ш******* нь иргэн Л.Б*******гийн хууль ёсны эхнэр бөгөөд тэдний дундаас төрсөн хүү Эыг оролцуулан хорооны Засаг даргын хуурамч тодорхойлолтыг үндэслэн иргэн Д.О*******ийн хууль ёсны  нөхөр Т.Э*******ын эхнэр мэтээр бичиг баримт бүрдүүлэн бидний өмчлөх эрхэнд халдсан байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны  2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот Тогтоолыг хүчингүй болгон хууль бус хамтран өмчлөгч Д.Ш*******, Б.Э нарыг хамтран өмчлөгчөөс хасаж, хууль ёсны гэр бүлийн гишүүн Д.О******* охин Э.А нарыг Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23в байрны 1******* тоот / гэрчилгээний дугаар 00*******/-ын хамтран эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Хоёр. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н дарга Д.Энх-Амгалан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23в байрны 1******* тоот 1 өрөө 18м2 орон сууц нь 951533 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Т.Э*******ын нэр дээр 3 ам бүлээр 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор хувьчлагдаж 00******* дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Тухайн үед Орон сууц ашиглалтын 7 дугаар  конторын орон сууц хувьчлалын мэргэжилтэн нь Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн иргэн Т.Э*******, Д.Ш******* нарыг гэр бүлийн гишүүд гэж үзэж өмчлөх эрхийн гэрчилгээнд бичилт хийж хувьчлалд хамруулсан байна. Гэр бүлийн гэрчилгээнд тулгалт хийхгүй Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байх тул Д.О*******, Э.А нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэх үндэслэлтэй гэж үзэн тайлбар гаргаж байна гэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23в байрны 1******* тоот 18м2 талбайтай 1 өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  7 дугаар Тогтоолоор иргэн Т.Э*******, Д.Шүрэнцэцэг, Э.Э нарт хувьчлан 00******* тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт 2011 оны 8 дугаар сарын 9-ний өдөр бүртгэсэн байна. 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 248 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр Т.Э******* өмчлөгчөөс хасагдаж, Д.Ш*******, Э. Э  нар өмчлөгчөөр үлдсэн. Уг бүртгэлийг хийхэд холбогдох хууль журмыг зөрчөөгүй гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Д.Ш******* миний бие талийгаач нөхөр Т.Э*******той 1995 онд танилцсан бөгөөд БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в байр, 1******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцанд өөрийн хүү Э.Эын хамтаар нөхөр Т.Э*******ыг өвчний улмаас 2014.07.24-ний өдөр нас барах хүртэл хамтран амьдарч байсан юм. 2011 онд тус орон сууцыг бид өөрсдийн нэр дээр хувьчилж авсан. Миний нөхөр Т.Э*******ын биеийн байдал муудсан тул тэрээр өөрийн хүсэл зоригийн дагуу хүү Э.Э, эхнэр Д.Ш******* нарын өмчлөлд дээрх орон сууцыг шилжүүлэхээ илэрхийлэн өөрийн эцэг Н.Түдэв, дүү Т.Э, Т.Энхтуяа нарыг байлцуулан хуулийн дагуу хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлэн, улмаар хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөлдөө авсан. Нэхэмжлэгч иргэний шүүхэд хандахдаа “хуурамч баримт бүрдүүлэн өмчилж байсныг шүүхийн шийдвэрийг авахдаа мэдлээ гэж шүүхэд худал, үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Нөхөр маань амьд ахуйдаа “... би өмнө нь Д.О******* гэдэг бүсгүйтэй амьдарч байсан нэг охинтой бид 2 өрөө байртай байсан 1994 онд салах үед эхнэр маань мөнгө нэхээд байсан тул 1995 онд  2 өрөө байрыг энэ нэг өрөө байраар сольж, зөрүү мөнгийг нь Д.О*******д өгсөн” гэж хэлдэг байсан. Нөхөр маань хэдий гэрлэлтээ цуцлуулаагүй байсан ч энэ байраа Д.О*******ээс салсныхаа дараа 1995 онд авсан. 2011 онд бүртгэлийн газарт бүртгүүлснээр бидний өмчлөлд шилжсэн болно гэжээ.

Тав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. С.Э******* даргад сайн тайлбарласан байгаа. Орон сууц хувьчлах тухай 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-т “сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”, 3.6-д “сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан байгаа. Хариуцагчаар оролцож байгаа Орон сууц хувьчлах товчоо мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөнөөс болж өнөөдрийн маргаан үүссэн. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-д “төрийн өмчийн орон сууцыг хувьчлахаас өмнө эрх бүхий байгууллагаас худалдаж авсан буюу үнийн зохих хувийг төлсөн Монгол Улсын иргэнд уг сууцыг худалдах тухай шийдвэр, сууцны үнийг төлсөн баримт, бусад материалыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох” гэж заасан байгаа. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт, бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж, зөрчлийг арилгуулах” гэж заасан үүргийг зөрчсөн. Л.Б******* гэдэг хүний эхнэр Д.Ш*******,  түүний хүү Э нарыг гэр бүлийн гишүүн гэсэн өрх амын бүртгэлийн үндэслээд бүртгүүлсэн.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан үндэслэлээр маргаад шүүгчийн даалгавраар хавтаст хэрэгт авахуулахад хуурамчаар үйлдсэн гэдэг нь тогтоогдож байсан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан үүргээ зөрчсны улмаас  Л.Б******* гэдэг хүний эхнэр Д.Ш******* Т.Э******* гэдэг хүний эхнэр болсон байна. Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар 21-ний өдрийн лавлагаагаар Л.Б*******, Д.Ш******* нарын гэрлэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хууль ёсны гэр бүл гэдэг нь тогтоогдож байна. Т.Э******* нас барах хүртлээ Д.О******* нар гэр бүлийн гишүүн байсан нь үнэн гэсэн лавлагаа хавтаст хэрэгт авагдсан. Орон хувьчлах хууль гарахдаа иргэн, түүний гэр бүлийн гишүүд гэж гарсан. Бичиг баримт хуурамчаар үйлдээд, эхнэр хүүхэд нь гадаадад явж байх үеийг далимдуулаад бичиг баримтыг бүрдүүлж орон сууц хувьчлах нэрэнд оруулсан байгаа. Хамтран эзэмшигчээр Д.Ш*******, Эын нарын нэрийг оруулсан байгаа. Гэтэл баталгаатай гэр бүл нь салаагүй байхад энэ хуулийн зөрчсөн. Орон сууцны контор шүүлт хийгээд хасах ёстой байтал хасаагүйн улмаас өнөөдрийн асуудал үүссэн. Т.Э******* нас бараад охин нь өв авах гээд очиход өөрийн хүний нэр дээр байна гэж хэлсэн. Иргэний бүртгэл хууль ёсны байх тул энэ талаар хууль ёсны биш гэсэн нотлох баримтаа нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй байна гэж Батчимэг шүүгч үзсэн. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх заалтыг тайлбарласан “гэр бүлийн хамтын гишүүдийн дундын өмч байх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгч байж нэхэмжлэх эрх нь байна гэсэн тайлбар байна. Орон сууц хувьчлах товчооны Наранцэцэг гэдэг хүн ажилдаа хайнга хандсан байсан. Тухайн үед архив нь цахим сүлжээнд холбогдоогүй, нэг хүн асар их ачаалалтай байсан. Хорооны даргын тодорхойлолтыг үндэслэсэн байсан. Техникийн алдаа гаргасан байна, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол улсын бүртгэлийн байгууллагатай тэгш эрхтэй гэж хэлсэн. М.А өмгөөлөгч мэдэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол” гэрлэхэд харшлах шалтгаан болно гэж заасан байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн эрхийг шүүх хамгаална гэж заасан байгаа. Салаагүй гэдэг нь улсын бүртгэлээр нотлогдож байгаа. М.А өмгөөлөгч Д.Ш******* гэдэг хүний амаар яриад байна. Л.Б******* гэдэг хүний эхнэр Шүрэничимэг байгаа. Одоо болтол гэрлэлт нь хүчин төгөлдөр байгаа. 28 гаруй настай охин төрсөн эцгийнхээ гал голомтод орж чадахгүй өрөө хөлслөн амьдарч байна. Хоёр эмэгтэй хүн хохироод хоёр жил болж байна. Хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь өгөх нь зөв гэж үзэж байна. Хүн харахад нүд эмтэрмээр байна. Орон сууц хувьчлах тухай хуульд гэр бүлийн гишүүд гэж заасан байгаа гэв. 

Зургаа. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Т.Э*******ын эзэмшлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын 23В байрны 1******* тоот дээр Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Тус гэрчилгээ ямар үндэслэлээр олгогдсон гэхээр 1996 оноос Орон сууц хувьчлах тухай хууль хэрэгжээд төрөөс иргэдийн амьдарч байгаа байрнуудыг үнэгүй хувьчилсан. Гол зохион байгуулалт нь ямар байсан гэхээр мэргэжилтнүүд ажилладаг байсан. Тухайн үед их ачаалалтай ажилладаг байсан. Өнөөдрийн байдлаар Орон сууц хувьчлах товчоо ачаалалгүй гэж ажиллаж байна. Засаг захиргааны анхан шатны нэгж буюу хорооны Засаг даргын Д.Ш******* Т.Э******* нар гэр бүлийн гишүүд тодорхойлолтыг үндэслээд 2004 онд Орон сууц хувьчлалын мэргэжилтнээр ажиллаж байсан Нарангэрэл гэх эмэгтэй  үндсэн бичиг баримтыг харалгүйгээр бичилт хийсэн байсан. Хэдэн мянган орон сууцыг хувьчилсан. Хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслээд гэрчилгээ буруу бичигдсэн байна. Нэхэмжлэлийн гаргаж байгаа шаардлагыг хүлээж аваад буруу бичигдсэн зүйл дээр шүүхээс шийдвэр гаргах юм бол Орон сууц хувьчлалын товчоо Т.Э*******ын хууль ёсны гэр бүл болох Д.О******* болон түүний охин Э.А нарт шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн байрыг эргүүлэн хувьчлалд хамруулж болно гэсэн байр суурьтай байна гэв. 

Долоо. Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хувьчлагдаад гэрчилгээ олгогдсон шийдвэрийг баталгаажуулах нь бүртгэлийн байгууллагын чиг үүрэг байгаа. Чиг үүргээ хэрэгжүүлсэн байгаа. Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийн зөрчөөгүй. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23В байрны  1******* тоот 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооноос анх удаа иргэдэд үнэ төлбөргүйгээр хувьчилсан. Хувьчлах асуудлыг Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо гэсэн бие даасан байгууллага хэрэгжүүлж ажилласан. 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Т.Э*******, Д.Ш*******, Д.Э нарт хувьчлан 0******* тоот орон сууц хувьчлах цэнхэр гэрчилгээ олгосон. Олгосон гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж баталгаажуулан 220539879 дугаарт 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэл албан ёсоор бүртгэж баталгаажуулсан. Дараах нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн. Д.Ш*******, Т.Э******* нарын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэг, хамт өмчлөгчөөр Д.Ш*******, Э.Э нар тусгагдсан.төлбөр тушаасан баримт, өргөдлийг үндэслэсэн. Өргөдөлд: Д.Ш*******, Э.Э нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж өгнө үү гэсэн байгаа. Мөн Т.Э*******од олгосон орон сууц хувьчлах гэрчилгээ байна. Тухайн үеийн гэрчилгээг бүртгэн баталгаажуулж улсын бүртгэлд бүртгэсэн. Бүртгэлийн хийхдээ бүртгэлийн байгууллага холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд бүртгэсэн.  

ҮНДЭСЛЭЛ:

Хариуцагч байгууллага болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн шийдвэрийн  Орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар конторын харъяанд хувьчлагдсан байрны 4 дүгээрт бичигдсэн Т.Э*******ын гэр бүлд  сууц хувьчлах шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргаж, орон сууц хувьчлах 00******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар  гуравдагч этгээд Д.Ш*******, Э. Э нарын  эрх, эрх чөлөө, хууль ёсны  ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байгаа тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн авах боломжгүй байна. Нэхэмжлэгч Д.О******* нь  Д.Ш*******, Э.Э нарт холбогдуулан  Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в байрны 1******* тоотод байрлах 18м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах, тэднийг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  шийдвэрээр Д.Ш*******, Э.Э нар нь 1997 оноос хойш одоог хүртэл маргаан бүхий Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в байрны 1******* тоотод байрлах нэг өрөө орон сууцанд оршин сууж байсан. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор тэдэнд уг орон сууцыг дундын эзэмшлийн ногдох хэсгийн хамт хувьчлан, өмчлүүлж, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэн, 00******* дугаартай гэрчилгээ олгосон байна. Хэдийгээр Д.О******* нь Т.Э*******той гэрлэлтээ цуцлуулаагүй гэрлэлт нь хүчин төгөлдөр байгаа ч тэд 1995 оноос хойш хамтран амьдраагүй тусдаа амьдарч байх хугацаанд нь уг маргаан бүхий орон сууцанд 1997 оноос хойш Т.Э******* нь Д.Ш*******, Э.Э нартай хамтран амьдран, уг орон сууцыг эзэмшиж байгаад улмаар 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хамтдаа хувьчлан авсан байх тул уг орон сууцыг гэрлэгчдийн буюу Д.О*******, Т.Э*******, түүний охин Э.А нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн үндэслэлүүдээр Д.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэр давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээр  хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр батлагдсан. Үүнд хэргийн оролцогч талууд маргадаггүй. Нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх дахин үнэлэхгүй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 3 дугаар хороолол 23в байрны 134 тоот Р******* дугаар орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ү-22 улсын бүртгэлийн дугаартай байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Ш*******, Э.Э нарын өмчлөх эрхийг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчөөр Д.О*******, Э.А нарыг бүртгэж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах  шаардлагын тухайд:  Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол, 23 дугаар байрны 1******* тоот хаягт байрлах 18м2 байрыг Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 29-ий өдрийн 07 дугаар тогтоолоор иргэн Т.Э*******, Д.Ш*******  Э.Э нарт хувьчлан 00******* тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Үүнийг Баянгол дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэс иргэн Т.Э*******, Д.Ш*******, Э.Э нарын 2011 оны 08 дугаар сарын 9-ний өдөр гаргасан мэдүүлэг, төлбөрийн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, орон сууц эзэмших эрхийн бичиг зэрэг баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт 2011оны 8 дугаар сарын 9-ний өдөр бүртгэжээ. 2014оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 248 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг үндэслэн Т.Э*******ыг өмчлөгчөөс хасаж Д. Ш*******, Э.Э нарт 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 000330047 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай  хуулийн 13 дугаар зүйл заасан мэдүүлэг гаргах, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн мэдүүлэг хүлээн авахаас татгалзах заалтуудыг зөрчөөгүй болох  нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн Д.Ш*******ийн бүртгэлийн байгуулагад гаргасан мэдүүлэг, мөнгө тушаасан баримт,  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай  2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл,  иргэний үнэмлэхний хуулбар, орон сууцны өмчлөлийн гэрчилгээний хуулбар, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Улсын бүртгэлийн байгууллага нь хувьчлагдсан орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулах чиг үүрэгтэй байгууллага болохоос орон сууц хувьчлах асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага биш юм.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг баримтлан Д.О*******ийн нэхэмжлэлтэй Орон сууц нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЧАНЦАЛНЯМ