Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0581

 

Иргэн Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын       29-ний өдрийн 07 тоот тогтоолын орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар конторын харъяанд хувьчлагдсан байрны 4 дүгээрт бичигдсэн Т.Энхболдын материалд хамтран эзэмшигчид хууль бусаар өөрсдийн нэрсийг Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нар оруулсан тул уг бүртгэлийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 3 дугаар хороолол 23в байрны 143 тоот РО 98164 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ү-2205039879 улсын бүртгэлийн дугаартай байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын өмчлөх эрхийг хүчингүй болгон хууль ёсны өмчлөгчөөр Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарыг бүртгэж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг баримтлан Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Орон сууц нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ, орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 481 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

  1. Анхан шатны шүүгч хуулийг буруу тайлбарласан:

Шүүхийн шийдвэрийн үндэслэн хэсэгт... хариуцагч Нийслэлийн аж ахуйн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-ын орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр “...Орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар конторын харьяанд хувьчлагдсан байрны 4 дүгээрт бичигдсэн Т.Энхболдын гэр бүлд сууц хувьчлах шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэн шийдвэр гарган орон сууц хувьчлах 0098164 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар гуравдагч этгээд Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн авах боломжгүй байна...” гэж үндэслэх хэсэгт дурдсан нь 1 дүгээр хуудсанд байгаа шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлдээ дурдсан байна. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2684 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгон орон сууц хувьчлах тухай хуулийн /1996 оны 10 дугаар сарын 27-ны өдөр/ 7, 16, 17, 18 дугаар зүйлийг зөрчин, иргэн Т.Энхбатын гэр бүл болох Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарын нэрийг орон сууц хамтран өмчлөгч гэр бүлийн гишүүнээс хасч иргэн Л.Баяраагийн эхнэр Д.Шүрэнчимэг хүү Энхбаяр нарыг Т.Энхболдын хамт сууц хувьчлан авах эрхтэй гэр бүлийн гишүүн гэж бүртгэх орон сууц хувьчлах 0098164 тоот гэрчилгээ олгосон орон сууц хувьчлах товчоо 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийн орон сууц 7 дугаар конторын хувьчлах орон сууц 4 дүгээрт бичигдсэн иргэн Т.Энхболдын гэр бүлд сууц хувьчлах шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэн шийдвэр гаргаж орон сууц хувьчлах 0098164 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах, иргэн Т.Энхболдын хууль ёсны гэр бүл болох эхнэр Д.Оюунгэрэл, охин Э.Анхмаа нарын нэрийг хувьчилсан орон сууц эзэмшигчээр хамтран бүртгэж, хууль бусаар хамтран эзэмшигч гэр бүлийн гишүүнээр бүртгэгдсэн Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын нэрийг хассан шийдвэр гаргахыг орон сууц нийтийн аж ахуй удирдах газар ОНӨААТҮГ-т даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас дурдаагүй нь хавтаст хэрэгтэй сайтар танилцаагүйг харуулж байна. Шүүгчийн ишлэл татсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тодотговол, “...Хариуцагч нэхэмжлэлийн шаарлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана...” гэсэн заалтыг үндэслэж байгаа нь Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 9.1 дэх заалтыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Шүрэнчимэг зөрчин өөрөө иргэн Л.Баяраагийн хууль ёсны эхнэр болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байгаа мөртлөө нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нөхрийг миний гэр бүл хэмээн хуурамч баримт бүрдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байхад залилсан этгээдийг хамгаалан, Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Шүүх гэр бүлийн эрхийг хамгаална” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэл гаргажээ.

2. Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн энэ шаардлагын шүүх дахин үнэлэхгүй...” гэж буруу үндэслэл гаргажээ. Иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянагдсан иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Т.Энхболдын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнээс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл бөгөөд орон сууц хамтран өмчлөгч гэр бүлийн гишүүн Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын хууль бус хамтран эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэл одоо хянагдаж буй Орон сууц хувьчлах тухай хуулийн 7, 11, 16, 17, 18 дугаар зүйлийг зөрчин иргэн Т.Энхболдын гэр бүл болох Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарын нэрийг орон сууц хамтран өмчлөгч гэр бүлийн гишүүнээс хасч, иргэн Л.Баяраагийн эхнэр Д.Шүрэнчимэг, хүү Э.Энхбаяр нарыг Т.Энхболдын хамт сууц хувьчлан авах эрхтэй гэр бүлийн гишүүн гэж бүртгэн орон сууц хувьчлах 0098164 тоот гэрчилгээ олгосон. Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийн орон сууцны 7 дугаар конторыг хувьчлах орон сууцны 4-д бичигдсэн иргэн Т.Энхболдын гэр бүлд сууц хувьчлах шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж шийдвэр гаргаж, орон сууц хувьчлах 0098164 тоот гэрчилгээ хүчингүй болгуулах, иргэн Т.Энхболдын хууль ёсны гэр бүл болох эхнэр Д.Оюунгэрэл, охин Э.Анхмаа нарын нэрийг хувьчилсан орон сууцны хамтран эзэмшигчээр бүртгэж, хууль бусаар хамтран эзэмшигч гэр бүлийн гишүүн гэж бүртгэгдсэн Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын нэрийг хассан шийдвэр гаргахыг орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгах нэхэмжлэл нь хоёр өөр эрх зүйн баримт бөгөөд он, сар огноо дугаар, үйлдсэн газар, хуулийн этгээд нь өөр өөр нэг нь иргэний хэргийн шүүхэд хамааралтай маргаан, нөгөө нь илт хууль бус захиргааны акт бөгөөд үүнийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянагдаж байх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар байгууллага, иргэний нууцтай холбоотой бидэнд мэдэгдэхгүй байсан уг захиргааны актыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар уг хууль бус захиргааны актыг мэдэж иргэний хэрэг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх явцад уг захиргааны актанд гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүгч энэ талаар маргааныг таслан шүүх хурал дээр шүүхээс гарах шийдвэрийг хэргийн оролцогчид уншиж танилцуулах явцдаа дээрхи хоёр эрх зүйн актыг адил юм шиг тайлбарлан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан “...Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа...” гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэлийн энэ шаардлагыг дахин үнэлэхгүй гэсэн нь учир дутагдалтай бөгөөд уншиж сонсгохдоо дээрхи хуулийн заалтыг дурдсан мөртлөө бичгээр гаргасан шүүхийн шийдвэртэй уг заалтыг бичээгүй,  хариуцагч  нарын овог,  нэрийг огт өөр хүн оролцсон мэтээр буруу бичих, гуравдагч этгээдийн нэрийг солин огт өөр хүний нэр бичих зэргээр шүүх байгууллагад буй байж боломгуй олон алдааг гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарт /2012 оны хэвлэл Хөх өнгөтэй номын 150 дугаар хуудас дээрх/ 34.1.6-д заасан заалтыг тайлбарлахдаа “...Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахдаа нэхэмжлэлд дурдсан үйл баримт адил боловч, уг асуудлаар гаргасан захиргааны акт нь өөр байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй. "Хэргийг хэрэгсэхгүй болгосон" хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэдэгт энэ хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 43 дугаар зүйлд зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хамаарна.. гэж тайлбарлажээ.

3. Шүүгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж нэхэмжлэлд дурдсан улсын бүртгэлийн хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч нэмэгдүүлснийг огт хайхарсангүй. Үндэслэх хэсэгт шүүгч дурдахдаа “...Улсын бүртгэлийн байгууллага нь хувьчлагдсан орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулах чиг үүрэгтэй байгууллага болохоос орон сууцыг хувьчлах асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага биш юм...” гэж 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйл “... хуулийн заалт...” 2.1-д “Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Гэр бүлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 7 дугаар зүйл “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 7.1.1-д “Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээг олгох, хүчингүй болгохтой холбогдсон бодлого хэрэгжүүлэх”, 7.1.2-т “Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, цахим тоолуурт хадгалах ажлыг зохион байгуулах”, 7.1.5-д “иргэний баримтын архивын санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах”, 8 дугаар зүйл “Иргэний бүртгэлийн ажилтан, үүрэг түүний эрх”, 8 дугаар зүйлийн 8.2.1-д “...бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах...” 8.2.2-т “...жинхэнэ мөн эсэх нь эргэлзээтэй бол уг баримт бичгийг магадлан шинжлүүлэх...”, 8.2.3-д “иргэний бүртгэлийн журам зөрчсөн байгууллага, хүмүүст хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах...”, 8.3-д “Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ”, 8.3.1-д “...бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах...”, 8.3.2-т “... бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, тайлан мэдээг нэгтгэж гаргах...” гэсэн заалтыг бүртгэлийн ажилтан хэрвээ биелүүлсэн бол бусдын гэр бүлийн хүмүүсийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн Гэр бүлийн тухай хууль болон иргэн, эрүүгийн олон хуулийг зөрчин бусдын орон сууцыг гэр бүлийн гишүүн мөн гэсэн баримт бүрдүүлэн хууль бусаар эзэмшин, хүний хууль ёсны өмчд халдаж эрхийг нь хөсөрдүүлэхгүй байх байв. Шүүгч үүнийг хууль зүйн үндэслэлтэй салбар хуулиудтай холбож үзэлгүй хөнгөн хуумгай буруу дүгнэлт гаргалаа. 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай хуулийн заалтын 1 дүгээр зүйлд заахдаа “Энэ хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. Шүүгч яагаад хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн гишүүний архивын лавлагааг ойшоож үздэггүй юм бэ?, Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт одоо хүртэл хүчинтэй өмгөөлөгч М.Амарнасаагийн хэлээд байгаа "хамтран амьдрагч" гэдэг ойлголт Монгол улсын ямар ч хуульд байхгүйг яагаад анхаарахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан орон сууц хувьчлан авах өргөдөл, гэрчилгээнд Т.Энхболдын эхнэр Д.Шүрэнчимэг, хүү Э.Энхбаяр гэж бичигдснийг архивын лавлагаа худал болохыг батлаад байхад яагаад Монгол улсын Гэр бүлийн тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Иргэний хуулийн зүйл заалтыг зөрчсөн этгээдүүд одоо болтол хүний өмчийг хууль бусаар эзэмшээд байна вэ?” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, түүнчлэн гаргасан шаардлага тус бүр дээр дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь анх “Нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолын Орон сууц нийтийн аж ахуй 7 дугаар конторын харьяанд хувьчлагдсан байрны 4 дүгээрт бичигдсэн Т.Энхболдын материалд хамтран эзэмшигчид хууль бусаар өөрсдийн нэрсийг оруулсан тул хүчингүй болгуулах, уг тогтоолд үндэслэн гаргасан орон сууц хувьчилан авсан 0098164 тоот гэрчилгээнээс хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Шүрэнчимэг, Б.Энхбаяр нарын нэрсийг хасч хууль ёсны гэр бүл болох Д.Оюунгэрэл, охин Э.Анхмаа нарын нэрсийг оруулахыг ОСНААУГ-т даалгасан шүүхийн шийдвэр гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянгол дүүрэг, 15 дугаар хорооны 3 дугаар хороолол, 23в байрны 143 тоот РО98164 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү-2205039879 улсын бүртгэлийн дугаартай байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын өмчлөх эрхийг хүчингүй болгон хууль ёсны өмчлөгчөөр Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарыг бүртгэж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь, түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн ямар заалтыг баримталж нэхэмжлэлийн ямар шаардлагыг шийдвэрлэж байгаа талаар заагаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ...-ийг тусгана” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:” 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл, баримт захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэгдэж шийдвэрлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, тогтоол байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.

Шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт “... иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэрээр[1] нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дүгнэсэн ...”, ... “нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх дахин үнэлэхгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх иргэний хэргийг хянан  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд заасан ямар үйл баримтын талаар дүгнэж шийдвэрлэгдсэн эсэх, улмаар энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт дээр дурдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэр авагдсан байх хэдий ч давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт “...иргэний хэргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр батлагдсан...” гэх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэсэн байна” гэсэнтэй нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь “Нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолын Орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар конторын харьяанд хувьчлагдсан байрны 4 дүгээрт бичигдсэн Т.Энхболдын материалд хамтран эзэмшигчид хууль бусаар өөрсдийн нэрсийг оруулсан тул хүчингүй болгуулах...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байхад шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ “Нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууц хувьчлах товчооны 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын ...” гэж[2] маргаан бүхий захиргааны акт гарсан өдрийг зөрүүтэй бичсэнээс гадна шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогч биш этгээд болох Ч.Бямбажавыг шүүх хуралдаанд оролцсон мэтээр бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Удирдтгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана” гэсэнтэй нийцээгүй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 31 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 31.2-т “Шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, журмыг Улсын дээд шүүх тогтооно”, 32.2 ”Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөө сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас хэрэг маргааны талаар дүгнэж буй шийдлийг агуулсан, хууль хэрэглээний эрх зүйн акт болох анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэрэг маргаанд хамаарал бүхий этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй, заавал биелэгдэх шинжтэй актын хувьд хууль, журмаар тогтоосон стандарт шаардлагад нийцсэн байх учиртай.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хэл найруулгын хувьд утга төгөлдөр байх,  оновчтой зөв томъёологдсон, товч тодорхой байх, утга санааг бүрэн илэрхийлсэн байх, логик дэс дараалалтай байх, бичвэрийн агуулга, сэдэв өөрчлөгдөх тохиолдолд догол мөрнөөс эхлэн бичих зэрэг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоол, 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай” зөвлөмж, Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” 68 дугаар тушаалаар батлагдсан аргачлалд нийцсэн байх учиртайг шүүх  анхаарвал зохилтойг жич тэмдэглэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

     ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

     ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

     ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ