Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 65

 

Э.Л-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00398/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 06-ны өдрийн 545 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

"Хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Л-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч Э.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Л- миний бие Г- ЗГБХН-ийн захирлаар ажилладаг бөгөөд Н- ХХК-д нотариатын мэдэгдэх хуудсаар 7.600.128 төгрөг төлөх болж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр надад мэдэгдэх хуудас хүргүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэг хаалгатай шарах шүүгээ 1 ширхэг, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч, ариутгагч 1 ширхэг, хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг, хяналтын камерын дэлгэц процессор камерууд 1 ком зэрэг эд хөрөнгүүдэд минь үнэлгээ гаргуулж үнэлгээчин нь бүх эд зүйлийг 1.380.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнийг би огт зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие эдгээр эд зүйлийг зах зээлийн ханшаар худалдан авсан талаараа үнийн саналаа бичиж өгч байсан. Гэтэл миний эд зүйлсийг зах зээлийн ханшаас хамаагүй доогуур үнэлсэнж байгаад гомдолтой байна. Үнэлгээчин нь миний эд зүйлийг үнэлэх ажиллагааг явуулахдаа надад хэлээгүй, мэдэгдээгүй, намайг байлцуулаагүй байж үнийн судалгааг хаанаас хэрхэн судалж авсан нь ойлгомжгүй байна. Миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн Капитал зууч ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахыг хүсэж гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 323 дугаар тойргийн нотариатчийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 2487 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсаар Г- ЗГБХН, захирал Э.Л- нараас 7.600.128 төгрөг гаргуулж Н- ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Г- ЗГБХН-ийн захирал Э.Л- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэг хаалгатай шарах шүүгээ 1 ширхэг, Хайер /haier/ маркийн аяга таваг угаагч, ариутгагч 1 ширхэг, хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг, хяналтын камер /дэлгэц, процессор, камерууд/ 1 ком зэрэг хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 19070101/08 дугаартай тогтоолоор хураан авч талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20/008 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Капитал зууч ХХК нь дээрх хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 1.380.000 төгрөгөөр тогтоон 2020 оны 03 сарын 05-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/585 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Иймд дээрх хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрлийн эрхтэй Капитал зууч ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 545 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох, хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэх тухай, Э.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Л- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 545 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд ингэснээрээ шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна.

Дархан-Уул аймаг дахь ШШГАлба нь миний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн 1 хаалгатай шарах шүүгээ 1ш, “Haier” маркийн аяга таваг угаагч, ариутгагч 1ш, 2 хаалгатай хөргөгч 1ш, хяналтын камерын дэлгэц, процессор камерууд 1 ком зэрэг эд хөрөнгүүдийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилж, уг үнэлгээчин нь эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнэ ханшаас илтэд доогуур үнэлсэн байгаа нь миний эрх ашгийг хохироож байгаа юм.

Миний бүх эд зүйлийг 1.380.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд өнөөгийн зах зээлийн ханшаар дээрх эд хөрөнгүүд яагаад ч ийм үнэтэй байхгүй юм. Хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээчний үнэлгээ, гаргасан тайланд зах зээлийн ханшийг судалж тус үнэлгээг гаргасан гэх боловч хаана зарагдаж байсан, эсвэл хаана хэрэглэгдэж байсан ижил төрлийн эд зүйлийн үнэлгээг жишиг болгосон нь тодорхой бус, байгаа нь миний эргэлзээг төрүүлж байгаа юм.

Үнэлгээ нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д нийцсэн байх ёстой атал энэ хуулийн шаардлагыг хангаагүй тодорхой бус байгаа учраас үнэлгээг дахин гаргуулж өгнө үү гэсэн миний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаагүй нь хуульд нийцээгүй байна. Шүүхийн шийдвэрт намайг өөрөө эд зүйлийнхээ үнэлгээг гаргуулах боломжтой гэж тусгасан байсан.

Гэтэл ШШГАлба “Капитал Зууч”-ийн үнэлгээг барьж өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа учраас би шүүхэд хандаж үнэлгээг дахин гаргуулахыг хүссэн.

Үнэлгээг дахин гаргуулах миний нэхэмжлэлийн шаардлага хэрэв хангагдвал би өөрөө тусгай мэдлэгтэй шинжээчид хандаж цахилгаан барааны дэлгүүр болон ижил төрлийн эд зүйлийн судалгааг олж үнэлгээг бодит байдалд нийцүүлэн гаргуулж чадна гэж бодож байна.

Өнөөгийн зах зээл, амьдрал хүнд үед миний эд зүйлийг үнэгүйдүүлж эдийн засгаар хохироож байгаа үнэлгээчний гаргасан үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн 545 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Э.Л- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэг хаалгатай шарах шүүгээ 1 ширхэг, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч, ариутгагч 1 ширхэг, хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг, хяналтын камер /дэлгэц/ процессор, камерууд 1 ком зэргийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Л-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэрээр эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж гарсан тул хүчингүй болгуулахаар давж заалдсан гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5119 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хан-Уул дүүргийн нотариатчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2487 дугаартай Нотариатын мэдэгдэх хуудас-ыг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.

Хүчин төгөлдөр болсон захирамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 774 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19070101 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэгдсэн байна. Тус гүйцэтгэх хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г- зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /Э.Л-/-ээс 7.600.128 төгрөг гаргуулж Н- ХХК-д олгохоор бичигджээ. Эдгээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд үндэслэн  Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэг хаалгатай шарах шүүгээ 1 ширхэг, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч, ариутгагч 1 ширхэг, хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг, хяналтын камер /дэлгэц/ процессор, камерууд 1 ком зэргийг  битүүмжлэх, ба хураах ажиллагаа явагджээ.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 19070101/07 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд зааснаар гарсан бөгөөд нэхэмжлэгч Э.Л- /төлбөр төлөгч/ нь эдгээр тогтоолуудын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож болох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус, мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар  төлбөр төлөгч Э.Л-гээс  шарах шүүгээг 1.500.000 төгрөг, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч ариутгагчийг 550.000 төгрөг, хоёр хаалгатай хөлдөөгчийг 300.000 төгрөг, хяналтын камерыг 350.000 төгрөг нийт 2.700.000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа өгчээ.

Харин төлбөр авагч Н- ХХК үнийн санал ирүүлээгүй ба төлбөр төлөгч Э.Л-гээс гаргасан үнэлгээг эс зөвшөөрсөн тул  Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийг шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20/008 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор томилжээ. 

Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК  2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлангаар Э.Лхагвасүрэнгийн эзэмшлийн нэг хаалгатай шарах шүүгээ /БНХАУ, хуучин/-г 450.000 төгрөгөөр, Хайер /haier/ маркийн аяга таваг угаагч ариутгагч /БНХАУ, хуучин/-ийг 250.000 төгрөгөөр, хоёр хаалгатай хөлдөөгч /БНХАУ, хуучин/-ийг 180.000 төгрөгөөр, хяналтын камер /дэлгэц, процессор, камерууд /хуучин/-ыг 500.000 төгрөг буюу 1.380.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Э.Л- нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг “зах зээл”-ийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж гомдсон боловч энэ гомдлын үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж, мэтгэлцээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” ойлгоно гэж заасан, шинжээчээр томилогдсон “Капитал зууч” ХХК-ний захирал Я.Батбаяр нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд мөн бөгөөд эд хөрөнгийг Олон улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн хандлагын жишиг аргыг хэрэглэн үнэлгээний тайлан гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ажиллагааг хуульд нийцүүлж хийгээгүй талаар болон шүүхийн ямар дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцээгүй талаар тодорхой зүйл дурдаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Э.Л-гийн шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж чадаагүй, шүүх үндэслэлгүй үнэлгээний тайланг барьж шийдвэр гаргасан гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Л-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Л-гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

 

                                               ДАРГАЛАГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                   ШҮҮГЧИД                              Л.АМАРСАНАА

                                                                                                  М.МӨНХДАВАА