Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00398/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоот хаягт оршин суугаа, Ж овогт Э-ны Л /рд:.../-гийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... сумын Захиргааны хажууд өөрийн байранд оршин байгаа, ДУАШШГГ-445 нээлттэй хорих анги/рд:.../-д холбогдох,

 

Хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Л миний бие “Г” ЗГБХН-ийн захирлаар ажилладаг бөгөөд “Н” ХХК-д нотариатын мэдэгдэх хуудсаар 7,600,128 төгрөг төлөх болж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм.

ДУАШШГГ нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр надад мэдэгдэх хуудас хүргүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэг хаалгатай шарах шүүгээ 1 ширхэг, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч, ариутгагч 1 ширхэг, хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг, хяналтын камерын дэлгэц процессор камерууд 1 ком зэрэг эд хөрөнгүүдэд минь үнэлгээ гаргуулж үнэлгээчин нь бүх эд зүйлийг 1,380,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнийг би огт зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие эдгээр эд зүйлийг зах зээлийн ханшаар худалдан авсан талаараа үнийн саналаа бичиж өгч байсан. Гэтэл миний эд зүйлсийг минь зах зээлийн ханшаас хамаагүй доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна. Үнэлгээчин нь миний эд зүйлийг үнэлэх ажиллагааг явуулахдаа надад хэлээгүй, мэдэгдээгүй, намайг байлцуулаагүй байж үнийн судалгааг хаанаас хэрхэн судалж авсан нь ойлгомжгүй байна. Миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн К.з ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахыг хүсэж гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 323 дугаар тойргийн нотариатчийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн ... дугаартай нотариатын мэдэгдэх хуудсаар “Г” ЗГБХН, захирал Э.Л нараас 7,600,128 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч “Г” ЗГБХН-ийн захирал Э.Л нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Хятад улсад үйлдвэрлэгдсэн нэг хаалгатай шарах шүүгээ 1 ширхэг, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч, ариутгагч 1 ширхэг, хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг, хяналтын камер /дэлгэц, процессор, камерууд/ 1 ком зэрэг хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 19070101/08 дугаартай тогтоолоор хураан авч талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20/008 тоот тогтоолоор “К.з” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

“К.з” ХХК нь дээрх хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 1,380,000 төгрөгөөр тогтоон 2020 оны 03 сарын 05-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2020 оны 03 сарын 06-ны өдрийн ... дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Иймд дээрх хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрлийн эрхтэй “К.з” ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Л нь хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч ДУАШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги нь бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч Э.Л нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Лгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэг. Шүүх хуралдааны ирцийн тухайд

2020 оны 05 сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Э.Лд боломжит хугацааны өмнө буюу 2020 оны 05 сарын 01-ний өдөр мэдэгджээ.

Нэхэмжлэгч Э.Л шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлийн тухайд

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” ... дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн нотариатчийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн ... дугаартай “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг баталгаажуулж, 2018 оны 11 сарын 27-ны өдөр 774 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ыг олгожээ.

Дээр дурдсан захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу ШШГГБ нь 2018 оны 12 сарын 28-ны өдрийн ... дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Гурав. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр тус тус зохицуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх тухай төлбөр төлөгч Э.Лд удаа дараа мэдэгдэж байсан, төлбөр төлөгч Э.Л нь төлбөрт гаргуулах хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж байгаа тухай тайлбар өгч байсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн ... дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн эзэмшиж, ашиглаж байсан шарах шүүгээ, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч ариутгагч, хоёр хаалгатай хөлдөөгч, хяналтын камер зэрэг хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх 7 хоногийн хугацааг төлбөр төлөгч Э.Лд өгсөн байна.

Улмаар, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн ... дугаартай тогтоолоор дээр дурдсан хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан хураан авч, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2020 оны 02 сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаалан хураасан эд хөрөнгөд үнэлгээ тогтоож, худалдан борлуулах ажиллагаа гүйцэтгэхийг мэдэгджээ.

Төлбөр төлөгч Э.Л нь шарах шүүгээг 1,500,000 төгрөг, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч ариутгагчийг 550,000 төгрөг, хоёр хаалгатай хөлдөөгчийг 300,000 төгрөг, хяналтын камерыг 350,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /Нийт 2,700,000 төгрөг/

Төлбөр авагч “Н” ХХК нь төлбөр төлөгч Э.Лгээс гаргасан үнэлгээг эс зөвшөөрсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20/008 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Э.Лгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн саарал өнгийн шарах шүүгээ 1 ширхэг, Хайер /Haier/ маркийн саарал өнгийн аяга таваг угаагч ариутгагч 1 ширхэг, хоёр хаалгатай цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, хяналтын камер /дэлгэц, процессор, камерууд/ иж бүрэн тоног төхөөрөмжийн үнэлгээг тогтоолгохоор “К.з” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.2.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

“К.з” ХХК-ийн үнэлгээчин Я.Б нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба түүнд 2020 оны 02 сарын 07-ны өдөр шинжээчийн эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.

 

Дөрөв. Шинжээчийн гаргасан үнэлгээний тухайд

Шинжээчээр томилогдсон “К.з” ХХК нь 2020 оны 03 сарын 03-ны өдөр ДУАШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байх ба уг дүгнэлтээр иргэн Э.Л-гийн эзэмшлийн нэг хаалгатай шарах шүүгээ /БНХАУ, хуучин/-г 450,000 төгрөгөөр, Хайер /Haier/ маркийн аяга таваг угаагч ариутгагч /БНХАУ, хуучин/-ийг 250,000 төгрөгөөр, хоёр хаалгатай хөлдөөгч /БНХАУ, хуучин/-ийг 180,000 төгрөгөөр, хяналтын камер /дэлгэц, процессор, камерууд /хуучин/-ыг 500,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

“К.з” ХХК нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг ямар арга зүйн үндсэн дээр, ямар арга хэрэглэж, хэрхэн гаргасан тухайгаа “Үнэлгээний тайлан”-даа тодорхой дурдаж, холбогдох фото зургийг хавсаргасан байх бөгөөд эрх бүхий байгууллагаас томилогдсон шинжээч нь хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа төлбөр төлөгчийг заавал байлцуулах хуулийн зохицуулалт байхгүй учир “үнэлгээчин нь миний эд зүйлийг үнэлэх ажиллагааг явуулахдаа надад хэлээгүй, мэдэгдээгүй, намайг байлцуулаагүй байж үнийн судалгааг хаанаас хэрхэн судалж авсан нь ойлгомжгүй байна” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Тав. Нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргийн тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, үндэслэлийг нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Нэхэмжлэгч Э.Л нь “миний бие эдгээр эд зүйлийг зах зээлийн ханшаар худалдан авсан...” хэмээн тайлбарласан атлаа хэдэн төгрөгөөр худалдан авч байсан тухай баримтаа буюу худалдах, худалдан авах гэрээ, холбогдох кассын тасалбар зэргийг, мөн “миний эд зүйлсийг минь зах зээлийн ханшаас хамаагүй доогуур үнэлсэн байгаад гомдолтой” хэмээн тайлбарласан атлаа тухайн хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш хэд байгаа талаархи баримт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч нь өөрөө үнэлгээний байгууллагад хандан хөдлөх эд хөрөнгүүдийнхээ зах зээлийн үнэ ханшийг тогтоолгох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой учир шүүхээс шинжээч томилуулах тухай түүний хүсэлтийг хангаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэл нотлогдохгүй байхаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул ДУАШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Э.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ДУАШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох, хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэх тухай, Э.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.НЯМБАЗАР