Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 67

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00259/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 05-ны өдрийн 537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.З-д холбогдох

"Гэм хорын хохирол 8.547.880 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Э.З-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.О- нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хас банкны зүүн талд зам хөндлөн гарч явах үедээ хариуцагч Э.З-гийн 12-62 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтэл авч, баруун дунд чөмгөний битүү хугарал, зүүн дал, баруун сав руу, алга, зүүн тохой, өвдөг зулгарал, цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдож эрүүл мэндээрээ хохирсон юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч, Э.З-г гэм буруутайд тооцож, тухайн үед миний нэхэмжилсэн хохирол иргэний нэхэмжлэлээс 1.168.272 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн. Би одоо эрүүгийн хэргээр шийдвэрлэгдээгүй хохирол иргэний нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлж, Э.З-гаас нэхэмжилсэн.

Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, цалин тэтгэмжийн зөрүү, зам тээврийн осол болох үед өмсөж явсан дахин хэрэглэх боломжгүй болсон хувцасны үнэ, тухайн үед авч явсан архины үнэ, өвчтэй байх хугацаандаа авч уусан өвчин намдаах эм, тариа, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн зардал, шинжилгээнд төлбөр, өөрөө хөлөөрөө явах боломжгүй машинд хийсэн түлш болон бусад шинжээчийн үнэлгээ гаргуулахад төлсөн зардлууд багтаж байгаа.

Би осолд орохоос өмнө Дархан-Уул аймгийн Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу харуул-сантехникчээр ажилладаг байсан ба 2019 оны 01 сард би 728.000 төгрөгийн цалин авч байсан. Энэ нь миний нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас, тэтгэмж олголт гэсэн баримтуудын бичилтээр нотлогдоно.

Харин осолд орсны дараа ажил хийх боломжгүй өвчтэй байсан тул цалингаа бүтэн авч чадаагүйн улмаас 2019 оны 2,3,4 дүгээр саруудад сар бүр 320.000 төгрөг авснаас миний цалин, ажилгүй байсан хугацаа хооронд цалингийн зөрүү 3 сараар тооцоход 2.184.000 төгрөг авах ёстойгоос 960.000 төгрөг авсан буюу зөрүү 1.224.000 төгрөгийг нэхэмжилнэ.

Би 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр дунд чөмөг хугарах оношоор 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдож группт гарсан. Группын мөнгө сарын 270.000 төгрөгөөр тогтоогдсоныг одоо аваад явж байгаа. Тодруулбал: 2019 оны 5-12 сар, 2020 оны 1-2 сар хүртэл буюу 10 сарын турш 270.000 төгрөг авсан нь 2.700.000 төгрөг болж байна. Энэ нь цалин хөдөлмөрийн чадвар алдсанаас тогтоогдсон тэтгэмж хоёрын зөрүү 10 сарын хугацаанд 7.280.000 төгрөг авах ёстой байснаас 2.700.000 төгрөг авсан тул зөрүү 4.580.000 төгрөгийг нэхэмжилнэ. 

Тухайн үед осолд орох үед өмсөж явсан хувцаснууд урагдаж дахин хэрэглэх боломжгүй болсон тул Капитал зууч ХХК буюу эд хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд: эрэгтэй хүний нэхий дотортой савхин куртик 250.000 төгрөг, эрэгтэй хүний нэхий дотортой өвлийн гутал 60.000 төгрөг, осол болох үед хагарч эвдэрсэн Huawei P9 маркийн гар утас 400.000 төгрөг, жинсэн өмд 20.000 төгрөг, цагны тасарсан оосор 15.000 төгрөг, нийт 745.000 төгрөг,

Мөн осолд өртөхдөө гартаа 6 шил, 0.75 литрийн орос архинуудыг авч явж байсан нь бүгд хагарсан, эдгээр архинуудыг зах зээлийн үнэлгээг тогтоолгож үнэлүүлэхэд 1 архийг 12.000 төгрөг, нийт 72.000 төгрөг,

Өвчтэй байх өнгөрсөн 1 жилийн хугацааны турш өөрийн зовуурь шаналгааг багасгах, эдгэрэх зорилгоор олон эм тариа хэрэглэсэн. Баримтуудаар хэрэглэсэн эм тариа, рентген оношилгоо, эмнэлэгт үзүүлэх болон зайлшгүй үед гадуур өөрөө хөлөөрөө явах боломжгүй явах боломжгүйгээс машин тэргэнд бензин түлш хийж байсан шатахууны зардал 332.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний төлбөр Капитал зууч ХХК-д 10.000 төгрөг төлсөн, нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөг.

Иймд би хариуцагч Э.З-гаас гэм хорын хохирол учруулснаас үүссэн хохиролд нийт 8.386.880 төгрөгөөр хохирсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.З-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осол гаргаж Б.О-ын биед гэмтэл хохирол учруулж Дархан-Уул аймгийн шүүхээр шийтгүүлсэн. Тухайн үед би Б.О-ын эмчилгээний зардалд 3 сая шахам төгрөг төлсөн. Гар утас шинээр авч өгч байсан. Өөрийн чадах боломжоороо түүний эмчилгээнд нь анхаарч гарсан зардлыг нь төлж өгч байсан. Гэтэл надаас дахин 8.386.880 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Би эмчилгээтэй холбоотой зардлыг нь нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд төлнө. Цалин хөлс, өмсөж явсан хувцас, авч явсан архи зэрэг зүйлүүд нэхэмжилснийг нь төлөхгүй гэж бодож байна. Гар утас шинээр авч өгсөн байхад надаас дахин утасны мөнгө нэхэмжилсэн байх юм. Б.О- ажилдаа ороод ажлаа хийж байгаа гэж би сонссон. Ажлаа хийгээд группын мөнгөө ч авч байгаа юм байна лээ. Надад 8.000.000 төгрөг төлөх амьдралын боломж байхгүй байгаа учраас нэхэмжилсэн мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Нэхэмжлэгч Б.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие Б.О- нь хариуцагч Э.З-гийн гэм буруутай үйлдлийн улмаас шалтгаалан дунд чөмгөний хугарал авч, эрүүл мэндийн хохирлыг биедээ авсан. Үүнээс болж одоо болтол миний хөлийн хугарсан яс бороолохгүй эдгэрэл гүйцэт авахгүй өвдөлтөөс болж байнга өвчин намдаах эм, яс бэхжүүлэх эм хэрэглэж байна.

Иймд өмнө нь эрүүл мэндийн улмаас нэхэмжилсэн гэм хорын хохирлын шаардлага болох 8.386.880 төгрөгийн шаардлагад нэмэгдүүлж 161.000 төгрөгийн эмчилгээтэй холбоотой баримтыг үндэслэн нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Б.О- нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг 161.000 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүнээс энап, диклоденк гэх эмүүдийг хоёр удаа авсан 8800 төгрөг, Саран элит эмнэлэгт рентген оношилгооны төлбөрт төлсөн 25.000 төгрөг, нийт 33.800 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Гар ариутгалын спирт, гель, ханиадны кофлет зэргийг хэн авсан нь ойлгомжгүй. Е баримтын дээрх үнэ, тоо ширхэг харагдахгүй байгаа тул баримтын шаардлага хангасан 33.800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 537 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.З-гаас 3.813.099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, үлдэх 4.734.781 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 75.960 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.З- давж заалдсан гомдолдоо:

            Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 537 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад доорх гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх 537 дугаартай шийдвэрээрээ надаас 3.813.099 төгрөг гаргуулж Б.О-т олгохоор шийдвэрлэснийг би эс зөвшөөрч гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй байгаа учраас миний эрх ашиг зөрчигдөж илүү төлбөр төлөхөөр болжээ гэж үзэж байгаа юм. Миний бие авто ослын хэрэг үйлдээд хохирогч Б.О-ын эмчилгээний зардалд цаг алдалгүй тухай бүрд нь мөнгө төгрөг боломжийнхоо хэрээр хүн амьтнаас зээлээд ч болтугай олж өгч ирсэн. Хэдийгээр би түүний эрүүл мэндийг нөхөн сэргээх зардлыг хуулийн дагуу төлөх ёстой ч Б.О-ын зүгээс эмчилгээний зардлаас гадна гар ариутгалын гель, ханиадны эм бусад ахуйн хэрэглээний зарим нэг зүйлийг илүү нэхэмжилсэн байсан. Дээрээс нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтуудын зарим нь балархай, хэн хэний заавар жороор эм тариа авч хэрэглээд байгаа нь тодорхойгүй, он сар цаг хугацаа нь харагдахгүй Е баримтаар 1.579.880 төгрөг нэхэмжилснийг шүүх бүгдийг нь хангаж шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Миний өөрийн тооцож үзсэнээр 500.000 төгрөгийн баримт л нотлох баримтын шаардлага хангахаар байсан. Гэтэл шүүх тодорхой бус баримтыг үндэслэн, үнэлэн эмчилгээний зардалд тооцон нэхэмжилсэн 1.579.880 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас илүү тооцон гаргасан 1.100.000 төгрөгийн шаардлагыг хасаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.О- хариуцагч Э.З-д холбогдуулж, гэм хорын хохиролд 3 сарын цалингийн зөрүү 1.224.000 төгрөг, 10 сарын цалин, тэтгэмжийн зөрүү 4.580.000 төгрөг, эмнэлгийн ор хоног, хэрэглэсэн эм тариа, эмчилгээ, оношлогооны зардал 1.579.880 төгрөг,  осолд ороход өмсч явсан хувцас, гар утас болон бусад эд зүйлсийн төлбөр 817.000 төгрөг, шатахууны зардал 332.000 төгрөг, шинжээчийн үнэлгээний төлбөр, нотариатын төлбөр 15.000 төгрөг нийт 8.547.880 төгрөг гаргуулахаар  шаардсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан эм тариа авсан тухай баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сард ажилдаа орсон тул ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийн зөрүүг 10 сараар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, түүний авч байсан цалингийн тодорхойлолт нь 3 өөр янзаар бичигдсэн, шатахууныг хэн авч, юунд хэрэглэсэн нь тодорхойгүй, өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор ижил төрлийн гар утас авч өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-ын эрүүл мэнд гэм хор учирсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Э.З-гийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн  авч, хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Ослын улмаас нэхэмжлэгч Б.О-ын биед баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн дал, зүүн сарвуу, алга, зүүн тохой, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд энэ талаар хариуцагч Э.З- маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О- осолд орохоос өмнө Дархан-Уул аймгийн Авто тээврийн Үндэсний төвд харуул, сантехникчээр ажиллаж байсан болох нь түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, Авто тээврийн Үндэсний төвийн захирлын ажилд авсан болон ажлаас түр чөлөөлсөн тушаалууд зэрэг баримтуудаар нотлогдоно.   

Нэхэмжлэгч Б.О-ын цалинг хөдөлмөрийн гэрээнд 560.000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт 600.000 төгрөг, ажиллаж байсан байгууллагаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод 800.000 төгрөг гэж тус тус зөрүүтэй тодорхойлсон баримтууд хэрэгт авагдсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин, хөлс тодорхойлох журам”-д зааснаар  түүний дундаж цалин хөлс нь 827.428 төгрөг байх боловч нэхэмжлэгч өөрийнхөө сарын дундаж цалин, хөлсийг 728.000 төгрөгөөр тодорхойлж ирүүлсэнийг буруутгах үндэслэлгүй, нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмж, цалингийн зөрүү нь 396.217 төгрөг байна гэж шүүх дүгнэсэнийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.О- нь Хөдөлмөрийн чадвар алдалт, хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдсон, Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зааснаар  2019 оны 05 дугаар сарын 01-ээс тахир дутуугийн тэтгэвэр 270.000 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд шүүх  цалин тэтгэврийн зөрүүг түүний ажилдаа орсон 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тооцож, шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Осол болох үед нэхэмжлэгчийн өмсч явсан хувцас, цагны оосор, 6 шил архи, гар утас зэрэг нь  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурьдагдаагүй, тэдгээр зүйлсийг дахин ашиглах боломжгүй болсон гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлоогүй, шийтгэх тогтоолоор ижил төрлийн гар утас авч өгсөн гэж дүгнэсэн тул шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй учир эдгээрийн үнэ 817.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.О- Шунхлай шатахуун түгээгүүрийн газраас шатахуун авсан гэх 332.000 төгрөгийн баримт ирүүлсэн боловч дээрх баримтаар авсан шатахууныг ямар машинд, хэзээ, ямар хэлбэрээр юунд зарцуулсан болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж, мэтгэлцээгүй буюу өөрийн эмчилгээ, эмнэлэг, үйлчилгээнд зарцуулсан гэдгээ нотлож чадаагүй байна. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд зөв дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй 11 эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу авсан эм тарианы үнийн баримт гэж 1.579.880 төгрөгийн баримт ирүүсэн байх бөгөөд шүүх эдгээр баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т зааснаар хэрэгт үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэт дүгнэлт хийж чадаагүй.

Тухайлбал: Хэргийн 27 дугаар талд авагдсан 82.000 төгрөгийн баримт,29 дүгээр талд авагдсан 4.200 төгрөгийн баримт, 32 дугаар талд авагдсан 7.500 төгрөгийн баримт,33 дугаар талд авагдсан 21.150 төгрөгийн баримт,40 дүгээр талд авагдсан 39.000 төгрөгийн баримт,42 дугаар талд авагдсан 8.050 төгрөгийн баримт, 43 дугаар талд авагдсан 3.545 төгрөгийн баримт, нийт 165.445 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эм олгогч байгууллага, эмийн нэр төрөл, эм авсан огноо, төлсөн мөнгөн дүн зэрэг нь тодорхойгүй баримт байна.

Энэ талаар хариуцагч Э.З-гийн давж заалдсан гомдлын зарим хэсэг хангагдах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 537 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.З-гаас 3.813.099 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, үлдэх 4.734.781 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.З-гаас 3.647.654 төгрөг төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, үлдэх 4.900.226 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 75.960 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай” гэснийг “...73.312 төгрөг” гэж тус тус өөрчилөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э.З-гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.960 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                     ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                                                      Л.АМАРСАНАА