Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 537

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00259/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Х овогт Б-ын О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хотхоны ... байр, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Х овогт Э-ын З-д холбогдох

 

Гэм хорын хохирол 8 547 880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, иргэдийн төлөөлөгч Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.О нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ...ийн нутаг дэвсгэр Хас банкны зүүн талд зам хөндлөн гарч явах үедээ хариуцагч Э.Згийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтэл авч, баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн дал, баруун савруу, алга, зүүн тохой, өвдөг зулгарал, цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдож эрүүл мэндээрээ хохирсон юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч, Э.Зг гэм буруутайд тооцож, тухайн үед миний нэхэмжилсэн хохирол иргэний нэхэмжлэлээс 1 168 272 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн. Би одоо эрүүгийн хэргээр шийдвэрлэгдээгүй хохирол иргэний нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлж, Э.Згаас нэхэмжилсэн.

Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, цалин тэтгэмжийн зөрүү, зам тээврийн осол болох үед өмсөж явсан дахин хэрэглэх боломжгүй болсон хувцсын үнэ, тухайн үед авч явсан архины үнэ, өвчтэй байх хугацаандаа авч уусан өвчин намдаах эм, тариа, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн зардал, шинжилгээнд төлбөн төлбөр, өөрөө хөлөөрөө явах боломжгүй машинд хийсэн түлш болон бусад шинжээчийн үнэлгээ гаргуулахад төлсөн зардлууд багтаж байгаа.

Би осолд орохоос өмнө Дархан-Уул аймгийн Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу харуул-сантехникчээр ажилладаг байсан ба 019 оны 01 сард би 728 000 төгрөгийн цалин авч байсан. Энэ нь миний нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас, тэтгэмж олголт гэсэн баримтуудын бичилтээр нотлогдоно.

Харин осолд орсны дараа ажил хийх боломжгүй өвчтэй байсан тул цалингаа бүтэн авч чадаагүйн улмаас 2019 оны 2,3,4 дүгээр саруудад сар бүр 320 000 төгрөг авснаас миний цалин, ажилгүй байсан хугацаа хооронд цалингийн зөрүү 3 сараар тооцоход 2 184 000 төгрөг авах ёстойгоос 960 000 төгрөг авсан буюу зөрүү 1 224 000 төгрөгийг нэхэмжилнэ.

Би 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр дунд чөмөг хугарах оношоор 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдож группт гарсан. Группын мөнгө сарын 270 000 төгрөгөөр тогтоогдсныг одоо аваад явж байгаа. Тодруулбал: 2019 оны 5-12 сар, 2020 оны 1-2 сар хүртэл буюу 10 сарын турш 270 000 төгрөг авсан нь 2 700 000 төгрөг болж байна. Энэ нь цалин хөдөлмөрийн чадвар алдсанаас тогтоогдсон тэтгэмж хоёрын зөрүү 10 сарын хугацаанд 7 280 000 төгрөг авах ёстой байснаас 2 700 000 төгрөг авсан тул зөрүү 4 580 000 төгрөгийг нэхэмжилнэ.  

Тухайн үед осолд орох үед өмсөж явсан хувцаснууд урагдаж дахин хэрэглэх боломжгүй болсон тул К.з ХХК буюу эд хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд: эрэгтэй хүний нэхий дотортой савхин куртик 250 000 төгрөг, эрэгтэй хүний нэхий дотортой өвлийн гутал 60 000 төгрөг, осол болох үед хагарч эвдэрсэн Huawei P9 маркийн гар утас 400 000 төгрөг, жинсэн өмд 20 000 төгрөг, цагны тасарсан оосор 15 000 төгрөг, нийт 745 000 төгрөг,

Мөн осолд өртөхдөө гартаа 6 шил, 0.75 литрийн орос архинуудыг авч явж байсан нь бүгд хагарсан, эдгээр архинуудыг зах зээлийн үнэлгээг тогтоолгож үнэлүүлэхэд 1 архийг 12 000 төгрөг, нийт 72 000 төгрөг,

Өвчтэй байх өнгөрсөн 1 жилийн хугацааны турш өөрийн зориур шаналгааг багасгах, эдгэрэх зорилгоор олон эм тариа хэрэглэсэн. Баримтуудаар хэрэглэсэн эм тариа, рентген оношлогоо, эмнэлэгт үзүүлэх болон зайлшгүй үед гадуур өөрөө хөлөөрөө явах боломжгүй явах боломжгүйгээс машин тэргэнд бензин түлш хийж байсан шатахууны зардал 332 000 төгрөг,

Эд зүйлийн үнэлгээний төлбөр К.з ХХК-д 10 000 төгрөг төлсөн.

Нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөг.

Иймд би хариуцагч Э.Згаас гэм хорын хохирол учруулснаас үүссэн хохиролд нийт 8 386 880 төгрөгөөр хохирсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осол гаргаж Б.Оын биед гэмтэл хохирол учруулж Дархан-Уул аймгийн шүүхээр шийтгүүлсэн. Тухайн үед би Б.Оын эмчилгээний зардалд 3 сая шахам төгрөг төлсөн. Гар утас шинээр авч өгч байсан. Өөрийн чадах боломжоороо түүний эмчилгээнд нь анхаарч гарсан зардлыг нь төлж өгч байсан. Гэтэл надаас дахин 8 386 880 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Би эмчилгээтэй холбоотой зардлыг нь нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд төлнө. Цалин хөлс, өмсөж явсан хувцас, авч явсан архи зэрэг зүйлүүд нэхэмжилснийг нь төлөхгүй гэж бодож байна. Гар утас шинээр авч өгсөн байхад надаас дахин утасны мөнгө нэхэмжилсэн байх юм. Б.О ажилдаа ороод ажлаа хийж байгаа гэж би сонссон. Ажлаа хийгээд группын мөнгөө ч авч байгаа юм байна лээ. Надад 8 000 000 төгрөг төлөх амьдралын боломж байхгүй байгаа учраас нэхэмжилсэн мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй.  

 

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие Б.О нь хариуцагч Э.Згийн гэм буруутай үйлдлийн улмаас шалтгаалан дунд чөмөгний хугарал авч, эрүүл мэндийн хохирлыг биедээ авсан. Үүнээс болж одоо болтол миний хөлний хугарсан яс бороолохгүй эдгэрэл гүйцэт авахгүй өвдөлтөөс болж байнга өвчин намдаах эм, яс бэхжүүлэх эм хэрэглэж байна. Иймд өмнө нь эрүүл мэндийн улмаас нэхэмжилсэн гэм хорын хохирлын шаардлага болох 8 386 880 төгрөгийн шаардлагад нэмэгдүүлж 161 000 төгрөгийн эмчилгээтэй холбоотой баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Б.О нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг 161 000 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүнээс энап, диклоденк гэх эмүүдийг хоёр удаа авсан 8800 төгрөг, Саран элит эмнэлэгт рентген оношлогооны төлбөрт төлсөн 25 000 төгрөг, нийт 33 800 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Гар ариутгалын спирт, гель, ханиадны кофлет зэргийг хэн авсан нь ойлгомжгүй. Е баримтын дээрх үнэ, тоо ширхэг харагдахгүй байгаа тул баримтын шаардлага хангасан 33 800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Э.Зд холбогдуулан гэм хорын хохирол 8 386 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эм тариа авч хэрэглэсний зардал 161 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 8 547 880 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан эм тариа авсан нотлох баримтуудад харшил, даралтын эм, сироп, наалт, тос авч хэрэглэсэн гэсэн байх бөгөөд эдгээрийг хэрэглэх талаар эмчээс олгосон рецепт байхгүй байх тул эм тариа, рентген оношлогоо, эмнэлэгт хэвтсэн ор хоногт зарцуулсан зардлаас 566 570 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөгийг зөвшөөрнө, мөн цалин, тэтгэмжийн зөрүү 2019 оны 5-12 сар, 2020 оны 1, 2 сарын зөрүүг 10 сараар тооцож нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа орсон байхад 10 сараар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, цалин хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, тушаалд өөр өөрөөр бичигдсэн зөрүүтэй, 6 шил архи авч явсан нь тогтоогддоггүй, шатахууны зардал 332 000 төгрөгийн И баримт ирүүлсэн боловч хэн авч хэрэглэсэн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолоор ижил төрлийн гар утас авч өгч төлбөр барагдуулсан талаар дурдсан, өмсөж явсан хувцас хэрэглэлийг дахин ашиглагдахааргүй болсон болох нь тогтоогдохгүй байх тул бусад шаардлагуудыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Шүүх хуралдааны явцад шүүхийн зүгээс нэхэмжлэгч Б.Оын гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын талаар тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Э.Згаас

а/ 3 сарын цалингийн зөрүү 1 224 000 төгрөг,

 б/ 2019 оны 5-12 сар, 2020 оны 1, 2 сар хүртэл 10 сарын цалин, тэтгэмжийн зөрүү

4 580 000 төгрөг,

в/ осолд ороход өмсөж явсан хувцас, гар утас, 6 шил орос архины төлбөр, цагны оосор зэрэг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 817 000 төгрөг,

г/ өвчтэй байх өнгөрсөн нэг жилийн хугацааны турш өөрийн зовиур шаналгааг багасгах, эдгэрэх зорилгоор олон эм тариа авч хэрэглэсэн эм тариа, рентген оношлогоо, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн зарцуулсан зардал 1 418 880 төгрөгийг 161 000 төгрөгөөр нэмэгдүүлж 1 579 880 төгрөг,

д/ эмнэлэгт хүргүүлж байсан автомашины шатахууны зардал 332 000 төгрөг,

е/ эд зүйлсийн үнэлгээний төлбөр 10 000 төгрөг,

ё/ нотариатын зардал 5000 төгрөг нийт 8 547 880 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хар тугталчигийхан овогт Энхзамын Золзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, осол болох үед өмсөж явсан хувцас, барьж явсан архины үнэ 1 264 569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 12-15/

 

Ослын улмаас Б.Оын биед баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн дал, зүүн сарвуу, алга, зүүн тохой, өвдөг зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмтлийг учруулсан гэмт үйлдэл, гэм буруугийн талаар хариуцагч Э.З маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдал нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж зааснаар хариуцагч Э.З нь Б.Оын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэв.

а/ 3 сарын цалингийн зөрүү 1 224 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Б.О нь осолд орохоос өмнө 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн А.т-ийн Ү.т-тэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан, харуул, сантехникчийн ажлыг сарын үндсэн цалин 565 000 төгрөг байхаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад тус төвийн даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/211 дугаартай тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас түр чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ... дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-11/

 

Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох бөгөөд Б.Оын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж буюу 2018 оны 11, 12, 2019 оны 1 сарын цалин 624 536 төгрөг + 1 129 750 төгрөг + 728000 төгрөг =2 482 286 төгрөг бөгөөд 2 482 286 төгрөг : 3 сар = 827 428 төгрөг байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээнд сарын цалинг 560 000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт 600 000 төгрөг, байгууллагаас ирсэн цалингийн тодорхойлолтод 800 000 төгрөг гэж бичигдсэн боловч нэхэмжлэгч Б.О нь өөрийн сарын дундаж цалин хөлсийг 728 000 төгрөгөөр шаардлагаа тодорхойлж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байх тул түүний тодорхойлсноор цалингийн зөрүүг тооцож гаргуулах нь зүйтэй. 2019 оны 2-4 сарын цалин 728 000 төгрөг х 3 сар =2 184 000 төгрөгийн цалин авахаас нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж авсан 3 сарын цалин 3 сар х 320000 төгрөг = 960 000 төгрөгийг,

 

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмчлүүлсэн 6 хоног, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10 хоног, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22 хоногийн нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмж 130 704 төгрөг +217 837 төгрөг + 479 242 төгрөг= 827 783 төгрөгийг тус тус хасаж, үлдэх цалингийн зөрүү 2 184 000 төгрөг – 960 000 төгрөг - 827 783 төгрөг= 396 217 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

б/ 2019 оны 5-12 сар, 2020 оны 1, 2 сар хүртэл 10 сарын цалин, тэтгэмжийн зөрүү

4 580 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар Б.Оын хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон 270 000 төгрөг халамжийн сангаас авч байгаа болох нь түүнд олгосон тэтгэврийн дэвтэр дэхь сард олгох тэтгэвэр 270000 төгрөг гэсэн бичилт, 270 000 төгрөг авсан гэсэн гарын үсгээр тогтоогдож байна. /хх-20-21/

Нэхэмжлэгч Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилдаа эргэн орсон болох нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай “Ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин, тэтгэмжийн зөрүү 270 000 төгрөг х 4 сар=1 080 000 төгрөг /тэтгэмж/, 728 000 төгрөг х 4 сар = 2 912 000 төгрөг /цалин/, 2 912 000 төгрөг - 1 080 000 төгрөг = 1 832 000 төгрөг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

в/ осолд ороход өмсөж явсан хувцас, гар утас, 6 шил орос архины төлбөр, цагны оосор зэрэг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 817 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан савхин куртик, нэхий гутал, цаг, гар утасны зураг эдгээр зүйлсийг 817 000 төгрөгөөр үнэлсэн Капиталзууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн үед дээрх хувцсыг хэрэглэж, эд зүйлсийг биедээ авч явсныг үгүйсгэхгүй боловч дээрх эд зүйлсийг дахин ашиглах боломжгүй байдал тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэгт дурдагдаагүй байх тул хувцас, цагны оосор, 6 шил архины төлбөрийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын Үндэслэх хэсэгт ... гар утасны үнийн зөрүү 410 000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч ижил төрлийн гар утас авч өгсөн тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар зохигч талууд нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй учир Huawei P9 маркийн гар утасны төлбөр 400 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

г/ эм тариа, рентген оношлогоо, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн зарцуулсан зардал

1 418 000 төгрөгийг 161 000 төгрөгөөр нэмэгдүүлж 1 579 880 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Дархан Зогор ХХК, Энхийн тун ХХК, Золбоо эмийн сан, Монос Дархан ХХК-ийн салбар, Саран элит эмнэлэг, Баяр эмийн сан, Шижирням ХХК, Анагаах хаус ХХК, Итгэл эс, Хантай эс, Бялхан ундраа салбар зэрэг эмийн сангаас авч хэрэглэсэн эм тариа болон үзлэг хийлгэсэн талаар 91 ширхэг 1 579 880 төгрөгийн баримтуудыг ирүүлжээ. /хх-ийн 27-43, 101-103/

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Б.Оын амбулаториор эмчлүүлэгсдийн картыг эх хувиар нь шинжлэн судалсан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, 43.1.2-т өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх эрхтэй, 43.2.7-д эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй гэж зааснаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд эмнэлгийн үйлчилгээ авч эмчийн бичсэн жорын дагуу дээрх эм тариаг хэрэглэсэн, дээрх эм тариа нь ослоос үүдэн гарсан эрүүл мэндтэй холбоотой асуудалд хэрэглэсэн гэж үзэж 1 579 880 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

д/ эмнэлэгт хүргүүлж байсан автомашины шатахууны зардал 332 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны нөат-ын 332 000 төгрөгийн баримт ирүүлсэн боловч дээрх баримтаар авсан шатахууныг ямар хэлбэрээр зарцуулсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл эмнэлэг, үйлчилгээнд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэдэн сарын хэдний өдөр, ямар машинаар хэдэн км газар зарцуулж байсан талаар тодорхойгүй байх тул дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

е/ эд зүйлсийн үнэлгээний төлбөр 10 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Б.О нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн  хувьд оролцож байгаа бөгөөд 25 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүргийн хувьд шинжээчийн дүгнэлтэд төлсөн зардлыг хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

ё/ нотариатын зардал 5000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрч маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Э.Згаас 3 сарын цалингийн зөрүү, цалин, тэтгэмжийн зөрүү, эм тариа, рентген оношлогоо, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн зарцуулсан зардал, нотариатын зардал нийт 3 813 099 төгрөг гаргуулж, үлдэх 4 734 781 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Згаас 3 813 099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, үлдэх 4 734 781 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 75 960 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА

 

 

 

                  ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНДАРЬ

 

 

                                                                                        М.ОЮУНЦЭЦЭГ