Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 68

 

Э.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00295/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 12-ны өдрийн 566 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.О-д холбогдох

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Л-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Л- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Иргэн Э.Л- би О.О-той 2014 оноос 2018 оны 03 сар хүртэл Дархан-Уул аймагт хадам ээжийн хамт амьдарсан. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Миний бие нь жилдээ элэгний дэлгэрэнгүй вирусийн шинжилгээ тогтмол өгдөг байсан. 2016 оны 11 сард Улаанбаатар хотын элэгний төвд Д вирус илрүүлэх шинжилгээ өгсөн. О.О-гоор хариуг авхуулахад шинжилгээ зүгээр гарсан гэж хэлээд Д вирустэй гарсныг нуун дарагдуулсан. Шинжилгээний хариуг тухайн үед үнэн мөнөөр хэлсэн бол болох байсан. 2018 оны 06 сард миний бие сульдаж ядраад О.О-гийн хамт Улаанбаатар хот явж Гялс төвд шинжилгээ өгсөн. Шинжилгээгээр Д вирустэй идэвхжил өндөр давамгайлсан, элэг хатуурсан хордлогод орж дотор бүх эрхтэндээ нөлөөлсөн Монголд ямар ч эмчилгээгүй гэж гарсан. Би 6 сараас 8 сарын 10-ыг хүртэл олон эмнэлэгт эрдэмтэн гэсэн бүхий л эмчид давтан шинжилгээ өгч үзүүлсэн боловч хүндэрсэн байсан. Эмч нар эмчилгээгүй гэж хэлснийг О.О- сайн мэдэж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 20-нд Эрдэнэт хотод Мөнхийн үйлс хөнгөвчилсөн

эмнэлэгт хэвтэн сар бүр төлбөртэй эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд О.О- нэг ч удаа эргэж ирээгүй санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй. Би цаашид гам нарийн сайн сахиж хүнд юм өргөх, ажил хийж болохгүй хэвтэж эмчлүүлнэ. Бид хоёр нэг жил гаран тус тусдаа амьдарсан утсаар ярих болгондоо хэрэлдэж, муудалцах болсон. 2019 оны 02 дугаар сарын 10-нд Хөтөлд ирж 10 хоног цуг байсан. Тэр хугацаанд жирэмсэн болсон гэж хэлсэн. Миний бие нь энэ хүүхдэд эргэлзээтэй байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Иймд сэтгэл санаа таарч тохирохгүй байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.О- нь шүүх хуралдаанд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие О.О- нь Э.Л-тэй 2014-2019 оны 3 сар хүртэл хамт амьдарсан ба 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд буюу 2015 оны 04 сард миний бие жирэмсэн болж, ураг эрүүл саруул бойжин гүйцэд тээсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрөх хугацаа болж улмаар эмч нарын хариуцлагагүйн улмаас ураг бүтэж, эндсэн. Үүнээс болж миний сэтгэл санаа үнэхээр хэцүү байсан ч шүд зуун тэвчсээр ирсэн.

Э.Л- нь надтай гэрлэхээс өмнө элэгний В вирустэй байсан. Нэхэмжлэлд дурдсанаар намайг шинжилгээний хариу авч нуун дарагдуулсан мэтээр худал зүйл бичсэн байна. Ямар ч хүний эхнэр нөхрийгөө хүнд өвдсөнийг мэдсэн атлаа өөрөөс нь нуух хүн байхгүй биз ээ. Надад тэгж ухамсаргүй үйлдэл хийх шаардлага ч байхгүй. Харин тухай үед бид хоёр шинжилгээний хариуг цуг очиж авсан. Шинжилгээний хариуг Э.Л- өөрөө мэдэж байгаа, би хадам ээжид ч хэлж байсан ч огт тоогоогүй өнгөрсөн. Бид хоёр Д вирустэй болсон хүнд групп-д ордог юм байна гэх зэргээр хоорондоо ярилцаж байсан ч үүний талаар огт санахгүй байгаа.

2018 оны 08 дугаар сараас Э.Л- Эрдэнэт хотод эмнэлэгт хэвтдэг болсноос эхлэн эмнэлэг явах бүрдээ дугаарыг минь блоклож, утсаар ярих, мессеж бичих нь багасаж, 2019 он гарснаас хойш бүр л харилцаа хөндийрч эхэлсэн. Эмнэлэгт хэвтэж байх үед нь эргэж очъё гэхэд ихэд дургүйцдэг байсан ба Э.Л- нь надад хэлэхдээ эмнэлэгт намайг халамжилж санаа тавьдаг хүн байгаа гэж хүртэл хэлж байсан.

Э.Л- нь Эрдэнэт, Хөтөл хоёрын хооронд байнга ирж очин эмчлүүлдэг байсан ба 2018 оны 12 сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл хамт байх хугацаанд би жирэмсэн болсон. Ингээд миний бие өөрийн харьяа хаяг болох Дархан-Уул аймагт жирэмсний хяналтад орохоор ирсэн. Гэтэл Э.Л- нь утсаар ярихдаа ирэх хэрэггүй, салъя гэж элдэв шалтаг хайж эхэлсэн. Түүнээс хойш дахиж хамт амьдраагүй ба холбоо тасарсан. Одоо охин минь 4 сартай, хүүхдээ нэг ч удаа эргэж ирээгүй нь хүүхдэдээ эргэлзэж байгаагийнх бол хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд татгалзах зүйл алгаа.

Өнгөрсөн хугацаанд миний би Э.Л-г хуурч мэхлэн, түүнд муухай ааш гаргаж үзээгүй. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа хэрүүл маргаан хийж муудалцаж байсан удаа байгаагүй. Миний бие үр хүүхдээ бодоод салж сарниад яахав гэсэн байр суурьтай байгаа ч нэгэнт нэхэмжлэгч Э.Л- нь харилцаагаа сэргээх бодолгүй байгаа бол энэхүү нэхэмжлэлээс татгалзах зүйл алга гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Л-гийн хариуцагч О.О-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Л- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх гэрлэлт цуцлах асуудлыг хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг шүүх баримтлан охин Л.Ц- нь одоо 6 сартай тул гэрлэлт цуцлах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдсэн. Харин охин гэх Л.Ц- нь Э.Л-гийн хүүхэд мөн эсэх асуудлаар нэхэмжлэгч маргаан үүсгэж шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байхад шууд энэ зүйл заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

            Нэхэмжлэлийн нэг шаардлага нь хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох бөгөөд энэ ажиллагаа хийгдсэнгүй. Шүүхээс эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх талаар захирамж гарч ажиллагаа хийгдэх байсан боловч хариуцагчийн хайхрамжгүй байдлаас болоод энэ шинжилгээг хийлгэж чадаагүй бөгөөд энэ талаарх шүүгчийн захирамж биелэгдээгүй байна.

            Э.Л-гийн хүүхэд мөн эсэхийг тогтоосны үндсэн дээр гэрлэлт цуцлах эсэхийг шийдвэрлэх нь хуульд нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Л- нь хариуцагч О.О-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулах,  эцэг тогтоолгох гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2 шаардлага бүхий нэхэмжлэл гэж үзэн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасан агуулгаар Э.Л-ийн эцэг тогтоолгох тухай хүсэлт нь нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлтэд хамаарах юм.

Өөрөөр хэлбэл хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасан хэдий ч гэрлэлт цуцлах маргаантай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх нэг ажиллагаагаар шийдвэрлэх нь хууль зөрчихгүй юм.

Уг хүсэлтийн дагуу шүүх эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэргийг хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасан үндэслэлээр  түдгэлзүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д  зааснаар хэргийг түдгэлзүүлсэн  шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх сэргээх үүрэгтэй.

Эцэг тогтоох шинжилгээ хийгдээгүй бөгөөд үүнд шинжилгээний байгууллага бус хэргийн оролцогчид буруутай талаар шинжилгээний байгууллагаас албан бичиг шүүхэд ирүүлсэн байна. 

Ингэснээр шүүгчийн захирамж биелэгдээгүй эцэг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэх гол нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Зүй нь шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1470 тоот захирамжийн 2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх ёстой байжээ.

Шүүгчийн  шүүх хуралдааны бэлтгэл хангах, хэргийг хуралдаанаар хэлэлцүүлэх тухай  захирамж нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн... бол шүүх хуралдааныг товлохоор зохицуулжээ. Гэтэл шинжээчийн дүгнэлт гараагүй нь шүүгчийн захирамж хангагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх бүрдүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хийсэн “гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шаардлагууд шийдвэрлэгдэх тул нэхэмжлэгч Э.Л-гийн гаргасан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй   гэсэн дүгнэлт  үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч 2 тусдаа шаардлага гаргасан нь нэг нэгэнтэйгээ эрх зүйн үр дагавраар ирээдүйд уялдаатай байх магадлалтай боловч нэхэмжлэгч зөвхөн  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан харин хүүхдийн асрамж, тэтгэмжтэй холбоотой үндсэн болон сөрөг нэхэмжлэл гараагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл түүнд тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-д заасан шаардлагыг хангуулж авах нь  тус хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг шүүх хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болох тул хуулиар тусгайлан тогтоосон нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангуулаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлтэй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглоно гэдэг нь энэ талаар нэхэмжлэл гарсан тохиолдолд хэрэгсэхгүй болох үндэслэлд шууд  хамаарахгүй юм.  Учир нь энэ шалтгаан арилмагц шүүх хэргийг ердийн журмаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.

Иймд нэхэмжлэлийн нэг шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангаж дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  тус шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ