Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00295/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... тоотод оршин суух М овогт Э-ы Л /регистрийн дугаар ..., утас .../-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... дугаар хороолол, ... тоотод оршин суух, А овогт О-ын О /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Л, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“ Иргэн Э.Л би О.Отой 2014 оноос 2018 оны 03 сар хүртэл Дархан-Уул аймагт хадам ээжийн хамт амьдарсан. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлт батлуулсан. Миний бие нь жилдээ элэгний дэлгэрэнгүй вирусийн шинжилгээ тогтмол өгдөг байсан. 2016 оны 11 сард Улаанбаатар хотын элэгний төвд Д вирус илрүүлэх шинжилгээ өгсөн. Огоор хариуг авахуулахад шинжилгээ зүгээр гарсан гэж хэлээд Д вирустэй гарсныг нуун дарагдуулсан. Шинжилгээний хариуг тухайн үед үнэн мөнөөр хэлсэн бол болох байсан. 2018 оны 06 сард миний бие сульдаж ядраад Огийн хамт Улаанбаатар хот явж Гялс төвд шинжилгээ өгсөн. Шинжилгээгээр Д вирустэй идэвхжил өндөр давамгайлсан, элэг хатуурсан хордлогонд орж дотор бүх эрхтэндээ нөлөөлсөн Монгол ямар ч эмчилгээгүй гэж гарсан. Би 6 сараас 8 сарын 10-ыг хүртэл олон эмнэлэгт эрдэмтэн гэсэн бүхий л эмчид давтан шинжилгээ өгч үзүүлсэн боловч хүндэрсэн байсан.  Эмч нар эмчилгээгүй гэж хэлснийг О сайн мэдэж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 20-нд Эрдэнэт хотод “Мөнхийн үйлс” хөнгөвчилсөн эмнэлэгт хэвтэн сар бүр төлбөртэй эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд О нэг ч удаа эргэж ирээгүй санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй. Би цаашид гам нарийн сайн сахиж хүнд юм өргөх, ажил хийж болохгүй хэвтэж эмчлүүлнэ. Бид хоёр нэг жил гаран тус тусдаа амьдарсан утсаар ярих болгондоо хэрэлдэж, муудалцах болсон. 2019 оны 02 дугаар сарын 10-аар Хөтөлд ирж 10 хоног цуг байсан. Тэр хугацаанд жирэмсэн болсон гэж хэлсэн. Миний бие нь энэ хүүхдэд эргэлзээтэй байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Иймд сэтгэл санаа таарч тохирохгүй байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.О нь шүүх хуралдаанд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие О.О нь Э.Лтэй 2014-2019 оны 3 сар хүртэл хамт амьдарсан ба 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд буюу 2015 оны 04 сард миний бие жирэмсэн болж, ураг эрүүл саруул бойжин гүйцэд тээсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрөх хугацаа болж улмаар эмч нарын хариуцлагагүйн улмаас ураг бүтэж, эндсэн. Үүнээс болж миний сэтгэл санаа үнэхээр хэцүү байсан ч шүд зуун тэвчсээр ирсэн.

Э.Л нь надтай гэрлэхээс өмнө элэгний В вирустэй байсан. Нэхэмжлэлд дурдсанаар намайг шинжилгээний хариу авч нуун дарагдуулсан мэтээр худал зүйл бичсэн байна. Ямар ч хүний эхнэр нөхрийгөө хүнд өвдсөнийг мэдсэн атлаа өөрөөс нь нуух хүн байхгүй бизээ. Надад тэгж ухамсаргүй үйлдэл хийх шаардлага ч байхгүй. Харин тухай үед бид хоёр шинжилгээний хариуг цуг очиж авсан. Шинжилгээний хариуг Л өөрөө мэдэж байгаа, би хадам ээжид ч хэлж байсан ч огт тоогоогүй өнгөрсөн. Бид хоёр Д вирустэй болсон хүнд групп-д ордог юм байна гэх зэргээр хоорондоо ярилцаж байсан ч үүний талаар огт санахгүй байгаа.

2018 оны 08 дугаар сараас Лхагвсүрэн Эрдэнэт хотод эмнэлэгт хэвтдэг болсноос эхлэн эмнэлэг явах бүрдээ дугаарыг минь блоклож, утсаар ярих, мессеж бичих нь багасаж, 2019 он гарснаас хойш бүр л харилцаа хөндийрч эхэлсэн. Эмнэлэгт хэвтэж байх үед нь эргэж очъё гэхэд ихэд дургүйцдэг байсан ба Э.Л нь надад хэлэхдээ “эмнэлэгт намайг халамжилж санаа тавьдаг хүн байгаа” гэж хүртэл хэлж байсан.

Л нь Эрдэнэт, Хөтөл хоёрын хооронд байнга ирж очин эмчлүүлдэг байсан ба 2018 оны 12 сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл хамт байх хугацаанд би жирэмсэн болсон. Ингээд миний бие өөрийн харьяа хаяг болох Дархан-Уул аймагт жирэмсний хяналтанд орохоор ирсэн. Гэтэл Л нь утсаар ярихдаа “ирэх хэрэггүй, салъя” гэж элдэв шалтаг хайж эхэлсэн. Түүнээс хойш дахиж хамт амьдраагүй ба холбоо тасарсан. Одоо охин минь 4 сартай, хүүхдээ нэг ч удаа эргэж ирээгүй нь хүүхдэдээ эргэлзэж байгаагийнх бол хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд татгалзах зүйл алгаа.

Өнөгөрсөн хугацаанд миний би Л-г хуурч мэхлэн, түүнд муухай ааш гаргаж үзээгүй. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа хэрүүл маргаан хийж муудалцаж байсан удаа байгаагүй. Миний бие үр хүүхдээ бодоод салж сарниад яахав гэсэн байр суурьтай байгаа ч нэгэнт нэхэмжлэгч Л нь харилцаагаа сэргээх бодолгүй байгаа бол энэхүү нэхэмжлэлээс татгалзах зүйл алга” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Л нь хариуцагч О.Од холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн эцэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Гэрлэгчид болох Э.Л, О.О нар нь 2014 онд танилцаж, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Л.Ц төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Л нь “...намайг хүндээр өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад эхнэр О.О нь эргэж ирж, асарч, эхнэрийн үүргээ биелүүлээгүй. Охин Л.Ц нь миний хүүхэд мөн гэдэгт би эргэлзэж байгаа тул гэрлэлт цуцлах, хүүхдийн эцэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан...” гэж нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан бөгөөд охин Л.Ц нь одоо 6 сартай байх тул Э.Л, О.О нарын гэрлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шаардлагууд шийдвэрлэгдэх тул нэхэмжлэгч Э.Лгийн гаргасан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл арилсны дараа дахин дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Л-гийн хариуцагч О.О-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА