Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 22

 

 

Б.Батсайханы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2020/00050 дугаар шийдвэртэй, *******,*******,*******ы нэхэмжлэлтэй, *******, РД: ПБ63071972, Баакаа овогт Бүлээхэний Дамиранжавт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батсайхан, хариуцагч*******, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,117,600 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлүүгээ харьж явах замд иргэн******* миний машины араас ирж мөргөж миний машинд хохирол учруулсан. Би машинаа Ховд аймагт аваачиж засуулж, янзлуулсан нийт хохиролд 2,117,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би 2018 оны 12 сарын 14-ний өдөр цэцэрлэгээс 2 ач хүүгээ аваад гэрлүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн 02-62 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал миний өмнө саарал өнгийн машин явж байсан. Дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл гэнэт өмнүүр дараад ороод ирсэн. Б.Батсайхан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мөн нилээн согтуу байсан. Би гэрэл дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл ямарч самбаачлах боломж өгөөгүй гэнэт урдуур орж ирсэн. Ослын газрын дүгнэлтээр бид 2-ыг хоёуланг нь буруутай гэж үзсэн байсан. Хүн тээвэрлэхдээ зориулалтын суудалд суудлын бүс зүүсэн хүн тээвэрлэх ёстой байдаг боловч бид 2 энэ дүрмийг аль аль нь зөрчсөн суудлын бүс зүүгээгүйн улмаас Б.Батсайханы эхнэр гэмтэл авсан. Мөн гүйцэж түрүүлэх үйлдэл эхэлсэн тохиолдолд гүйцэгдэж байгаа машин саад болохгүй байх ёстой байдаг. Энэ дүрмийг Б.Батсайхан зөрчсөн. Би Б.Батсайханы эхнэрийн эмчилгээний зардалыг төлсөн. Мөн гэрлийн шонг Б.Батсайхан мөргөсөн боловч би 280.000 төгрөг төлж хохиролгүй болгосон. Хүний эрүүл мэнд эрхэм гэдэг утгаар би эрүүл мэндийн хохирлыг ямар нэгэн маргаангүй төлсөн. Бид 2 адилхан л дүрэм зөрчсөн учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Б.Батсайхан согтуугаар авто машин жолоодсон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, тусгаарлах зурвас аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам талбай ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахгүй байх. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ б/ хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэгт заасан а/ хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, Батсайханы авто машинд сууж явсан хүмүүс бүгд хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Өмнө дүрмийн 23.8-д суудлын авто машинд болон ачааны авто машины жолоочийн бүхээгт 15 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Мөн дүрмийн 13.2-г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэд түрүүлэх үйлдлээ эхэлсэн үед гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх гүйцэж түрүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна. 1.3-д заасан дарааллын тэмдэг гэсэн хэсгийн 3.3.в-д заасан зөвхөн зүүн гар тийш нийлэхийг урьдчилан анхааруулж давуу эрх олгох тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан.

Жолооч ард яваа тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх дохио буюу саадыг тойрон гарах үйлдэл хийхээр гэрлэн дохио өгч, эсрэг урсгалд гүйцэж ирсэн тохиолдолд толиндоо харж зам чөлөөлөх, зам салахаас өмнө хөдөлгөөний эрчим хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Зам салахаас өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь бид 2 адилхан хариуцлага хүлээх боломжтой тиймээс би өөрийн 02-62 УБД маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 3,830,000 төгрөг эхнэрээс авсан 550,000 төгрөг, С.Батсайханы мөргөсөн жонгийн үнэ 280000 төгрөг, засвар үйлчилгээний 100000 төгрөг нийт 4,760,000 төгрөгийг Б.Батсайханаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би тухайн үед гэрэл дохио өгөөд дүрмийн дагуу эргэсэн.*******ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болсон гэж үзэж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

                Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2020/00050 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч*******аас гэм хорын хохиролд 1190000 /нэг сая нэг зуун ерэн мянга / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 927600 /есөн зуун хорин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******ын нэхэмжлэгч Б.Батсайханд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4760000 /дөрвөн сая долоон зуун жаран мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч*******аас 33110 /гучин гурван мянга нэг зуун арав / төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын утга: Б.Батсайхан  хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шүүхийн шийдвэрээр 1,190,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж,  Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул  шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Батсайхан нь гэм хорын хохирол 2.117.600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч*******д холбогдуулан гаргаж,******* нь Б.Батсайханаас гэм хорын хохиролд  3.830.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж  4.760.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг  нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож    шийдвэрлэжээ. Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч*******  2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр миний эзэмшлийн 80-07ХОҮ улсын дугаартай Тоуаtа Vitz маркийн тээврийн хэрэгсэлд 2117,600 төгрөгийн хохирол учруулсан тул засварын хөлс 250000 төгрөг, машины рам 1500000 төгрөг, Ховд аймаг явсан 70000 төгрөг, масло тос 27600 төгрөг, Ховдоос Булганд ирэх зардал 70000 төгрөг, бусад зардал хоол хүнс 50000 төгрөг, нийт 2117600 төгрөг нэхэмжилж байна.Хариуцагчийн гэм бурууг шүүх тогтоосон учир******* өөрт учирсан хохирлоо өөрөө хариуцах ёстой учир түүний сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлажээ.

Хариуцагч******* нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй,учир нь Батсайхан өөрөө согтуу байсан,замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, ослын газрын дүгнэлтээр  бид хоёрыг хоёуланг нь буруутай гэж үзсэн тул бид хоёр  адилхан хариуцлага хүлээх боломжтой тиймээс би   өөрийн эзэмшлийн 02-62 УНЛ маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 3.830.000 төгрөг, эхнэрээс авсан 550.000 төгрөг, Б.Батсайханы мөргөсөн шонгийн мөнгө 280.000 төгрөг, засвар үйлчилгээний мөнгө 100.000 төгрөг, нийт 4.760.000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар: Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар хариуцагч *******  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ Ховд аймгийн Булган  сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд өөрийн эзэмшлийн  02-62 УНЛ улсын дугаартай Маzda Atenza маркийн авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам  зөрчсөний улмаас Б.Батсайханы эзэмшлийн 80-07 улсын дугаартай “toyata Vitz”   маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Эрдэнэжаргалын   эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 3-11 дүгээр тал/

Ховд аймгийн Булган сум  дахь дундын   шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний  өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг    зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Б.Батсайханыг иргэний нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Мөрдөгчийн тогтоолоор томилогдсон үнэ тогтоох комиссын үнэлгээгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай Тоуаtа Vitz маркийн тээврийн хэрэгсэлийн 185/70/13-тай дугуй, зүүн хойд керло, хойд гупер, зүүн хойд гэрэл, баруун хойд керло, баруун хойд хаалга, баруун хаалганы дээд талын рам, хропны речак, машины доод рам зэрэг эд ангиудын хохирлын хэмжээг нийт 1.260.000 төгрөгөөр тогтоожээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж гэж  тус тус хуульчилжээ.Нэхэмжлэгч нь энэ хуульд зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч******* нь зам тээврийн осол гарах үед Б.Батсайхан  мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам  зөрчсөн буруутай үзэж,  өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг  түүнээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ хариуцагч*******ыг эрүүгийн хэрэгт гэм буруутай болохыг шүүхээр тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул тэр өөрт учирсан хохирлоо өөрөө хариуцна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь түүний өөрийнх нь гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Б.Батсайхан хариуцагчийн эд хөрөнгөд учирсан 4.760.000 төгрөгийн хохирлыг арилгах үүргийг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас түүний өөрийнх нь  жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байна.Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалттай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ/2020/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                      

                                                                                                 Н.ТУЯА