Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 521

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, гуравдагч этгээд Б.Ч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гэрч Б.М, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж нарыг оролцуулан, С.Ш*******ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт тус тус холбогдох “С.Ш******* миний эзэмшиж ашиглаж хашаагаа барьсан газар дээр хууль бусаар Б.Ч*******т Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, , 309 мкв дугаар нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамж, улсын бүртгэлийн ерөнхий газрын дугаартай гэрчилгээтэй ******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ш******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын иргэн С.Ш******* миний бие 2013 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 122 тоот, 537,76 мкв дугаар нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг ******* дугаар улсын бүртгэлд бүртгэлтэйгээр иргэн Г.Таас Гэр бүлийн хэрэгцээний газар худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан болно. Гэтэл миний өмчлөлийн газар хашаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, , 309 мкв дугаар нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг ******* дугаар улсын бүртгэлд бүртгэлтэй Б.Ч*******ийн өмчлөлийн газарт хашаа түрэн орж ирсэн байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2015 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр мэдлээ. Б.Ч*******т 2004 оны 487 дугаар Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамж  68а тоот, 309 мкв дугаар нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхдээ С.Ш*******ын миний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 122 тоотыг 2013 оны 03 дугаар сард худалдаж авахаас өмнө 1997 онд барьсан хашаатай давхцуулан өмчлөх шийдвэр гаргасан бөгөөд уг хашааг 2006 онд Г.Т худалдан авч түүний дүү Дарханбаяр одоо хүртэл амьдарч байна. С.Ш******* миний бие уг хашааг худалдаж аваад Дарханбаярт үргэлжлүүлэн түрээслэж байгаа болно.

Б.Ч******* нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 122 тоотод 1997 онд барьсан хашаанд буюу одоо С.Ш*******ын өмчлөлийн газрыг хууль бусаар үндэслэлгүй давхардуулан \хэсэг газар\ шийдвэр гаргуулан өмчлөж авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу Нийслэлийн засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаж, хариу авсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариугаа авах гэсэн боловч гомдол хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ өгч байна. 

Иймд С.Ш******* миний эзэмшиж ашиглаж хашаагаа барьсан газар дээр хууль бусаар Б. Ч*******т  /Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, , 309 мкв дугаар нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх Нийслэлийн засаг даргын 2004 оны 487 дугаар захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дугаартай гэрчилгээтэй дугаартай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны 122 тоот хашааны 537.76  м2 талбай бүхий төгрөгийн үнэтэй газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжаар иргэн Б.Ч*******, Б.С нарт гэр бүлийн хамтын хэрэгцээнд өмчлүүлжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 287 дугаар захирамжаар хамтран өмчлөгчийг хасуулсан бөгөөд дээрх газар болон хаяг солигдож, газрын хэмжээ нь 618 м2 болон өөрчлөгдсөн байна. 

Түүнчлэн иргэн С. Ш*******т Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 9/8798 дугаар албан бичгээр иргэн Б.Ч*******ийн өмчилсөн газрын кадастрын зургийг мэдээллийн санд алдаатай оруулсан талаар мэдэгдсэн байна. 

Иргэн С. Ш*******ын нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамж нь иргэн С.Ш*******ын эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд иргэн С. Ш*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн 1 дүгээр гудамжны 68 тоотод байрлах 618,0 мкв талбайтай, тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг бүртгэхдээ мэдүүлэг, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, газрын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, кадастрын зураг, нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамжаар олгосон газар өмчлүүлэх шийдвэр зэрэг нотлох баримтыг үндэслэн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б. Ч******* //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж 000067357 тоот гэрчилгээ олгосон байна. 

Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын  бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэлүүд нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. Нийслэлийн засаг даргаас дээрх газрыг нэр бүхий иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэнийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, газар өмчлөх эрхийг давхардуулан бүртгээгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй тоот гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэн С.Ш*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх газар дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* миний бие 2000 оноос өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд тус газрыг өөрийн ууган хүү буюу энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Б.Ч*******т өмчлүүлсэн. Нийслэлийн засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжийн шийдвэрээр өмчлүүлсэн 537.76 м2  газрын зурганд  хөрш баруун айлын газартай давхцаагүй болно. Иргэн Б. Ч*******ийн өмчлөлийн газрын баруун хэсэгт барилгын  баруун буланг нь оруулж барьсан байсан.

Миний бие 2015 оны сүүлчээр хүүгийнхээ өмчлөлийн газар дээр баригдсан сууцны хэсгийг чөлөөлүүлэхээр хөрш  Б.М******* уулзах гэсэн боловч олдоогүй. Б.Мы газар дээр амьдарч байгаа Ш.Э******* гэх хүнтэй уулзахад “энэ газрыг би худалдаж авсан, миний газар” гэсэн хариу сонссон. Энэ үед газрын алба яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй Б.Ч******* хүүгийнхээ газар дээр баригдсан барилгыг чөлөөлүүлэхээр миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Шүүхээс нь хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн газар давхцсан эсэх, Б.Ч*******ийн өмчлөлийн газар дээр нэхэмжлэгчийн сууц баригдсан эсэхийг болон баригдсан бол хичнээн мкв нэвтрэн орж баригдсаныг тогтоолгохоор шинжээч томилуулан газрын маргаан шийдвэрлүүлэхээр ажиллуулж байгаа. 

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд  гаргасан энэ хэргийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд үүссэн газрын маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ИХШХШИХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ш******* нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “С.Ш******* миний эзэмшиж ашиглаж хашаагаа барьсан газар дээр хууль бусаар Б.Ч*******т Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, , 309 мкв дугаар нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дугаартай гэрчилгээтэй ******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Б.Ч*******т 2004 оны 487 дугаар нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамж  68а тоот, 309 мкв дугаар нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхдээ С.Ш*******ын миний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 122 тоотыг 2013 оны 03 дугаар сард худалдаж авахаас өмнө 1997 онд барьсан хашаатай давхцуулан өмчлөх шийдвэр гаргасан. Б.Ч******* нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 122 тоотод 1997 онд барьсан хашаанд буюу одоо С.Ш*******ын өмчлөлийн газрыг хууль бусаар үндэслэлгүй давхардуулан /хэсэг газар/ шийдвэр гаргуулан өмчилж авсан” гэж мэтгэлцсэн болно. 

Нэхэмжлэгч С.Ш******* нь Баянзүрх дүүргийн Цэргийн хотхон 8 дугаар гудамжны 122 тоот хаягт байрлах 537,76 мкв газрыг Д.Таас 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Гэр бүлийн хэрэгцээний газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдаж авсан байна. 

Уг газрыг анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар  04-ний өдрийн 34 дүгээр захирамжаар Б.М болон түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлсэн байх бөгөөд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.  Б.М нь уг газраа иргэн Д.Т******* худалдаж, Д.Таас одоогийн өмчлөгч С.Ш*******т шилжин ирсэн байна. 

Харин нэхэмжлэгчийн өмчийн газрын хил залгаа хашаа болох Цэргийн хотхон 1 дүгээр гудамжны 68 тоот 537,76 мкв газрыг нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар  Б.Ч*******, Б.С нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 278  дугаар захирамжаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Ч*******ийн өмчлөх газрын хэмжээг 618 м.кв болгосон байна. 

Уг газрыг гуравдагч этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, газрын дүгнэлтийн хуулбар, кадастрын зураг, нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамж зэрэг баримтыг үндэслэн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ч*******ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, гэрчилгээ  олгожээ. Б.Ч*******, Д.Б******* нар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Газар бэлэглэлийн гэрээ” байгуулж өмчлөгчөөс бүртгэлийн байгууллагад зохих журмын дагуу хүсэлт гаргасны дагуу өмчлөлийн газраас 309 м.кв-г иргэн Д.Б*******эд шилжүүлснийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг нь өмчлөгчид хүлээлгэж өгөх, заагийг тогтоох тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Иргэний хувийн өмчийн заагийг газар дээр нь тогтоох, тэмлэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т ““газрын кадастрын судалгаа” гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг ойлгохоор”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ”, 10.2.6-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүргийг нийслэл, дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр” гэж заасны дагуу газрын алба нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж байсан хашааны кадастрийн зургийг алдаатай үйлдэж мэдээллийн санд оруулсан байна. Түүнчлэн гуравдагч этгээдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа бусдын эзэмшил газартай давхцуулан өмчлөх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, иргэн Б.Ч******* нь өөрийн хашааны кадастрийн зургийг баталгаажуулахдаа нэхэмжлэгчийн байшингийн баруун хэсгийг оруулсан нь маргаан гарах үндэслэл болсон бөгөөд хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаас харахад Б.Ч*******тод 2004 онд нийслэлийн Засаг даргаас газар өмчлүүлэх шийдвэр гарахаас өмнө буюу 1997 онд нэхэмжлэгчийн байшин баригдсан байсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар анхнаасаа өнөөгийн хашаалсан хэмжээгээр  өөрсдийн газрыг эзэмшиж байсан нь тогтоогдсон болно. Дээрх нөхцөл байдал нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 9/8798, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1057 дугаар бичиг болон агаар, сансрын зургаар нотлогдож байна. 

Шүүхээс хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хуулийн шаардлагын дагуу судалгаа хийлгүй, бодит байдлыг тогтоолгүй иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж, улмаар эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн гэж дүгнэлээ.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гуравдагч этгээдийн эрх өмчлөлд хамаарахгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар гуравдагч этгээдийн өмчлөлийн газрыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар өөрсдийн эзэмшил газраа анх хашаалсан хэмжээгээр өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа тул хариуцагч нар Б.Ч*******ийн хашааны бодит хэмжээгээр газар өмчлүүлж, улсын бүртгэлд бүртгэх шаардлагатай бөгөөд дахин шинээр акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжийн Б.Ч*******т хамаарах хэсэг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар  түдгэлзүүлэх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2,  Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13. 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжийн Б.Ч*******, Б.С нарт холбогдох хэсэг, газрын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ТӨМӨРБАТ