Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0619

 

 

 

 

 

 

 

2016 оны 9 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0619

Улаанбаатар хот

С.Ш-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Ш-н нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13. 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамжийн Б.Ч, Б.С нарт холбогдох хэсэг, газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2204014326 дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Гуравдагч этгээд Б.Ч нь өөрийн өмчлөлийн газарт цөмрөн орж, баригдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын газрыг чөлөөлүүлэхээр 2015 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс энэхүү хэргийн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхардуулан газар өмчлүүлсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон. Шинжээч “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхардуулан газар өмчлүүлээгүй, харин нэхэмжлэгчийн өмчлөлийн хувийн сууц гуравдагч этгээдийн өмчлөлийн газар дээр цөмрөн орж баригдсан” гэсэн агуулгатай дүгнэлтийг үйлдсэн бөгөөд тус дүгнэлтийг захиргааны хэргийн шүүхэд хүргүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан боловч шүүгч шийдвэрээ гаргахдаа хэргийн бодит үнэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үнэлэлгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн хувийн сууц 1997 онд баригдсан гэж шүүхэд худал тайлбарыг үндэслэж, 1997 онд баригдсан гэх хувийн сууцыг 2015, 2016 онуудын сансрын зургаар нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2005 оны үед нэхэмжлэгчийн хувийн сууц баригдсан, 2015, 2016 оны сансрын зургаас хараад 1997 онд хувийн сууц баригдсан эсэхийг тогтоох боломжгүй. Түүнчлэн нотлох баримтыг дутуу бүрдүүлж, шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй орхигдуулснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07-р сарын 18-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар Б.Ч, Б.С нарт Баянзүрх дүүрэг, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 122 тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 537.76 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 618 м.кв болгон өөрчилсөн байна. Улмаар гуравдагч этгээд Б.Ч бэлэглэлийн гэрээгээр Д.Б-д 309 м.кв газрыг шилжүүлснээр Б.Ч-д 309 м.кв газар үлдэж, уг газраа улсын бүртгэлд бүртгүүлж, 000135210 дугаартай гэрчилгээ авснаар 309 м.кв газрыг өмчлөх эрхтэй болжээ.

Харин нэхэмжлэгч С.Ш-н худалдаж авсан одоо эзэмшиж буй газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр захирамжаар иргэн Б.М-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 648 м.кв гэсэн хэмжээтэй олгогдсон боловч Б.М нь тухайн үед бодит байдал дээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2, 19.2.3-т зааснаар гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлж, дүгнэлтэд тэмдэглэгдсэн 537.76 м.кв газрыг өмчлөн авахаар эрх бүхий этгээдээр кадастрын зураг үйлдүүлж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 537.76 м.кв газрыг өмчилсөн шийдвэр гаргуулсан байх бөгөөд 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт дээрх газраа улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл[1] гаргаснаар улсын бүртгэлд бүртгүүлж, 000017529 дугаартай гэрчилгээ[2] авчээ.

Улмаар 2006 онд анхны өмчлөгч Б.М өмчилсөн 537,76 м.кв газраа Г.Т-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, дараа нь Г.Т 2013 онд уг газраа Гэр бүлийн хэрэгцээний газар худалдах худалдан авах гэрээгээр С.Ш-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр Т.Т-н газар өмчлөх эрх дуусгавар болж С.Ш нь 2013 онд тус газрыг өмчлөх эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч С.Ш-с “Б.Ч-д 2004 оны Нийслэлийн Засаг даргын 487 дугаар захирамжаар 309 м.кв газрыг өмчлүүлэхдээ С.Ш миний өмчлөлийн хэсэг газрыг хууль бусаар давхардуулан шийдвэр гаргуулан авсан” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 Учир нь гуравдагч этгээд Б.Ч-н газар өмчлөх эрх 2004 онд үүссэн байх бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн одоо өмчилж буй газрын өмчлөгч байсан Б.М дээрх байдлаар газрын хэмжээ, байршил болон кадастрын зураглалын талаар холбогдох баримтуудыг бүрдүүлснээр тухайн газраа өмчилж авсан, хөрш гуравдагч этгээд Б.Ч-тэй газрын хэмжээний талаар маргаан үүсэж байгаагүй, уг газруудыг анх өмчилж авахдаа холбогдох газруудад гаргасан өргөдөл хүсэлт болон нэхэмжлэгч С.Ш-д худалдах хүртэл газрын хэмжээ болон анх олгогдсон байршил өөрчлөгдөн бүртгэгдээгүй, тухайн 2 газар давхцалгүй байсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт[3], анх 2004 онд хийгдсэн газрын кадастрын зураг болон кадастрын зургийг агаарын зурагтай давхцуулан гаргасан сансрын зургуудаар нотлогдож байх тул хуулийн дагуу гуравдагч этгээдээс өмчлөх эрхээ бүртгүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох, хуульд заасан журмын дагуу холбогдох баримтуудыг үндэслэн бүртгэсэн хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Нийслэлийн Засаг даргын 487 дугаар захирамж нь гуравдагч этгээд Б.Ч-д 000135210 дугаар гэрчилгээтэй 309 м.кв газрын өмчлөх эрх олгосон захирамж биш бөгөөд 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар захирамж гарснаар маргаж буй Б.Ч-д анх газар өмчлүүлсэн 487 дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болсон тул эрх зүйн үр дагаваргүй захирамжийг хүчингүй болгох, эсхүл биелэлтийг нь түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд 2004 оны 487 дугаар захирамжийн улмаас 2013 онд хөрш залгаа газрыг худалдаж авсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

Нэхэмжлэгч 2013 онд маргаан бүхий газрыг худалдаж авснаар өмчлөх эрх үүссэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын кадастрын зураг 2004 оноос хойш гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг 309 м.кв болгон багасгаж өмчлүүлсэн улсын бүртгэлээс шалтгаалан өөрчлөгдөөгүй болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын тайлбар, баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмчилж авсан газрыг анх өмчлүүлэхэд хийгдсэн 2004 оны кадастрын зурагт тухайн газарт нэг байшин баригдсан тойм зураг тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд маргаж буй хэсэг газарт баригдсан хувийн сууцыг 1997 онд барьсан хэмээн маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-н “Б.Ч-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 68а тоот, 309 м.кв 18645312791449 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаар захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 0001135210 дугаартай гэрчилгээтэй Г-2204014326 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ  

                           ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                           ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

[1] Хэргийн 48 дахь тал

[2] Хэргийн 52 дахь тал

[3] Хэргийн 118 дахь тал