Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0526

 

Ж.Т нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Т нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг баримтлан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ж.Т албан тушаалаас чөлөөлөх тухай” 54 тоот тушаалыг хүчингүй болгож, Бараат овогт Ж.Т Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5087471 төгрөгийг олгох, мөн энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Чулуунбатад даалгаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  “...Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дараах үндэслэлийг буруу дүгнэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод хөрөнгө оруулалтын асуудлаарх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн боловч эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн томоохон асуудлууд нэмэгдэн агуулгын хувьд өөрчлөгдсөн байхад чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа мэтээр тайлбарласан нь эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлын хамрах хүрээ, ач холбогдол, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг хэт дутуу үнэлж, Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаар тогтоолыг баримтлаагүй байна. Тухайн ажлын байранд тавигдах тусгай болон ерөнхий шаардлагыг хангасан ганцхан иргэн Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсныг хууль журмын дагуу томилсон юм. Нэхэмжлэгч нь 2009 онд Бизнесийн удирдлагын чиглэлээр тодорхой сэдвээр магистрын зэрэг хамгаалсаныг “Бизнесийн удирдлага”-ын мэргэжил эзэмшсэн мэтээр ойлгон, тайлбарлаж, Ж.Т нь тухайн ажлын байранд тавигдах тусгай болон ерөнхий шаардлага буюу мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа тухай буруу дүгнэлт гаргасан. Ажил олгогч Сангийн яамнаас тус аймгийн 2015 оны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлсэн дүгнэлтийг үндэслэн Ж.Т ажлаас нь чөлөөлөөгүй. Гэхдээ Ж.Т хариуцсан 2015 оны ажлыг Сангийн яамнаас 2016 онд хангалтгүй гэж үнэлж байсан, мөн түүнийг ажлаас нь чөлөөлснөөс хойш Сангийн яамнаас түүний 2016 оны ажлыг дүгнээд зөрчил, дутагдлыг дурьдаад, хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг мэдэгдсэн байгаа нь тухайн ажлын байранд хэн ажиллахаас үл хамааран зорилго, агуулга, ажлын байранд тавигдах тусгай болон ерөнхий шаардлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлагатайг нотолж байсан нь ийнхүү тухайн ажлын байрны зорилго, агуулга, ажлын байранд тавигдах тусгай болон ерөнхий шаардлагыг өөрчилсөн нь зөв байсан тухай л тайлбарласан болохыг дахин тодруулж байна. Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/390 дүгээр захирамж, Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3-1/5701 тоот албан бичгийг тус тус үндэслэн тус аймгийн Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Т албан тушаалаас нь чөлөөлжээ.

Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ж.Т эс зөвшөөрч, “орон тоо хасагдаагүй, хэлтсийн болон албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.087.471 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. Тодруулбал,

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг тогтоохдоо Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй байхаар /хуучин Хөгжлийн бодлогын хэлтэс нэртэй байсан/, Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/325 дугаар захирамжаар тус хэлтэст Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагч мэргэжилтний орон тоог баталсан байх бөгөөд энэхүү өөрчлөгдсөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нэхэмжлэгч Ж.Т урьд ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг дээр тодорхой ажлууд нэмэгдсэн ч үндсэн агуулга нь хэвээр байх тул орон тоо хасагдсан гэж үзэх боломжгүй. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах..” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Т Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагч мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг тус тус зөрсөн гэж үзнэ. 

Түүнчлэн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага өөрчлөгдөж мэргэжил таарахгүй болсон гэх хариуцагчийн тайлбарт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтыг /х.х-143/ нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцсэн байх ба нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс хойш 12 сард дахин өөрчилсөн гэх ажлын байрны тодорхойлолтыг үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын үнийн дүнтэй маргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан дээрх заалтыг хариуцагч хэрэгжүүлэхдээ урьд олгосон тэтгэмжийг хасч тооцох эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

             

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Д.БАТБААТАР

                                        ШҮҮГЧ                                   Ц.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                   О.НОМУУЛИН