Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 542

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Галцацрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

А д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

эрүүгийн 201626021535 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр 16-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн А ,

Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, халх, эрэгтэй, бүрэн бус

дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн

хамт оршин суух хаягтай,

урьд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жил

6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ТЛ-

88122479 тоот регистртэй,

Шүүгдэгч А  нь 2016 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах авто машины ил

зогсоолд байрлуулсан иргэн С.Түвшинбатын эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай

ниссан санни маркийн авто машины багажнаас Никон ди 7000 маркийн гэрэл зургийн

аппарат, дуран, спички, батерей цэнэглэгч, нэмэлт батерейг хулгайлж С.Түвшинбатад

2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих

шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла баарны гадна

автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Энх-Амгалангийн эзэмшлийн 67-28

УНЦ улсын дугаартай приус 30 маркийн автомашины цонхыг хагалж иргэн

Т.Наранцацралтын гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг

хулгайлж 328.600 төгрөгийн хохирол, иргэн Л.Гантөгсийн ланд круйзер маркийн

автомашины түлхүүр, ай фоне 3 маркийн гар утас 1 ширхэг, Эл жи маркийн гар утас 1

ширхэг, нокио маркийн гар утас 2 ширхэгийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол, иргэн

С.Энх-Амгалангийн автомашины цонхыг хагалж 120.000 төгрөгийн хохирол, иргэн

Л.Ганцэцэгийн шанел брэндийн гар цүнхийг хулгайлж 130.000 төгрөгийн хохирол,

Л.Ганчимэгийн хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн бэлтгэлийн хослол, ерөнхий

боловсролын сургуулийн математик, монгол хэлний ном, пенал, өнгийн харандааг

хулгайлж 128.500 төгрөгийн хохирол нийт 2.957.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт

хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би урьд нь Хөвсгөл аймагт

хулгайн хэргээр шийтгүүлж тэнсэн хянан харгалзах ял авсан. Тэрнээс өмнө энэ

хэргүүдийг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо ажил хийж байгаа. Хохирогч

нарт учирсан хохирлыг төлсөн барагдуулсан. Надад хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Хохирогч С.Түвшинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 25-

ны шөнийн 00 цагийн үед 25-р байрны 3-р орцны голд машины зогсоол дээр өөрийн

эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай Ниссан Санни маркийн машинаа байрлуулаад

гэртээ орсон. Маргааш өглөө нь 8 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ очоод

багажаа үзэхэд аппарат байдаггүй тэгээд хулгай орсоныг мэдээд цагдаа дуудсан....Багааж

эвдрээгүй миний багаажинд түлхүүр тааруулж онгойлгож дотроос нь авсан байсан” гэсэн

мэдүүлэг / хх 1-н 23/,

Хохирогч Т.Наранцацралтын мөрдөн байцаалтад өгсөн: “...10 дугаар хорооллын

Стелла бааранд 00 цагийн орчим орсон. Тэгээд ороод үйлчлүүлж байгаад 00 цаг өнгөрч

байхад Энх-Амгалан, Болороо эгч хоёр гарч машиндаа хувцасаа солиход машин зүгээр

байсан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад Болороо эгч, Ганчимэг эгч, Энх-Амгалан 3 машин

дээр очиж юм авах гэж л гарсан санагдаж байна, тэгээд гурвуулаа орж ирээд машины

зүүн урд хаалганы цонхыг хагалаад хамаг юм хулгайлаад аваад явсан байна гэсэн тэгээд

бид нар гараад иртэл машины цонх хагарсан байдалтай суудал дээр том чулуу байсан.

...Цүнхэн дотор 2 ширхэг ЗДТГ-аас дурсгав 2016 оны 10 дугаар сарын 02 гэсэн бичигтэй

дунд гарын мөнгөн аяга, түрүүвч дотор нь 15.000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н

116-117/,

Хохирогч Л.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид нар бөөнөөрөө

гараад хартал зүүн талын урд хаалганы шилийг хагалж арын суудал дээр байсан.

Наранцацралтын цүнхийг, арын багажнаас Гантөгс болон миний гар цүнхийг хулгайлж

авсан байсан. Шанел брэндийн цүнхийг 2014 онд бөмбөгөр худалдааны төвөөс 130.000

төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/,

Хохирогч С.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Машин дотор

Наранцацралт, Ганцэцэг, Гантөгс нар гар цүнхээ үлдээгээд орсон. Тэгээд бааранд байж

байгаад 30-40 минутын дараа гарч ирээд шалгахад машин зүв зүгээр зогсоол дээр байж

байсан. Тэгээд эргэж орж байгаад удалгүй Ганчимэг, Болор-Эрдэнэ бид 3 гарч машин

дээрээ очиж шалгасан чинь зүүн талын урд хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан

байсан. Би тэр машины шилийг приус центр дээр очиж 100.000 төгрөгөөр шилжүүлж,

ажлын хөлсөнд 20.000 төгрөг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 120-121/,

Хохирогч Л.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Энх-Амгалан, Болор-

Эрдэнэ нартай хамт гарч ирж машин дээрээ очтол машины зүүн урд талын цонхыг

хагалж дотор нь байсан Ганцэцэг, Гантөгс, Наранцацралт нарын гар цүнх хулгайд

адагдсан байсан. ...Надад нийт 128.500 төгрөгийн хохирол учирсан байгаа” гэсэн

мэдүүлэг /хх 1-н 122-123/,

Хохирогч Л.Гантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн машин дотор миний

барьж байсан гар цүнх байсан юм. Миний цүнхэн дотор Ланд-80 маркийн автомашины

түлхүүр байсан. Би түлхүүрийг 150.000 төгрөгөөр хувьлуулсан 2 ширхэг түлхүүр байсан, I

phone 3, андройд Эл жи, нокио мракийн хоёр ширхэг гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх

1-н 126/,

Гэрч Э.Болор-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд дахиад 30 орчим

минутын дараа гарч ирэхэд машины цонх хагалж дотор нь үлдээсэн байсан гар цүнхнүүд

хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 127/,

Гэрч С.Цэнд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Алтанхуяг овогтой А  гэдэг

эрэгтэй жолооны үнэмлэхээ үзүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Никон Д-

7000 маркийн 18х105 линзтэй камер том спичиктэй 4 гигабайтын 2 ширхэг меморитай

хуучирсан гар цүнхтэй зүйлийг 160.000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаатай

тавьсан. Тэгээд 6 дугаар сарын 14-нд хүнд зарах гэсэн юм гээд ирэхээр нь би зарах гэж

байгаа хүнд нь үзүүлсэн. Тэгээд тэр хүнтэйгээ үнэ тохиролцоогүй явсан. Маргааш ирж

авна гэж хэлж байсан. Тухайн үед ломбардны хоног дуусчихсан байсан. Маргааш ирж

чадахгүй бол би үүнийг зарна шүү гэж А д хэлсэн. Тэгсэн за за гэж хэлээд явсан.

Түүнээс хойш сураггүй байж байгаад 6 дугаар сарын 20-ны өдөр бид нар “үнэгүй.мн” зар

тавьж 21-ний өдөр нэг залуу ирээд 350.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх

1-н 24/,

Шинжээчийн 6478 тоот дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн

дэслэгч Э.Гарваагийн илрүүлж бэхжүүлсэн “1, 2” дугаартай 2 ширхэг гарын мөр

шинжилгээнд тэнцсэн. Шинжилгээнд тэнцсэн “2” дугаартай гарын мөр гарын хээний

нэгдсэн санд MN000720001372 дугаараар 1 удаа бүртгэгдсэн А  овогтой

Алтанхуягийн баруун гарын алганы дардастай тохирч байна. “1” дугаартай гарын мөр

гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн дардсууд, эзэнгүй хэргийн газраас

бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 132/,

Яллагдагч А гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сарын

25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25

дугаар байрны 3-р орцны урд байрлах 74-68 УБС дугаартай ниссан санни маркийн

автомашинаас Д-7000 маркийн гэрэл зургийн аппарат түүний дуран зэрэг дагалдах эд

зүйлсийг хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Түвшинбатад учирсан

хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Мөн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Стелла баарны урд зогсоолд байсан 67-28 УНЦ дугаартай

автомашинаас эд зүйл хулгайлсан. Энэ үйлдлийн улмаас иргэдэд учирсан хохирлыг бүрэн

барагдуулсан байгаа. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ сайн

дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч байгаа ба гэмт хэрэг гарснаас хойш Баян Богд палас

авто угаалгын газар 4 сар гаруй хугацаанд ажиллаж байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 12-13/

зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А г 2016 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах авто машины ил зогсоолд

байрлуулсан иргэн С.Түвшинбатын эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай ниссан санни маркийн

авто машины багажнаас Никон ди 7000 маркийн гэрэл зургийн аппарат, дуран, спички, батерей

цэнэглэгч, нэмэлт батерейг хулгайлж С.Түвшинбатад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг

дэвсгэрт байрлах Стелла баарны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Энх-

Амгалангийн эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай приус 30 маркийн автомашины цонхыг

хагалж иргэн Т.Наранцацралт, иргэн Л.Гантөгс, иргэн Л.Ганцэцэг, Л.Ганчимэг, нарын эд зүйлийг

хулгайлж нийт 2.957.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт

зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд

буцаахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А  нь бусдын автомашины цонхыг хагалж, машины бүхээг болон

тээшнээс эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч,

шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол

учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож байх боловч прокуророос

шүүгдэгч А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн

хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч А  нь бусдын эзэмшлийн авто машинд хууль бусаар нэвтэрч эд

зүйл хулгайлсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д

“...энэ гэмт хэргийг ... орон байр, .... агуулахад нэвтэрч” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах

гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилжээ.

“Агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин,

пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто

мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа,

үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн,

ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц,

галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгох хууль зүйн

ойлголт юм.

Хуулийн дээрх заалтын агуулах сав гэсэн ойлголтод автомашины бүхээг, тээшний

савыг тооцох боломжгүй гэж прокурор үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж

хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Автомашины бүхээг болон тээшний сав нь аливаа этгээдийн эд зүйлсээ хадгалах

зориулалттай, тусгай цоожоор хамгаалагдсан агуулах сав гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хэрэв автомашиныг эд зүйлийг хадгалах зориулалтггүй, цоож хамгаалалтгүй

агуулах сав гэж үзэх нь автомашин нийт эзэмшигчдийн эрхийг эрүүгийн хуулиар

хамгаалах боломжгүй болгож байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

“....Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн

хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, Шүүх

нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг

хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуульчилсан нь шүүх прокуророос яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх эрхийг хуулиар

хязгаарласан байна.

Иймд шүүгдэгч А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх

үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр

зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг буруутгаж байгаа тухайн гэмт

хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд

буцаахаар шийдвэрлэсэн болно.

Прокуророос шүүгдэгч А д холбогдох хэргийг өмнө шүүхэд шилжүүлэхдээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн ба шүүх дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж,

шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд ирүүлэх нь

зүйтэй гэж буцаасан байхад уг шийдвэрт эсэргүүцэл гаргаагүй боловч шүүгдэгчид

холбогдох хэргийг дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д

зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлсэн тул шүүх хэргийг дахин мөрдөн байцаалтад

буцаах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх болон цагаатгах

хэлбэртэй байна гэж заасан байх ба шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүгдэгчийн

гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн тул цагаатгах

тогтоол гаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А  нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт 12 хоног цагдан

хоригдсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг хэргийн хамт

прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг

бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэсэн тул хэргийг прокурорт очтол түүнд хувийн баталгаа

гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 36.2, 36.6, 36.9-д

заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч А г Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19

дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар А д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг хэргийн хамт

прокурорт буцаан хүргүүлсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтэгсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй

болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах

гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол

хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А д хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР