Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 100

 

      А.А-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Ням-Очир,

            цагаатгагдсан этгээд А.А, түүний өмгөөлөгч С.Галцацрах,   

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 542 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.А-д холбогдох 201626021535 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн А-н А, 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ дүүргийн .. дүгээр хороо, .... .. дугаар гудамжны .. тоотод оршин суух,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ............/;

А.А нь 2016 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Т-н эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай, “Ниссан санни” загварын автомашины арын тээшнээс “Никон ди 7000” загварын гэрэл зургийн аппарат, дуран, спички, батарей цэнэглэгч, нэмэлт батарей зэргийг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Э-н эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай, “Приус 30” загварын автомашины цонхыг хагалж, иргэн Т.Н-н гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлж, 328.600 төгрөгийн хохирол, иргэн Л.Г-н “Ланд круйзер” загварын автомашины түлхүүр, “Айфон 3” загварын гар утас 1 ширхэг, “Эл жи” загварын гар утас 1 ширхэг, “Нокиа” загварын гар утас 2 ширхэгийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Г-н “Шанел” брэндийн гар цүнхийг хулгайлж, 130.000 төгрөгийн хохирол, хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн бэлтгэлийн хослол, ерөнхий боловсролын сургуулийн математик, монгол хэлний ном, пеналь, өнгийн харандаа зэргийг хулгайлж, 128.500 төгрөгийн хохирол, нийт 2.957.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.А-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г овогт А-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.А-д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг хэргийн хамт прокурорт буцаан хүргүүлж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Ням-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх А.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Автомашины бүхээг болон тээшний сав нь аливаа этгээдийн эд зүйлсээ хадгалах зориулалттай, тусгай цоожоор хамгаалагдсан агуулах сав гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хэрэв автомашины эд зүйлийг хадгалах зориулалтгүй, цоож хамгаалалтгүй агуулах сав гэж үзэх нь автомашин нийт эзэмшигчдийн эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалах боломжгүй болгож байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг буруутгаж байгаа тухайн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэсэн.

Уг хэргийг ".....Автомашины бүхээг болон тээшний сав нь аливаа этгээдийн эд зүйлсээ хадгалах зориулалттай, тусгай цоожоор хамгаалагдсан агуулах сав гэж үзэх үндэслэлтэй" гэж шүүх дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг доор дурдсан үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан хохирогч С.Т-н "... машины арын тээш эвдрээгүй, түлхүүр тааруулж онгойлгож дотроос нь авсан байсан..." мөн хохирогч Т.Н-н "... машины зүүн урд хаалганы цонхыг хагалаад хамаг юм хулгайлаад аваад явсан" гэсэн мэдүүлгээр шүүгдэгч А.А нь автомашинаас эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдсон. Дээрх хулгайлах гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд болох "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах"-д нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Улсын Их хурлын тогтоолоор хүчингүй болсон бөгөөд уг хүчингүй хуулийн “агуулах сав” гэдгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны тайлбарыг шүүх хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3, 1.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт "хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ", 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан. Эцэст нь дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, анхан шатны шүүх автомашинаас эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах" -д нэвтэрч үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнд" ангиллын гэмт хэрэгт хамаарагдахаар байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан 542 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хуулийн 1.3, 1.9 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Өөр хэлэх тайлбаргүй...” гэв.

Цагаатгагдсан этгээд А.А-н өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие А.А-н өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргаж, хэрэг бүртгэлтийн шатанд буцаах талаар заасан. Үүнийг ойлгомжгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос А.А-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 Анхан шатны шүүх А.А-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Учир нь, анхан шатны шүүх өмнө нь А.А-н үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэх, мөн хууль буцаан хэрэглэх эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх талаар тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн уг хэргийг прокурорт буцааж байжээ. Гэтэл уг захирамжид заасан асуудлыг шийдвэрлэсэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр зөвхөн хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А.А-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаасантай холбогдуулж, прокурорын эсэргүүцлийг шийдвэрлэхгүй орхисныг дурдаж байна