Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 15

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Б д холбогдох, 8.241.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Ш.Б ын давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н , хариуцагч Ш.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Сангичмаа, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр над руу утсаар яриад мөнгөө өсгөх үү гэсэн. Би цаад хүнтэй нь харьцаагүй ба намайг мөнгөө хурдан өг гэсэн тул Төрийн банкнаас цалингийн зээл авч Ш.Б ын дансанд мөнгөө шилжүүлсэн. 7 хоногийн дотор мөнгийг гаргаж өгнө гэж анх хэлж авсан. Сүүлдээ утсааа авахаа больсон. Гэнэт энэ хүн над руу яриад дахиад мөнгө шилжүүлэхгүй бол мөнгөө олж авч чадахгүй гэсэн тул дахин энэ хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Анх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3.700.000 төгрөгийн зээл авч 2.280.000 төгрөг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ш.Б ын дансанд хийсэн. 2.280.000 төгрөгийн зээлийн хүү 422.622 төгрөг зээлтэй хамт төлөгдөж дууссан. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дахин 7.500.000 төгрөгийн зээл нэмж авч 3.868.000 төгрөгийг Ш.Б ын төрийн банкны дансанд шилжүүлж өгсөн. Холбогдох зээл, зээлийн хүүтэй холбоотой 1.600.000 гаран төгрөгийг Төрийн банкинд би төлж барагдуулсан. Анх 2016 оны 11 дүгээр сард мөнгийг чинь өсгөж 20.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлж байсан. Би Ш.Б д итгээд мөнгөө өгсөн. Дараагийн зээлийг мөнгөө шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргээд өмнөх мөнгийг чинь өгч чадах ганц арга нь дахиж мөнгө өгөх гэж хэлсэн. Би Жи тайм сүлжээнд элсэж ороогүй. Хариуцагчийн хариу тайлбарт намайг анх ярьсан гэсэн ч би яриагүй. 2 дугаарт хариуцагчид мөнгийг явуулахдаа Ш.Б  гэсэн нэр регистрийн дугаарыг бичиж байсан. 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр мөнгө шилжүүлсэн нь хөтөлбөрт элсүүлсэн огноотой зөрж байна. Би энэ хүнд мөнгө өгсөн гэдэг нь Төрийн банкны зээл авсан баримт болон банкны хуулгаар нотлогдож байна. Нийт шилжүүлсэн мөнгөө 24 сарын хугацаагаар жилийн 21.6 хувийн хүүгээр тооцож 8.241.669 нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сард Жи тайм сүлжээнд 2.280.000 төгрөгөөр нэг хүнтэй хамтран элсэж орж 7 хоногийн дараа эхний цалин 500 долларыг авч байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монголд албан ёсоор нээгдэхэд нилээдгүй хүн орж байсан. Манай Дашинчилэн сумаас зөндөө хүн орсон. Тухайн үед Ж.Н  рүү 2 удаа утасдаж байсан ч тэр үед ороогүй. Ж.Н  над руу яриад манай сумынхан элсээд зөндөө мөнгө авч байна. Чамайг таньдаг болохоор танай багт оръё гэсэн. Эхний 2.280.000 төгрөгөнд 2 цүнхтэй бэлэг ирснээс нэгийг нь Ж.Н т өгч байсан. Ж.Н  цүнхтэй бэлгийг авсан. Сүүлд удааширч эхэлсэн. Нэг хүн 4 суудалд элсэж ороод суудал бүрээс 5.000.000 төгрөг авдаг юм байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд Ж.Н  4 суудлаар ороод өөрөө хотод очиж манай нутгийн охин А  дээр би хэн хэн гэдэг нэрээр ямар суудлаар орсон байна гэдгээ харсан байсан. Эхний 40 гаруй хүний мөнгө орсон байгаа. Эхний хуудсанд Н ийн нэр байхгүй байсан тул эхний хуудасны он сарыг дараагийн хуудаснаас Н ийн нэрийг хуулбарлаж авсан байсан тул он, сар зөрөх нь тодорхой. Миний хувьд компанийн дансаар орж нэрээ авсан. Ж.Н ийг сумдуудаар цагдаа нар явж байгаа тул өргөдлөө логин нэр, зурагтай хавсаргаад өгөөрэй гэсэн. Компанид мөнгө нь орсон тул тэр мөнгийг төлөх боломжгүй. Би ч гэсэн өөрийн мөнгөө оруулж байсан тул Ж.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б аас 6148000 /зургаан сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2093669 /хоёр сая ерэн гурван мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146817 /нэг зуун дөчин зургаан мянга найман зуун арван долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 113318 /нэг зуун арван гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н -т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Б  давж заалдах гомдолдоо: ...Зохигчид маргаан бүхий 8.241.669 төгрөгийг Ж  ХХК-д элсэх зорилгоор шилжүүлсэн гэдэг дээр огт маргадаггүй. Ж  ХХК-ний захирал М.М  нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шалгагдаж байгаа билээ. Эрх зүйн маргаантай харилцааны талаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн иргэний хэргийн хариуцагч эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд иргэний нэхэмжлэгч нь хэн болох, энэ иргэний хэргийн маргааны зүйл эрүүгийн хэрэгт хэрхэн хамаарч байгаа нь тодорхой байх учиртай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Н  нь тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож, маргааны зүйл болж буй мөнгийг нэхэмжилсэн бол иргэний хэргийн нэхэмжлэл давхардах болно. Мөн нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт оролцогчоор мэдүүлэг өгөөгүй байх нь түүний эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэгч биш гэж шүүх дүгнэх үндэслэл болохгүй юм. Энэ байдлыг тодруулахгүйгээр зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байтал анхан шатны шүүх иргэний нэхэмжлэх давхардах эсэхийг шалгалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч эхний удаагийн 2.280.000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгчид тухайн үнийн дүнд тохирсон бэлэг шилжүүлсэн хэмээн тайлбарладаг ба нэхэмжлэгч тухайн бэлгийг хүлээн авсан талаар маргадаггүй гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн бэлгийн үнийн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах эсэх асуудал тухайн маргааны зүйлд чухал ач холбогдолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Н  нь хариуцагч Ш.Б д холбогдуулан 8.241.669 төгрөгний гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүгч дангаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасан Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. гэснийг зөрчсөн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Ш.Б ын давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113.318 /нэг зуун арван гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

        ШҮҮГЧИД                        Д.МӨНХӨӨ

                                                          М.ХҮРЭЛБААТАР